Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/64

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х.Л-д холбогдох эрүүгийн 1704000970064 дугаартай хэргийг Улсын дээд шүүхээс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              З.Ганцоож

Иргэдийн төлөөлөгч                               Ө. М-

Улсын яллагч                                               Б.Буяндэлгэр

Хохирогч                                                  П.Н-

Хохирогчийн өмгөөлөгч                          Н.А-, С.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.О-

Шүүгдэгч                                                  Х.Л- нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ..аймагт төрсөн, .. настай, .., бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “..” ХХК-нд ...ажилтай, ам бүл ..., ... тоотод оршин суух, Т- овгийн Х-ын Л- /РД:....................../

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Х.Л- нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны орой 20.00 цагийн орчимд Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хатуу хучилттай зам дээр иргэн П.Б-ийн эзэмшлийн 03-51 УБВ улсын дугаартай “Тоёота платз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, хамтран амьдрагч П.Н-тэй маргалдан, улмаар “Хамт үхнэ” гэж тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, сөрөг урсгал руу орж, буцаж өөрийн урсгалд орох үйлдэл хийхдээ замын хажуу хэсэг рүү онхолдож унасны улмаас хохирогч П.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Х.Л- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Н- бид хоёр Улаанбаатараас хамт гарч замаараа Налайхаас том тэргэнд хайрга ачуулаад Багануур луу хөдөлсөн. Эрдэнэ суман дээр хайрга ачаад явж байсан жолоочтойгоо уулзаж, утас тамхи өгөөд бид хоёр түрүүлээд хөдөлсөн. Бид хоёр хамгаалалтын бүсээ зүүгээгүй явж байсан. Замд явж байхад Багануураас манай нэг найз залгаад би жаахан хаазаа нэмтэл миний машины жолоо зүүн гар тал руугаа жолоо булаахад би баруун тийш жолоогоо зөрүүлж дарсан. Нэг мэдэхэд машин онхолдсон байсан, би машинаас эхэлж буусан. Зам дээр гар өргөж хүнээс тусламж авч, машинаас Н-ийг гаргаж, эмнэлэг рүү хүргүүлсэн. Н-т 2.790.000 төгрөгийн хохирол өгсөн. Би саяхан ажилд орсон бөгөөд Н-ийн нэхэмжилж байгаа хохирлыг барагдуулна, хугацаа жаахан орох байх. Урьд нь Н-ийг хардаж бачуурсандаа янз бүрээр хэлсэн нь үнэн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Замд машинд явж байхдаа Н-ийг хардаж хэрүүл маргаан хийгээгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Багануур луу ирж байх замд ажлын газрын хүнтэй утсаар ярихад Л- нь хардаад суудал дээрээ ч сууж чадахгүй уурлаад санаатай осол гаргаж, намайг болон өөрийгөө алах зорилгоор машин онхолдуулсан. Би Л-гийн хүсэл сонирхлоор байгаагүй учраас ийм асуудал болсон. Өмнөх шүүх хуралд үнэн зөвөөр ярьсан учраас дахин ярих шаардлагагүй гэж бодож байна. Би эрүүл мэндээрээ хохирч Солонгос улс руу 4 удаа эмчилгээнд явсан. Цаашид нүдний хэлбэр засах, гоо сайхан, лазераар соривжилт арилгах зэрэг хэд хэдэн хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай байгаа. Нийт 257.931.859 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 94.131.859 төгрөгийн бодитоор гарчихсан зардал, 163.800.000 төгрөг нь цаашид хийгдэх хагалгаа болон бусад зардлууд багтсан...” гэх мэдүүлэг.

Хохирогч П.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л- бид хоёр Багануур луу явж байхдаа “маргааш том машинаар өвсөнд явах уу, яах уу” гэж ярилцаад явж байсан. Тэгтэл Х.Л-гийн ярьж байсан яриа нь өөрчлөгдөөд “чи ер нь надтай суух юм уу, нэг бол өөр хүнтэй суух гээд байгаа юм уу, одоо суух суухгүй гэдгээ хэл” гэхээр нь би “бодож байж болно” гэхэд Х.Л- тэгвэл “хамт үхнэ” гэж хэлээд жолоодож явсан машиныхаа хурдыг нэмэхээр нь би “болиоч” гэхэд “би чамайг ална, нэг бол хамт үхнэ” гээд дахин машиныхаа хурдыг нэмээд шулуун замд сөрөг урсгал руу ороод жолоочийн хүрдээ над руу дарж замын голын цагаан зураасны зүүн гар талд ороод маш хурдтай явж байгаад нүд ирмэхийн зуур машин онхолдож би толгойгоороо хүчтэй юм мөргөж ухаан алдсан. Би Л-тэй 10 жилийн өмнө танилцаад 1 сар Багануурт зуурмагны үйлдвэрийн хашаанд байрлах байшинд амьдарч байсан. Ажлын  байран дээр ажлаар зуурмагны үйлдвэрт ирсэн хүнтэй Л- намайг хардаж “энэ хүн чинь хэн юм бэ, юу юм бэ” гэж доромжлоод байхаар нь “чи надаас холдоод яваад өгөөч” гэхэд “би чамайг алчихаад өөрөө яваад өгнө, чамтай амьдрах хүнийг чинь ална” гэж заналхийлдэг. Энэ үйлдэл нь удаа дараа болж байсан. Би маш их гомдолтой байгаа, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-80/,

 

Иргэний нэхэмжлэгч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр лүү Л- утсаар яриад  “би аваар хийгээд Н-ийг алаад хаячихлаа нүүр нь байхгүй болсон шүү” гээд утсаа салгасан гэж хэлсэн. Ингээд би нөхрийн хамт Багануур дүүрэг рүү ирэхэд Н-т анхны тусламж үзүүлээд Улаанбаатар хот руу явахаар машин бэлдэж байсан. Н- тухайн үед юм яриагүй ухаан санаа нь орон гаран байх шиг байсан. Л- намайг ална гээд заналхийлж ийм байдалд  оруулсан гээд уйлаад байсан. Миний машины хохирлын үнэлгээ 2.960.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 135/

Гэрч С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Л- дээрх машинаа унаад Н- хажуугийн суудалд нь суугаад надаас түрүүлээд чулуун карьераас хөдлөөд явсан...Багануур дүүргийн 2 дугаар хороо руу дөхөж ирэхэд замын урд тал руу Л- ахын жолоодож явсан машин нь замын хажуу руу онхолдсон байсан. Л- ахын жолоодож явсан машин дээр нь очиход Л- ганцаараа зогсож байсан. Н-ийг замын машин аваад явсан гэж байсан. Л- ах дээр очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Тэр өдөр Налайх болон Эрдэнэ суманд Л-, Н- хоёр хэрэлдэж маргасан зүйл ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88/,

Гэрч П.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н- нь миний төрсөн дүү бөгөөд түүний биеийн байдал тааруу дунд зэрэг ухаантай байгаа, хамрын яс, зүүн хацрын яс хугарсан, зүүн нүдний цавчих булчин нь задарсан. Х.Л- гэх залуу манай дүүгийн найз, намайг хааяа нэг Замын-Үүдээс ирэхэд манай дүүтэй хамт явж байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87/,

Гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 03-51 УБВ улсын дугаартай “Тоёото платз” маркийн тээврийн хэрэгслийн техникийн хяналт үзлэгийг хийхэд тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг хэмжилтийн программ дээр өгөхөд автоматаар бичигдэж мэдээллийн санд тухайн тээврийн хэрэгслийн тооног төхөөрөмжөөр үзэж байгаа хэмжилт стандарт зэрэг нь хадгалагддаг. Тухайлбал уг тээврийн хэрэгслийн стандарт шаардлагад нийцэж байгаа тэнцэх эсэх нь автоматаар хэмжигдэж мэдээллийн санд бүртгэгдэж хадгалагддаг. Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэг, урд хойд тормоз, зогсоолын тормоз, утаа, гэрэл зэрэг нь тоног төхөөрөмжөөр үзэхэд стандарт шаардлага хангаж байгаа нь хяналтын дүгнэлтийн хуудсанд автоматаар бичигдсэн байна. ...Улсын хилээр гаалийн бүрдүүлэлт хийгдэж тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаар Авто тээврийн үндэсний төвд бүртгэгдсэн байдаг тул арлын дугаар хэзээ ч ямар ч машинд давхцахгүй. Тэгэхээр техникийн хяналтын дүгнэлтийн хуудсыг гараар шивж оруулах боломж байхгүй. Зөвхөн арлын дугаарыг санд шивж оруулан автоматаар бүртгэгдэж бусад техникийн үзүүлэлт үзлэг оношилгоо нь автоматаар бүртгэгдэнэ. Техникийн инженерүүд биеэр тормозны шингэний савны түвшин, хөргөлтийн шингэн, хөдөлгүүрийн тосны түвшин, тормозны системийн бүрэн бүтэн байдал зэргийг нүдээр үзэж шалгадаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 95-96/,

Гэрч Д.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.Н- гэх эмэгтэй над дээр орчуулга хийлгэхээр ирсэн. Нүүр нь их эвгүй болсон байсан. Нэг сар гаруйн өмнө эмчилгээ хийлгэсэн баримт, эм уусан баримт, зураг болон 20 гаруй хуудас материалд орчуулга хийлгэсэн. Орчуулгын төлбөр 100.000 төгрөг авсан. Би орчуулгын материалын дээрх үнэ төлбөрийг тооцож үзээгүй, дээрх материалууд эх хувиараа байсан. Надад орчуулга хийх эрх, компанийн орчуулгын тамга тэмдэг байгаа. Манай компани “Нью даймонд” ХХК гэсэн нэртэй. Энэ хүн над дээр авчирсан материалдаа орчуулга хийлгэсэн, өөр хууль бус буруу орчуулга хийлгэх талаар санал тавиагүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 125/

Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 1 дүгээр хавтасны 34, 36, 38 дугаар хуудасны орчуулгыг хийсэн. Хэдэн сарын хэдний өдөр хийснээ сайн мэдэхгүй байна. Уг орчуулга дээр өөрчлөлт ороогүй орчуулга мөн байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 131/

Гэрч Х.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Х.Л-гийн төрсөн эгч нь байгаа юм. Миний дүү Х.Л- нь 9 хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд бөгөөд 8 дугар анги төгссөн. Тэгээд барилгын техник мэргэжлийн сургууль төгссөн, слессарь мэргэжилтэй. Үг дуу цөөтэй, архи хэрэглэдэггүй, тамхи татдаг, хүнд тусархуу, аливаа ажлыг өөриймсөг хийдэг, үнэнч, бүх зүйлийг үнэн зөвөөр нь хэлдэг, юу ч нуудаггүй. Л- Н- гэх эмэгтэйтэй танил гэдгийг мэднэ. Би Н- гэх эмэгтэйг Солонгос улсад очихдоо нэг л удаа зүс харж байсан. Түүнээс биш үг сольж үзээгүй. Миний дүүгийн оршин сууж байсан байранд Н- нь өөрийнхөө эгчийг, төрсөн хүүхэдтэй нь оруулчихаад Л-г Багануур луу аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93-94/

Гэрч Х.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.Л- миний төрсөн ах. 2015 оны цагаан сараар Л-, Н- нар манай гэрт нэг орж ирж байсан, түүнээс хойш огт уулзаж байгаагүй. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Баянсоёмбо хотхоны 65А байрны  21 тоот орон сууцыг 2012 онд урьдчилгаа мөнгө төлж 2014 оны эхээр Хаан банкны зээлээр авсан орон сууц юм. Одоо ч зээлээ төлөөд явж байгаа миний эзэмшлийн орон сууц юм. Ах Л- бид хоёр уг орон сууцыг хамтран зээлээр авсан асуудал байхгүй. Л- миний орон сууцанд түр оршин сууж байсан. Н-ийг Л-тэй манай дээрх орон сууцанд хамтран амьдарч байгаа талаар мэдээгүй, сүүлд 2017 оны 8 дугаар сард мэдсэн. Н- миний орон сууцны зээлээс нэг ч удаа төлж байгаагүй. Харин Н- манай орон сууцанд нэг ч төлбөр төлөлгүй сууж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 97/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2017.12.06-ны өдрийн №1293 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд: “2017 оны 9 сарын 27-ны өдрийн №12039 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. П.Н-ийн биед зүүн нүдний зовхи гадагш эргэлт, зүүн нүдний доод зовхины мөгөөрсний үхжил, зүүн нүдний бүлтийлт, тархи доргилт, хамар ясны хянга хэсгийн бяцарч цөмөрсөн, зүүн хажуу хананы зөрүү ихтэй нийлмэл хугарал, хамар, зүүн хацрын том хэмжээний халдварлагдаж хууларсан шарх, зүүн хацраас дээш ташуу үргэлжилж хамар, духны баруун хэсэг хүрсэн сорвижил, эрүүний зүүн тал, зүүн хацар шанаа, хамар, чамархай, баруун, зүүн нүд орчмын зөөлөн эд, духны зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, зүүн алганы язарсан шарх, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ. Шинжээч эмч С.Чулуунсүх, М.Аригуунтөгс, Ц.Н- дүгнэлт /1 дүгээр хх-н 113-114/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2018.06.26-ны өдрийн №784 дугаартай дүгнэлтэд: Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын гаргасан 2017 оны 12 сарын 5-ны 1293 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Анхны үзлэг болон дүгнэлтээр 12039 тоот дүгнэлтэд П.Н-ийн нүүрэнд учирсан хууларсан том хэмжээний шархны эдгэрэлт болон эмчилгээний үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй байсан тул эрүүл мэндийг сарниулах хугацаагаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамааруулж дүгнэлтийг гаргасан байна. Хохирогч П.Н-ийн биед хамар ясны хянга хэсгийн бяцарч цөмөрсөн, зүүн хажуу ханын зөрүү ихтэй нийлмэл хугарал, хамар, зүүн хацар, дух, зүүн нүдний зовхины хэсгийн халдварлагдаж хууларсан шарх, уг шархны эдгэрэлийн дараах овойж, хонхойж татагдаж эдгэрсэн сорвижил, эрүү, зүүн хацар шанаа, хамар чамархай, баруун, зүүн нүд, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, зүүн алганы язарсан шарх, зүүн ташаа, хоёр өвдөгний цус хуралт, зүүн зовхи гадагш эргэлт, зүүн доод зовхины мөгөөрсний үхжил, тархи доргилт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Хохирогч П.Н-ийн Эрүүл мэндэд учирсан хохирол нь нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрх алдагдуулсан гэмтэлд хамаарч байх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлээс үүссэн үлдэц уршиг нь нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах буюу нүдний зовхи, аньсага, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэх шаардлагатай гэмтэлд хамаарна.Цаашид хохирогч П.Н-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь түүний гоо сайхныг алдагдуулсан нүүрэн дэх гэмтлийн улмаас үүссэн сорви, нүүрний хэм алдагдалт нь нөхөн сэргээх мэс заслын эмчилгээ зайлшгүй хийх шаардлагатай  гэжээ”  Шинжээч эмч Ц.Ганболд, Т.Чимэд-Очир, Г.Ханхүү дүгнэлт /1 дүгээр хх-н 241-244/,

Тээврийн хэрэгслийн лавлагаагаар 03-51 УБВ улсын дугаартай “Тоёота платз” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг Пүрэвжавын Б-” гэжээ. /1-р хх-н 23/,

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн автомашины хохирол үнэлсэн тухай тайлангаар “П.Б-ийн эзэмшлийн 03-51 УБВ улсын дугаартай “Тоёота платз” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 2.960.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 25-32/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Шувуун саарал цогцолборын хойд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш буюу Багануур дүүрэг рүү чиглэсэн сөрөг урсгалтай асфальтан замд үзлэгийг явуулав. Үзлэгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш автомашины гэрэлд үзлэгийг явуулахад замын урд талд гарч онхолдсон тээврийн хэрэгсэл нь сөрөг урсгалд орж ертөнцийн зүгээр зүүн тийш шарваж явсан мөрийг 1, замын голын цагаан зураас хүрсэн мөрийг 2 дугаараар тэмдэглэн хэмжилт хийхэд 11 метр байв. Замын голын цагаан зурааснаас зүүн урагш тээврийн хэрэгсэл шарваж явж замаас гарсан цэгийг А үсгээр тэмдэглэж хэмжилт хийхэд 2 дугаартай цэгээс А цэг хүртэл 14 м 20 см  байв. Замын зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслийн тормозны мөргүй байв. Замын урд талд онхолдсон тээврийн хэрэгсэл нь баруун гар талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй “Тоёота платз” маркийн 03-51 УБВ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг  /1 дүгээр хх-ийн 6-11/,

“Үлэмж Өнгө” ХХК-ийн №000009048 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар “Англи, хятад, солонгос, франц, герман, орос хэлний орчуулга хийх” гэжээ. /1-р хх-н 228-230/,

“Очко” ХХК-ийн №9011128132 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар орчуулгын үйлчилгээ хийх” гэжээ./4-р хх-н 198, 205-207/

“ПДДБ” ХХК-ийн №9011016127 улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар гадаад хэлний орчуулгын үйл ажиллагаа” гэжээ. /4-р хх-н 199/

“Гэгээн мөрөн” ХХК-ийн №9011188025 улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар гадаад хэлний орчуулга хийх үйлчилгээ” гэжээ. /4-р хх-н 200/

“Цагаан согсоот транслэйшн” ХХК-ийн №9011716051 улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар орчуулгын үйлчилгээ” гэжээ. /4-р хх-н 201/

“Жимбүүр” ХХК-ийн №9011698023 улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар гадаад хэлний орчуулгын үйлчилгээ” гэжээ. /4-р хх-н 202-204/

“Ганзосон” констракшн ХХК-ийн 2019.06.10-ны өдрийн А/125 дугаартай тодорхойлолтоор “Х.Л- нь тус компанид 2019.5.20-ноос эхлэн сантехникчээр ажиллаж байгаа бөгөөд сарын цалин 1.500.000 “гэжээ. /4-р хх-н 159/

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 сарын 1-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолд “Т- овогт Х-ын Л-г “бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов” гэжээ. /хх-н  5-р хх-н 104-106/

Шүүгдэгч Х.Л-гийн захиргааны зөрчилд холбогдож байсан талаар мэдээлэл /1-р хх-ийн 247-249/,

Шүүгдэгч Х.Л- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх ял шалгах хуудас  /1 дүгээр хх-н 140/,

Хохирогч П.Н-ийн өвчний түүх болон эмчилгээний зардлын баримтууд /1 дүгээр хх-ийн 149-150, 155-237, 2 дугаар хх-ийн 55-112, 148-250, 3 дугаар хх-ийн 1-28, 34-46, 123-218, 247, 4-р хх-н 179-250, 5-р хх-н 1-99/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

 

  1. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Х.Л- нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хатуу хучилттай зам дээр иргэн П.Б-ийн эзэмшлийн 03-51 УБВ улсын дугаартай “Тоёота платз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, хамтран амьдрагч П.Н-тэй “чи хэнтэй утсаар яриад байгаа юм бэ? надтай суух юм уу?” гэж маргалдаж, суухгүй бол хамт үхнэ гэж тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, сөрөг урсгал руу орж, буцаж өөрийн урсгалд орох үйлдэл хийхдээ замын хажуу хэсэг рүү онхолдож унасны улмаас хохирогч П.Н-ийн нүүрийг засаршгүй гэмтээж, нүүрний төрхийг нь алдагдуулсан болох нь шүүгдэгч Х.Л-гийн “миний жолоодож явсан машины жолоо зүүн гар тийш жолоо булаахад би зөрүүлж баруун тийш жолоогоо дартал машин онхолдсон” гэсэн мэдүүлэг, хохирогч П.Н-ийн “намайг хүнтэй утсаар ярихад Л- хардаж уурлаад хамт үхнэ гээд машиныхаа хурдыг зориудаар нэмж онхолдсон” талаарх мэдүүлгүүд, гэрч С.Б-гийн “Багануур дүүргийн 2 дугаар хороо руу дөхөж ирэхэд замын урд тал руу Л- ахын жолоодож явсан машин нь онхолдсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 88/, иргэний нэхэмжлэгч П.Б-ийн “...Манай нөхөр лүү Л- утсаар яриад  “би аваар хийгээд Н-ийг алаад хаячихлаа нүүр нь байхгүй болсон шүү” гээд утсаа салгасан гэж хэлсэн. Н- тухайн үед юм яриагүй ухаан санаа нь орон гаран байх шиг байсан. Л- намайг ална гээд заналхийлж ийм байдалд оруулсан гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 135/, хэргийн газарт үзлэг хийсэн “ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш автомашины гэрэлд үзлэгийг явуулахад замын урд талд гарч онхолдсон тээврийн хэрэгсэл нь сөрөг урсгалд орж ертөнцийн зүгээр зүүн тийш шарваж явсан мөрийг 1, замын голын цагаан зураас хүрсэн мөрийг 2 дугаараар тэмдэглэн хэмжилт хийхэд 11 метр байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-11/, хохирогч П.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдсан болохыг тогтоосон хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн №1293 дугаартай дүгнэлт /1-р хх-н 113-114/, мөн шинжээчийн 2018 оны 06 сарын 26-ны өдрийн №784 дугаартай дүгнэлтүүд /2-р хх-н 241-244/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

Хохирогч П.Н- нь Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн болон бусад холбогдох баримтуудаа орчуулгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, улсын бүртгэлд бүртгэгдсэн Үлэмж Өнгө, Очко, ПДДБ, Гэгээн мөрөн, Цагаан согсоот транслэйшн, Жимбүүр ХХК зэрэг орчуулгын товчоогоор орчуулж ирүүлсэн болох нь тогтоогдож байна. /1-р хх-н 228-230, 4-р хх-н 198-207/

Шүүх хохирогч П.Н-ээс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 4 дүгээр хавтаст хэргийн 160-250, 5 дугаар хавтаст хэргийн 1-106 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг эх баримттай нь харьцуулан үзлэг хийж, хохирогчийн хүсэлтээр хуулбарыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй харин шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Л-гээс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн боловч “үйлдэл”-ээ хүлээн зөвшөөрөөгүй болно.  Мөн иргэдийн төлөөлөгч нь “Л-г гэм буруутай” гэж дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Х.Л- нь хохирогч П.Н-ийг өөртэй нь суухгүй бол хамт үхнэ гэсэн хувийн сэдэлтээр үйлдэлдээ хандсан, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан замын хөдөлгөөний зохих дүрмүүдийг санаатай зөрчих аргаар жолоодож явсан тээврийн хэрэгслийг онхолдуулж, хохирогчийн биед хүнд хохирол учруулсан байна. Шүүгдэгч Х.Л-, хохирогч П.Н- нар нь 10 гаруй жилийн өмнө танилцаж, улмаар нэг сарын өмнөөс хамтран амьдарч эхэлсэн бөгөөд хардалтын улмаас уг гэмт хэрэг гарсан байна.

 

Иймд Х.Л-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас П.Н-ийн биед хүнд хохирол учирч, түүний нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Хохирогч П.Н- нь Солонгос улс руу 4 удаа эмчилгээнд явахад гарсан бодит зардал, ажилгүй байсан хугацааны цалин зэрэг 94.131.859 төгрөг, цаашид зайлшгүй хийгдэх хагалгаа болон бусад зардалд 163.800.000 төгрөг, нийт  257.931.859 төгрөг нэхэмжилжээ.

  1. Хохирогч П.Н- нь 2017 оны 9 сарын 15-наас хойш Монгол улсад  гарсан эмчилгээний зардал болон 2017.11.20-ноос 2018.2.20-ны хооронд Солонгос улсад гарсан эмчилгээний зардалд 28.462.650 төгрөг нэхэмжилсэн. /1-р хх-н 150/

Монгол Улсад гарсан зардлууд: хэрэглэсэн эм тариа, эмчилгээ болон бусад зардлууд 2.833.414 төгрөг /2-р хх-н 55-99/, “Оргил” сувилалд хэвтэн эмчлүүлсэн 630.000 төгрөг /2-р хх-н 69/, унааны зардал 56.000 /2-р хх-н 94-98/, орчуулга-309.500 төгрөг /2-р хх-н 88, 92, 97, 99/, асрагч хамгаалагч Энхжаргал, Б-, хохирогч Н- нарын онгоцны билетний үнэ 4.236.600 төгрөг /1-р хх-н 160, 231-235, 2-р хх-н 100/ буюу нийт 8.065.514 төгрөг

Солонгос Улсын “Сэвэрансе” эмнэлэгт хийлгэсэн эмчилгээний 8.000.385 вон /1-р хх-н 159, 2-р хх-н 106-112/, унааны зардал 15.000 вон /2-р хх-н 103/, байрны зардалд 712.000 вон /2-р хх-н 105, 3-р хх-н 8-10/ нийт 8.727.385 вон х 2.25=19.636.616 төгрөг,

нийт 8.065.514+19.636.616=27.702.130 төгрөг

Монгол банкны ханшийн мэдээлэл 1-р хх-н 162-р талд байх бөгөөд 2017 оны 11 сараас 2018 оны 2 дугаар сард Солонгос вон 2.22-2.29 төгрөгийн ханштай байх бөгөөд дундаж нь 2.25 төгрөг гэж дүгнэх үндэслэлтэй байна.

  1. 2018 оны 4 сарын 28-наас 2018 оны 6 сарын 4-ний өдөр хүртэлх Солонгос болон Монгол улсад хийлгэсэн эмчилгээ, оношилгоо, унааны зардалд 8.997.230 төгрөг нэхэмжилжээ. /2-р хх-н 198/

Солонгос Улс дахь Ёнсей Их сургуулийн “Северанс” эмнэлгийн эмчилгээ, оношилгооны зардлууд 2.671.720 вон /2-р хх-н 221-248/, эмчилгээний виз сунгалт 60.000 вон /2-р хх-н 210/, 2018.4.28-наас 2018.6.4-ны өдөр хүртэлх байрны төлбөр 276.000 вон, 2017.11.4-нөөс 11 сарын 19-ний өдөр хүртэлх  байрны төлбөр 125.000 вон /3-р хх-н 8-10/, нисэх онгоцны буудал хүртэлх унааны зардал 15.000 вон /3-р хх-н 11/, Сөүл доторх такси үйлчилгээний зардал 29.500 вон  буюу 3.177.220 вон х 2.23 =7.085.200 төгрөг /3-р хх-н 20, 21, 26/,

Монгол банкны ханшийн мэдээлэл 2-р хх-н 209-р талд байх бөгөөд 2018 оны 5 дугаар сард Солонгос вон 2.23 төгрөгийн ханштай байсан байна.

 

Монгол улсад гарсан зардлууд: Улаанбаатар Багануур хоорондын унааны зардал 107.800 төгрөг, эм тариа 50.930 төгрөг, орчуулга 136.000 төгрөг, П.Н-ийн онгоцны билетийн үнэ 1.393.900 төгрөг, гадаад гуйвуулгын шимтгэл үйлчилгээ 64.600 төгрөг, Улаанбаатар хот дахь такси үйлчилгээний зардал 25.000 төгрөг буюу 1.778.230 төгрөг /3-р хх-н 12-19, 27-28/,

Нийт 7.085.200 + 1.778.230=8.863.430 төгрөг

  1. Солонгос Улсад 2018.8.4-ний өдрөөс 9 сарын 29-ний өдөр хүртэлх эмчилгээний зардал, 2017.11.4-нөөс 2018.9.29-ний өдөр хүртэлх унааны зардал болон 2018.6 сараас 10 сарын 5-ны өдөр хүртэлх Монгол улсад гарсан зардалд 23.753.242 төгрөг нэхэмжилжээ./3-р хх-н 125/

Солонгос Улсад Ёнсей Их сургуулийн эмнэлэгт 2018.8.8-ны өдөр зүүн нүдэнд дээд доод зовхины бүтэн зүслэг хийж, зовхи, нүдний дотор булчинг засах пластик мэс засал хийж, мөн нүднээс нь арьс нөхөн шилжүүлж оёдол тавьсан талаарх мэс засалтай холбоотой эмчилгээний зардалд 7.962.950 вон /3-р хх-н 128-147/, метроны зардал 307.410 вон /3-р хх-н 148-171/, П.Н-ийн хэвтсэн өрөөний төлбөр 200.000 вон /3-р хх-н 174/, нийтийн тээврийн карт цэнэглэсэн унааны зардал 393.230 вон /3-р хх-н 185-206/, канон, зураг угаалгах, утасны нэгжний зардал 112.000 вон /3-р хх-н 207-218/ буюу 8.975.590 вон х 2.24= 20.105.321 төгрөг

Монгол банкны ханшийн мэдээлэл 3 дугаар хавтаст хэргийн 81-85 дугаар талд байх бөгөөд Солонгос вон  2.24 төгрөгийн ханштай байна.

Монгол Улсад хэрэглэсэн эм тариа эмчилгээний 285.860 төгрөг /3-р хх-н 175-181/, П.Н-, түүний асран хамгаалагч П.Дархисүрэн нарын онгоцны билетний үнэ 2.707.500 төгрөг /3-р хх-н 172/, визний мэдүүлгийн төлбөр 44.500 төгрөг /3-р хх-н 173/, эмнэлгийн баримт бичгийн орчуулга 215.300 төгрөг /3-р хх-н 181-182/, Улаанбаатар хотод Нисэх онгоцны буудал хүргүүлсэн таксины зардал 40.500 төгрөг /3-р хх-н 183/, Улаанбаатар-Багануур хоорондын унааны зардал 56.200 төгрөг /3-р хх-н 183-184/, нотариатын үйлчилгээ 2.500 төгрөг /3-р хх-н 172/, хохиролтой холбоотой зураг угаалгах үйлчилгээ 7.600 төгрөг /3-р хх-н 182/, Отгонтэнгэр зочид буудал болон унааны зардал 108.600 төгрөг /3-р хх-н 247/  буюу 3.468.560 төгрөг

Нийт 20.105.321 +3.468.560 =23.573.881 төгрөг

  1. 2018.10.5-наас 2019.6.9-ний өдөр хүртэлх эмчилгээ болон бусад зардалд 26.684.737 төгрөг нэхэмжилжээ. /4-р хх-н 166-177/

Солонгос улсын Ёнсей Их сургуулийн Северанс эмнэлэгт 2018 оны 11 сараас 2019 оны 5 сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд үзлэг оношилгоо, шинжилгээ, эм тарианы төлбөр 924.950 вон /5-р хх- 16, 19, 22, 25, 28, 31, 34, 37, 40/, унааны зардал 538.200 вон /5-р хх-н 56-73/, онгоцны буудал хүргүүлсэн унааны зардал 15.000 вон, онгоцны билетний үнийн зөрүү 141.100 вон /4-р хх-н 218/, ачааны төлбөр 50.000 вон /4-р хх-н 222/, утас харилцаан холбооны төлбөр 271.740 вон /4-р хх-н 225-247/, утасны гэрээ цуцлах 148.620 вон /4-р хх-н 247/, утасны дугаар хаасны төлбөр 49.570 вон /5-р хх-н 1-4/, Консулын газраар итгэмжлэл хийлгэсэн төлбөр 16.000 вон, нотариатын хөлс 6.000 вон, /5-р хх-н 6-7/, 2018 оны 8 сараас 2019 оны 5 сарын 30-ны өдөр хүртэлх байрны төлбөр 2.872.000 вон /5-р хх-н 8-10, 12/, орчуулга 30.000 вон /5-р хх-н 11/, хэвлэх үйлчилгээ 4.000 вон /5-р хх-н 43/, виз мэдүүлгийн хураамж 60.000 вон /5-р хх-н 45/, малгай 49.000 вон /5-р хх-н 47/, нүдний омега, мэнсухэдан витаминууд 54.500 вон /5-р хх-н 50/, нүдний дусаалга 6.000 вон /5-р хх-н 51/, нүдний дусаалга 8.000 вон /5-р хх-н 52/, нүдний шил 30.000 вон /5-р хх-н 53/, эм 14.000 вон /5-р хх-н 60/, факсын үйлчилгээ 6.000 вон /5-р хх-н 74/, визны хүргэлтийн үйлчилгээ 4.000 вон /5-р хх-н 75/, нисэх онгоцны буудал хүргүүлсэн унааны зардал 30.000 вон /5-р хх-н 76/, нүд хамгаалах зориулалттай нарны шил 153.000 вон /5-р хх-н 78-79/, бүрхэг өдөр зүүх зориулалтай нарны шил 33.000 вон /5-р хх-н 80-81/, нүдний дусаалга 15.000 вон /5-р хх-н 82-84/, эмийн баримт 18.500 вон /5-р хх-н 83/, малгай 15.000 вон /5-р хх-н 85/, нүдний шил арчигч парлон 10.000 вон /5-р хх-н 85-87/, нүдний дусаалга 35.000 вон /5-р хх-н 88/ буюу 5.608.180 вон х 2.35=13.179.223 төгрөг,

Монгол банкны ханшийн лавлагаагаар 2018.11 сараас 2019.5 сар хүртэл Солонгосын вон 2.26-2.38 төгрөгийн ханштай байх тул дундажаар 2.35 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна. /4-р хх-н 209-215/

 

Монгол Улсад гарсан зардалд:Хохирогчийн ачаа болон хүргэлт 6.000 төгрөг, 9.300 төгрөг /5-р хх-н 89/, нүдний шил 185.000 төгрөг /5-р хх-н 91/, орчуулга 175.000 төгрөг /5-р хх-н 93/, хохирлын баримт факсдах, хэвлэх үйлчилгээ, гэрэл зураг авах, бичиг хэргийн зардал 24.100 төгрөг /5-р хх-н 90-92/, эм тариа 36.400 төгрөг /5-р хх-н 89,92/, Улаанбаатар-Багануур хоорондын унааны зардал 58.700 төгрөг /4-р хх-н 208, 216/, нотариатын төлбөр 21.900 төгрөг /4-р хх-н 208, 5-р хх-н 92/, орчуулга 100.000 төгрөг /5-р хх-н 5/, орчуулга 180.000 /4-р хх-н 207/, П.Н-ийн онгоцны билетийн үнэ 1.216.600 төгрөг /4-р хх-н 217/ буюу 2.013.000 төгрөг,

Нийт 13.179.223+2.013.000= 15.192.223

 

  1. Хохирогч П.Н-т Солонгос улсын Асан эмнэлэг нь түүний зүүн хацарт өөх шилжүүлэн суулгах, нүд болон хамрын хэлбэр засах мэс засалд 24.000.000 вон /3-р хх-н 2-3/, Католик Гуандунг Их сургууль, Олон Улсын СТ.Мариа эмнэлэг нь энгийн соривны гоо сайхны мэс засал болон Z хэлбэрийн гоо сайхны мэс засал 4.500.000 вон, духны булчин шилжүүлэх мэс засал 4.000.000 вон /3-р хх-н 6-7/, Ионсой Их сургуулийн Severance эмнэлэг нь гоо сайхан, нүдний мэс засалд 30.000.000 вонын зардлын тооцоо төлөвлөгдсөн байна. /4-р хх-н 189-196/,

Хохирогч П.Н- нь 2018.8.8-ны өдөр Солонгос Улсын Ёнсей Их сургуулийн эмнэлэгт нүдний дотор булчинг засах пластик мэс засал хийж , мөн нүднээс нь арьс нөхөн шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн боловч юмсыг хоёрлож харах, зовхи унжих лагофтальм /зовхи бүрэн хаагдахгүй байх/ хүндрэл байсаар байх тул нэмэлт мэс ажилбаруудыг хийх шаардлагатай гэж уг эмнэлгээс тодорхойлжээ. /3-р хх-н 128-132, 4-р хх-н 179, 191-196/,

Мөн Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2018.06.26-ны өдрийн №784 дугаартай дүгнэлтэд П.Н-ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдуулсан гэмтэлд хамаарч байх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлээс үүссэн үлдэц уршиг нь нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах буюу нүдний зовхи, аньсага, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэх шаардлагатай гэмтэлд хамаарна. Цаашид гэмтлийн улмаас үүссэн сорви, нүүрний хэм алдагдалт нь нөхөн сэргээх мэс заслын эмчилгээ зайлшгүй хийх шаардлагатай  гэжээ”  /2 дугаар хх-н 241-244/,

Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Н-т цаашид мэс засал хийгдэхээр төлөвлөгдсөн зайлшгүй гарах 63.000.000 вонын (24.000.000+9.500.000+30.000.000=63.500.000, 63.500.000 х 2.26=143.510.000 төгрөгийн ) эмчилгээний зардлыг шүүгдэгчээс урьдчилан гаргуулах үндэслэлтэй байна. Монгол банкны ханшийн лавлагаагаар Солонгос улсын вон 2019 оны 5 дугаар сард 2.26 төгрөг байна. /4-р хх-н 215/

 

  1. Хохирогч П.Н- нь “Алтай хангай конкрет” ХХК-нд 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн сарын 500.000 төгрөгийн цалинтай, менежерээр ажиллаж байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. /4-р хх-н 160-161, 170/ Иймд П.Н-ийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарыг дуустал хүртэл хугацааны цалин болох 10.500.000 төгрөгийг гаргах нь зүйтэй. Энэ хугацаанд П.Н-т нийгмийн даатгалаас тэтгэмж олгогдсон гэх баримтгүй байна.

 

Хохирогч П.Н- нь Солонгос улс руу 4 удаа эмчилгээнд явахад гарсан бодит зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 94.131.859 төгрөг нэхэмжилснээс өмгөөлөгчийн хөлс болох 8.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 85.831.859  төгрөгийн хор уршгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах, /3-р хх-н 177, 5-р хх-н 100-103/

Мөн цаашид хийгдэх мэс засал болон бусад зардалд 163.800.000 төгрөг нэхэмжилснээс 143.510.000 төгрөгийн зайлшгүй хийгдэхээр төлөвлөгдсөн хагалгааны зардлыг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх, эмчилгээтэй холбогдох бусад 20.290.000 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд хандах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Л-гээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн зардалд 229.341.859 (85.831.859+143.510.000) төгрөг төлөхөөс 2.790.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хохирогчид нийт 226.551.859 төгрөгийг олгох нь зүйтэй. /4-р хх-н 151-157/

 

Шүүгдэгч Х.Л-гийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 03-51 УБВ улсын дугаартай “Тоёота платз” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Пүрэвжавын Б- болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. Иймд хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан үнэлгээг үндэслэн шүүгдэгч Х.Л-гээс уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 2.960.000 төгрөгийг гаргуулж П.Б-т олгох нь зүйтэй.  /1-р хх-н 23, 25-32/,

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэх дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хүсэлт болон түүний хувийн байдлуудыг харгалзан үзэж 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан.  Харин хохирогч, хохирогчийн өмгөөлөгчөөс Х.Л-д 8 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан болно.

Х.Л- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, “Ганзосон” констракшн ХХК-нд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сантехникчээр ажиллаж байгаа, ам бүл ганцаараа амьдардаг зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Иймд шүүгдэгч Х.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт үйлдэл санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ тээврийн хэрэгслийг санаатай онхолдуулсан болон гэмт хэргийн улмаас хохирогчийн нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдсан байдлыг хэд хэдэн удаагийн сэргээн засах мэс засал хийгдэх нөхцөл байдал үүссэн зэргийг харгалзан хуульд заасан ялуудаас хорих ялыг сонгож оногдуулбал зохино. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ялын хэмжээг тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дундажаас доош татаж оногдуулсан болно. Х.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 15 ширхэг эмний гялгар уутыг хохирогч П.Н-т буцаан олгохоор шийдвэрлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т- овгийн Х-ын Л-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т- овгийн Х-ын Л-г 4 /дөрвөн/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Л-д оногдуулсан 4/дөрвөн/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Л-гийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл  цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Л-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Л-гээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд 2.790.000 төгрөгийг /хоёр сая долоон зуун ерөн мянга/ хохирогч П.Н-т төлснийг дурдсугай.
  7. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Л-гээс 226.551.859 төгрөг /хоёр зуун хорин зургаан сая таван зуун тавин нэгэн мянга найман зуун тавин есөн төгрөг/ гаргуулж хохирогч П.Н-т олгож, нэхэмжлэлээс 8.300.000 /найман сая гурван зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэсэхгүй болгож, хохирогч П.Н- нь  20.290.000 /хорин сая хоёр зуун ерэн мянга/ төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.         
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Л-гээс 2.960.000 /хоёр сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч П.Б-т олгосугай.
  9. Х.Л-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц 15 ширхэг эмний гялгар уутыг хохирогч П.Н-т буцаан олгосугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Х.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ОЮУНБАТ

                  ШҮҮГЧИД                                             Б.БАЙГАЛМАА

                                                                                    А.БЯМБАЖАВ