Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2020/01084

 

2020 оны 4 сарын 28 өдөр                                    Дугаар 183/ШШ2020/01084                                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, хаягт оршин суух, Тогтохдоржийн М/РД:ЙН/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, хаягт оршин суух, Ганбаатарын Ц/РД:УХ/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Болдбаатар /ШТЭҮД-2348/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.М нь иргэн Г.Ц тай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, 203 тоот байрны 48 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, Т.Мнь иргэн Г.Цд орон сууцны урьдчилгаа 25 000 000 төгргийг шилжүүлсэн. Г.Цнь тухайн үед Голомт банктай зээлийн гэрээ байгуулсан. Т.Мд тухайн зээлтэй орон сууцыг шилжүүлэх, 8 хувьд хамруулахад нь туслана, дэмжинэ гэж тухайн мөнгийг авсан байдаг. Т.Мнь мөнгийг шилжүүлснээрээ тухайн орон сууцанд амьдарсан. Т.Мнь цаашид зээлийн төлбөрийг төлөөд явах боломжгүй нөхцөл байдал үүсч тухайн байрыг чөлөөлж өгсөн. Г.Цнь байрны зээлийг          Т.Мруу шилжүүлж өгнө гэж тохирсон боловч шилжүүлж өгөөгүй тул Т.Мнь Голомт банканд 1 600 000 гаруй төгрөгийг төлөх боломжгүй байгаа тухай Г.Цболон дүү н.А нарт хэлсэн. Нэгэнт 8 хувийн зээлд шилжих боломжгүй байсан учраас тухайн орон сууцнаас гарсан. Гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 25 000 000 төгрөгийг       Г.Цаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Цнь Баянзүрх дүүргийн зүүн хүрээ хотхонд 2 өрөө орон сууц худалдан авсан. Өөрөө хятад улсад ажиллаж байгаа болохоор нэг байраа заръя гэж н.А гэдэг хүнд хэлсэн байдаг. н.А нь Т.М той холбогдоод талууд харилцан тохиролцож, Баянзүрх дүүргийн зүүн хүрээ хотхоны хоёр өрөө байрыг худалдаж авахаар тохиролцож, Т.Мнь худалдаж авахдаа Г.Цийн өмнө нь төлсөн байсан урьдчилгаа төлбөр 16 000 000 төгрөг орчимыг нь төлөөд, үлдэгдэл төлбөрийг өөрөө төлөхөөр тохирсон. Тухайн үед н.А нь Г.Цийн өмнөөс тухайн байрны зээлийн гэрээ зээлийн төлбөр төлж байгаа графикыг Т.Мд үзүүлсэн. Т.Мнь гэрээ, төлбөр төлөх графикийг үзсэн учраас хууль зүйн ямар үр дагавар үүсэхийг насанд хүрсэн эрх зүйн чадамжтай хүнийхээ хувьд ойлгосон гэж үзэж байна. Г.Цболон н.Агийн зүгээс 8 хувийн зээлд оруулж өгнө гэсэн амлалт өгөөгүй, худлаа яриад байгааг хариуцлагатайгаар хэлж байна. Т.Мнь сууж байсан байрныхаа хэрэглээний зардлыг төлөөгүй учир зугтаагаад уулздаггүй байсан. Үүнээс болоод Г.Ц, Голомт банк нарын хооронд үл ойлголцол үүссэн байсан. 25 000 000 төгрөгийг аваагүй. н.А, Т.Мхоёр хоорондоо харилцаад явж байсан. н.Ариусанаагийн зүгээс Т.Мнь тухайн байрыг авна гээд тохиролцсон байсан учраас тухайн байрны төлбөрт нь шилжүүлж өгч байсан гэж хэлж байсан. Хэргийн материалд 16 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн баримт байгаа, түүнээс өөр баримт байхгүй. Нэхэмжлэгч талын зүгээс Г.Цийн дансанд орсон байгаа учраас гэж ярьж байна. Энэ данс нь Г.Ц, н.А нарын дундын данс, Г.Цнь Хятад улсад байсан учраас энэ данснаас н.А нь холбогдох захиран зарцуулалтыг хийж байсан. Талууд уулзаж байсан, харилцан тохиролцоод мөнгөө өгнө гэсэн тайлбарууд нь үндэслэлгүй байна. Талууд тохиролцсоны үндсэн дээр Т.Мбайрандаа орж, төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүйгээс болоод ийм нөхцөл байдал үүссэн. Худалдан авагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хууль зүйн үр дагавар үүсч,             Г.Цнь Голомт банктай үйл ойлголцолд хүрээд 300 гаран сая төгрөгийн өрөнд ороод, урьдчилгаа төлбөр, гэрээ гэх зэрэг бүх зүйлээр хохирч үлдэж байна. Т.Мын өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагийг хариуцагч хүлээх үндэслэлгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэсний үндсэн дээр  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Мнь хариуцагч Г.Цд холбогдуулан орон сууцны урьдчилгаанд төлсөн 25  000 000 төгрөг, байрны хүүд төлсөн 4 300 000  төгрөг, нийт 29 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүд төлсөн 4 300 000 төгрөг гаруулах шаадлагаасаа татгалзаж, худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 25 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргав. 

 

             Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Г.ЦБаянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг банкны 8 хувийн зээлд шилжүүлж өгнө гэсний дагуу худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 25 000 000 төгрөгийг төлсөн ба 8 хувийн зээлд шилжүүлж өгөөгүйгээс банкны энгийн нөхцөлтэй зээлээр сар бүр өндөр төлөлт төлж чадахгүйд хүрсэн тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 25 000 000 төгрөгөө буцаан гаргуулна.” гэж тайлбарлаж байна.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Хариуцагч Г.Цнь Зүүн хүрээ шилтгээн ХХК-тай 2014 оны 08 сарын 22-ны өдөр С-100-011503 дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14-р хороолол, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м.кв талбайтай орон сууцыг 91 014 300 төгрөгөөр захиалан бариулахаар тохирсон байна. /хх-82-84/

           

            Дээрх гэрээний зүйл болох орон сууцны төлбөрийг Г.Цнь Голомт банкны зээлийн санхүүжилтээр төлж, улмаар Голомт банк зээлийн гэрээний үүрэг зөрчсөн гэх үндэслэлээр Г.Цтай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэг, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Г.Ц, Т.Мнарт холбогдуулан гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01476 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-17-19/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба Голомт банк       ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Цнарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Г.Цнь “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж 204 дугаар байрны 106 тоот, 203 дугаар байрны 48 тоот орон сууцанд барьцаагүйгээр эхний ээлжид 15,6 хувийн хүүтэй зээл олгож, уг зээлийг 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэхээр тохирсон боловч Голомт банк 8 хувийн зээлд хамруулж өгөөгүйгээс өндөр хүүтэй зээлийг эргэн төлөх боломжгүй болсон тул Т.Мгэдэг хүнтэй харилцан тохиролцож, 203 дугаар байрны 48 тоот орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрийг гаргуулж, зээлийг шилжүүлэхээр тохирсон боловч банк шилжүүлээгүй...” гэж, хариуцагч Т.М“...уг зээлийн гэрээтэй холбоотой орон сууцыг худалдан авахаар амаар гэрээ байгуулж, урьдчилгаа болгож иргэн Г.Цийн дансанд 25 000 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд урьдчилгааг нэмж өгөх боломжгүй болж уг байрнаас гарсан. Одоо төлсөн мөнгөө авсан тохиолдолд байрыг шилжүүлэн өгөх хүсэлтэй. Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Уг хэрэгт мөнгө хүлээн авснаа зөвшөөрсөн...” гэж тус тус шүүхэд тайлбар гаргасан байна.

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Т.Мын гаргасан гомдлыг шалгах явцад Г.Цаас 2017 оны 12 сарын 18-ны өдөр хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан байх ба тус гэрчийн мэдүүлэгт “...Т.Мминий дансруу 25 000 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн...” гэж мэдүүлжээ. /хх-95-96/

 

Мөн гэрч Б.Б “...аавын хэлсний дагуу Цийн дансруу байрны урьдчилгаа 16 013 704 төгрөгийг шилжүүлсэн. Манай аавд дээрх мөнгийг захиран зарцуулах эрх нь байгаа...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд хариуцагчийн “...Т.Моор 25 000 000 төгрөгийг аваагүй...” гэх татгалзаж үндэслэлгүй байна.

           

            Зохигчдын хэн аль нь худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээнээс татгалзсан гэж, хариуцагч нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэх үндэслэлээр мэтгэлцэв.

 

            Худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлын хувьд гэрээний зүйлийн шинж байдлаас шалтгаалан тусгай нөхцөл тавигддаг ба тодруулбал үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар бичгийн хэлбэрээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага хангасан байх учиртай.

 

            Дээрх хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл нь хийсэн үеэсээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн...” хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

 

            Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт бөгөөд талуудын хооронд байгуулсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг анхаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэв.

 

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Цнь огт бүртгэлтэй байгаагүй, тус байрны анхны өмчлөгөөр Д.Б бүртгэгдэж, улмаар Д.Бөөс 2015 оны 06 сарын 11-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээгээр Т.Мын өмчлөлд өмчлөх эрх шилжиж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066125 дугаарт бүртгэгдэн гэрчилгээ олгогдсон байна. /хх-85-88/

           

            Д.Б, Т.Мнарын хооронд байгуулагдсан 2015 оны 06 сарын 11-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т заасан агуулгаар бус харин бүртгэлийн ажилтны буруугаас өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Цийн нэр дээр бус Д.Б гэх иргэний нэр дээр андуурч гарсныг залруулах зорилгоор бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлсэн гэж тайлбарлаж, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. 

 

Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд гэрээний талуудын эрх, үүргийн хэрэгжилт, түүнчлэн гэрээнээс татгалзах асуудал яригдахгүй ба Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Ийнхүү хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг шүүх шийдвэрлэх ёстой ба хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн орон сууцны урьдчилгаа төлбөр 25 000 000 төгрөгийг хариуцагч Г.Цаас гаргуулж, нэхэмжлэгч Т.Мд олгох үндэслэлтэй байна. Мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Цт шилжүүлэхийг нэхэмжлэгч Т.Мд даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 353 150 төгрөг төлсөн ба нэхэмжлэлийн шаардлага 25 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 282 950 төгрөг байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар илүү төлөгдсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгийн хураамж 282 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн орон сууцны урьдчилгаа төлбөр                  25 000 000 төгрөгийг хариуцагч Г.Цаас гаргуулж нэхэмжлэгч Т.Мд олгож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Цт шилжүүлэхийг нэхэмжлэгч Т.Мд даалгасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цаас улсын тэмдэгтийн хураамжд 282 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХЦЭЦЭГ