Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 420

 

“Балжун арал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн  өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0618 дугаар магадлалтай, “Балжун арал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 423 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Балжун арал” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжийг хүчингүй болгож, холбогдох захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0618 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан “Балжун арал” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, холбогдох захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Балжун арал” ХХК-ийн хүсэлт болон Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжаар маргаан бүхий 687 м.кв газрыг “Балжун арал” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Харин Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101 дүгээр захирамжаар тус газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан юм. Гэтэл үүнийг “газар анх эзэмшүүлсэн шийдвэр” хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн үйлдэлд нэхэмжлэгч компанийг буруутгах боломжгүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга өөрийн буруутай үйл ажиллагааг зөвтгөх зорилгоор урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгох аваас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу эрх нь зөрчигдөж байгаа этгээдийн эрхийг зөрчөөгүй байх гол шаардлага байгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэзээ ч хамаагүй хууль бус гэж үзсэн шийдвэрээ өөрөө дураараа хүчингүй болгоод байх хязгааргүй эрхийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт олгоогүй байхад давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг өнгөц байдлаар тайлбарлаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хариуцагч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ ямар нэг иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, хөндөхгүй байх хэрэгтэй. Маргаан бүхий захиргааны актыг “Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс удаа дараа хүсэлт ирүүлсэн”-ийг үндэслэн гаргасан гэх боловч Эрүүл мэндийн нэгдэл нь 2004 онд өөрсдөө газраа шилжүүлэхийг зөвшөөрч хүсэлт гаргасан байдаг, гэтэл 11 жилийн дараа ийнхүү шилжүүлсэн нь буруу байжээ, одоо ингэж барилга барьснаар яаралтай түргэн тусламжийн үүдийг хаах, цонх таглахаар байна гэж маргаж байгаа үндэслэлгүй ба үнэхээр ийм нөхцөл байдал үүссэн эсэхийг шүүх шалгаж тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү нэр шилжүүлэн газар эзэмшүүлсэн харилцаанд 2012 онд “Балжун арал” ХХК-ийг худалдан авч эд хөрөнгө, эрх, үүргийг нь шилжүүлэн авсан одоогийн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй ба нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу газрын төлбөрийг төлсөөр ирсэн. Тус газарт барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцлүүдийг холбогдох эрх бүхий байгууллагаас авч, газар шорооны ажлыг эхлүүлж, ихээхэн хэмжээний хөрөнгө хүч гаргасаар байхад давж заалдах шатны шүүх “гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй” гэсэн нь бодит байдал дээрх хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эдгээр асуудлыг тодорхой болгон нарийн шалгасны үндсэн дээр нэхэмжлэгчийн хохиролтой холбоотой асуудлыг давхар шийдвэрлэх шаардлагатай, үүрэгтэй байхад үүнийг анхаарч үзээгүй. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь Нийслэлийн Засаг даргын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 309 дүгээр захирамжаар тус дүүргийн 13 дугаар хороонд 0,56 га газрыг ашиглах эрхтэй болсон ба тус төвийн хашаанд 0,018 га газрыг Улсын төсвийн хөрөнгө болон Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газрын захиалгаар өрхийн эмнэлгийн барилга барихаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 239 дүгээр захирамжаар төлөвлөсөн байна.

Эмнэлгийн зориулалтаар нэмж төлөвлөсөн тус газрыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл “эмнэлгийн барилгыг бусдын хөрөнгөөр барих болсон” гэсэн үндэслэлээр “Балжун арал” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргаж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжаар 687 м.кв-ыг “Балжун арал” ХХК-д эзэмшүүлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

Харин “Балжун арал” ХХК тухайн газарт 6 давхар барилга барихаар төлөвлөн 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр СБД/15/07 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүдийг авсан боловч эмнэлгийн барилга бариагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101 дүгээр захирамжаар газрын хэмжээг 746 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлсэн байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд “Балжун арал” ХХК-ийн эзэмшиж байсан 746 м.кв газар нь анхнаасаа төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан төлөвлөгдсөн, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар тухайн газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байжээ.

Иймд, Нийслэлийн  Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  101 дүгээр захирамжийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчсөн гэж  үзэн хүчингүй болгосон хариуцагчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/637 дугаар захирамж мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

“Балжун арал” ХХК тухайн газрын эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу /тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, бусдын эзэмшил, ашиглалт бүхий газартай давхцаагүй газрыг хүсэлт гаргах замаар/ олж аваагүй, харин бусдын газарт хөрөнгө оруулж барилга барих нөхцөлтэйгээр шилжүүлэн авсан тул маргаан бүхий захиргааны акт түүний газар эзэмших эрхийг зөрчсөн байх хууль зүйн боломжгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэлгүйгээр “нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв байна.

“Балжун арал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч солигдсон эсэхээс үл хамаарах тухайн хуулийн этгээд бие даан эрх зүйн харилцаанд оролцож, эрх эдэлж, үүрэг хүлээх тул “2012 онд “Балжун арал” ХХК-ийг шилжүүлэн авсан одоогийн нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч “Газрын тухай хуулийн 61.1-д заасан “газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол” гэж маргаж байх боловч тухайн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан төлөвлөгдсөн газрыг бусдад шилжүүлсэн асуудлыг төрийн эрх бүхий байгууллагын албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд таслан зогсоох арга хэмжээ авсан байна.

Иймд, “Балжун арал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0618 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                             ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН