Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 40

 

Х.Л-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч Д.Л- , түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1051 дүгээр магадлалтай, Х.Л-  холбогдох 1704000970064 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Л- , түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ай Тей” авто сургуульд жолооны дадлагын багш ажилтай байсан, ам бүл 1, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Х-н Л- .

Х.Л-  нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хатуу хучилттай зам дээр иргэн П.Б- эзэмшлийн 03-51 УБВ дугаартай “Тоёота платз” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, хамтран амьдрагч П.Н-тэй маргалдан, улмаар “Хамт үхнэ” гэж тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, сөрөг урсгал руу орж, буцаж өөрийн урсгалд орох үйлдэл хийхдээ замын хажуу хэсэг рүү онхолдож унасны улмаас хохирогч П.Н- эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л-  холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Л-  холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Л-  түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Х.Л- г Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Х.Л-  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь бүрэн хангалттай нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй.

Цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь: Осол болох үед миний үйлчлүүлэгч Х.Л-  нь автомашиныг барьж явсан бөгөөд гэнэт автомашины жолооны хүрд зүүн гар талруугаа булааж, автомашин эсрэг урсгал руу орж, жолооны хүрдийг буцаагаад дарах үед автомашин онхолдсон байдаг. Осол болох үед автомашинд явж байхдаа П.Н-, Х.Л-  нар нь хоорондоо маргалдсан зүйл огт болоогүй.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээс харахад зам дээр эсрэг урсгал руу орж, буцаж өөрийн урсгал руу орсон автомашины дугуйн шарвалтын мөр үүссэн байх бөгөөд хэрэв автомашиныг зориудаар хурдыг нь нэмж эсрэг урсгал руу орж, замын хажуу руу онхолдуулахад хатуу хучилттай зам дээр автомашины дугуйн шарвалтын мөр үүсэхгүй. Ослын дараах автомашины гэрэл зургаас харахад тухайн автомашины зүүн гар талын урд амортизатор сууриараа хугарсан байдаг. Эдгээрээс үзэхэд автомашинд эвдрэл гарснаас болж зам тээврийн осол гарсан байх боломжтой байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн зам тээврийн осол хүний шууд санаатай үйлдлийн улмаас гарсан уу, автомашинд эвдрэл гэмтэл гарснаас болж онхолдсон уу гэдгийг бүрэн бодитойгоор шалгаж, тогтоогоогүй. Тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийлгэж, бүрэн бүтэн байсан эсэх, эвдрэл нь ослын өмнө, дараа нь хэзээд үүссэн эсэхийг тогтоолгоогүй, жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан зэргийг бүрэн бодитой шалгаагүй, зайлшгүй шаардлагатай хийвэл зохих ажиллагаануудыг хийгээгүй.

Хохирогч П.Н- нь Х.Л-  хамт үхнэ гэж хэлээд автомашины хурдыг нэмж, эсрэг урсгал руу орж буцаж өөрийн урсгал руу орох үйлдэл хийх үед машин онхолдсон тухай мэдүүлсэн бөгөөд хохирогчийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж шалгасан, хэргийн байдлыг бүрэн бодитой тогтоогоогүй. Хохирогчийн мэдүүлэг, Прокурорын яллах дүгнэлт зэргээс харахад Х.Л-  яг ямар үйлдэл хийж автомашиныг онхолдуулсан гэдэг нь тодорхойгүй байдаг. Хурдаа нэмж хурдтай явсан, эсрэг урсгал руу орж, буцаж өөрийн урсгал руу орох үйлдэл нь автомашин онхолдох шууд шалтгаан болохгүй юм. Хохирогч П.Н- мэдүүлэг нь бусад байдлаар нотлогдохгүй байх бөгөөд түүний мэдүүлэг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа болно.

Х.Л- гийн ямар үйлдлээс болж автомашин онхолдсон гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг яаж үйлдэгдсэнийг нотлоогүй байна. Дээр дурдсанаас үзэхэд миний үйлчлүүлэгч Х.Л- гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байгаа болно.

Мөрдөгч, Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Мөрдөгч, Прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй/-т заасныг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн.

Давж заалдах шатны шүүх нь мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Х.Л-  холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бүрэн нотлогдож байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед санаатай хүнд гэмтэл учруулсан нотлох баримт хэрэгт байхгүй. Хохирогчийн мэдүүлгийг үндэслэж явдаг. Хохирогчийн мэдүүлгээс харахад Х.Л-  яг ийм үйлдэл санаатай хийгээд осол гаргасан гэх мэдүүлэг байхгүй байгаа юм. Хурдаа нэмээд эсрэг урсгал руу ороод буцаад өөрийн урсгалдаа орж осол гаргасан гэдэг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхэд эсрэг урсгалд машины шарвалтын мөр үүссэн гэж гарсан. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад Х.Л- гийн шууд санаатай үйлдлээс бус, машинд ямар нэгэн эвдрэл гарсны улмаас энэ осол гарсан байх боломжтой. Мөрдөн байцаалтын шатанд машинд ямар нэгэн гэмтэл гарсан, замын хөдөлгөөний ямар дүрмийн зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотлоогүй ба энэ осол нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын улмаас болсон уу эсвэл хүнийг санаатай үйлдлийн улмаас осол гарсан уу гэдэг эргэлзээтэй байдлуудыг шалгаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Магадлал хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотолсон. Прокурор нь гэм буруугийн санаатай хэлбэр байна гэж дүгнэсэн. Харин анхан шатны шүүх нь гэм буруугийн хувьд болгоомжгүй гэж дүгнэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийсэн. Санаатай гэм буруугийн хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байгаа юм. Иймд магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Л-  түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Х.Л- холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Х.Л-  нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хатуу хучилттай зам дээр иргэн П.Б- эзэмшлийн 03-51 УБВ дугаартай “Тоёота платз” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, хамтран амьдрагч П.Н-тэй маргалдан, улмаар “Хамт үхнэ” гэж тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, сөрөг урсгал руу орж, буцаж өөрийн урсгалд орох үйлдэл хийхдээ замын хажуу хэсэг рүү онхолдсоны улмаас хохирогч П.Н- эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Х.Л-  холбогдох хэргийг мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй, түүний холбогдсон үйлдлийг нотлоогүй зэрэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Учир нь анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, бодитой дүгнэлт хийж чадаагүйн дээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, санаа зорилго, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд шүүгдэгчийн зүгээс хохирогчийг айлган сүрдүүлж, заналхийлсэн үйлдэл гаргасны улмаас хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан, тус гомдлын дагуу Х.Л- яллагдагчаар татагдан шалгагдаж байх явцдаа хамтран амьдрагч П.Н-тэй маргалдан, хүсэл зоригийнх нь эсрэг шахалт үзүүлж, улмаар түүнтэй гэрлэхгүй бол “хамтдаа үхнэ” хэмээн тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж бусдын амь насанд илэрхий аюултай байдлыг үүсгэж байгаа үйлдлийн сэдэл, санаа зорилго, түүнчлэн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондын шалтгаант холбоо зэрэг нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, бодитой үнэлж чадалгүй шүүгдэгч Х.Л- холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Л-  түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1051 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Л-  түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН