Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 151

 

,

 

 

 

 

 

 

 

Э.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03090 дүгээр шийдвэртэй, Э.Ч-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Э-д холбогдох, 7 796 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч О.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Ч-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Ч- нь 2018 оны 11 дүгээр сард гадаад руу аялахаар төлөвлөж, зарын дагуу О.Э-, Б.Ө нартай утсаар холбогдож, АНУ руу зуучлуулахаар болсон. Э.Ч- урьдчилгаа төлбөрт О.Э-ын дансаар 7 087 500 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч виз очер ихтэй байна, визэнд энэ долоо хоногт, маргааш орно, аяллын баг бүрдэхгүй байна гэсээр удсан. АНУ руу аялуулахгүй нь тодорхой болсон учраас Э.Ч- өөрөө визэнд орж, АНУ руу явсан. Э.Ч- явахдаа урьдчилгаанд төлсөн мөнгөө авахаар О.Э- нарын хүмүүстэй холбогдоход ирэнгүүт нь өгнө гэсэн ч, энэ долоо хоногт, дараа долоо хоногт мөнгө шилжүүлнэ гэсээр өнөөдрийг хүрсэн. Би өмгөөлөгчийн хувиар О.Э-, Л.Б нарын хүмүүстэй утсаар ярихад урьдчилгааны мөнгийг 2 долоо хоногийн дараа шилжүүлнэ гэсэн ч тохирсон хугацаанд өгөөгүй. Заасан хугацаа өнгөрч О.Э-тай ярихад өгдөг газар нь өг гэж хэлсэн. Ингээд шүүхэд хандсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д зааснаар Э.Ч-гийн урьдчилгаанд шилжүүлсэн 7 087 500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 708 700 төгрөг нийт 7 796 200 төгрөгийг хариуцагч О.Э-аас гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Э-, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Э.Ч- Н Х- ХХК-ийн захирал Л.Болорцэцэг, менежер Б.Өнөрцэцэг нартай уулзаж, АНУ руу аялахаар тохирч, миний данс руу мөнгө шилжүүлсэн. Э.Ч- Н Х- ХХК-иар дамжуулж, аяллын визэнд орсон. Би захирлын хэлснээр 7 087 500 төгрөгийг Э.Ч-гээс хувийн дансаар авч, байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан. Тухайн үед Э.Ч- урьдчилгаа мөнгийг Төрийн банкны дансаар шилжүүлье гэсэн ч манай компани Хас банкны данстай учраас миний хувийн Төрийн банкны дансыг өгсөн байсан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаагүй. Нэхэмжлэгч мөнгийг аяллын урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн. Хүн бүрдээгүйгээс Э.Ч- Н Х- ХХК-иар гараагүй, компанийн захирал Л.Б мөнгийг буцааж өгөх боломжтой гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал эрх бүхий этгээд байгуулаагүй гэж маргаж байна. Гэтэл компанийн захирал гэрээ байгуулагдсан гэлээ. О.Э- хэргийн жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч О.Э-аас 7 796 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Ч-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр биш учраас давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Э.Ч- гадаад руу аялахаар төлөвлөж зарын дагуу Э.Э, Б.Ө нартай холбогдож, Америкийн нэгдсэн улс РУУ зуучлуулахаар Э.Э-д зуучлалын урьдчилгаа төлбөр болгож 7 087 500 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч Э.Э нь Америкийн визний очер ихтэй байна, энэ долоо хоногт оруулна. аялалын баг бүрдэхгүй байна гээд янз бүрийн шалтаг тоочоод оруулахгүй байсан тул Э.Ч- нь өөрөө визэнд орж, Америкийн нэгдсэн улс руу аялаад ирсэн байдаг. Э.Ч- нь зуучлалын урьдчилгаа төлбөр гэж төлсөн 7 087 500 авахаар Э.Энхтуултай холбогдоход Америкаас ирэхээр чинь өгнө гэсэн байдаг. Америкаас ирээд Э. Энхтуултай холбогдож мөнгөө нэхэхэд өнөө маргаашгүй төлнө гэх эсхүл утсаа авахгүй зугтаад байсан тупшуухад нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар Яфцрргч Э Энхтуул нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл "Н Х-" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан нь түүнчлэн дээрх шилжүүлсэн мөнгийг 10 удаагийн гүйлгээгээр "Н Х-" ХХК-иас, сургалтын буцаалт, брошурын мөнгө гэж зарлагдсан болох нь дансны хуулга, Н Х- ХХК-ийн кассын зарлагын ордер, Төрийн банкын гялс банк интернэт гүйлгээний мэдээлэл, гэрч Л. Б, Б.Ө нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Эндээс Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д "Аялал жуулчлалын гэрээгээр аялал зуучлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцсэн тохиролцсои үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсэний төлөөх хэлэлцсэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тусхүлээнэ" гэж заасан аялал жуулчлалын гэрээний харилцаа нэхэмжлэгч Э.Ч-, "Н Х-" ХХК-ийн хооронд үүссэн байна гэж шүүх дүгнэлээ." гэхдүгнэлт нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар хариуцагч Э.Э нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл "Н Х-" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан нь түүнчлэн дээрх шилжүүлсэн мөнгийг 10 удаагийн гүйлгээгээр "Н Х-" ХХК-иас, сургалтын буцааалт, брошурын мөнгө гэж зарлагдсан болох нь дансны хуулга, Н Х- ХХК-ийн кассын зарлагын ордер, Төрийн банкын гялс банк интернэт банкын гүйлгээний мэдээлэл нь Нэхэмжлэгч Э.Ч- "Н Х-" ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д заасан Аялал жуулчлалын гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл болдог нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Э. Ч нь "Н Х-" ХХК-тай ямар нэгэн эрх зүйн баримт бичиг үйлдээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой байдаг. Хариуцагч Энхтуулын тайлбараар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу төрийн банкны данс шаардлагатай гэсэн тул миний банкны дансыг ашигласан гэх тайлбар нь мөн үндэслэлгүй байдаг учир нь тийм харилцаа болсон бол “Н Х-” ХХК нь нягтлан бодох бүртгэл хөтлөх ёстой ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар орлогы анхан шатны баримт байх ёстой ба түүнийгээ яагаад үйлдээгүй талаар нотолж, тайлбарлаж чаддаггүй. Харин шүүхийн үндэслэл болгосон дээрх баримт нь хариуцагч Э.Э “Н Х-” ХХК-д ажилладаг болохыг тодорхойлсон баримт байдаг. Ийнхүү шүүхийн дугаар 102/ШШ2019/03090 шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Э.Ч- нь хариуцагч О.Э-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 7 796 200 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “Н Х-” ХХК нь уг мөнгийг миний дансаар дамжуулж авсан тул хариуцахгүй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч Э.Ч- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нөхрийн хамт АНУ-д аялуулах зарын дагуу хариуцагч О.Э-тай холбогдсон гэх агуулгаар тайлбарласнаас үзэхэд талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсч, гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор гэрээнээс татгалзаж, үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа эсэх, эсхүл АНУ-ын виз гаргуулах зэрэг өөр зорилгоор хариуцагчийн төрийн банкны данс руу мөнгө шилжүүлсэн эсэх асуудлуудыг тодруулах шаардлагатай.

 

            Учир нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг гэрээний харилцаанаас үүссэн үүрэгтэй хамааруулан хэрэглэх боломжгүй юм. Харин гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор үр дагаврыг шийдвэрлэх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг хэрэглэх, эсхүл огт гэрээ байгуулаагүй, гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй байхад мөнгө шилжүүлж, тус мөнгийг буцаан авахтай холбоотой гэрээний бус үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн заалтыг шүүх хэрэглэх эсэхэд дээрх үйл баримтуудыг тодруулж, талуудыг мэтгүүлцэх шаардлагатай.

 

            Гэтэл шүүхийн шийдвэрт Э.Ч- болон “Н Х-” ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүссэн зэргээр шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлоогүй, хамааралгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш талтай холбоотой үйл баримт болон эрх зүйн талаар дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний алдаа болжээ. Түүнчлэн, талуудын хоорондын эрх зүйн харилцааны агуулгыг тодорхойлоход ач холбогдол бүхий үйл баримтын талаар цахим сүлжээгээр зар гарсан байсан талаар талууд шүүх хуралдааны явцад ярьж байх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээний харилцаанаас үүссэн маргаан гэж үзвэл, хэнтэй гэрээ байгуулсан талаар дүгнэлт хийхэд, цахим сүлжээгээр гарсан зарын агуулга ач холбогдолтой.

 

            Иймд шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03090 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 139 690 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                              С.ЭНХТӨР