Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 473

 

 

 

 

 

 

 

 

 

“Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00041 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М-” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 57 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Б-” ХХК нь “М-” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр АГ/30 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, “М-” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт баригдаж буй мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядлах, мах бэлтгэх үйлдвэрийн 6 ширхэг барилгын карказ, сэндвич угсралтын барилгын ажлыг захиалагчийн материалаар 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд, 68 220 000 төгрөгөөр хэсэгчлэн гүйцэтгэхээр тохиролцсон. Захиалагч “М-” ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардагдах материалыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийлүүлсэн, манай компани карказ угсралтын ажлыг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн боловч хариуцагч нь төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Грээний 2 дахь ажил болох сэндвич угсралтын ажлыг материалгүй учир хийж чадаагүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д Захиалагч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй төлбөрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө. гэж заасан ба 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 438 хоногоор хөлс төлөх үүргээ “М-” ХХК биелүүлээгүй байна. “М-” ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал нийлүүлэх үүргээ тухай бүрт нь биелүүлэхгүй хүлээлт үүсгэдэг байснаас дараагийн ажил буюу сэндвич угсралтын ажил хийгдээгүй, хийх боломжгүй болсон. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр буюу карказ угсралтын ажлын хөлс 38 500 000 төгрөг, 438 хоногийн алданги 19 250 000 төгрөг, нийт 57 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр АГ/30 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч “Б-” ХХК-тай байгуулсан бөгөөд гэрээний 3.4-т Карказ угсралтын ажлыг 38 500 000 төгрөгөөр, сэндвич угсралтын ажлыг 29 720 000 төгрөгөөр, нийт 68 220 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэвч манай компани нь улсын хэмжээний маш том, нийт нийслэлчүүдийн хүнсний эрүүл, аюулгүй байдалд маш их хувь нэмэр оруулах төслийг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа тул санхүүгийн хүндрэлд орж, үйл ажиллагааг зогсоон нэг ч тоосго тавилгүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд нэхэмжлэгчтэй уулзаж, ярилцан тодорхой бус хугацаанд хүлээх, улмаар гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлэх талаар удаад дараа байр сууриа илэрхийлсэн. Иргэний хуульд заасны дагуу ажил гүйцэтгэгч нь хариуцсан ажлаа бүрэн гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх хуулийн зохицуулалттай байхад гэрээнд заасан нэг ч ажлаа бүрэн гүйцэтгээгүй атлаа гэрээнд заасан карказ угсралтын ажлын хөлсөө 100 хувь, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь карказ угсралтын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл баганууд нь зөрүүтэй угсрагдсан, үүнийг манай инженерүүд тогтоосон, 6 ширхэг барилгын карказын ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй. Сэндвич угсралтын ажлыг огт хийгээгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М-” ХХК-аас гэрээний үүрэгт үндсэн төлбөр 38 500 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 438 хоногийн алдангид 19 250 000 төгрөг, нийт 57 750 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 446 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 446 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянуулахаар буцааж өгнө үү. Хавтаст хэргээс харахад нэхэмжлэгч "Б-" ХХК нь анх 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/Ш32019/12294 дугаартай захирамжаар /хх-29 тал/ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Үүний дараа 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин эхэлж явагдсан. Энэхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь дараах байдлаар хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэхээр байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүтчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/Ш32019/12294 дугаартай захирамжаар /хх-29 тал/ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн захирамжлах хэсгийн 2-т улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 446 700 төгрөгийг /хх-н 3 тал/ Баянгол дүүргийн татварын хэлтсээс гаргуулж, "Б-" ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны 02/2002 тоот албан бичгээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446 700 төгрөгийг өнөөдрийн байдлаар буцааж аваагүй байна гэсэн боловч уг улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргаж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.11-т "энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал" нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад шүүх иргэний хэрэг үүсгэж, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журам зөрчсөн үйлдэл болсон. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 446 700 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч "Б-" ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул улсын тэмдэгтийн хураамжийг дахин төлүүлж, иргэний хэрэг үүсгэх нь зүйтэй буюу хуульд нийцэх байсан боловч шүүгч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон журам зөрчсөн. Хавтаст хэргийн ард /хэргийн материалыг дугаарлаагүй тул ингэж бичихэд хүрэв/ нэхэмжлэгчийн  төлөөлөгч Г.Н нь өмгөөлөгч Г.Д-тэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан Г.Д нь өмгөөлөгчөөр оролцож, хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэрэг танилцуулсан баримт дээр шүүх хуралдаан эхлэхийн өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би танилцаж, гарын үсэг зурсан бөгөөд шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хамт орж ирэн гэрээ байгуулсан гэж шүүгчид хэлэн хариуцагч талд танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг эхлүүлэн, үргэлжлүүлж дуусгавар болгосон. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/00041 дугаар шийдвэрийг хүлээн авахдаа өмгөөлөгч Г.Д- нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-тай гэрээ байгуулан өмгөөлөгчөөр оролцсон болохыг олж мэдсэн. Мөн хэргийн материалыг бүрэн танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хуулиар тогтоосон журам зөрчсөн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримт болох ажлын фото акт /хх-21-26 тал/ гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, засвартай буюу нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэсэн суурийн ажил хүлээлцсэн акт дээр барилгын фото зураг хэвлэж, нотлох баримтаар хавсаргасан тухай шүүгчид мэдэгдэхэд шүүгч штирхээр дарсан хэсгийн цаана суурийн гэсэн үг байна тэр нь уншигдаж байна гэсэн боловч нотлох баримтаар үнэлж, ажлыг 100 хувь гүйцэтгэж, хүлээлцсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн гаргаж өгсөн баримт болох гүйцэтгэсэн ажлыг шалгасан акт/хх-59-60 тал/, хавтаст хэргийн ард авагдсан 1-15 хүртэлх дугаар бүхий нэхэмжлэгчийн ажлаа дутуу гүйцэтгэсэн фото зургийг огт нотлох баримтаар үнэлээгүй, яагаад үнэлээгүй тухайгаа дурдаагүй, хариуцагч татгалзлаа баримтаар үгүйсгэж чадаагүй гэж дүгнэсэн нь шүүгч хэт нэг талыг барьж, шийдвэр гаргасан буюу шүүх хуралдааны мэтгэлцээний болон асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь барилгын талаар огт мэдлэггүй, барилгын норм ба дүрмийг огт мэдэхгүй, нэхэмжлэгчийн 100 хувь гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн гэх барилгыг газар дээр нь үзэж, танилцаагүй гэдгээч мөн шүүхэд хэлсэн тул, нэхэмжлэгчийг өөрийг нь эсвэл, мэргэжлийн инженерийг оролцуулж, мөн, шинжээч томилуулах, болон гэрч оролцуулах шаардлагатай болоод байгаа тул 1 удаа шүүх хуралдааныг хойшлуулж, маргааны зүйлийг илүү тодруулах шаардлагатай байгаа тухай шүүх хуралдаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасны дагуу хүсэлтээ илэрхийлсэн боловч шүүх хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн нь мөн хуулиар тогтоосон журам зөрчсөн, шүүх хэт нэг талыг барьж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүйгээр хэргийн маргааны мөн чанарыг ойлголгүйгээр шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, маргааны зүйл нь барилгын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн эсэх, тухайн салбарын норм, дүрэм, стандарт зөрчигдсөн эсэх тухай маргаан байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч барилгын салбарын мэргэжлийн хүн огт ороогүй байхад оролцуулах саналыг огт хүлээж аваагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ямар ажил гүйцэтгэснээ мэдэхгүй төмөр кразаны ажилд суурийн ажил нь бүхэлдээ ордог зэргээр буруу зөрүү баахан юм яриад байхад яг алийг нь үндэслэж, үнэн гэж шийдвэрлэсэн тодорхой бус шүүгч хэт нэг талыг барьж шударга бус шийдвэр гаргасан гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхорт байрлах үйлдвэрийн барилга гэж", хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-ын "... манай компанид Ж.А-, Т.М- гэж инженерүүд ажилладаг байсан" гэх, "...хяналтын инженер Ж.А-, Т.М- нар гарын үсэг зуржээ" гэх ямарч үндэслэлгүй, худал зүйл бичиж үндэслэсэн байна. Тухайлбал, Ж.А- нь манай компанийн талбайн инженер байсан. Т.М- нь талбай хариуцсан менежер байсан инженер биш /хх-15-20 тал/ захиалагчийн төлөөлөгч гэж бичсэн байгаа. Манай төсөл хэрэгжиж буй газар нь Баянзүрх дүүргийн 11-р хороо, Налайх, Чойрын уулзвар, Оргил худалдааны төвийн хойно байрладаг боловч шүүх Хонхор гэж ямарч хэрэгт авагдаагүй зүйл, баримтад үндэслэсэн. Эдгээрээс үзэхэд шүүгч нь хэргийн мөн чанар, нөхцөл байдал маргааны гол зүйлд анхаараагүй, хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэт нэг талыг барьж, шударга бусаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Тиймээс шүүгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгазах нөхцөл байдал бүрдсэн байхад иргэний хэрэг үүсгэж, улмаар эцэслэн шийдвэрлэсэн, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүйгээр хөнгөн хандаж, нэг талын гаргаж өгсөн баримт, болон нотлох баримтын шаардлага хангахгүй, засвартай баримтад үндэслэж, шийдвэрлэсэн зэргээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           

            Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 57 750 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь карказ угсралтын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, баганууд зөрүүтэй угсрагдсан, гэрээгээр хүлээсэн 2 дахь ажил буюу сэндвич угсралтын ажлыг огт хийж гүйцэтгээгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр АГ/030 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлах мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядлах, мах бэлтгэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг буюу карказ угсралтын ажлыг 38 500 000 төгрөгөөр, сэндвич угсралтын ажлыг 29 720 000 төгрөгөөр, нийт 68 920 000 төгрөгөөр, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор захиалагчийн материалаар хийж гүйцэтгэх, захиалагч буюу хариуцагч “М-” ХХК нь төлбөрийг төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ, тэдгээрийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6-8 дугаар тал/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх гэрээгээр тохиролцсон сэндвич угсралтын ажлыг нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч хийгээгүй талаар талууд маргаагүй байна.

 

            Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ гүйцэтгэгч “Б-” ХХК нь карказ угсралтын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, баганууд зөрүүтэй угсрагдсан, ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Хариуцагч талаас ирүүлсэн гэрэл зургууд хэзээ ямар объектод хамааруулан авсан болох нь тодорхойгүй болон нэхэмжлэгч талд ажлын доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Захиалагч буюу хариуцагч “М-” ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардагдах материалыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийлүүлж, улмаар гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Б-” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, мах бэлтгэх үйлдвэрийн 6 ширхэг барилгын ажлын карказ угсрах ажлыг 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хийж гүйцэтгэн хариуцагч байгууллагад хүлээлгэж өгсөн болох нь Ган бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэсэн зураг төслийн дагуу ажлын чанар сайн болсон гэх 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн акт, Төмөр бүтээцийг угсарч гагнасан зургийн дагуу гүйцэтгэсэн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн актууд болон ажлын фото актаар тогтоогдож байна./хэргийн 9-27 дугаар тал/

 

Гэрээний 3.3-т зааснаар карказ угсралтын ажлын хөлс 38 500 000 төгрөг, мөн гэрээний 5.1-т “Захиалагч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй төлбөрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө.” гэж заажээ.

 

            Шүүх хариуцагч “М-” ХХК-аас гэрээний үүрэгт 6 ширхэг барилгын карказ угсралтын үндсэн төлбөр 38 500 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 438 хоногийн алдангид 19 250 000 төгрөг, нийт        57 750 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэдийгээр шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийн заалтыг хэрэглээгүй байх боловч талууд гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон талаар дүгнэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

            Түүнчлэн, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарч, улмаар нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Баянгол дүүргийн татварын хэлтэсээс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/2062 тоот албан бичгээр нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 446 700 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар банк дахь 2600096425 тоот дансанд тушаасан бөгөөд өнөөдрийн байдлаар буцааж аваагүй гэх баримт хэрэгт авагджээ./хэргийн 29-30 дугаар тал/ Иймд шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00041 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446 700 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

                   

                                                                                             С.ЭНХТӨР