Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2021/01231

 

 

,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03090 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн  151 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

7,796,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь 2018 оны 11 дүгээр сард гадаад руу аялахаар төлөвлөж, зарын дагуу ,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,нартай утсаар холбогдож, АНУ руу зуучлуулахаар болсон. ,,,,,,,,,,,,,,,, урьдчилгаа төлбөрт ,,,,,,,,,,,,,,,,ын дансаар 7,087,500 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч виз очер ихтэй байна, визэнд энэ долоо хоногт, маргааш орно, аяллын баг бүрдэхгүй байна гэсээр удсан. АНУ руу аялуулахгүй нь тодорхой болсон учраас ,,,,,,,,,,,,,,,, өөрөө визэнд орж, АНУ руу явсан. ,,,,,,,,,,,,,,,, явахдаа урьдчилгаанд төлсөн мөнгөө авахаар ,,,,,,,,,,,,,,,, нарын хүмүүстэй холбогдоход ирэнгүүт нь өгнө гэсэн ч, энэ долоо хоногт, дараа долоо хоногт мөнгө шилжүүлнэ гэсээр өнөөдрийг хүрсэн. Би өмгөөлөгчийн хувиар ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын хүмүүстэй утсаар ярихад урьдчилгааны мөнгийг 2 долоо хоногийн дараа шилжүүлнэ гэсэн ч тохирсон хугацаанд өгөөгүй, заасан хугацаа өнгөрч ,,,,,,,,,,,,,,,,тай ярихад өгдөг газар нь өг гэж хэлсэн. Ингээд шүүхэд хандсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д зааснаар ,,,,,,,,,,,,,,,,гийн урьдчилгаанд шилжүүлсэн 7,087,500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 708,700 төгрөг, нийт 7,796,200 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,аас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал Л.Болорцэцэг, менежер ,,,,,,,,,,,,,,,,нартай уулзаж, АНУ руу аялахаар тохирч, миний данс руу мөнгө шилжүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-аар дамжуулж, аяллын визэнд орсон. Би захирлын хэлснээр 7,087,500 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,гээс хувийн дансаар авч, байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан. Тухайн үед ,,,,,,,,,,,,,,,, урьдчилгаа мөнгийг Төрийн банкны дансаар шилжүүлье гэсэн ч манай компани Хас банкны данстай учраас миний хувийн Төрийн банкны дансыг өгсөн байсан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаагүй. Нэхэмжлэгч мөнгийг аяллын урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн. Хүн бүрдээгүйгээс ,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-аар гараагүй, компанийн захирал ,,,,,,,,,,,,,,,,мөнгийг буцааж өгөх боломжтой гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал эрх бүхий этгээд байгуулаагүй гэж маргаж байна. Гэтэл компанийн захирал гэрээ байгуулагдсан гэж байна. ,,,,,,,,,,,,,,,, хэргийн жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03090 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,аас 7,796,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 151 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/03090 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 139,690 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.20-ны өдрийн 151 дүгээр магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “талуудын хооронд эрх зүйн харилцааны агуулгыг тодорхойлоход ач холбогдол бүхий үйл баримтын талаар цахим сүлжээгээр зар гарсан байсан талаар талууд шүүх хуралдааны явцад ярьж байх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээний харилцаанаас үүссэн маргаан гэж үзвэл хэнтэй гэрээ байгуулсан талаар дүгнэлт хийхэд цахим сүлжээгээр гарсан зарын агуулга ач холбогдолтой.” гэж дүгнэлт хийсэн нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т  заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй” гэж үзэж байна. Учир нь цахим сүлжээгээр гарсан гэх зар нь өнөөдрийг хүртэл тухайн цахим хуудсанд байгаа эсэх нь тодорхойгүй, нөгөөтэйгүүр зар нь тодорхой бус этгээд хандсан байдгийн хувьд гэрээ байгуулах санал биш бөгөөд гэрээг хэнтэй байгуулсныг тогтооход ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт болж чадахгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэгч нь өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулж авах эрхтэй атал нэхэмжлэгч аяллын зартай холбоотой баримтыг болон үүнтэй холбоотой хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, болон “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд аялал жуулчлалын гэрээний харилцаа үүссэн гэдэг нь гэрч Л.Болорцэцэг, ,,,,,,,,,,,,,,,,нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон атал давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,гээс ,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 7,796,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д ... заасан аялал жуулчлалын гэрээний харилцаа нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд үүссэн байна... Аялал жуулчлалын гэрээний дагуу хөлс төлөх үүргээ нэхэмжлэгч нь төлбөрийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгчийн заасан этгээд буюу компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан /хариуцагч/ ,,,,,,,,,,,,,,,,ын ... дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д ... зааснаар гүйцэтгэсэн ... Харин аялал жуулчлалын үйлчилгээг гэрээний дагуу аваагүй байдал нь төлбөрийг дансаар хүлээн авсан ,,,,,,,,,,,,,,,,ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нөхрийн хамт АНУ-д аялуулах зарын дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,тай холбогдсон гэх агуулгаар тайлбарласнаас үзэхэд талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсч, гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор гэрээнээс татгалзаж, үр дагаврыг арилгуулахаар шаардаж байгаа эсэх, эсхүл АНУ-ын виз гаргуулах зэрэг өөр зорилгоор хариуцагчийн төрийн банкны данс руу мөнгө шилжүүлсэн эсэх асуудлуудыг тодруулах шаардлагатай. Учир нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг гэрээний харилцаанаас үүссэн үүрэгтэй хамааруулан хэрэглэх боломжгүй ... дээрх үйл баримтуудыг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай. Гэтэл шүүхийн шийдвэрт ,,,,,,,,,,,,,,,, болон “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүссэн зэргээр шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлоогүй, хамааралгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш талтай холбоотой үйл баримт болон эрх зүйн талаар дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний алдаатай болжээ. Түүнчлэн, талуудын хоорондын эрх зүйн харилцааны агуулгыг тодорхойлоход ач холбогдол бүхий үйл баримтын талаар цахим сүлжээгээр зар гарсан байсан талаар талууд шүүх хуралдааны явцад ярьж байх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, гэрээний харилцаанаас үүссэн маргаан гэж үзвэл, хэнтэй гэрээ байгуулсан талаар дүгнэлт хийхэд, цахим сүлжээгээр гарсан зарын агуулга ач холбогдолтой...” гэсэн дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд, “...Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Учир нь цахим сүлжээгээр гарсан гэх зар нь өнөөдрийг хүртэл тухайн цахим хуудсанд байгаа эсэх нь тодорхойгүй, нөгөөтэйгүүр зар нь тодорхой бус этгээд хандсан байдгийн хувьд гэрээ байгуулах санал биш бөгөөд гэрээг хэнтэй байгуулсныг тогтооход ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт болж чадахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэгч нь өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулж авах эрхтэй атал нэхэмжлэгч аяллын зартай холбоотой баримтыг болон үүнтэй холбоотой хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, болон “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд аялал жуулчлалын гэрээний харилцаа үүссэн гэдэг нь гэрч Л.Болорцэцэг, ,,,,,,,,,,,,,,,,нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон атал давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” гэсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулж, хэргийн оролцогчийг мэтгэлцүүлээгүйгээс хууль хэрэглээний хувьд зөрчилтэй дүгнэлт хийсэн, дурдсан нотлох баримт нь хэргийн үйл баримтыг тодруулахад ач холбогдолтой байх тул давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасантай нийцнэ.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 151 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 139,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       П.ЗОЛЗАЯА

                   ШҮҮГЧИД                      Г.БАНЗРАГЧ                                                                         

                                                                                                       Х.СОНИНБАЯР

                                                                                                       Д.ЦОЛМОН 

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД