Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01156/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ........... аймаг, ......... сумын .......... баг, .......... байрны ......... тоотод оршин суух С овогт Г-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: ............ аймаг, ........... сум, “ШГ” ХК-д холбогдох,

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б- нь ШГ ХК-д 2017 оны 02 сарын 16-ны өдөр нягтлан бодогчоор анх ажилд орсон. 2019 оны 02 сарын 21-ний өдрөөс ахлах оператороор /ахлах диспетчерээр/ ажиллаж байгаад 2019 оны 09 сарын 06-ны өдрийн 5/431 дугаар мэдэгдлийн дагуу 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс ажлаас халагдсан. Ажлаас халагдсан тушаалын хуулбарыг Г.Б- нь 2019 оны 10 сарын 15-ны өдөр гардаж авсан бөгөөд ажлаас халагдсандаа гомдолтой байна.

Хариуцагч нь ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтын дагуу ажил олгогч нэг сарын өмнө ажилтанд  бичгийн хэлбэрээр мэдэгдэж гарын үсэг зуруулсан байх ёстой. Гэтэл нэг сарын өмнө мэдэгдээгүй байдаг. Иймд Г.Б- нь үндэслэлгүй ажлаас халагдсан тул ажилгүй байсан хугацааны цалин нийт 1,729,815 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ШГ хувьцаат компанийн уулын шуурхай албаны ахлах диспетчерын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны огноотой “ШГ” хувьцаат компанийн албан бичиг байгаа бөгөөд 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж байна гэж байгаа, гардуулж өгсөн огноо нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр юм. Энэ хооронд 6 хоногийн хугацаа байна. Өөрөөр хэлбэл мэдэгдсэнээс хойш 1 сарын өмнө буюу 6 хоногийн дараа ажлаас чөлөөлөх ёстой тул энэ нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Түүнээс нэхэмжлэгч талын зүгээс орон тоо хасагдсан, цомхтгосон асуудал дээр маргаагүй, тэр бидэнд хамаагүй юм. Цалингийн хувьд Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаал дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-р зүйлийн “А” заасны дагуу  сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно. Г.Б- 10 сарын 01-ний өдрөөс 10 сарын 14-ний өдөр хүртэл ажилгүй байсан бөгөөд 14-ний өдрөөс ШГ хувьцаат компанийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд зааварчлагч нягтлан бодогчийн ажилд орсон сарын цалин нь 908,800 төгрөг. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу эхлээд ажилгүй байсан 9 хоног байгаа, 9 хоногоо өдрийн 59,921 төгрөгөөр үржихэд 539,289 төгрөг, бага цалинтай ажил гээд бодохоор нэг сарын цалингийн зөрүү дундаж цалин хөлснөөс 908,800 төгрөгийг хасахад 367,521 төгрөгийн зөрүү гарч байгаа, үүнийг хоногт хуваахад 1 өдрийн цалингийн зөрүү 17,254 төгрөг гарч байна. Тэгээд бага цалинтай ажил хийж байсан 11,12,01 сарын хоног тооцоход бага цалинтай ажил хийж байсан хоног 69 хоног, 69 хоногийн зөрүү 1,190,526 төгрөг, энэ дээр 9 хоног ажилгүй байсан цалинг нэмээд 1,729,815 төгрөг болж байгаа юм. Иймд 1,729,815 төгрөгийн цалин гаргуулахаар шаардаж байна” гэв.

 

Хариуцагч “ШГ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““ШГ” ХК нэхэмжлэгч Г.Б-ийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний дагуу ахлах диспетчер гэсэн албан тушаалд томилж ажиллуулсан. Энэ албан тушаал уг компанид тухайн үед байсан. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тухайн үед мөрдөгдөж байгаа албан тушаалуудаа албан ёсоор тушаалжуулж, бичгийн хэлбэрт оруулж орон тоо батлан мөрдүүлэх тухай 2018 оны 11-р сарын 07-ны А/80 тоот тушаал баталсан байдаг. Энэ 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалын хавсралтад ахлах диспетчер гэж албан тушаал байсан. Нэхэмжлэгч Г.Б-ийг ажлаас чөлөөлөх болсон нь тухайн албан тушаалыг байхгүй болгосон буюу орон тооноос хассан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/76 тушаалын 2 дугаар заалтаар ахлах диспетчерийн орон тоог хассан гэсэн албан ёсны шийдвэр байдаг. Нэгэнт энэ албан тушаал байхгүй, бүтцэд өөрчлөлт орсон учраас Г.Б-т мэдэгдэл хүргүүлж хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн байдаг. Энэ тухай нэхэмжлэгч өөрөө ч дурдсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу ажлаас халагдсан тэтгэмжийг бодож олгосон. Энэ ажил олгогчийн шийдвэр бол Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, энэ ажлын байр хасагдсан учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл болсон. “ШГ” хувьцаат компанийн дүрмийн 9 дүгээр заалтад гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хэмжээг тусгасан байдаг. ТУЗ-өөс тогтоосон бүрэн эрхийн хүрээнд өөрийн бүтэц орон тоог баталж ажиллах ёстой байдаг. Энэ бүрэн эрхийн дагуу 2018 онд уг орон тоог бий болгож, мөн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаалаар уг албан тушаалыг байхгүй болгосон. Тийм учраас ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй.

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагын тухайд нэхэмжилж байгаа цалин 1,729,815 төгрөгийг яаж бодож гаргасныг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар ажилгүй байгаагүй гэж бид ойлгож байгаа. 2019 оны 10 дугаар сарын             14-ний өдрөөс “ШГ” ХК-ийн үйлдвэрчний эвлэлд ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэдгийг зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр яаж гарахыг бид мэдэхгүй учир шаардлага бүр дээр тайлбар хийх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв шүүх ажлаас халагдсан нь үндэслэлгүй гэж дүгнэвэл ажилгүй байсан хугацааны цалинг хэрхэн бодох вэ гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан. Бага цалин авч байсан бол түүний зөрүүг олгохоор хуульчилсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан цалингийн тооцоолол үндэслэлгүй, буруу байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “ШГ” ХК-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай гомдол гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлынхоо үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу энэ тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдээгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э- тухайн орон тоо хасагдсан, байгууллагад тус албан тушаал байхгүй болсон учраас нэхэмжлэгч Г.Б-т мэдэгдэл хүргүүлсний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй, цалингийн хувьд нэхэмжлэгч нь өөр ажилд орсон байгаа тул цалингийн зөрүүгээр тооцох ёстой бөгөөд нэхэмжилж байгаа цалингийн тооцоо буруу гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалздаг болно.

 

Нэхэмжлэгч Г.Б- нь “ШГ” ХК-ийн захирлын 2017 оны 02 сарын 16-ны өдрийн Б/35 дугаартай “Ажилд шинээр авах тухай” тушаалаар нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад мөн захирлын 2018 оны 03 сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай “Ээлжийн амралтаас дуудан, дотроо шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар 2018 оны 02 сарын 21-ний өдрөөс эхлэн Уулын шуурхай албаны ахлах оператороор шилжин томилогдсон болох нь хэрэгт авагдсан тушаалууд болон 2018 оны 03 сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-38, 39 дүгээр тал/

Дээрх тушаалаар нэхэмжлэгч Г.Б-ийг уулын шуурхай албаны ахлах операторын ажилд томилсон байх бөгөөд “ШГ” ХК болон Г.Б- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтны ажлын байрны буюу албан тушаалын нэрийг “Уулын шуурхай албаны ахлах диспетчер /оператор/ гэж тодорхойлсон байна.        /хх-89 дүгээр тал/

Мөн шүүх хуралдаан дээр зохигчдын тайлбараар Уулын шуурхай албаны ахлах оператор нь “ШГ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 07-ны өдрийн А/87 дугаартай “Орон тоо батлан мөрдүүлэх тухай” тушаалын хавсралтад заасан “Ахлах диспетчер” мөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

“ШГ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 07-ны өдрийн А/87 дугаартай  “Орон тоо батлан мөрдүүлэх тухай” тушаалын хавсралтаар “Ахлах диспетчер”-ийн 1 орон тоотой байхаар тогтоосныг гүйцэтгэх захирлын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн А/76 дугаартай “Орон тоонд өөрчлөлт оруулах, зарим ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх тухай” тушаалаар ахлах диспетчерийн 1 орон тоог хасч, компанийн орон тоог 23-аар цөөрүүлсэн, мөн энэхүү тушаалын дагуу гүйцэтгэх захирлын 2019 оны 10 сарын 04-ний өдрийн Б/186 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Г.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс тасалбар болгон цуцласан байна. /хх-90-100, 22, 24 дүгээр тал/

Тус тушаалаар Г.Б-ийг орон тооны өөрчлөлтийн дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудасны хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Уулын шуурхай албаны ахлах диспетчерийн ажлаас чөлөөлсөн бөгөөд орон тоо хасагдсан болон ажлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар нэхэмжлэгч тал маргахгүй гэж тайлбарладаг болно.

 

Хариуцагч “ШГ” ХК нь нэхэмжлэгч Г.Б-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр 2019 оны 10 сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 09 сарын 06-ний өдрийн 5/431 дугаартай албан бичгээр хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч энэхүү мэдэгдлийг 2019 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авсан болохоо нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурджээ. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр заасан байна.

“ШГ” ХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/186 дугаартай тушаал 2019 оны 10 сарын 04-ний өдөр гарсан бөгөөд тус тушаалд Г.Б-ийг 2019 оны 10 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд хариуцагч “ШГ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн А/76 дугаартай тушаалаар ахлах диспетчерийн 1 орон тоог хасч, мөн өдрөө тус орон тоон дээр ажиллаж байсан нэхэмжлэгч Г.Б-т мэдэгдэл хүргүүлсэн, ийнхүү мэдэгдсэнээс хойш 28 хоногийн дараа хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан байна.

 

Хариуцагч “ШГ” ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанаас өмнө ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа боловч энэхүү зөрчил нь нэхэмжлэгч Г.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, дордуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг тус шийдвэр гарахаас 28 хоногийн өмнө хүргүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг ялимгүй зөрчсөн байх тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан үндэслэлээр цуцалсан нь мөн хуулийг зөрчөөгүй байна гэж үзэхээр байна.

 

Хариуцагч байгууллага Г.Б-т Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон бөгөөд нэхэмжлэгч Г.Б- нь 2019 оны 10 сарын 14-ний өдрөөс эхлэн “ШГ” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд зааварлагч, нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байгаа болох нь “ШГ” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 27 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 98 дугаартай архивын лавлагаа болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Б-ийн хариуцагч “ШГ” ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн         69.1-д тус тус заасныг баримтлан  нэхэмжлэгч Г.Б-ийн хариуцагч “ШГ”  ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ