Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01503

 

 

“Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00041 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар магадлалтай,

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 57,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Зын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь “М” ХХК-тай 2018.05.18-ны өдөр АГ/30 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, “М” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт баригдаж буй мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядлах, мах бэлтгэх үйлдвэрийн 6 ширхэг барилгын карказ, сендвич угсралтын барилгын ажлыг захиалагчийн материалаар 2018.05.26-ны өдрөөс 2018.07.10-ны өдрийг хүртэлх хугацаанд, 68,220,000 төгрөгөөр хэсэгчлэн гүйцэтгэхээр тохиролцсон. Захиалагч “М” ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардагдах материалыг 2018.06.20-ны өдөр нийлүүлсэн, манай компани карказ угсралтын ажлыг 2018.07.26-ны өдөр хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн боловч хариуцагч нь төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Гэрээний 2 дахь ажил болох сендвич угсралтын ажлыг материалгүй учир хийж чадаагүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Захиалагч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй төлбөрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө.” гэж заасан ба 2018.07.26-ны өдрөөс 2019.10.07-ны өдрийг хүртэл нийт 438 хоногоор хөлс төлөх үүргээ “М” ХХК биелүүлээгүй байна. “М” ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал нийлүүлэх үүргээ тухай бүрт нь биелүүлэхгүй хүлээлт үүсгэдэг байснаас дараагийн ажил буюу сендвич угсралтын ажил хийгдээгүй, хийх боломжгүй болсон. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр буюу карказ угсралтын ажлын хөлс 38,500,000 төгрөг, 438 хоногийн алданги 19,250,000 төгрөг, нийт 57,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2018.05.26-ны өдөр АГ/30 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч “Б” ХХК-тай байгуулсан бөгөөд гэрээний 3.4-т Карказ угсралтын ажлыг 38,500,000 төгрөгөөр, сендвич угсралтын ажлыг 29,720,000 төгрөгөөр, нийт 68,220,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэвч манай компани нь улсын хэмжээний маш том, нийт нийслэлчүүдийн хүнсний эрүүл, аюулгүй байдалд маш их хувь нэмэр оруулах төслийг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа тул санхүүгийн хүндрэлд орж, үйл ажиллагааг зогсоон нэг ч тоосго тавилгүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд нэхэмжлэгчтэй уулзаж, ярилцан тодорхой бус хугацаанд хүлээх, улмаар гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлэх талаар удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Иргэний хуульд заасны дагуу ажил гүйцэтгэгч нь хариуцсан ажлаа бүрэн гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх хуулийн зохицуулалттай байхад гэрээнд заасан нэг ч ажлаа бүрэн гүйцэтгээгүй атлаа гэрээнд заасан карказ угсралтын ажлын хөлсөө 100 хувь, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь карказ угсралтын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл баганууд нь зөрүүтэй угсрагдсан, үүнийг манай инженерүүд тогтоосон, 6 ширхэг барилгын карказын ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй. Сендвич угсралтын ажлыг огт хийгээгүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00041 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас гэрээний үүрэгт үндсэн төлбөр 38,500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 438 хоногийн алдангид 19,250,000 төгрөг, нийт 57,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 446,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 446,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00041 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,700 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.25-ны өдрийн 102/ШШ2019/00041 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянуулахаар буцааж өгнө үү. Хавтаст хэргээс харахад нэхэмжлэгч “Б” ХХК нь анх 2019.09.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.02-ны өдрийн 101/Ш32019/12294 дугаартай захирамжаар /хх-29 тал/ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Үүний дараа 2019.10.07-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2019.10.14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин эхэлж явагдсан. Энэхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь дараах байдлаар хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэхээр байна. 1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.02-ны өдрийн 101/Ш32019/12294 дугаартай захирамжаар /хх-29 тал/ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн захирамжлах хэсгийн 2-т улсын тэмдэгтийн хураамжид 2019.09.25-ны өдөр төлсөн 446,700 төгрөгийг /хх-н 3 тал/ Баянгол дүүргийн татварын хэлтсээс гаргуулж, “Б” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2019.10.07-ны 02/2002 тоот албан бичгээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,700 төгрөгийг өнөөдрийн байдлаар буцааж аваагүй байна гэсэн боловч уг улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргаж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс ИХШХШТХуулийн 65.1.11 -д “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад шүүх иргэний хэрэг үүсгэж, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журам зөрчсөн үйл ажиллагаа болсон боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “2019.10.02-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарч ... Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2019.10.07-ны 02/2002 тоот албан бичгээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,700 төгрөгийг 2019.09.25-ны өдөр Улаанбаатар банк дахь 2600096425 тоот дансанд тушаасан бөгөөд өнөөдрийн байдлаар буцааж аваагүй ...иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн алдаатай дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.02-ны өдрийн 101/Ш32019/12294 дугаартай захирамжаар /хх-29 тал/ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн захирамжлах хэсгийн 2-т улсын тэмдэгтийн хураамжид 2019.09.25-ны өдөр төлсөн 446,700 төгрөгийг /хх-н 3 тал/ Баянгол дүүргийн татварын хэлтсээс гаргуулж, “Б” ХХК-д буцаан олгосугай гэж шийдвэрлэсэн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд цаашид ч мөн хүчин төгөлдөр юм. Харин Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2019.10.07-ны 02/2002 тоот албан бичгээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,700 төгрөгийг 2019.09.25-ны өдөр Улаанбаатар банк дахь 2600096425 тоот дансанд тушаасан бөгөөд өнөөдрийн байдлаар буцааж аваагүй байна гэсэн албан бичиг нь 2019.09.25-ны өдөр л буцааж аваагүй байгаа болохоос биш хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэж 2019.09.25-ны өдрөөс хойш хэзээ ч буцаан авч болох боломж нээлттэй бөгөөд тийнхүү буцаан авсан үйлдэл нь холбогдох дүрэм журмыг зөрчихгүй тул буцаан олгогдох боломжтой тул УТХ-ийн мөнгөөр улс хохирох нөхцөл бүрдэх юм. 2. 2019.09.25-ны өдөр төлсөн 446,700 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул улсын тэмдэгтийн хураамжийг дахин төлүүлж, иргэний хэрэг үүсгэх нь зүйтэй буюу хуульд нийцэх байсан боловч шүүгч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон журам зөрчсөн. Шүүх өөрөө шийдвэрээрээ буцаан олгочихоод татварын албаны бичигт үндэслэн иргэний хэрэг үүсгэсэн нь ИХШХША-ны журам зөрчсөн үйл ажиллагаа болно. 3. Хавтаст хэргийн ард /хэргийн материалыг дугаарлаагүй тул ингэж бичихэд хүрэв/ нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н нь өмгөөлөгч Г.Долгорсүрэнтэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан Г.Долгорсүрэн нь өмгөөлөгчөөр оролцож, хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 2019.12.25-ны өдрийн хэрэг танилцуулсан баримт дээр шүүх хуралдаан эхлэхийн өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би танилцаж, гарын үсэг зурсан бөгөөд шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хамт орж ирэн гэрээ байгуулсан гэж шүүгчид хэлэн хариуцагч талд танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг эхлүүлэн, үргэлжлүүлж дуусгавар болгосон. 2020.01.14-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.25-ны өдрийн 102/ШШ2019/00041 дугаар шийдвэрийг хүлээн авахдаа өмгөөлөгч Г.Долгорсүрэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нтай гэрээ байгуулан өмгөөлөгчөөр оролцсон болохыг олж мэдсэн. Иймд мөн хэргийн материалыг бүрэн танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хуулиар тогтоосон журам зөрчсөн. Мөн нэхэмжлэгч нь хуулийн этгээд бөгөөд Г.Долгорсүрэн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нтай гэрээ байгуулан өмгөөлөгчөөр оролцсон ИХШХША-нд оролцсон. Аливаа хуулийн этгээд нь эрх бүхий этгээдийн тамга, гарын үсгээр эрх үүргээ шилжүүлдэг. “Б” ХХК нь Г.Нд шүүхэд төлөөлөх, хууль зүйн туслалцаа авах итгэмжлэл олгосон боловч аливаа гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрх олгоогүй. Ийм байхад ИХШХША-нд оролцох эрх хууль зүйн хувьд олгогдоогүй этгээдийн шүүх хуралдаанд оролцуулж, эрх эдлүүлэн, мэтгэлцүүлж, шийдвэр гаргасан нь мөн хуулиар тогтоосон журам зөрчсөн үйл ажиллагаа юм. Мөн шүүгч дараах байлаар хэт нэг талыг барьж, нэг талын гаргаж өгсөн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримт болох ажлын фото акт /хх-21-26 тал/ гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, засвартай буюу нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэсэн суурийн ажил хүлээлцсэн акт дээр барилгын фото зураг хэвлэж, нотлох баримтаар хавсаргасан тухай шүүгчид мэдэгдэхэд шүүгч штрихээр дарсан хэсгийн цаана суурийн гэсэн үг байна тэр нь уншигдаж байна гэсэн бөгөөд хариуцагчаас энэ нь албан ёсоор гэрээ байгуулагч талуудын үйлдсэн баримт биш бөгөөд засвартай байгааг шүүхэд мэдүүлсэн боловч нотлох баримтаар үнэлж, ажлыг 100 хувь гүйцэтгэж, хүлээлцсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн гаргаж өгсөн баримт болох гүйцэтгэсэн ажлыг шалгасан акт /хх-59-60 тал/, хавтаст хэргийн ард авагдсан 1-15 хүртэлх дугаар бүхий нэхэмжлэгчийн ажлаа дутуу гүйцэтгэсэн фото зургийг огт нотлох баримтаар үнэлээгүй, яагаад үнэлээгүй тухайгаа дурдаагүй, хариуцагч татгалзлаа баримтаар үгүйсгэж чадаагүй гэж дүгнэсэн нь шүүгч хэт нэг талыг барьж, шийдвэр гаргасан буюу шүүх хуралдааны мэтгэлцээний болон асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь барилгын талаар огт мэдлэггүй, барилгын норм ба дүрмийг огт мэдэхгүй, нэхэмжлэгчийн 100 хувь гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн гэх барилгыг газар дээр нь үзэж, танилцаагүй гэдгээ ч мөн шүүхэд хэлсэн тул, нэхэмжлэгчийг өөрийг нь эсвэл, мэргэжлийн инженерийг оролцуулж, мөн шинжээч томилуулах болон гэрч оролцуулах шаардлагатай болоод байгаа тул 1 удаа шүүх хуралдааныг хойшлуулж, маргааны зүйлийг илүү тодруулах шаардлагатай байгаа тухай шүүх хуралдаан дээр ИХШХШТХуулийн 38.5-д заасны дагуу хүсэлтээ илэрхийлсэн боловч шүүх хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн нь мөн хуулиар тогтоосон журам зөрчсөн, шүүх хэт нэг талыг барьж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүйгээр хэргийн маргааны мөн чанарыг ойлголгүйгээр шийдвэрлэсэн. Мөн үүнийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт хариуцагч талаас ирүүлсэн гэрэл зургууд хэзээ, ямар объектод хамруулан авсан болох нь тодорхойгүй гэж хариуцагчийн татгалзлыг няцаасан нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь харагдах бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажлын фото акт гэх баримт дээрх гэрэл зургуудтай давхцаж байгааг үл тоосон. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, маргааны зүйл нь барилгын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн эсэх, тухайн салбарын норм, дүрэм, стандарт зөрчигдсөн эсэх тухай маргаан байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч барилгын салбарын мэргэжлийн хүн огт ороогүй байхад оролцуулах саналыг огт хүлээж аваагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ямар ажил гүйцэтгэснээ мэдэхгүй төмөр кразаны ажилд суурийн ажил нь бүхэлдээ ордог зэргээр буруу зөрүү баахан юм яриад байхад яг алийг нь үндэслэж, үнэн гэж шийдвэрлэсэн тодорхой бус шүүгч хэт нэг талыг барьж шударга бус шийдвэр гаргасан гэж үзнэ. 6. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.25-ны өдрийн 102/ШШ2019/00041 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхорт байрлах үйлдвэрийн барилга гэж”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Зын манай компанид Ж.Аззаяа, Т.Мөнх-Очир гэх инженерүүд ажилладаг байсан” гэх, “...хяналтын инженер Ж.Аззаяа, Т.Мөнх-Очир нар гарын үсэг зуржээ” гэх ямар ч үндэслэлгүй, худал зүйл бичиж үндэслэсэн байна. Тухайлбал: 1. Ж.Аззаяа нь манай компанийн талбайн инженер байсан. 2. Т.Мөнх-Очир нь талбай хариуцсан менежер байсан инженер биш /хх-15-20 тал/ захиалагчийн төлөөлөгч гэж бичсэн байгаа. 3. Манай төсөл хэрэгжиж буй газар нь Баянзүрх дүүргийн 11-р хороо, Налайх, Чойрын уулзвар, Оргил худалдааны төвийн хойно байрладаг боловч шүүх Хонхор гэж ямар ч хэрэгт авагдаагүй зүйл, баримтад үндэслэсэн. Эдгээрээс үзэхэд шүүгч нь хэргийн мөн чанар, нөхцөл байдал маргааны гол зүйлд анхаараагүй, хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэт нэг талыг барьж, шударга бусаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Тиймээс шүүгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал бүрдсэн байхад иргэний хэрэг үүсгэж, улмаар эцэслэн шийдвэрлэсэн, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүйгээр хөнгөн хандаж, нэг талын гаргаж өгсөн баримт болон нотлох баримтын шаардлага хангахгүй, засвартай баримтад үндэслэж, шийдвэрлэсэн зэргээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэр гаргасан тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.25-ны өдрийн 102/ШШ2019/00041 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “М” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 57,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...захиалагч “М” ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардагдах материалыг 2018.06.20-ны өдөр нийлүүлсэн, манай компани карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 2018.07.26-ны өдөр хүлээлгэж өгсөн боловч хариуцагч төлбөрөө төлөөгүй, ...сендвич угсралтын ажлыг материалгүй учир хийж чадаагүй...” гэж тодорхойлсон бол, хариуцагчаас  “...нэхэмжлэгч нь карказ угсралтын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, ...баганууд зөрүүтэй угсрагдсаныг манай инженерүүд тогтоосон. ...гүйцэтгэсэн ажлыг актаар хүлээлгэж өгөөгүй, сендвич угсралтын ажлыг огт хийгээгүй” гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

 

Хоёр шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасанд нийцсэн байна.  

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр, гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “Б” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх, хариуцагч “М” ХХК гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээжээ.

 

Тодруулбал, “Б” ХХК нь хариуцагч “М” ХХК-тай 2018.05.26-ны өдөр АГ/030 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлах мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядлах, мах бэлтгэх үйлдвэрийн барилга угсралтын ажил буюу карказ угсралт болон сендвич угсралтын ажлыг, захиалагчийн материалаар, 2018.05.26-наас 2018.07.10-ны хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх ба гэрээний 3.3-т гэрээний үнийг, карказ угсралтын ажлыг 38,500,000 төгрөгөөр, сендвич угсралтын ажлыг 29,720,000 төгрөгөөр, нийт 68,220,000 төгрөгийн хөлс төлөхөөр, 5.1-д захиалагч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй төлбөрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохиролцсон байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018.08.01-ний өдрийн Ган бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэсэн актууд, 2018.08.01-ний өдрийн Төмөр бүтээцийг угсарч гагнасан актууд, фото зурган мэдээллүүд, зохигчийн тайлбар болон бусад бичмэл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, мах бэлтгэх үйлдвэрийн 6 ширхэг барилгын карказ угсрах ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн, харин сендвич угсралтын ажлыг захиалагчийн санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж /материал нийлүүлээгүйгээс/ гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг нь тогтоогджээ.

 

Иймд, хоёр шатны шүүх ...талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, мах бэлтгэх үйлдвэрийн 6 ширхэг барилгын карказ угсрах ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон гэж дүгнэн, гэрээний 3.3, 5.1-д зааснаар барилга угсралтын ажлын хөлс болох 38,500,000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 438 хоногийн /2018.07.26-ны өдрөөс 2019.10.07-ны өдрийг хүртэл хугацааны/ алдангийн 19,250,000 төгрөгийн хамт, нийт 57,750,000 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нь гүйцэтгэгч “Б” ХХК нь карказ угсралтын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, баганууд зөрүүтэй угсрагдсан, ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй гэж нэхэмжлэлээс татгалзсан боловч татгалзлын үндэслэлээ нотлоогүй, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ажил хүлээлцсэн актыг баримтаар үгүйсгэж чадаагүй талаарх шүүхүүдийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргаж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр тул нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх үндэслэлгүй. ...нэхэмжлэгч нь Г.Нд шүүхэд төлөөлөх, хууль зүйн туслалцаа авах итгэмжлэл олгосон байхад ...өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан. ...шүүх хариуцагчийн гаргаж өгсөн баримт болох гүйцэтгэсэн ажлыг шалгасан акт /хх-59-60 тал/, ...ажлаа дутуу гүйцэтгэсэн тухай фото зургийг нотлох баримтаар огт үнэлээгүй, яагаад үнэлээгүй тухайгаа дурдаагүй...” гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй, эдгээр үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн дээр заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00041 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                           ШҮҮГЧИД                                                       Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.СОНИНБАЯР

                                                                                                   Д.ЦОЛМОН