Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 132

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х.Лд холбогдох эрүүгийн 1704000970064 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             Б.Наранжаргал

Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.О

Хохирогч                                                  П.Н

Хохирогчийн өмгөөлөгч                          Д.Ц

Шүүгдэгч                                                  Х.Л нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. тоотод оршин суух, Т овгийн Хын Л /РД:ИЭ70121519/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Х.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны орой 20.00 цагийн орчимд Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хатуу хучилттай зам дээр иргэн П.Бямбацэцэгийн эзэмшлийн 03-51 УБВ улсын дугаартай “Тоёота платз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, хамтран амьдрагч П.Нтэй маргалдан, улмаар “Хамт үхнэ” гэж тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, сөрөг урсгал руу орж, буцаж өөрийн урсгалд орох үйлдэл хийхдээ замын хажуу хэсэг рүү онхолдож унасны улмаас хохирогч П.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Х.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний жолоодож явсан машины урд тэнхлэг тохиргоо байхгүй, урд шил нь хагарсан байсан учраас үзлэгт оруулах боломжгүй байсан. Тийм учраас үзлэгт ордог газрын тэнд байсан нэг эмээд Н бид хоёр 10.000 төгрөг өгч байгаад үзлэгээр машиныхаа утааг л шалгуулчихаад гарсан. Тэгээд бид хоёр үзлэгээс гарч ирээд Багануур луу явсан. Тухайн үед би жолоо бариад харин Н миний хажууд сууж явсан. Бид хоёрын явж байсан замын эсрэг урсгалд машин байхгүй байсан миний эгнээд урд талд нэг машин явж байсан. Бид хоёр замдаа бензин тосны талаар ярилцаад явж байсан. Гэтэл Н гэнэт зүүн гар тийш жолоо булаахаар нь би эргүүлж хариулаад дарсан. Нэг мэдэхэд машин онхолдсон, Н “чи намайг алаад хаячихлаа ш дээ” гээд нүдээ дараад уйлаад байсан. Би эхэлж машинаас гараад Нийг замын машинд суулгаад эмнэлэгт хүргүүлсэн. Замд явж байхдаа Нт “ална, хамт үхнэ” гэж хэлээгүй. Бид хоёр урд нь гэр бүлийн асуудлаас болж муудалцаж байсан. 2017 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр намайг зөрчлийн асуудлаар дуудаж байсан, сая намайг дахин дуудаж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Машин барьж явсан буруугаа хүлээж байна. Би 80 километр цагаас илүү хурдтай, бүс зүүгээгүй явж байсан. Тухайн үед өөрийгөө сэтгэл санааны хувьд хэвийн явж байсан гэж бодож байна. Хохирлыг төлнө гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Л бид хоёр эгч Бямбацэцэгийн машиныг зохих журмын дагуур оношилгоонд оруулаад Налайхаар дайрч ажил төрлөө амжуулчихаад Багануур луу гарсан. Би замдаа “өвсөнд явмаар байна” гэж хэлэхэд Л “намайг өвсөнд явуулчихаад хаачих гээд байгаа юм, чи надтай суух юм уу үгүй юм уу” гэж хардах маягаар хэлээд уурласан. Би “суух үгүйгээ бодъё” гэж хэлсэн. Яг тэр үед манай технологич залуу над руу ажлын талаар ярихад “намайг хэнтэй яриад байгаа юм бэ?” гээд уурлаад утас булаах гээд байхаар нь би утсаа өгөөгүй юм. Гэтэл Л машиныхаа хурдыг нэмээд “хамт үхнэ, ална” гээд миний тал руу замын цагаан зураас даваад эсрэг урсгал руу ороод ирсэн. Машины хурд 100 километрээс илүү болсон харагдсан. Энэ хэргийн улмаас би эрүүл мэндээрээ маш их хохирсон. Миний нүдний нулимсны хүүдийг авчихсан. Сая Солонгос улсад 2 төрлийн хагалгаанд орсон. Цаашид 4-5 удаагийн хагалгаанд орно. Нотлох баримттай 61.330.122 төгрөг, мөн цаашид эмчилгээ хийлгэх 46.129.758 төгрөг, 2017 оны 11 сарын 1-нээс 2018 оны 11 сарын 1-нийг хүртэлх 1 жилийн цалин 6.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Ингээд нийтдээ 113.459.880 төгрөг болж байгаа. Үүнээс 620.000 төгрөг өгсөн байгаа.  Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг.

Хохирогч П.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9 сарын 14-ний орой Багануураас Улаанбаатарт Лгийн гэрт хоносон. Маргааш нь буюу 15-ны өглөө Л бид 2 манай төрсөн эгч Бямбацэцэгийн эзэмшлийн 03-51 УБВ машинаар хотод хүнд юм хүргэж өгсөн. ...Л бид хоёр Багануур луу явж байхдаа “маргааш том машинаар өвсөнд явах уу, яах уу” гэж ярилцаад явж байсан. Тэгтэл Х.Лгийн ярьж байсан яриа нь өөрчлөгдөөд “чи ер нь надтай суух юм уу, нэг бол өөр хүнтэй суух гээд байгаа юм уу, одоо суух суухгүй гэдгээ хэл” гэхээр нь би “бодож байж болно” гэхэд Х.Л тэгвэл “хамт үхнэ” гэж хэлээд жолоодож явсан машиныхаа хурдыг нэмэхээр нь би “болиоч” гэхэд “би чамайг ална, нэг бол хамт үхнэ” гээд дахин машиныхаа хурдыг нэмээд шулуун замд ороод сөрөг урсгал руу ороод жолоочийн хүрдээ над руу дарж замын голын цагаан зураасны зүүн гар талд ороод маш хурдтай явж байгаад нүд ирмэхийн зуур машин онхолдож би толгойгоороо хүчтэй юм мөргөж ухаан алдсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа Х.Л намайг нэг хүнтэй машинаас татаж гаргаад Багануур дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн байсан. Шөнө нь Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын эмнэлэгт ирсэн. Би Лтэй 10 жилийн өмнө танилцаад 1 сар Багануурт зуурмагны үйлдвэрийн хашаанд байрлах байшинд амьдарч байсан. Түүнээс өмнө хамт амьдарч байгаагүй. Ажлын  байран дээр ажлаар зуурмагны үйлдвэрт ирсэн хүнтэй Л намайг хардаж “энэ хүн чинь хэн юм бэ, юу юм бэ” гэж доромжлоод байхаар нь “чи надаас холдоод яваад өгөөч” гэхэд “би чамайг алчихаад өөрөө яваад өгнө, чамтай амьдрах хүнийг чинь ална” гэж заналхийлдэг. Энэ үйлдэл нь удаа дараа болж байсан. Би маш их гомдолтой байгаа, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-80/,

Иргэний нэхэмжлэгч П.Бямбацэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр лүү Л утсаар яриад  “би аваар хийгээд Нийг алаад хаячихлаа нүүр нь байхгүй болсон шүү” гээд утсаа салгасан гэж хэлсэн. Ингээд би нөхрийн хамт Багануур дүүрэг рүү ирэхэд Нт анхны тусламж үзүүлээд Улаанбаатар хот руу явахаар машин бэлдэж байсан. Н тухайн үед юм яриагүй ухаан санаа нь орон гаран байх шиг байсан. Л намайг ална гээд заналхийлж ийм байдалд  оруулсан гээд уйлаад байсан. Миний машины хохирлын үнэлгээ 2.960.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 135/

Гэрч С.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Л дээрх машинаа унаад Н хажуугийн суудалд нь суугаад надаас түрүүлээд чулуун карьераас хөдлөөд явсан...Багануур дүүргийн 2 дугаар хороо руу дөхөж ирэхэд замын урд тал руу Л ахын жолоодож явсан машин нь замын хажуу руу онхолдсон байсан. Л ахын жолоодож явсан машин дээр нь очиход Л ганцаараа зогсож байсан.Нийг замын машин яваад явсан гэж байсан. Эмнэлэг дээр очиход эмч нар Нийн нүүрэнд оёдол хийж байна гэж хэлсэн. Тэгээд би буцаад Л ах дээр очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Тэр өдөр Налайх болон Эрдэнэ суманд Л, Н хоёр хэрэлдэж маргасан зүйл ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88/,

Гэрч П.Бямбаахүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н нь миний төрсөн дүү. Миний дүүгийн биеийн байдал тааруу дунд зэрэг ухаантай байгаа, хамрын яс, зүүн хацрын яс хугарсан, зүүн нүдний цавчих булчин нь задарсан. Х.Л гэх залуу манай дүүгийн найз, намайг хааяа нэг Замын-Үүдээс ирэхэд манай дүүтэй хамт явж байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87/,

Гэрч Д.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 03-51 УБВ улсын дугаартай “Тоёото платз” маркийн тээврийн хэрэгслийн техникийн хяналт үзлэгийг хийхэд тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг хэмжилтийн программ дээр өгөхөд автоматаар бичигдэж мэдээллийн санд тухайн тээврийн хэрэгслийн тооног төхөөрөмжөөр үзэж байгаа хэмжилт стандарт зэрэг нь хадгалагддаг. Тухайлбал уг тээврийн хэрэгслийн стандарт шаардлагад нийцэж байгаа тэнцэх эсэх нь автоматаар хэмжигдэж мэдээллийн санд бүртгэгдэж хадгалагддаг. Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэг, урд хойд тормоз, зогсоолын тормоз, утаа, гэрэл зэрэг нь тоног төхөөрөмжөөр үзэхэд стандарт шаардлага хангаж байгаа нь хяналтын дүгнэлтийн хуудсанд автоматаар бичигдсэн байна. ...Улсын хилээр гаалийн бүрдүүлэлт хийгдэж тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаар Авто тээврийн үндэсний төвд бүртгэгдсэн байдаг тул арлын дугаар хэзээ ч ямар ч машинд давхцахгүй. Тэгэхээр техникийн хяналтын дүгнэлтийн хуудсыг гараар шивж оруулах боломж байхгүй. Зөвхөн арлын дугаарыг санд шивж оруулан автоматаар бүртгэгдэж бусад техникийн үзүүлэлт үзлэг оношилгоо нь автоматаар бүртгэгдэнэ. Техникийн инженерүүд биеэр тормозны шингэний савны түвшин, хөргөлтийн шингэн, хөдөлгүүрийн тосны түвшин, тормозны системийн бүрэн бүтэн байдал зэргийг нүдээр үзэж шалгадаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 95-96/,

Гэрч У.Надмиджанлавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Пүрэвжавын Н нь одоогоос 1 сар гаруйн өмнө эмчилгээ хийлгэсэн, ямар эм уусан болох жагсаалт, зураг зэрэг 20 гаруй материалд орчуулга хийж өгсөн. Би орчуулгын төлбөрт 100.000 төгрөг авсан. Уг материал эх хувиараа байсан.Надад орчуулга хийх эрх, компани орчуулгын тамга, тэмдэг байгаа. Манай компани Нью даймонд ХХК гэсэн нэртэй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 124-125/,

Гэрч Б.Жиндэгдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 1 дүгээр хавтаст хэргийн 34, 36, 38 дугаар хуудасны орчуулгыг хийсэн. Уг орчуулга дээр өөрчлөлт ороогүй, орчуулга мөн байна. Орчуулга дээр дарагдсан тамга тэмдэг манай байгууллагын тамга мөн боловч хэвлэсэн, скайнердсан юм шиг харагдаж, байгууллагын тосон тамга эх хувиараа гараагүй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 131/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2017.12.06-ны өдрийн №1293 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд: “2017 оны 9 сарын 27-ны өдрийн №12039 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. П.Нийн биед зүүн нүдний зовхи гадагш эргэлт, зүүн нүдний доод зовхины мөгөөрсний үхжил, зүүн нүдний бүлтийлт, тархи доргилт, хамар ясны хянга хэсгийн бяцарч цөмөрсөн, зүүн хажуу хананы зөрүү ихтэй нийлмэл хугарал, хамар, зүүн хацрын том хэмжээний халдварлагдаж хууларсан шарх, зүүн хацраас дээш ташуу үргэлжилж хамар, духны баруун хэсэг хүрсэн сорвижил, эрүүний зүүн тал, зүүн хацар шанаа, хамар, чамархай, баруун, зүүн нүд орчмын зөөлөн эд, духны зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, зүүн алганы язарсан шарх, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ. Шинжээч эмч С.Чулуунсүх, М.Аригуунтөгс, Ц.Нандинцэцэг дүгнэлт /1 дүгээр хх-н 113-114/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2018.06.26-ны өдрийн №784 дугаартай дүгнэлтэд: Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын гаргасан 2017 оны 12 сарын 5-ны 1293 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Анхны үзлэг болон дүгнэлтээр 12039 тоот дүгнэлтэд П.Нийн нүүрэнд учирсан хууларсан том хэмжээний шархны эдгэрэлт болон эмчилгээний үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй байсан тул эрүүл мэндийг сарниулах хугацаагаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамааруулж дүгнэлтийг гаргасан байна. Хохирогч П.Нийн биед хамар ясны хянга хэсгийн бяцарч цөмөрсөн, зүүн хажуу ханын зөрүү ихтэй нийлмэл хугарал, хамар, зүүн хацар, дух, зүүн нүдний зовхины хэсгийн халдварлагдаж хууларсан шарх, уг шархны эдгэрэлийн дараах овойж, хонхойж татагдаж эдгэрсэн сорвижил, эрүү, зүүн хацар шанаа, хамар чамархай, баруун, зүүн нүд, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, зүүн алганы язарсан шарх, зүүн ташаа, хоёр өвдөгний цус хуралт, зүүн зовхи гадагш эргэлт, зүүн доод зовхины мөгөөрсний үхжил, тархи доргилт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Хохирогч П.Нийн Эрүүл мэндэд учирсан хохирол нь нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрх алдагдуулсан гэмтэлд хамаарч байх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлээс үүссэн үлдэц уршиг нь нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах буюу нүдний зовхи, аньсага, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэх шаардлагатай гэмтэлд хамаарна.Цаашид хохирогч П.Нийн эрүүл мэндэд учирсан хохирол нь түүний гоо сайхныг алдагдуулсан нүүрэн дэх гэмтлийн улмаас үүссэн сорви, нүүрний хэм алдагдалт нь нөхөн сэргээх мэс заслын эмчилгээ зайлшгүй хийх шаардлагатай  гэжээ”  Шинжээч эмч Ц.Ганболд, Т.Чимэд-Очир, Г.Ханхүү дүгнэлт /2 дугаар хх-н 241-244/,

Иргэний нэхэмжлэгч П.Бямбацэцэгийн эзэмшлийн 03-51 УБВ улсын дугаартай “Тоёота платз” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 2.960.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 25-32/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...Үлэгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш автомашины гэрэлд үзлэгийг явуулахад замын урд талд гарч онхолдсон тээврийн хэрэгсэл нь сөрөг урсгалд орж ертөнцийн зүгээр зүүн тийш шарваж явсан мөрийг 1, замын голын цагаан зураас хүрсэн мөрийг 2 дугаараар тэмдэглэн хэмжилт хийхэд 11 метр байв. Замын голын цагаан зурааснаас зүүн урагш тээврийн хэрэгсэл шарваж явж замаас гарсан цэгийг А үсгээр тэмдэглэж хэмжилт хийхэд 2 дугаартай цэгээс А цэг хүртэл 14 м 20 см  байв. Замын зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслийн тормозны мөргүй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг  /1 дүгээр хх-ийн 6-11/,

Шүүгдэгч Х.Лгийн захиргааны зөрчилд холбогдож байсан талаар мэдээлэл /1 дүгээр хх-ийн 247-249/

Шүүгдэгч Х.Л нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх ял шалгах хуудас  /1 дүгээр хх-н 140/,

Хохирогч П.Нийн өвчний түүх болон эмчилгээний зардлын баримтууд /1 дүгээр хх-ийн 149-150, 155-237, 2 дугаар хх-ийн 55-112, 148-250, 3 дугаар хх-ийн 1-28, 34-46, 123-218/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч, шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн болон хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангасан, хууль ёсны баримтууд гэж үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

 

  1. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Прокуророос “Х.Л нь 2017 оны 9 сарын 15-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хатуу хучилттай зам дээр иргэн П.Бямбацэцэгийн эзэмшлийн 03-51 УБВ улсын дугаартай “Тоёота платз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, хамтран амьдрагч П.Нтэй маргалдан, улмаар “Хамт үхнэ” гэж тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, сөрөг урсгал руу орж, буцаж өөрийн урсгалд орох үйлдэл хийхдээ замын хажуу хэсэг рүү онхолдож унасны улмаас хохирогч П.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. Өөрөөр хэлбэл Прокуророос Х.Лг “тээврийн хэрэгслийн хурдыг нэмж, сөрөг урсгал руу орж онхолдсоны улмаас хохирогчийн биед хүнд хохирол учруулсан” гэж дүгнэсэн нь тухайн үед Х.Л зам тээврийн осол гаргасан болох нь харагдаж байна. 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Х.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин Л нь замын хөдөлгөөний ямар зүйл заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан талаар шинжээч  дүгнэлт гараагүй, мөн тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан байхад эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн. 

Хохирогч Нийн биед хүнд хохирол учирсан нь тогтоогдож байх боловч Х.Л нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар зүйл заалтыг хэрхэн, яаж зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасныг шалгаж, хийвэл зохих ажиллагааг хийгээгүй байна.

Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Лгийн өгсөн “Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр гэр бүлийн асуудлаар шалгагдаж байгаад сая яллагдагчаар татагдсан” гэсэн мэдүүлэгтэй нь холбогдуулан хохирогч болон түүний өмгөөлөгчийн мэдүүлэг тайлбарт дурдсан гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинж байгаа эсэх, энэ төрлийн хэргийг нэгтгэх шаардлагатай эсэхэд зохих ажиллагааг хийж нарийвчлан шалгах шаардлагатай байна.  

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэргийг яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

Шүүх хэргийн нөхцөл байдал болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтын хүрээнд Х.Лг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай “нотлоогүй” байна гэж дүгнэн, мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Ийнхүү хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаахын тулд прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгон шүүгдэгчийг цагаатгах тухай хуулийн заалтыг баримталж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг,  36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Багануур дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн Хын Лд холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай.
  2. Х.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Х.Лд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар уг тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Лд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ОЮУНБАТ

                  ШҮҮГЧИД                                               Б.БАЙГАЛМАА

                                                                                    А.БЯМБАЖАВ