Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0618

 

 “Балжун-Арал” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 423 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Балжун-Арал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Балжун-Арал” ХХК-ийн захирал Ч.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”... Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжийг хүчингүй болгож, холбогдох захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 423 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Балжун-Арал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжийг хүчингүй болгож, холбогдох захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

            Нийслэлийн Засаг даргаас төрийн байгууллагад буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн /тухайн үеийн нэрээр/ зайлшгүй хэрэгцээнд зориулж 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 309 дүгээр захирамжаар эмнэлгийн зориулалтаар 5654 м.кв газрыг эзэмшүүлсэн. Гэтэл 2004 оны 10 дугаар сарын 455 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Балжун-Арал” ХХК-д 687 м.кв газрыг нь эзэмшүүлж, 2010 оны 101 дүгээр захирамжаар эзэмших эрхийг 5 жилээр сунгасан байна.

            Харин нийслэлийн Засаг дарга 2015 оны А/637 дугаар захирамжаар “Балжун-Арал” ХХК-д эзэмших эрх олгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

            Анхан шатны шүүх “Балжун-Арал” ХХК нь дээрх шийдвэрүүдийг өөртөө зориулж гаргаагүй, Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр л эзэмшиж ашиглах гэж байсан” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

            Өмнөх Засаг дарга нар Газрын тухай хуулиар тодорхой тогтоосон “Төрийн байгууллагад газар эзэмших эрхээ шилжүүлэх харилцаа хамаарахгүй буюу газраа шилжүүлэх боломжгүй гэдгийг шалгаж тогтоох” үүргээ тухайн үед биелүүлээгүй учраас нийслэлийн Засаг дарга 2015 онд “... захирамж хуульд нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгох” эрхийг хэрэгжүүлсэн байгаа нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

            Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг сэргээхдээ нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг зөрчөөгүй хууль зүйн дагуух үйлдэл болсон төдийгүй, нэхэмжлэгч компаниас “зардал гарсан” гэх үндэслэлээр зөрчигдсөн гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус баримтлан “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хойд талд “Балжун-Арал” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2010 оны 101 дүгээр захирамжийн “Балжун-Арал” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Балжун-Арал” ХХК нь дээрх захирамжийг хүчингүй болгуулж, холбогдох захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...манайх 2012 онд компанийн эрхийг шилжүүлж авсан..., ...газраа зориулалтын дагуу ашиглах үүднээс архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд болон барилгын зураг төслийг батлуулж, бизнесийн зээл авч, шаардлагатай ажлуудыг хийсэн..., ...энэхүү нэр шилжүүлэн газар эзэмшүүлэх харилцаанд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд хариуцагч хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд тухайн үед уг газрыг шилжүүлсэн атлаа одоо нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаж байна..., ...Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй...” гэж тодорхойлон маргажээ.

Нийслэлийн Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг зөрчиж “Балжун-Арал” ХХК-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн нь буруу гэж үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Тодруулбал,

Анх нийслэлийн Засаг даргын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 309 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эзэмших газрын хэмжээг 0.56 га гэж баталгаажуулж, нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 239 дүгээр захирамжаар мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн хашаан дотор өрхийн эмнэлгийн барилгын зориулалтаар 0.018 га газрыг нэмж эзэмшүүлжээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35.2-т “35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь  зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус заасан байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна: 1/ төрийн байгууллага, албан газар, 2/ төрийн өмчит үйлдвэрийн газар, 3/ төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг” гэж зааж, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж тодорхойлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төрийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, мөн эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрын зарим хэсгийг шилжүүлэх эрхийг эдлэхгүй байна.

Гэтэл 2004 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эзэмшлийн талбайд барих эмнэлгийн өргөтгөлийн барилгыг “Балжун-Арал” ХХК 100 хувь хөрөнгө оруулж барих болсон гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдийн эзэмшил газраас нэхэмжлэгч хуулийн этгээдэд шилжүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас Нийслэлийн газрын харилцааны албанд гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 455 дугаар захирамжаар гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд өрхийн эмнэлгийн барилгын зориулалтаар 0.018 га газар олгосон 2004 оны 239 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Балжун-Арал” ХХК-д эмнэлгийн газраас 687 м.кв газрыг эмнэлгийн зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлж, улмаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын талбайн хэмжээг 746 м.кв болгож өөрчлөн баталгаажуулсан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Балжун-Арал” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн энэхүү маргаан бүхий 746 м.кв газар урьд нь гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эзэмшил газар байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, тодруулбал газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй этгээдээс газрыг шилжүүлэн авсан байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч “Балжун-Арал” ХХК-д анхнаасаа газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүйн зэрэгцээ Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн өргөтгөлийн барилгыг барих болсон үндэслэлээр газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасан байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн газрыг бүрмөсөн эзэмшиж, барилга барин үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

Иймд хариуцагч нийслэлийн Засаг дарга нь төрийн байгууллагын газраас нэхэмжлэгч “Балжун-Арал” ХХК-д 746 м.кв газрыг шилжүүлж, газрын тухай хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актаар уг хууль бус шийдвэрээ хүчингүй болгож, 2010 оны 101 дүгээр захирамжийн “Балжун-Арал” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны шийдвэр байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь барилгын зураг төсөл гаргуулж, газар шорооны ажил хийсэн, мөн хөрөнгө оруулалтын зээл авсан гэж маргасан байх ба тэрээр өөрт хохирол учирсан гэж үзвэл гэм буруутай этгээдээс хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Балжун-Арал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Балжун-Арал” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, холбогдох захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь заалтыг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА