Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

 

 

Т.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02415 дугаар шийдвэртэй, Т.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ц-т холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Т.М- нь иргэн Г.Ц-д орон сууцны урьдчилгаа 25 000 000 төгрөг, тухайн үед байрны зээлэнд төлсөн 4 300 000 төгрөг, нийт 29 300 000 төгрөгийг төлсөн. Анх Г.Ц-ийн дүүгийн нөхөр болох А- нь 2014 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Зүүн хүрээ хотхонд 2 дугаар байранд 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж хэлэн 20 000 000 төгрөгийг Г.Ц- гэгчийн данс руу шилжүүлж авсан. Хоёр хоногийн дараа утсаар ярьж “5 000 000 төгрөг нэмж өгөхгүй бол болохгүй байна, 8 хувьд орохгүй байна” гэхээр нь хүнээс зээлж уг мөнгийг өгсөн. Тэгээд 10 дугаар сард “байрандаа ороод байж бай 8 хувийг чинь удахгүй шийдвэрлэж өгнө” гэсэн болно. Ингээд байранд орсон боловч “8 хувийг шийдвэрлэж болохгүй байна. Эхний ээлжинд банкны хүүгээр 1 680 000 төгрөгийг өгчих” гэсний дагуу уг мөнгийг 2 сар төлсөн. Дараа сард нь миний бие “8 хувьд шилжихгүй бол би ийм өндрөөр төлж чадахгүй” гэсэн тул 680 000 төгрөгийг сар бүр төлж байхаар амаар тохиролцсон. Энэ хооронд 8 хувийг бүтээж өгнө гэсэн болно. Ингээд 3 сар дарааллан         680 000 төгрөгийг төлөөд явж байтал банкны тиллер “Та яагаад хувь хүний дансанд мөнгө хийгээд байгаа юм, уг нь байрны зээлийг банкны дансанд хийх ёстой, та тэр хүнээсээ сайн тодруулаарай” гэсэн. Ингээд 2015 оны 4 дүгээр сард дүү А-гаас “гэрээ, бичиг баримт нь хаана байна” гэхэд гэрээг надад өгсөн. Гэтэл анх өгсөн мөнгөний 11 000 000 төгрөгийг уг байранд өгөөд үлдэх 14 000 000 төгрөг нь ор тас байхгүй болсон байсан. Энэ үеэс эхлэн миний бие банкны зээлийн хүү болон бусад төлбөрийг төлөөгүй бөгөөд дүү А-гаас “тэр төлөгдөөгүй мөнгөний учрыг олж өг, үүний учрыг олохоос нааш мөнгө төлөхгүй” гэсэн. Дүү А- нь энэ мөнгөний учрыг олж өгнө гэсээр 2015 оны 9 дүгээр сар хүртэл. Гэтэл 9 дүгээр сарын сүүлээр эгч Ц- нь ирсэн. Дээрх төлөгдөөгүй мөнгийг асуухад “өөр байранд өгсөн, одоо үргэлжлүүлж байхын тулд 30 хувиа гүйцээж төлөөд 3 сар 1 860 000 төгрөгөөр банкны зээлийг төлж зээл энгийн болгосны дараа 8 хувьд шилжүүлж өгнө” гэсэн. “Эхлээд ингэж тохироогүй” гэж хэлэхэд “тэр хамаагүй, одоо ингэхгүй л бол 8 хувь чинь бүтэхгүй” гэсэн. Надад 20 000 000 орчим төгрөг нэмж төлөх ямар ч боломжгүй байхгүй байсан тул уг байрнаас гарахаас өөр арга байгаагүй. Ингээд           Г.Ц- нь 25 000 000 төгрөгийг буцааж өгөөд байрнаас гарахаар ярьж тохирсон. Миний бие уг байрнаас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гарсан бөгөөд Ц- руу “мөнгөө авъя” гэхээр мөнгө хайж байна, мөнгө орж ирэхээр өгнө” гэдэг байсан боловч сүүлийн үед “мөнгийг чинь өгч чадахаа больсон” гэх болсон. Мөн “мөнгийг чинь өнөө маргаашгүй олж өглөө” гэж хэлээд 2016 оны 5 дугаар сард байрны түлхүүрүүдээ авсан бөгөөд уг байранд одоо хүмүүс амьдарч байгаа болно. Дүү А-тай ярихаар “анх эгч өөрөө 10 хувийг нь аваад байрандаа оруулж бай, 8 хувийг нь зохицуулаад өгнө, Голомт банкны байнгын харилцагч болохоор энэ бүгдийг нь эгч зохицуулаад өгнө” гэсэн. Мөн уг байрны гэрчилгээ доод давхрын айлын нэр дээр гарсан байсан бөгөөд борлуулалтын албанаас А- нь өөрөө гүйж байж миний нэр дээр шилжүүлсэн боловч одоогоор надад нэг ч гэрээ бичиг баримт өгөөгүй байгаа болно. /өөрсдөө төлөгдөөгүй 14 000 000 төгрөгийн учрыг олно гээд авсан/. Иймд уг байранд анх 25 000 000 төгрөг, байрны зээлийн төлбөрт 4 300 000 төгрөг, нийт 29 300 000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч                       Г.Ц-аас 25 000 0000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 304 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 282 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Миний бие Т.М- нь иргэн Г.Ц-д орон сууцны урьдчилгаа 25 000 000 төгрөг. тухайн үед байрны зээлэнд төлсөн 4 300 000 төгрөг нийт 29 300 000 төгрөгийг төлсөн ... Г.Ц- гэгчийн данс руу шилжүүлж авсан. Хоёр хоногийн дараа утсаар ярьж, 5 000 000 төгрөг нэмж өгөхгүй бол болохгүй байна. 8 хувьд орохгүй байна гэхээр нь хүнээс зээлж уг мөнгийг өгсөн ... Нэхэмжлэгч Т.М- нь хариуцагч Г.Ц-т 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээний харилцаа уүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" тухай бичжээ. Иргэн Г.Ц- би нэхэмжлэгч Т.М- гэх хүнээс мөнгө хувьдаа аваагүй, хэрэглээгүй. Анхан шатны шүүх нь Г.Ц-т 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэхдээ ямар баримтаар тогтоогдоод байгаа нь тодорхой бичээгүй. Баримтаар тогтооогдоогүй зүйлийг Ц-т мөнгө өгсөн гэж дүгнээд байгааг зөвшөөрөхгүй. ХХ-ийн 45-46-р талд байх Г.Ц- мнний мэдүүлэгт "... Голомт банкны байрны зээлийн дансанд 25 сая төгрөг 2013 оны 9 сард хийсэн ... бүх мөнгө шууд байрны зээлийн дансанд орж байсан" гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч надад мөнгө өгөөгүй, харин А-тай тохиролцож, өөрөө сайн дураараа орон сууц авахын тулд Голомт банкинд мөнгөө өгсөн. Хариуцагч Ц- миний хувьд уг мөнгийг өөртөө аваагүй, хэрэглээгүй. ХХ-ийн 85-р талд байх баримтаас харвал өмчлөх эрхийн гэрчилгээ нь Тоггохдоржийн М-ын нэр дээр гарсан байгаа. Мөн гэрч Амарбаясгалаягийн Энхзулын зүгээс (Зүүн хүрээ шилтгээн ХХК-д борлуулалтын менежер ажилтай) ХХ-ийн 52-53-р талд "Бид нар яадаг билээ гээд байж байхад 203-48 тоотод амьдарч байсан М- гэж эрэгтэй хүн '\ орж ирээд энэ 203-48 тоото орон сууцыг би худалдаж авч байгаа миний нэр дээр гарах ёстой |. шүү гэсэн ... зөвтгөөд гараад өгөөч гэхэд заавал худалдаж авах гэрээ хийнэ гэсний дагуу 1 Баттөр М- нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийлгүүлээд бичиг'" баримтыг нь улсын бүртгэлд өгсөн, Ингэж өгөхөд М-ын нэр дээр гэрчилгээ нь гарсан ..." гэж мэдүүлсэн. Мөн ХХ-ийн 88-р талд байх "ОРОН СУУЦНЫ БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭ"-нээс харвал Баттөрөөс М-д шилжүүлжээ. Эндээс харахад нэхэмжлэгч нь холбогдох төлбөрийг банкинд тушаагаад дараа нь гэрээ хийж, уг байрны ордерийг өөрийн нэр дээр гаргасан харагдаж байна. Харин урьдчилгаагаа төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд өөрөө сайн дураараа байрнаасаа гарч, өөртөө эрсдэл үүсгэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Иргэний хуулийн 492-р зүйлд "бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхэй", 492.1.1-т "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч хоёрын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.М- нь хариуцагч Г.Ц-аас 25 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй" гэжээ. Хариуцагч Г.Ц- миний хувьд нэхэмжлэгч Т.М-ын мөнгийг авчихсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүх иргэн надад илтэд хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ер нь шүүхийн шийдвэрээр гаргахаар шийдвэрлэсэн 25 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02415 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, 25 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Т.М- нь хариуцагч Г.Ц-т холбогдуулан орон сууцны урьдчилгаанд төлсөн 25 000 000 төгрөг, хүүд төлсөн 4 300 000 төгрөг, нийт 29 300 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 203 дугаар байрны 48 тоот 51.86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр 25 000 000 төгрөгийг Г.Ц-ийн данс руу шилжүүлсэн. Г.Ц- болон түүний дүү н.А- нар тухайн байрыг банкны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж тохирсон боловч 8 хувийн зээлд хамруулаагүйгээс байрны хүүд 4 300 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлажээ.

 

            Шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний үүрэг үүссэн эсэх, улмаар гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулах, учирсан хохирлыг гаргуулах, эсхүл ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлснийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байгааг тодруулах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор маргаан бүхий орон сууцыг хариуцагч захиран зарцуулах эрхтэй буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж байрыг шилжүүлж өгсөн эсэх, нэхэмжлэгч байрны урьдчилгаа төлбөрийг өөрөө шилжүүлсэн, эсхүл бусад этгээд шилжүүлсэн эсэх үйл баримтыг тодруулж, талуудыг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд мэтгэлцүүлэх ажиллагааг явуулах нь нотлох баримтыг хэрхэн үнэлэх, хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой.

 

            Тухайлбал, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс прокурорын байгууллагын архиваас эрүүгийн хэргээс татаж авсан, хариуцагч Г.Ц- болон бусад хүмүүсийн сэжигтэн, гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар татсан тогтоол зэрэг нь маргааны үйл баримтад шууд хамааралтай нотлох баримтаар үнэлэх эсэх асуудал нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хэрхэн тодорхойлохоос хамаарах юм.

 

            Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй буюу гэрээний бус үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтан хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв биш байна.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02415 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 282 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                             С.ЭНХТӨР