Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 19

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01156/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны   01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ш- Г-” ХК-д холбогдох

"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбатын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б- нь “Ш- Г-” ХК-д 2017 оны 02 сарын 16-ны өдөр нягтлан бодогчоор анх ажилд орсон. 2019 оны 02 сарын 21-ний өдрөөс ахлах оператороор /ахлах диспетчерээр/ ажиллаж байгаад 2019 оны 09 сарын 036-ны өдрийн 5/431 дугаар мэдэгдлийн дагуу 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс ажлаас халагдсан. Ажлаас халагдсан тушаалын хуулбарыг Г.Б- нь 2019 оны 10 сарын 15-ны өдөр гардаж авсан бөгөөд ажлаас халагдсандаа гомдолтой байна.

Хариуцагч нь ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтын дагуу ажил олгогч нэг сарын өмнө ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж гарын үсэг зуруулсан байх ёстой. Гэтэл нэг сарын өмнө мэдэгдээгүй байдаг. Иймд Г.Б- нь үндэслэлгүй ажлаас халагдсан тул ажилгүй байсан хугацааны цалин нийт 1.729.815 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, “Ш- Г-” ХК-ийн уулын шуурхай албаны ахлах диспетчерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны огноотой “Ш- Г-” ХК-ийн албан бичиг байгаа бөгөөд 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж байна гэж байгаа, гардуулж өгсөн огноо нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр юм. Энэ хооронд 6 хоногийн хугацаа байна. Өөрөөр хэлбэл мэдэгдсэнээс хойш 1 сарын өмнө буюу 6 хоногийн дараа ажлаас чөлөөлөх ёстой тул энэ нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Түүнээс нэхэмжлэгч талын зүгээс орон тоо хасагдсан, цомхотгосон асуудал дээр маргаагүй, тэр бидэнд хамаагүй юм. Цалингийн хувьд Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаал дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-р зүйлийн А заасны дагуу сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно. Г.Б- 10 сарын 01-ний өдрөөс 10 сарын 14-ний өдөр хүртэл ажилгүй байсан бөгөөд 14-ний өдрөөс “Ш- Г-” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд зааварчлагч нягтлан бодогчийн ажилд орсон сарын цалин нь 908.800 төгрөг. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу эхлээд ажилгүй байсан 9 хоног байгаа, 9 хоногоо өдрийн 59.921 төгрөгөөр үржихэд 539.289 төгрөг, бага цалинтай ажил гээд бодохоор нэг сарын цалингийн зөрүү дундаж цалин хөлснөөс 908.800 төгрөгийг хасахад 367.521 төгрөгийн зөрүү гарч байгаа, үүнийг хоногт хуваахад 1 өдрийн цалингийн зөрүү 17.254 төгрөг гарч байна. Тэгээд бага цалинтай ажил хийж байсан 11,12,01 сарын хоног тооцоход бага цалинтай ажил хийж байсан хоног 69 хоног, 69 хоногийн зөрүү 1.190.526 төгрөг, энэ дээр 9 хоног ажилгүй байсан цалинг нэмээд 1.729.815 төгрөг болж байгаа юм. Иймд 1.729.815 төгрөгийн цалин гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч “Ш- Г-” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ш- Г-” ХК нэхэмжлэгч Г.Б-ийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний дагуу ахлах диспетчер гэсэн албан тушаалд томилж ажиллуулсан. Энэ албан тушаал уг компанид тухайн үед байсан. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тухайн үед мөрдөгдөж байгаа албан тушаалуудаа албан ёсоор тушаалжуулж, бичгийн хэлбэрт оруулж орон тоо батлан мөрдүүлэх тухай 2018 оны 11-р сарын 07-ны А/80 тоот тушаал баталсан байдаг. Энэ 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалын хавсралтад ахлах диспетчер гэж албан тушаал байсан. Нэхэмжлэгч Г.Б-ийг ажлаас чөлөөлөх болсон нь тухайн албан тушаалыг байхгүй болгосон буюу орон тооноос хассан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/76 тушаалын 2 дугаар заалтаар ахлах диспетчерийн орон тоог хассан гэсэн албан ёсны шийдвэр байдаг. Нэгэнт энэ албан тушаал байхгүй, бүтцэд өөрчлөлт орсон учраас Г.Б-т мэдэгдэл хүргүүлж хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн байдаг. Энэ тухай нэхэмжлэгч өөрөө ч дурдсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу ажлаас халагдсан тэтгэмжийг бодож олгосон. Энэ ажил олгогчийн шийдвэр бол Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, энэ ажлын байр хасагдсан учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл болсон. “Ш- Г-” ХК-ийн дүрмийн 9 дүгээр заалтад гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хэмжээг тусгасан байдаг. ТУЗ-өөс тогтоосон бүрэн эрхийн хүрээнд өөрийн бүтэц орон тоог баталж ажиллах ёстой байдаг. Энэ бүрэн эрхийн дагуу 2018 онд уг орон тоог бий болгож, мөн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаалаар уг албан тушаалыг байхгүй болгосон. Тийм учраас ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй.

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагын тухайд нэхэмжилж байгаа цалин 1.729.815 төгрөгийг яаж бодож гаргасныг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар ажилгүй байгаагүй гэж бид ойлгож байгаа. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс “Ш- Г-” ХК-ийн үйлдвэрчний эвлэлд ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэдгийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан цалингийн тооцоолол үндэслэлгүй, буруу байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн хариуцагч “Ш- Г-” ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбат давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

  1. 2019.09.06 өдрийн А-76 дугаар тушаалаар орон тоог цөөрүүлсэн бөгөөд нэхэмжлэгчид 2019.10.01 өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг.
  2. Уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтан 40 дүгээр зүйлийн 40.1.1, 0.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд ажилтанд 1 сарын өмнө ажил олгогч мэдэгдэнэ гэж заасан.
  3. Монгол улсын дээд шүүх 2006.07.03 өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан үндэслэлээр сарын өмнө мэдэгдэх ...заалтуудын хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухай ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж гарын үсэг зуруулж баталгаажуулна гэж заасан байдаг.
  4. Хариуцагч “Ш- Г-” ХК нь 2019.10.01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол нэхэмжлэгчид сарын өмнө мэдэгдэх буюу 2019.09.01 өдрөөс өмнө мэдэгдэх ёстой байсан. Гэтэл 2019.09.06 өдөр мэдэгдлийг өгсөн. Үүнийг шүүх хөдөлмөрийн тухай хуулийг ялимгүй зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийг уулын шуурхай албаны ахлах диспетчерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Б- хариуцагч “Ш- Г-” ХК-нд холбогдуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1.729.815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч байгууллага тухайн ажилтны ажиллаж байсан орон тоо хасагдсан, мэдэгдэл хүргүүлсний дагуу хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь өөр ажилд орсон, нэхэмжилж буй цалингийн тооцоо буруу тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг шийдвэр гарахаас  28 хоногийн өмнө хүргүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг “ялимгүй зөрчсөн” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хүлээн авч бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Г.Б- нь  тус компанид 2017 оны 02 дугаар сараас өөр ажил албан тушаалд ажиллаж байгаад “Ш- Г-” ХК-ний захирлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар Уулын шуурхай албаны оператораар томилогдсон нь хэрэгт авагдсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Уулын шуурхай албаны ахлах оператор гэсэн албан тушаал нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Орон тоо батлан мөрдүүлэх тухай” тушаал, ажилтнаас ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар “Ахлах диспетчер” мөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Тус компани гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/76 дугаартай “Орон тоонд өөрчлөлт оруулах, зарим ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх тухай” тушаалаар ахлах диспетчерийн нэг орон тоог хасч, кампани орон тоог хорин гурваар цөөрүүлсэн байна.

            Энэ дагуу ажил олгогч нь Г.Б-т хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 5/431 дугаартай мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч уг мэдэгдлийг тухайн өдөр хүлээн авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгснөөс хойш 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/186 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Г.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан байна.

Нэхэмжлэгч Г.Б- орон тоо хасагдсан болон ажлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар маргаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгснөөс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хууль зөрчсөн гэж маргаж байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч нь энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр заасан байх бөгөөд хэрэг авагдсан баримтаас үзвэл ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлж, улмаар 10 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хэрэг авагдсан бичгийн баримтуудаар нотлогдох бөгөөд хариуцагч тал энэхүү хугацааны талаар маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “сарын өмнө мэдэгдэх” гэдгийг ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулахыг ойлгоно.

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын  мөн өдөр дуусна...” гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж заасан ойлголт нь түүнийг хэрэглэх ёстой субьект буюу өөрөөр хэлбэл ажил олгогч өөрийн үзэмжээр багасгаж хэрэглэж болох ойлголт, үүнийг нь шүүх диспозитив зарчим гэж ойлгож болохгүй.

Хуулийн энэ заалт нь ажил олгогчид үүрэг болгосон, “захирамжилсан” хэм хэмжээ тул ажил олгогч заавал дагаж мөрдөх үүрэгтэй.

Шүүх энэ хугацааг зөрчсөнийг үүргийн ялимгүй зөрчил гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Энэ хугацааг зөрчсөнөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажлаас халаагүй тул миний хөдөлмөрийн хуулиар баталгаажсан эрх зөрчигдсөн гэсэн ажилтны гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Цалин хөлстэй тэнцэх олговрын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь  эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор,... олгоно” гэж зааснаар ажилгүй байгаа бүх хугацааны туршид авах ёстой байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын дэвтэр дэх цалингийн тооцооллоор тооцож үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээс илүү байгаа хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд олговрыг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талуудын зарчимд нийцнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн “Ш- Г-” ХК-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг  

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийг “Ш- Г-” ХК-нд ахлах диспетчерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.729.815 төгрөгийг хариуцагч “Ш- Г-”ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Г.Б-т олгосугай” гэж,

2 дугаар заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэснийг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Ш- Г-” ХК-иас 42.627 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

                           

 

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                  АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                             ГҮЙЦЭТГЭГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                   ШҮҮГЧИД                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                   Л.АМАРСАНАА