Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 0423

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их сургуулийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах “Б*******” ХХК,   

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3 Ц.Жигжиджавын гудамж-9, Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг,  13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Залуусын гудамж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, холбогдох захиргааны акт гаргахыг даалгах...”,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Б******* ХХК нь Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101 дүгээр захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд 23/0079 дугаар нэгж талбар бүхий 746 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, эмнэлгийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон бөгөөд улмаар 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн газрын албаны төлөөлөл Б.Загдсамбартай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г /*******/ байгуулсан билээ.

Манай компани дээрх газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан бөгөөд /гэрээнд заасан хугацаанд тухайн эзэмшлийн газар дээрээ эмнэлэг барих гэсэн боловч санхүүжилт, хөрөнгө мөнгөний асуудлаас болоод эмнэлгийн барилгыг барих бололцоо гараагүй/ 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээний хугацаа дууссан учраас манай компанийн зүгээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасны дагуу эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхээ хэрэгжүүлэхээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргасан боловч манай компанид хуульд заасан хугацаанд албан ёсоор ямар нэг хариу өгөөгүй юм.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамж гаргаж бидэнд хандан 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шууданд хийсэн байх бөгөөд манай компани уг захирамжийг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан болно. Тус захирамжийн захирамжлах хэсэгт:

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хойд талд “Балжун Арал” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх /35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно/ эрх төрийн байгууллагад хамаарахгүй тухай заалтыг зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны 101 дүгээр захирамжийн “Балжун-Арал” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” гээд улмаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Т*******/-т даалгаж шийдвэрлэсэн байсан.

Манай компаниас газар эзэмшүүлэх гэрээний хугацааг сунгуулж, Газрын тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхээр холбогдох төрийн байгууллагад /НӨХГ-т/ хүсэлтээ гаргасан, харин эзэмшлийн газраа бусдад шилжүүлэх, бусдад ашиглуулах асуудлаар хандаагүй байхад манай компанид ямар ч хамааралгүй зүйл заалт /Газрын тухай хуулийн 35.2, 35.1.4, 35.1.6/-ыг баримтлан манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн Засаг дарга дээрх захирамжиндаа “Б*******” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх /Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6-д заасан/ эрх төрийн байгууллагад хамаарахгүй тухай заалтыг зөрчсөн гэж үзээд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 101 дүгээр захирамжийн “Б*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжийг хүчингүй болгож, холбогдох захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 309 дүгээр захирамжаар эмнэлгийн зориулалтаар 5654 м.кв газрыг эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 239 дүгээр захирамжаар тус эзэмшил газарт эмнэлгийн өргөтгөлийн барилга барих зориулалтаар эмнэлгийн хашаанд байршуулан 0.018 га талбайд эзэмшүүлэх эрх олгожээ.

2004 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн өргөтгөлийн барилгыг “Б*******” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар барихаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон “Б*******” ХХК нар хүсэлт гаргаснаар тус эмнэлгийн өргөтгөлийн барилга барих зориулалтаар олгосон газраас 687 м.кв газрыг “Б*******” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн ба Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101 дүгээр захирамжаар “Б*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, талбайн хэмжээг 746 м.кв хэмжээтэй болгон нэмэгдүүлж олгосон байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн газраас “Б*******” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй гэж заасныг Нийслэлийн Засаг дарга зөрчин газар эзэмшүүлэх эрх олгосон тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан Засаг даргын хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ийг өөрөө буюу дээд шатны Засаг дарга хүчингүй болгох эрх хэмжээний хүрээнд 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжийг гаргасан.

Уг захирамж нь хууль зүйн үндэслэлтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд 2001 оны 06 сарын 20-ны өдрийн №309 тоот захирамжаар 5654 м.кв талбайг эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлсэн байх ба 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 239 дүгээр захирамжаар эмнэлгийн өргөтгөлийн зориулалтаар 0.018 га талбайг нэмж эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь уг газар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эзэмшлийн газар болох нь тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эзэмшлийн газраас зарим хэсгийг буюу 746 м.кв талбайг “Балжун Арал” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101 тоот захирамжаар олгосон байх ба уг захирамж нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, 35.2-т заалтыг зөрчсөн, мөн иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж чадахгүй болж улмаар иргэд эмнэлгийн яаралтай тусламж авч чадахгүй удах, үүнээс үүдэн өвчтөн амь насанд эрсдэл учрах, амь насаа алдах, ухсан нүхэнд хүн унах бэртэх, хог хаягдлаар дүүрч халдварт өвчин гарах эрсдэл гарах гэх мэт аюултай нөхцөл байдлууд үүсч байсан тул удаа дараа зохих төрийн байгууллагуудад хүсэлт гомдол гаргаж Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 тоот захирамжаар “Б*******” ХХК-д олгосон газар эзэмшүүлэх захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Захирамж гарснаас хойш бид орон нутгийн сан өөрсдийн нөөц бололцоогоор тодорхой хэмжээний зардал гаргаж ухсан нүхийг булж, засан сайжруулж өвчтөнүүдийнхээ ая тухтай орчинд эмчлэх үүднээс цэцэрлэгжүүлэн, сүүдрэвч, цэцэрлэгт хүрээлэн бий болгосон нь ард иргэд нийт ажиллагсад амрах, өвчтөнүүдийн эрүүл аюулгүй орчинд эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах нөхцөл бүрдүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 тоот захирамж хууль зүйн үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжийг хүчингүй болгож, холбогдох захиргааны акт гаргахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны актын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан захиргааны актын шинжийг агуулж байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акт байна.

Нийслэлийн Засаг даргаас төрийн байгууллагад буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн зайлшгүй хэрэгцээнд зориулж 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 309 дүгээр захирамжаар эмнэлгийн зориулалтаар 5654 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын 2004 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлт, нэхэмжлэгч “Балжун Арал” ХХК-ийн хүсэлт болон холбогдох бусад бичиг баримтыг үндэслэн дээрх 2001 оны 309 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 5654 м.кв талбай бүхий газраас 687 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч “Балжун Арал” ХХК-д хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжаар “эмнэлгийн” зориулалтаар эзэмшүүлж, гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон байх ба мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101 дүгээр захирамжаар газар эзэмших хугацааг нь 5 жилийн хугацаагаар сунгаж, газрын хэмжээг 746 м.кв болгон нэмэгдүүлэн олгож, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн ... Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хойд талд “Балжун Арал” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх /35.1.4 газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 35.1.6 газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно/ эрх төрийн байгууллагад хамаарахгүй тухай заалтыг зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны 101 дүгээр захирамжийн “Балжун Арал” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” гэж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль  бус шийдвэр болсон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус зааснаар Нийслэлийн Засаг дарга өмнө нь гаргасан захирамжаа хууль бус гэж үзэн хүчингүй болгох эрхтэй хэдий ч тухайн хүчингүй болгож байгаа шийдвэр нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр бол эрх зүйн урьдчилсан хамгаалалт хийж, холбогдох баримтыг бүрдүүлэн үндэслэл бүхий дүгнэлтийн үндсэн дээр шийдвэрээ гаргах ба Төрийн байгууллагын газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг зөрчин шилжүүлэн эзэмшүүлэх тухай шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга 2004 онд гаргасан, түүнээс хойш газар эзэмших хугацааг нь 2010 онд сунгах тухай шийдвэрийг дахин гаргасан ба нэхэмжлэгч “Балжун Арал” ХХК нь дээрх шийдвэрүүдийг өөртөө зориулж гаргаагүй, хуулиар эрх олгогдсон газар эзэмшүүлэх эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч Нийслэлийн Засаг даргын шийдвэрүүдийн үндсэн дээр газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаар холбогдох ажлуудыг хийснийг шууд танай байгууллагын хууль бус үйл ажиллагаа гэж буруутгах үндэслэлгүй ба энэ нь  Нийслэлийн Засаг дарга 2004 онд одоогийн энэхүү Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Төрийн байгууллагад газар эзэмших эрхээ шилжүүлэх харилцаа хамаарахгүй буюу газраа шилжүүлэх боломжгүй гэдгийг шалгаж тогтоох”, газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүргээ хангалтгүй биелүүлснээс болсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрыг дээрх үндэслэлээр цаг хугацааны хувьд тухайн үед хариуцагч төрийн захиргааны байгууллагаас шилжүүлэн олгох боломжгүй гэдгийг тогтоосон, энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь хариуцагчийн шууд буруутай үйл ажиллагаа ба хэрэв мэдэгдсэн бол  нэхэмжлэгч өөр газарт хүсэлтээ гаргах, тухайн газрыг шилжүүлэн авахгүй байх, газраа ашиглахаар хөрөнгө оруулалт хийхгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн одоогийн өмчлөгч уг компанийг худалдан авахгүй байх нөхцөл боломжийг нь хязгаарласан, түүнчлэн нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах нь хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад гуравдагч этгээдийн гаргасан үндэслэлгүй хүсэлтээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хууль бус үйлдлээ таслан зогсоосон хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, бүх асуудлыг нь зохих ёсоор шийдвэрлэсэн захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж, эзэмшиж байгаа газрын кадастрын зураг хийлгэж баталгаажуулж, гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг зохих ёсоор төлж, газраа зориулалтын дагуу ашиглах үүднээс эмнэлгийн барилга барихаар төрийн эрх бүхий байгууллага болох Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраас 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №СБД/15/07 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас техникийн нөхцөл, тодруулга, дүгнэлтүүдийг батлуулж, барилгын зураг, төслийг хийлгүүлж, эрх бүхий төрийн байгууллагаар батлуулах зэргээр эмнэлгийн барилгыг барихад шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтуудыг бүрдүүлсэн, газар шорооны ажлыг хийсэн, зардал гаргасан, хөрөнгө оруулалтын зээл авсан болон бусад байдлаар газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахтай холбоотой ажлуудыг хийж байсныг хариуцагчаас анхааралгүйгээр шууд маргаан бүхий актыг гаргаж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 101 дүгээр захирамжаар газар эзэмших эрх нь сунгагдсан хүчин төгөлдөр акттай, газраа зориулалтын дагуу ашиглах боломж бүрдсэн буюу эмнэлгийн барилгыг барих зураг төсөл, техникийн нөхцөл, архитектур төлөвлөлтийн даалгавартайг хараад хэлцэл хийн “Балжун Арал” ХХК-ийг эрхийн хамт 2012 онд худалдан авч эд хөрөнгө, эрх үүргийг нь шилжүүлэн авсан одоогийн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн Засаг дарга нь 2004 онд хийсэн өөрийн буруутай үйл ажиллагаагаа зөвтгөсөн нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчид бий болсон үр дагаврыг хэрхэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн сэргээж, хамгаалах асуудлыг хуульд нийцүүлж хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан “...хэдийгээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг өөрөө хүчингүй болгох эрхтэй. Гэвч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ ямар нэг иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, хөндөхгүй байх хэрэгтэй. Эрх байгаа тул өмнөх алдаагаа залруулж байна гэх нэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдийг хохироож болохгүй юм” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

Харин маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэлээ “...Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс удаа дараа хүсэлт ирүүлсэн, судалгаанд үндэслэсэн...” гэх тайлбарын хувьд хариуцагчаас анх 2004 онд нэхэмжлэгчид газрыг шилжүүлэх үед Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын хүсэлтийг үндэслэн шийдвэрээ гаргасан байдаг ба 2015 онд тус эрүүл мэндийн нэгдлийн даргаас өөр утга агуулга бүхий хүсэлт гаргасан тул хүсэлтэд дурдсан асуудлуудыг эрхийн хүрээнд нарийвчлан шалгаж тогтоогоогүй, 2013 оны газар ашиглалтын байдлын судалгааг үндэслэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болох хуульд заасан үндэслэл биш байх ба дээрх хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь дуусгавар болгосон захиргааны акт гарах эрх зүйн үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээдээс “...манай эрүүл мэндийн нэгдлийн дарга солигдсон, газрыг шилжүүлсэн нь буруу, одоо ингэж барилга барьснаар яаралтай түргэн тусламжийн үүд болон цонхнуудын нарны гэрлийг хаах, тухайн дүүргийн оршин суугчдын эрүүл мэндэд аюултай...” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн хариу тайлбараа гаргасан боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх үндэслэлүүд нь үгүйсгэгдэж байна.

Учир нь “Балжун Арал” ХХК-ийн захиалгаар Барилгын зураг, төслийн “М*******” ХХК-ийн гүйцэтгэсэн, Улаанбаатар хотын ерөнхий архитектурын баталсан зураг, төслөөс үзэхэд “эмнэлэг, оношлогооны төв”-ийн барилга нь ямар нэг байдлаар Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн яаралтай түргэн тусламжийн төвийн үүдийг болон нарны гэрэл тусахгүй байрлалтай буюу хойд талдаа байрлах цонхнуудыг хаахааргүй болох нь шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэг болон гуравдагч этгээдээс нотлох баримтаар ирүүлсэн фото зургаар нотлогдож байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргад газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ хэн нэгний эрхийг сэргээх нэрээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих талаар эрх олгоогүй, ялангуяа өөрийн буруутай үйл ажиллагаанаас бий болсон шийдвэрээ хүчингүй болгохдоо бусдын эрхийг хөндөхгүй, тэгш байдлыг эрхэмлэн төрийн байгууллага, хувийн байгууллага гэдгээр нь ялгахгүй байх зарчмыг баримтлах нь зүйтэй байна.

Гуравдагч этгээдээс маргаан бүхий захирамж гарсны дараа хариуцагч Нийслэлийн Засаг даргад хандан газрыг буцаан өгөх тухай ....... хүсэлтийг гаргахдаа нэхэмжлэгчид эзэмшүүлсэн талбайг 3 дахин их хэмжээтэйгээр буюу .... гэж, өөрийн эзэмшлийн талбайгаа .... гэж буруу тодорхойлсон, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгасан болохыг дурдаж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжийг хүчингүй болгож, холбогдох захиргааны акт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжийг хүчингүй болгож, холбогдох захиргааны акт гаргахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУМАА