Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00555

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03142 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 122 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ч.Б-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “... гурил” ХХК

          Үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргалын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: БГД-н ИХАШШ-н 2018-05-08-ны өдрийн 06732 дугаар захирамжаар Ч.Б-ээс 561,499,250 төгрөг гаргуулж ... гурил ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2019-01-22-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх 18251018/02 дугаар тогтоол, мөн өдрийн эд хөрөнгө хураах тухай 18251018/03 дугаартай тогтоол, 2019-02-21-ний өдрийн 65 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг үйлдсэн, шинжээч Мөнх-Оргил Трейд ХХК-иас 2019-03-12-ны өдөр 25/Ш дугаартай шинжээчийн дүгнэлт ирүүлснийг 2019-03-14-ний өдөр мэдэгдсэний дагуу 2019-03-19-ний өдөр гүйцэтгэх баримт бичигтэй танилцаж ШШГТХ-н 55.7-д зааснаар нэхэмжлэл гаргаж байна. НШШГГ нь 2019-01-22-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай, эд хөрөнгө хураах тухай тогтоолыг нэг өдөр үйлдсэн нь хууль зөрчсөн бөгөөд миний хөрөнгөд зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ талуудаас ИХ-н 177.1-т заасан журмын дагуу үнийн санал аваагүй бөгөөд үнийн саналыг талуудаас авч, хэрэв харилцан тохиролцоогүй бол хөндлөнгийн шинжээч томилох байсан. Мөн ШШГТХ-н 84.1-г зөрчсөн бөгөөд ШШГТХ-н 50, 76 дугаар зүйлд заасан бусад ажиллагааг хийгээд уг төлбөр нь хүрэлцэхгүй бол үнэлгээ хийлгэх байжээ. Иймээс НШШГГ-с Ч.Б-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын ..-р баг, ...-д байрлах үйлчилгээний зориулалттай 380 м.кв нэг давхар барилга, 96 метр квадрат агуулах, 948 м.кв газар зэрэгт үнэлгээ хийлгэх тогтоол болон хөндлөнгийн байгууллагын хийсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: БГД-н ИХАШШ-н шүүгчийн 2018-05-08-ны өдрийн 102/ШЗ2018/06732 дугаар захирамжаар Ч.Б-ээс 561,499,250 төгрөгийг гаргуулж “... гурил” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Ч.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 7131029 дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын ..-р баг, ... тоотод байрлах .......52 дугаар бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрын хамт битүүмжлэн хураах хүсэлт гаргасны дагуу эд хөрөнгийн битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдааг ИХ-н 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад Ч.Б- нь үнийн санал өгөөгүй тул шинжээч томилж 460,150,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2019-04-05-ны өдөр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр авагчаас удаа дараа Б-ийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, хөрөнгийн үэнлээ хийлгэж дуудлага худалдаанд оруулан худалдаж төлбөрийг барагдуулах хүсэлтийг гаргаж байсан. Дээрх хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэгч нь 2018-12-10-ны өдөр Ч.Б-ийг, мөн төлбөр авагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дуудан тэмдэглэл хөтлөн уулзалт зохион байгуулсан. Ч.Б- өөрийн хөрөнгийг зарж борлуулах 1 сарын хугацаа олгохыг хүссэн. Зарж борлуулж чадахгүй бол хөндлөнгийн шинжээч томилон хөрөнгийг үнэлгээ хийлгэж дуудлага худалдаанд оруулан заруулахаар хүсэлтдээ дурдсан. Дээрх хугацаанд зарж борлуулж чадаагүй учраас шийдвэр гүйцэтгэгч Б-ийн хөрөнгийг битүүмжлэх, хураах даалгаврыг 2019-01-10-ны өдөр харьяаллын дагуу Дорнод аймгийн шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн. Мөн хөрөнгө битүүмжлэхтэй холбоотой Б- нь 2019-01-22-ны өдөр хөрөнгийг битүүмжлэх, хураалгах асуудлыг нэг доор хийлгэх хүсэлтийг гаргасан. Төлбөр авагч талаас Б-ийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг барьцаа хөрөнгөөр хангуулах сонирхол байхгүй бөгөөд төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулах сонирхолтой байгаа. Тиймдээ ч төлбөр авагч талаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа барьцаа хөрөнгөөр хангуулахыг дурдаагүй. Б- төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх боломжгүй учир бусад хөрөнгөөр төлбөрийг барагдуулах ажиллагаа хийгдсэн. ШШГТХ-н 50, 76-р зүйлд заасны дагуу ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн.. шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 102/ШШ2019/03142 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг баримтлан Дорноговь аймгийн Сайншанд сумын .. дүгээр баг, .... тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 380 м.кв талбайтай барилга, 96 м.кв талбайтай агуулах, 948 м.кв талбайтай газар зэргийг 460,150,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг болон хариуцагчийн 2019-02- 21-ний өдрийн 65 тоот шинжээч томилох тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн Ч.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ч.Б-ээс 1сая төгрөгийг гаргуулан Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 122 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03142 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 55.1 гэснийг 55.7 гэж, 55.7 гэснийн дараа Иргэний хуулийн гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Ч.Б- нь 2018-12-10-ны өдөр НШШГГ-т гаргасан тодорхойлолтод өөрийн өмчлөлийн хөрөнгөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад 1 сарын хугацаанд зарж борлуулахаар тохиролцож, энэ хугацаанд зарагдахгүй бол шийдвэр гүйцэтгэх газраар үнэлгээ хийлгэж дуудлага худалдаанд оруулах болвол өөрөө дахин өөр үнийн санал хэлнэ... гэсэн байдаг. Гэвч 1 сарын хугацаанд хөрөнгө зарагдаагүй тул дээрх тодорхойлолтод бичсэний дагуу шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа Ч.Б-ээс дахин үнийн санал авах ёстой байсан. Гэтэл дахин огт үнийн санал аваагүй байхад шүүхээс үнийн санал аваагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн ХХША-ны явцад “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019-03-12-ны өдрийн 25/Ш дугаартай шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019-06-30-ны өдрийн 347 дугаартай шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийг 505.800.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээгээр “Мөнх-Оргил трейд” ХХК нь хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн болох нь илт харагдаж байхад анхан шатны шүүхээс энэ үйл баримтад дүгнэлт өгсөнгүй. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019-06-30-ны өдрийн 347 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хэрэгт нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх байтал давж заалдах шатны шүүхээс хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлийг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019-03-12-ны өдрийн 25/Ш дугаартай шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Ч.Б-ийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын .. дүгээр багт байрлах 380 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, 96 м.кв агуулах, 948 м.кв газарт үнэлгээ хийхдээ зах зээлийн харьцуулалтын арга хэрэглэж дээрх хөрөнгөтэй байршлын хувьд ойролцоо худалдахаар зарлагдсан 3 объекттой харьцуулалт хийн үнэлгээ тогтоосон байх боловч уг харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь хэдэн онд ашиглалтанд орсон, ямар барилгын материалаар баригдсан, барилгын чанар, хийцийн шинж нь харьцуулж болох эсэх зэрэг нөхцөл байдлыг шинжээчийн үнэлгээнд тусгаагүй, мөн талбайн хувьд зөрүүтэй объекттой харьцуулалт хийж дүгнэлт гаргасан болно. Иймд үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ч.Б- 2019-03-20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг шаардсан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа Ч.Б-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ч.Б- нь ... гурил ХХК-д  561,499,250 төгрөг төлөх талаар эвлэрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018-05-08-ны өдөр 102/ШЗ2018/06732 дугаартай захирамж гаргасан, уг захирамжид мөнгийг эс төлвөл албадан гүйцэтгэх талаар заасан байна.

        Төлбөр төлөгч заасан мөнгийг төлөөгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх  захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигджээ.

        Албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байна.

        Хариуцагч нь талуудаас үнийн санал авч, шинжээч томилсон, шинжээч эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

        Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт орших газар нь өмчлөлийн бус, харин тодорхой хугацаатай, зориулалтыг нь эрх бүхий байгууллагаас тогтоосон эд хөрөнгө /хх 69 / байхаас гадна үнэлгээ хэт доогуур тогтоосон гэх нотлох баримт хэрэгт байхгүй тул хяналтын гомдлын энэ үндэслэл нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй юм.

         2. Эд хөрөнгийг нэг сарын хугацаанд зараагүй тохиолдолд төлбөр төлөгчөөс үнийн санал дахин авах ёстой байсан гэх гомдол үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

        Дахин үнийн санал авах тухай төлбөр төлөгчийн /хх 48/ хүсэлтийг шийдвэрлэх нь шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээний асуудал байхаас гадна төлбөр төлөгчийн заасан хугацаанаас хойш шинжээчийн дүгнэлт /хх 50-64/ гарсан, шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

        Иймд хяналтын гомдлын энэ үндэслэлийг хангах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 44 дүгээр зүйлийн 44.2.12., Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т нийцэхгүй юм.

        3. Өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 122 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргалаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ