Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2020/00041

 

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2020/00041

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэр 0 байр, 0 тоот хаягт байрлах Б.И.Н.К ХХК /РД: 000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Тээвэрчдийн гудамж, 0 тоот, Ворлд вайн төвийн 5 давхарт байрлах М ХХК /РД: 000000/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 57,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.И.Н.К ХХК нь М ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр АГ/30 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, М ХХК-ийн Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Хонхорт баригдаж буй мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядлах, мах бэлтгэх үйлдвэрийн 6 ширхэг барилгын карказ, сендвич угсралтын барилгын ажлыг захиалагчийн материалаар 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд, 68,220,000 төгрөгөөр хэсэгчлэн гүйцэтгэхээр тохиролцсон. Захиалагч М ХХКнь ажил гүйцэтгэхэд шаардагдах материалыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нийлүүлсэн, манай компани карказ угсралтын ажлыг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн боловч хариуцагч нь төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Гэрээний 2 дахь ажил болох сендвич угсралтын ажлыг материалгүй учир хийж чадаагүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д Захиалагч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй төлбөрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө. гэж заасан ба 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 438 хоногоор хөлс төлөх үүргээ М ХХК биелүүлээгүй байна. М ХХКнь ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал нийлүүлэх үүргээ тухай бүрт нь биелүүлэхгүй хүлээлт үүсгэдэг байснаас дараагийн ажил буюу сендвич угсралтын ажил хийгдээгүй, хийх боломжгүй болсон. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр буюу карказ угсралтын ажлын хөлс 38,500,000 төгрөг, 438 хоногийн алданги 19,250,000 төгрөг, нийт 57,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр АГ/30 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч Б.И.Н.К ХХК-тай байгуулсан бөгөөд гэрээний 3.4-т Карказ угсралтын ажлыг 38,500,000 төгрөгөөр, сендвич угсралтын ажлыг 29,720,000 төгрөгөөр, нийт 68,220,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэвч манай компани нь улсын хэмжээний маш том, нийт нийслэлчүүдийн хүнсний эрүүл, аюулгүй байдалд маш их хувь нэмэр оруулах төслийг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа тул санхүүгийн хүндрэлд орж, үйл ажиллагааг зогсоон нэг ч тоосго тавилгүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд нэхэмжлэгчтэй уулзаж, ярилцан тодорхой бус хугацаанд хүлээх, улмаар гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлэх талаар удаад дараа байр сууриа илэрхийлсэн. Иргэний хуульд заасны дагуу ажил гүйцэтгэгч нь хариуцсан ажлаа бүрэн гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх хуулийн зохицуулалттай байхад гэрээнд заасан нэг ч ажлаа бүрэн гүйцэтгээгүй атлаа гэрээнд заасан карказ угсралтын ажлын хөлсөө 100 хувь, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь карказ угсралтын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл баганууд нь зөрүүтэй угсрагдсан, үүнийг манай инженерүүд тогтоосон, 6 ширхэг барилгын карказын ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй. Сендвич угсралтын ажлыг огт хийгээгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.И.Н.К ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 57,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч М ХХК нь ... нэхэмжлэгч нь карказ угсралтын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, баганууд зөрүүтэй угсрагдсан, гэрээгээр хүлээсэн 2 дахь ажил буюу сендвич угсралтын ажлыг огт хийж гүйцэтгээгүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.И.Н.К ХХК, хариуцагч М ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр АГ/030 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Хонхорт байрлах мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядлах, мах бэлтгэх үйлдвэрийн барилга угсралтын ажлыг буюу карказ угсралтын ажлыг 38,5000,000 төгрөгөөр, сендвич угсралтын ажлыг 29,720,000 төгрөгөөр, нийт 68,9220,000 төгрөгөөр, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор захиалагчийн материалаар хийж гүйцэтгэх, захиалагч буюу хариуцагч М ХХКнь төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ын ... Захиалагч М ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардагдах материалыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нийлүүлсэн, манай компани карказ угсралтын ажлыг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хийж гүйцэтгэх хүлээлгэж өгсөн боловч хариуцагч нь төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрлээ, гэрээний 2 дахь ажил болох сендвич угсралтын ажлыг материалгүй учир хийж чадаагүй гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З-ын ... манай компани нь улсын хэмжээний маш том, нийт нийслэлчүүдийн хүнсний эрүүл, аюулгүй байдалд маш их хувь нэмэр оруулах төслийг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа тул санхүүгийн хүндрэлд орж, үйл ажиллагааг зогсоон, нэг ч тоосго тавилгүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд нэхэмжлэгчтэй уулзаж, ярилцан тодорхой бус хугацаанд хүлээх, улмаар гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлэх талаар удаад дараа байр сууриа илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь гэрээний нэг ажил болох сендвич угсралтын ажлыг огт хийгээгүй, манай компанид Ж.А, Т.М гэх инженерүүд ажиллаж байсан гэх тайлбар, мөн Ган бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэсэн зураг төслийн дагуу ажлын чанар сайн болсон гэх 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн акт, Төмөр бүтээцийг угсарч гагнасан зургийн дагуу гүйцэтгэсэн 2018 оны 8 дугаар сарын актууд, уг актад захиалагчийг төлөөлж, хяналтын инженер Ж.А, Т.М нар гарын үсэг зуржээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.И.Н.К ХХК нь хариуцагч М ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Хонхорт Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, мах бэлтгэх үйлдвэрийн 6 ширхэг барилгын ажлын карказ угсрах ажлыг, сендвич угсрах ажлыг захиалагчийн материалаар хийж гүйцэтгэхээр тохиролцсон, үүнээс карказын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, харин сендвич угсралтын ажлыг захиалагч санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас материал нийлүүлээгүйн улмаас хийж гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.3-т зааснаар карказ угсралтын ажлын хөлс 38,500,000 төгрөг, мөн гэрээний 5.1-т Захиалагч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй төлбөрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө. гэж тохиролцсон байх тул хариуцагч М ХХК-иас гэрээний үүрэгт 6 ширхэг барилгын карказ угсралтын үндсэн төлбөр 38,500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 438 хоногийн алдангид 19,250,000 төгрөг, нийт 57,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.И.Н.К ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нь гүйцэтгэгч Б.И.Н.К ХХК нь карказ угсралтын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй, баганууд зөрүүтэй угсрагдсан, ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй гэх татгалзсан тайлбарыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж заасан үүргээ гүйцэтгээгүй, өөрөөр хэлбэл татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, мөн нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн ажил хүлээлцсэн актыг баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас гэрээний үүрэгт үндсэн төлбөр 38,500,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл нийт 438 хоногийн алдангид 19,250,000 төгрөг, нийт 57,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.И.Н.К ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 446,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 446,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МӨНХТӨР