Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00804

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

          2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар шийдвэр,

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Б-

          Хариуцагч: “... гол” ХК

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би ... гол ХК-д 2017-02-16-ны өдөр нягтлан бодогчоор анх ажилд орсон. 2019-02-21-с ахлах оператороор /ахлах диспетчерээр/ ажиллаж байгаад 2019-09-06-ны өдрийн 5/431 дугаар мэдэгдлийн дагуу 2019-10-01-с ажлаас халагдсан. Ажлаас халагдсан тушаалын хуулбарыг 2019-10-15-ны өдөр гардаж авсан бөгөөд ажлаас халагдсанд гомдолтой байна. Хариуцагч нь ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан бөгөөд мөн хуулийн 40.5 дахь заалтын дагуу ажил олгогч нэг сарын өмнө ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж гарын үсэг зуруулсан байх ёстой. Гэтэл нэг сарын өмнө мэдэгдээгүй байдаг. Иймд ажилгүй байсан хугацааны цалин нийт 1,729,815 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ... гол ХК-н уулын шуурхай албаны ахлах диспетчерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ. 

        Хариуцагч тайлбартаа: ..Г.Б-ийг ажлаас чөлөөлөх болсон нь тухайн албан тушаалыг байхгүй болгосон буюу орон тооноос хассан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. 2019-09-06-ны өдрийн А/76 тушаалын 2-р заалтаар ахлах диспетчерийн орон тоог хассан гэсэн албан ёсны шийдвэр байдаг. Нэгэнт энэ албан тушаал байхгүй, бүтцэд өөрчлөлт орсон учраас Г.Б-т мэдэгдэл хүргүүлж хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42-т заасны дагуу ажлаас халагдсан тэтгэмжийг бодож олгосон..цалингийн тооцоолол үндэслэлгүй, буруу байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 96 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан ... гол ХК-д холбогдох Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан Г.Б-ийг ... гол ХК-нд ахлах диспетчерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, олговорт 1.729.815 төгрөгийг ... гол ХК-с гаргуулж Г.Б-т олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ... гол ХК-иас 42.627 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсан байна.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг нэг сарын өмнө мэдэгдээгүй, 28 хоногийн өмнө мэдэгдсэнээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тэрхүү эрхээ сэргээлгэе гэдэг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага гаргаагүй. Үндэслэлгүй халсан буюу орон тоо хасагдаагүй, эсхүл орон тоог хасах үндэслэл байгаагүй тохиолдолд л ажилд нь эгүүлэн тогтоож байж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээнэ. Шүүх хариуцагчийг нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрыг хууль журмын дагуу байхгүй болгож, цомхотгол хийсэн гэж дүгнэсэн мөртлөө, байхгүй болсон орон тоон дээр нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоож байгаа нь алдаатай шийдвэр гаргасныг илэрхийлнэ. Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д “..хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх..” гэснийг хэт явцуу тайлбарлан хэрэглэсэн буюу шүүх энэ хугацааг зөрчсөн нь /28 хоногийн өмнө мэдэгдсэн/ ажилтныг үндэслэлгүй халсан үндэслэл болно гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд 28 хоногийн өмнө мэдэгдсэн нь нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлж болохгүй үндэслэл биш юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Г.Б- 2019-11-01-ний өдөр ... гол ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...орон тоо хасагдсан гэж ажлаас халсан бөгөөд энэ талаар нэг сарын өмнө мэдэгдээгүй..” гэсэн үндэслэлээр уулын шуурхай албаны ахлах диспетчерийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулахыг шаардсан байна.   

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...орон тоо хасагдсан..ажлын байр үгүй болсон тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байна...” гэж маргажээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... орон тоо хасагдсан нь тогтоогдсон ба хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 30 хоногийн өмнө бус, харин 28 хоногийн өмнө мэдэгдсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийжээ.      

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангахдаа “...   ажлаас халах тухай нэг сарын өмнө мэдэгдэх тухай хуулийн зохицуулалтыг ... ажил олгогч өөрийн үзэмжээр багасгаж хэрэглэж болохгүй... энэ хугацааг зөрчсөнөөр ажилтны хуулиар баталгаажсан эрх зөрчигдсөн..” гэж үзсэн байна. 

     Хариуцагч хяналтын гомдолдоо магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсэж, ажилтныг халах тухай мэдэгдлийн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэжээ. 

       Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

       1. ... гол ХК-ийн гүйцэтгэх захирал 2019-09-06-ны өдөр А/76 дугаартай тушаал гаргаж, компанийн зарим орон тоог хассан, үүнд нэхэмжлэгчийн ажлын байр \хх24\ багтсан гэж ажил олгогч нь нэхэмжлэгчид 2019-09-06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, үүний дагуу 2019-10-04-ний өдөр Б/186 дугаартай тушаал гаргаж, Уулын шуурхай албаны ахлах диспетчер Г.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019-10-01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан байна./хх 1,3,4,22,24/  

       Г.Б- ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа “...ажил олгогч  хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 30 хоногийн өмнө мэдэгдээгүй буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг баримтлаагүй...” гэж маргаж буй талаар дээр дурдсан.  

        а\. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн эсэх талаар дүгнэлт хийхээс өмнө “...орон тоог хассан..” эсэхийг тогтоох  шаардлагатай.    

      Байгууллагын орон тоо хасагдсан бол ажил олгогч өөрийн санаачилгаар  ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан байна.  

      Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно. Орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.

      .. гол ХК-ийн гүйцэтгэх захирал 2019-09-06-ны өдөр А/76 дугаартай тушаал гаргаж, зохион байгуулалтын өөрчлөлтийг 2019-10-01-ний өдрөөс мөрдөх талаар зааж, компанийн орон тоог хассан, үүнд ахлах диспетчерийн ажлын байр багтсан \хх24\ байх бөгөөд зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн “.... нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно...” гэдэгт нийцнэ.

      Дээр дурдсан үндэслэлээр, ... гол ХК-д Г.Б-ийн ажиллаж байсан Уулын шуурхай албаны ахлах диспетчерийн орон тоо хасагдсан нь хэрэгт буй баримтаар тогтоогдсон байна гэж хяналтын шатны шүүх үзлээ. 

         б\. Байгууллагын орон тоо хасагдсан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан байна. 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан “...нэг сар..” гэдгийг тооцохдоо хугацаа тоолж дуусах тухай Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “...хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ..” гэсэнд нийцнэ.

         Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар  сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.

          Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар Г.Б-т 2019-09-06-ны өдөр мэдэгдсэн нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан “..нэг сар..”- н хугацаа 2019-10-07-ны өдөр дууссан байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.  

         в\. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ажил олгогч нь Г.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019-10-01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан тушаалыг 2019-10-04-ний өдөр гаргажээ.

         Нэхэмжлэгч 2019-10-01-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй тул Г.Б- 2019-10-04-ний өдөр бус, харин 2019-10-01-ний өдөр халагдсан гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн “.... нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно...” ., Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн “... ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ...” гэсэнд нийцнэ.

         г/. Ажил олгогч нь Г.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааг баримтлаагүй байх боловч энэ нь орон тоо хасагдсан үйл баримтыг үгүйсгэж чадахгүй байна.

        Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтуудыг харьцуулан дүгнэлт хийвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсний улмаас ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдах ажилтанд өөр ажил олох боломжийг цаг хугацааны хувьд олгох, энэ хугацаанд нь ажлын байр, цалин хөлсийг нь хадгалах буюу гэрээг цуцалснаас ажилтнуудад гарах сөрөг үр дагаварыг ажил олгогчийн зүгээс багасгахад чиглэгджээ.

      Иймд 2019-10-01-ний өдрөөс 2019-10-06-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 239,684 төгрөг \ажлын 4 хоног х 59.921/-г хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1., 40 дүгээр зүйлийн 40.5, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,9.4.4 дахь хэсгийг зөрчихгүй гэж шүүх дүгнэв.

      Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас 239,684 төгрөг гаргуулж, “...уулын шуурхай албаны ахлах диспетчерийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах..” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг  “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийг баримтлан ... гол ХК-с 239,684 төгрөг гаргуулж Г.Б-т олгож, уулын шуурхай албаны ахлах диспетчерийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 42,628 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ