Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 355

 

 

 

 

 

 

 

 

 

Э.М-, Б.М- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02578 дугаар шийдвэртэй, Э.М-, Б.М- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгч Э.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Н.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.М-гийн төлөөлөгч Т.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаар захирамжаар Э.М-, Б.М- бид 207 154 904 төгрөгийг “Х-” ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн. “Х-” ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улсын бүртгэлийн Ү-2206016226 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байрны 11 тоотод байрлах 162.06 мкв талбайтай 7 өрөө орон сууцыг зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур буюу 433 120 300 төгрөгөөр үнэлүүлсэн болохыг мэдэгдээд байна. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь 600 000 000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах гэж буй нь үндэслэлгүй байна. Дээрх үнэлгээг бидэнд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн. Харин шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээг хийлгэхээр “Х Э-” ХХК-ийг томилсон боловч шинжээчид эрх үүрэг тайлбарлахдаа шинжээч Э.Эрдэнэбатад танилцуулсан нь хууль зөрчсөн бөгөөд уг байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Б- гэдэг хүн байдаг. Мөн үнэлгээний тайланд 3 хүн гарын үсэг зурсныг шүүх анхаарч үзнэ үү. Өмнө шүүхийн шийдвэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Баян модот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосон бөгөөд өмнөх үнэлгээ болон энэ үнэлгээ үнийн дүнгийн хувьд яг адилхан тул мөн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нараас үнэлгээтэй танилцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байрны 11 тоотод байрлах 162.06 мкв талбайтай 7 өрөө орон сууцыг 433 1230 300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаар шийдвэр, Э.М-, Б.М- нараас 208 418 826 төгрөгийг гаргуулж, “Х-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Э.М-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206016226 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байрны 11 тоотод байрлах 162.06 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Э.М-, Б.М- нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул Э.М-гийн өмчлөлийн орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18290725 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 18290725/01, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18290725/138 дугаар тогтоолоор хураасан. Хуульд заасан журмын дагуу хураасан хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоон, шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэх тухай талуудад 2019 ны 9 дүгээр сарын 09-ний өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч нар үнийн санал өгөхөөс татгалзсан хариуг өгсөн. Иймд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 279 дүгээр тогтоолоор “Х Э-” ХХК-ийг шинжээчээр томилж, эрх бүхий үнэлгээчин Э.Эрдэнэбатад эрх, үүрэг тайлбарласан байдаг ба уг хөрөнгийг 433 123 300 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан хэдий ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнөх шүүхийн шийдвэрт үнэлгээ хийсэн “Баян модот” ХХК-ийн шинжээч нь тайландаа гарын үсэг зураагүй үндэслэлээр л үнэлгээ хүчингүй болсон бөгөөд үнийн дүн хэт бага гэсэн зүйл байхгүй гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.М-, Б.М- нар нь манай банктай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 175 000 000 төгрөгийг 19.8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас банкны зүгээс гэрээг цуцлах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасны дагуу шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 138 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Нэхэмжлэгч нар нь нийт 208 418 851 төгрөгийг төлөх ёстой боловч уг төлбөрийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхээр хамтран ажиллаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Э.М- нь НШШГГ-т өөрийгөө төлөөлөх этгээдээр Б.М-д олгож, хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулан барьцаа хөрөнгийг хураах ажиллагаа явуулсан. Түүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3, 177.1-т заасны дагуу эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагааг хийж, талуудаас үнийн саналыг авсан боловч нэхэмжлэгч нар үнийн санал өгөхөөс татгалзсан байдаг. Түүний дагуу хөндлөнгийн шинжээчээр “Х Э-” ХХК-ийг томилсон байдаг. Анх “Баян модот” ХХК-ийн гаргасан үнэлгээ болон “Х Э-” ХХК-ийн гаргасан үнэлгээний үнийн дүн ижил байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байрны 11 тоотод байрлах 162.06 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.М-, Б.М- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Э.М-, Б.М- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Э.Мерөн, Б.М- нарын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох Хан-Уул дүүргийн 1-р хороо, хд-40 байр 11 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 183/ШШ2019/02578 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Э.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О- миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн 1-р хороо, хд-40 байр 11 тоот орон сууцны үнэлгээг хийлгэхдээ "Х Э-" ХХК-ийг томилсон боловч шинжээчид эрх үүрэг тайлбарлахдаа шинжээч Э.Эрдэнэбатад танилцуулсан хууль зөрсөн. Өөрөөр хэлбэл, "Х Э-" ХХК-ийг хуулийн дагуу төлөөлөх эрхгүй этгээдэд хууль сануулан дүгнэлт гаргуулсан нь хууль бус болсон. Хэрэгт авагдсан "Х Э-" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийг төлөөлөх эрхтэй этгээд Э.Эрдэнэбат биш Б.Б- гэж хүн болох нь нотлогдсон байхад шүүхээс энэ талаар нотлоогүй болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Б.Б- гэж хүн тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дуудагдаагүй, албан ёсоор шинжээчээр томилогдоогүй атлаа үнэлгээ гаргахад оролцон үнэлгээний тайланд гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хууль бус болохыг илтгэж байна. "Х Э-" ХХК нь Хан-Уул дүүргийн 1-р хороо, хд-40 байр-11 тоот орон сууцыг 433 123 300 төгрөгөөр үнэлсэн байдаг ба өмнө нь тухайн орон сууцыг "Баян модот" ХХК нь 433 000 000 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч талаас хууль бус дүгнэлт гаргуулсан нь үндэслэлгүй байгаа учир үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Э.М-, Б.М- нар хариуцагч НШШГГ-т холбогдуулан “Х Э-” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуулийн хугацаанд гаргасан байна.

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Э.М-, Б.М- нар нь         207 154 904 төгрөгийг “Х-” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206016226 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байрны 11 тоотод байрлах 162.06 мкв талбайтай 7 өрөө орон сууцыг хуульд зааснаар дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар харилцан тохиролцсон хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 52-55 дугаар тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч нь дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч байгууллагаас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Э.М-гийн өмчлөлийн , Хан-Уул дүүргийн 1 хороо, Үйлдвэр гудамж, ХД-40 байрны 11 тоотод байрлах 162.06 мкв талбайтай 7 өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18290725 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 18290725/01 дугаар тогтоолоор тус тус хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 60-61, 65-66 дугаар тал/

 

            Зохигчид шинжээчээр “Б-” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон байх ба уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин эхэлсэн талаар маргаагүй байна.

 

            Хариуцагч байгууллага нь хураагдсан эд хөрөнгийн үнийн санал өгөхийг төлбөр төлөгчид 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4/ 19575 тоотоор мэдэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгч Э.М-, Б.М- нар нь үнийн санал өгөхөөс татгалзсан /хэргийн 106 дугаар тал/ байх тул 2019 оны 9 сарын 11-ний өдрийн 279 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор “Х Э-” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна./хэргийн 108 дугаар тал/

 

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Х Э-” ХХК нь  тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 433 123 300 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ./хэргийн 110-123 дугаар тал/

            Түүнчлэн, хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан байгаа нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх үнэлгээчний талаар зохицуулсан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                              С.ЭНХТӨР