Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/03090

 

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/03090

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э.Ч-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Э-д-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7.796.200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч О.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, гэрч Л.Б, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Чгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Чнь 2018 оны 11 дүгээр сард гадаад руу аялахаар төлөвлөж, зарын дагуу О.Э, Б.Өнартай утсаар холбогдож, АНУ руу зуучлуулахаар болсон. Э.Чурьдчилгаа төлбөрт О.Эын дансаар 7.087.500 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч виз очер ихтэй байна, визэнд энэ долоо хоногт, маргааш орно, аяллын баг бүрдэхгүй байна гэсээр удсан. АНУ руу аялуулахгүй нь тодорхой болсон учраас Э.Чөөрөө визэнд орж, АНУ руу явсан. Э.Чявахдаа урьдчилгаанд төлсөн мөнгөө авахаар О.Э нарын хүмүүстэй холбогдоход ирэнгүүт нь өгнө гэсэн ч, энэ долоо хоногт, дараа долоо хоногт мөнгө шилжүүлнэ гэсээр өнөөдрийг хүрсэн. Би өмгөөлөгчийн хувиар О.Э, Л.Бнарын хүмүүстэй утсаар ярихад урьдчилгааны мөнгийг 2 долоо хоногийн дараа шилжүүлнэ гэсэн ч тохирсон хугацаанд өгөөгүй. Заасан хугацаа өнгөрч О.Этай ярихад өгдөг газар нь өг гэж хэлсэн. Ингээд шүүхэд хандсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д зааснаар Э.Чгийн урьдчилгаанд шилжүүлсэн 7.087.500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 708.700 төгрөг нийт 7.796.200 төгрөгийг хариуцагч О.Эаас гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч О.Э шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Э.ЧНогоон хатан ХХК-ийн захирал Л.Б, менежер Б.Өнартай уулзаж, АНУ руу аялахаар тохирч, миний данс руу мөнгө шилжүүлсэн. Э.ЧНогоон хатан ХХК-иар дамжуулж, аяллын визэнд орсон. Би захирлын хэлснээр 7.087.500 төгрөгийг Э.Чгээс хувийн дансаар авч, байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан. Тухайн үед Э.Чурьдчилгаа мөнгийг Төрийн банкны дансаар шилжүүлье гэсэн ч манай компани Хас банкны данстай учраас миний хувийн Төрийн банкны дансыг өгсөн байсан. Энэ хэргийн хариуцагч би биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Ногоон хатан ХХК-ийн байранд очиж, аялалд зуучлуулахаар тохирч, аяллын гэрээ байгуулсан байна. О.Э Ногоон хатан ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд. Нэхэмжлэгч сайн дураараа мөнгөө Төрийн банкны данс байна уу гэж асуугаад аяллын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн байна. Аяллын гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй. Гэрээ байгуулаагүй гэх үндэслэл байхгүй. О.Э виз гаргах эрхгүй, талууд компаниар дамжуулж виз гаргуулахаар тохирч, аяллын үйлчилгээ авсан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаагүй. Нэхэмжлэгч мөнгийг аяллын урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн. Хүн бүрдээгүйгээс Э.ЧНогоон хатан ХХК-иар гараагүй, компанийн захирал Л.Бмөнгийг буцааж өгөх боломжтой гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал эрх бүхий этгээд байгуулаагүй гэж маргаж байна. Гэтэл компанийн захирал гэрээ байгуулагдсан гэлээ. О.Э хэргийн жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Чнь хариуцагч О.Эд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 7.796.200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь дээрх мөнгийг миний дансаар дамжуулж, Ногоон хатан ХХК авсан тул хариуцахгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Чнь нөхрийн хамт АНУ-д аялуулах зарын дагуу холбогдож, хариуцагчид аяллын урьдчилгаа төлбөр болгож 7.087.500 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагчаас ямар нэгэн ажил хийгээгүй тул төлсөн мөнгөө буцаан авах, эрх зүйн туслалцаа авсан зардал 708.700 төгрөгийн хохирол учирсан тул хохирлын хамт 7.796.200 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, хариуцагч нь би АНУ-д аялах аяллын зар тавиагүй бөгөөд миний ажиллаж байсан Ногоон хатан ХХК нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг, компанийн зарын дагуу холбогдож, аяллын гэрээг компанитай байгуулж, төлбөр төлөхдөө нэхэмжлэгчийн хүсэлтээр Төрийн банкны данс шаардлагатай гэсэн тул миний банкны дансыг ашигласан бөгөөд шилжүүлсэн мөнгийг нь компанийн үлй ажиллагаанд зарцуулсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж мэтгэлцэв.

Хариуцагч О.Эын Төрийн банк дахь 104300031290 тоот харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7.087.500 төгрөгийг аяллын урьдчилгаа төлбөр Чимэгсүрэнгээс гэж шилжүүлсэн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хариуцагчийн харилцах дансны хуулгаар нотлогдож, зохигчид энэ талаар маргахгүй байна.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар хариуцагч Э.Энхтуул нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Ногоон хатан ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан нь түүнчлэн дээрх шилжүүлсэн мөнгийг 10 удаагийн гүйлгээгээр Ногоон хатан ХХК-иас цалин, сургалтын буцаалт, брошурын мөнгө гэж зарлагдсан болох нь дансны хуулга, Ногоон хатан ХХК-ийн кассын зарлагын ордер, Төрийн банкны Гялс банк интернэт банкны гүйлгээний мэдээлэл, гэрч Л.Б, Б.Өнарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Эндээс Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д Аялал жуулчлалын гэрээгээр аялал зуучлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан аялал жуулчлалын гэрээний харилцаа нэхэмжлэгч Э.Ч, Ногоон хатан ХХК-ийн хооронд үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Аялал жуулчлалын гэрээ нь бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаггүй бөгөөд гэрээний дагуу хөлс төлөх үүргээ нэхэмжлэгч нь төлбөрийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгчийн заасан этгээд буюу компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан О.Эын Төрийн банк дахь харилцах дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар гүйцэтгэсэн байна гэж үзэхээр байна.

Харин аялал жуулчлалын үйлчилгээг гэрээний дагуу аваагүй байдал нь төлбөрийг дансаар хүлээн авсан О.Эыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч О.Э нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 7.087.500 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжөөгүй байх тул нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авсан зардлыг ч хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч О.Эаас 7.796.200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Чгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                         

 

                                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ