Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 530

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Я.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЭЦК-” ХХК болон Д.Б-, Б.Г- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 150 000 000 төгрөг гаргуулах, хөрөнгө оруулалт болон хохиролд 501 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 113 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагч бөгөөд хариуцагч нарын төлөөлөгч Б.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Б- нь “ЭЦК-” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 1.400 м.кв газар эзэмшдэг, газар дээр компанийн хувьцаа эзэмшигч Д.Б- түүний хүү Б.Г-той тохиролцож, 1.152 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай хөрөнгийг өөрсдийн хөрөнгөөр барьж, байгуулсан. 2017 оны хавар “ЭЦК-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б-, хүү Б.Г-ын хамт Я.Б-тай уулзаж, хувьцаагаа зарахыг гуйж, ятгасан. Я.Б- 130 000 000 төгрөг өгвөл компанийн 50 хувийг өгөхийг зөвшөөрсөн. Д.Б-, Б.Г- нар Я.Б-т 30 000 000 төгрөг өгч, 100 000 000 төгрөгтэй холбогдуулан гэрээний үүргээ шилжүүлж, Б.Г- хариуцлага хүлээхээр болсон. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээний эцсийн хугацаа байхаар тохирч, гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Б.Г- гэрээний үүргээ биелүүлээгүй, үлдэх 100 000 000 төгрөгийг өгөөгүй. Я.Б- тухайн объектыг барьж байгуулахад нэлээд хөрөнгө гаргасан. н.О-аас 290 000 000 төгрөг зээлж, бусдад өр төлсөн. Б.Г-ыг 100 000 000 төгрөг төлөөгүйгээс их хэмжээний өрөнд орсон. 290 000 000 төгрөг дээр хүү, алданги, долларын зөрүү нэхэмжилж, Я.Б-аас 501 000 000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Я.Б- Б.Г-ын буруугаас 501 000 000 төгрөгийн өрөнд орсон тул уг мөнгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Я.Б-, Б.Г- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 100 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн алдангийг хуульд нийцүүлж үндсэн гэрээний 50 хувь болох 50 000 000 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Б.Г-оос зээлийн гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг гаргуулж өгнө үү. Барилга барихад оруулсан хөрөнгө 130 000 000 төгрөг, тоног төхөөрөмж худалдаж авсан үнэ 160 000 000 төгрөг, хүү алданги валютын зөрүү 211 000 000 төгрөг нийт 501 000 000 төгрөгийг хариуцагч “ЭЦК-” ХХК-аас гаргуулж өгнө үү. Д.Б- компанийн захирал учраас “ЭЦК-” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нар, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн хувьцаатай холбогдсон 100 000 000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ. Гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 000 000 төгрөгийн хүү алданги нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох үүрэгтэй. Гэтэл нотлогдохгүй зүйл нэхэмжилж байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс зээл үүссэн. Гэрээнд талууд хувьцааны үнийг 500 000 төгрөг байхаар тодорхойлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. 130 000 000 төгрөгөөр үнэлсэн гэж бичээгүй. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл Б.Г-од 100 000 000 төгрөг шилжүүлсэн баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн 500 000 төгрөгийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг 100 000 000 төгрөгийн үнэтэй зээлийн гэрээ гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна. Я.Б- “ЭЦК-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан, эрх бүхий албан тушаалтан байгаагүй. Компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах, компанийн эд хөрөнгө захиран зарцуулах этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтан гэнэ. Хэрэгт авагдсан гаалийн бичгээс тоног төхөөрөмж 160 000 000 төгрөгийн үнэтэй биш, 49 000 000 төгрөгийн үнэтэй болох нь тодорхой харагдана. Тусгай зөвшөөрөлтэй шинжээч тоног төхөөрөмжийг 52 000 000 төгрөгийн үнэтэй гэж тогтоосон. “ЭЦК-” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын тоног төхөөрөмж худалдаж авна гэсэн шийдвэр байдаггүй. “ЭЦК-” ХХК-ийн нэрээр байгуулсан хэлцэл байдаггүй. Компанийн зүгээс тоног төхөөрөмж худалдаж авсан, санхүүгийн баримт байдаггүй. Зөвхөн Я.Б- “ЭЦК-” ХХК-ийн тоног төхөөрөмж гэх тайлбар байдаг. Анх тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирээд Я.Б- өөрийнхөө эзэмшилд авсан, өнөөдрийг хүртэл эзэмшилд байгаа. Шүүхийн журмаар үзлэг хийхэд Я.Б-ын эзэмшилд тоног төхөөрөмж байгаа болох нь тогтоогдсон. Я.Б- ч өөрийн эзэмшилд байгаа талаар маргаагүй. “ЭЦК-” ХХК уг тоног төхөөрөмжийг хэзээ ч эзэмшиж байгаагүй, албан ёсоор бүртгэсэн бүртгэл байхгүй. Я.Б- өөрийн эзэмшилд байгаа зүйлийг “ЭЦК-” ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Я.Б- “ЭЦК-” ХХК-д 160 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан хийсэн, уг мөнгөө нэхэмжилж байна гээд холбогдох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл баримтуудад Я.Б-ын нэр байдаг, “ЭЦК-” ХХК ашигласан болох нь харагддаггүй. Я.Б-ын гаргасан зуурмагийн баримтаар “ЭЦК-” ХХК-ийн барилгад зуурмаг ашигласан нь харагддаггүй. Нэхэмжлэгч хэн ашигласан нь тодорхойгүй баримт өгчихөөд 160 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Я.Б- Б.Г-ыг зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс бусдаас зээл авч, 501 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байна. Хохирол нэхэмжилж гэж байгаа бол Б.Г-ын буруутай үйлдэл, эс үйлдэл байх ёстой. Хариуцагч нараас гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй, зээлийн гэрээ нотлох баримтаар тогтоогдоогүй байхад их хэмжээний хохирлын асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрээр Я.Б-аас төлбөр гаргуулахаар шийдсэн. Шүүхийн шийдвэрээр гарсан мөнгийг хариуцагч нараас авч барагдуулна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г-, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өр төлбөртэй тул хүнд үзүүлэх зорилгоор байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Я.Б- Б.Г- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, Д.Б-гийн зээлүүлсэн 20 000 000 төгрөг, Б.Г-ын зээлүүлсэн 93 390 000 төгрөг, нийт 113 390 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч тал 130 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн бол хувьцаа худалдах худалдан авах болон зээлийн гэрээний аль нэгийг бичих ёстой. Гэтэл огт бичээгүй. 100 000 000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээний дагуу Б.Г- мөнгө шилжүүлж өгөөгүй гэдгээ зөвшөөрч байна. Энэ гэрээ бодитоор байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус юм. Я.Б- эзэмших эрхтэй газар худалдах эрхтэй эсэх, төрийн өмчлөлийн газрыг 150 000 000 төгрөгөөр үнэлж, худалдах эрх эсэх нь тодорхойгүй. Мөн 180 м.кв газар 150 000 000 төгрөгт хүрэх юм уу, газар бэлэглэлийн гэрээг шилжсэн. Хуульд зааснаар бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй байх ёстой. Бэлэглэлийн гэрээнд газрыг 10 000 000 төгрөгийн үнэтэй гэж бичсэн. 150 000 000 төгрөгөөр газар зарсан бол Я.Б- газар 10 000 000 төгрөг гэж гарын үсэг зураад нотариатаар батлуулсан нь эргэлзээ төрүүлж байна. Я.Б- барилгад 130 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гээд олон баримт өглөө. Баримтууд 2013 оны 11 сарынх буюу компани байгуулагдаагүй, газаргүй, барилга баригдаж эхлээгүй үеийнх байна. Ийм баримтуудаар зуурмаг авч, хөрөнгө оруулсан гэдгээ нотолж чадахгүй байна. Гаалийн баримт, шинжээчийн дүгнэлтээр тоног төхөөрөмж 40 000 000 төгрөгөөр орж ирсэн нь тогтоогдож байхад 160 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Тоног төхөөрөмж өнөөдрийг хүртэл Я.Б-ын эзэмшилд байж, ашиглаж байгаа. Я.Б- өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа зүйлийн мөнгийг компаниас авна гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч тал мөнгө зээлсэн гэх н.Энхжаргал, н.Баатар нар тусдаа нэхэмжлэл гаргах ёстой гэлээ. Тэдгээр хүмүүс Б.Г-од мөнгө өгөх ёстой байсан, Б.Г- данс өгч шилжүүлсэн гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй. Амаар тохиролцож болно. Гүйлгээний утга дээр зээл гэж бичээгүй бол зээл биш болно гэж байхгүй. Я.Б- Б.Г-ын буруугаас бусдаас мөнгө зээлсэн гэж хохирлын мөнгө нэхэмжилж байна. Хэрэгт Я.Б- Б.Г-ын буруугаас зээл авч, хохирсон баримт байхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэлээ. Хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа нотлох ёстой. Талууд харилцан тохирч худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээгээр сольсон. Хууль зөрчсөн, нийтийн зан суртахуунд харшилсан хэлцэл байгуулаагүй. Ямар учраас дүр үзүүлсэн хэлцэл байгуулагдсан гэдгээ нотлох ёстой. Гэтэл нотолж чадсангүй. Хариуцагч тал зээлийн гэрээ байгуулж, Я.Б-т зээл өгсөн. Тэр мөнгөө нэхэмжилж байна гэлээ. Энэ үндэслэлгүй болох нь дараах байдлаар нотлогдоно. Жишээ нь: 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Их засаг Их сургуулийн хажуугийн газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан. 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д.Б-гаас Я.Б-ын дансанд 20 000 000 төгрөг шилжсэн. Нийт 150 000 000 төгрөгөөр газраа зарж, дансаар 110 000 000 төгрөг шилжүүлсэн. Үлдэх мөнгийг Я.Б- бэлнээр болон бусад байдлаар авсан. Я.Б-т зээл олгосон асуудал байхгүй. Зээл авсан бол дахин гэрээ байгуулж зээл авах шаардлага байхгүй. Хариуцагч талын газрын мөнгийг зээлийн мөнгө гэж тайлбарлаж 120 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Г-оос зээлийн гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ЭЦК- ХХК-иас 501 000 000 төгрөг гаргуулах хэсэг, хариуцагч Д.Б-гийн зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Г-ын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, зээлийн гэрээний үүрэгт 93 390 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-д холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 065 900 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2 347 050 төгрөгийг гаргуулж, улсын орлогод, хариуцагч Б.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 1 723 850 төгрөгийг гаргуулж, 815 900 төгрөгийг улсын орлогод оруулж, 907 950 төгрөгийг нэхэмжлэгч Я.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөерч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн тул гомдолтой байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “ЭЦК-" ХХК-ийн барилга барихад оруулсан мөнгөн хөрөнгө 130 000 000 төгрөг, тоног төхөөрөмж худалдан авсан 160 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Я.Б- нь "ЭЦК-" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхдаа компанийн эзэмшлийн үл хөдлех хөрөнгийг барихад нийт 260 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж, 130 000 000 төгрөгөөр хувьцаагаа Б.Г-од худалдсан, улмаар үлдэх 130 000 000 төгрөгийг, мөн өөрийн хөрөнгөөс 160 000 000 төгрөгөөр үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг БНХАУ-аас оруулж ирсэнтэй холбоотойгоор нийтдээ 290 000 000 төгрөгийг "Элст цамхаг констракнш" ХХК-д зарцуулсан болох нь нотлогдсоор байхад шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсээгт "...нэхэмжлэгч хөрөнгийг барихад бетон зуурмаг, замын боржур зэргийг худалдан авч, төлбөрийг хувиасаа төлсөн гэж 130 000 000 төгрөг шаардсан боловч баримт нь 2013 оны 10, 11 сард авсныг уг барилгад хэрэглээгүй гэж үзэхээр байна. Учир нь "ЭЦК-" ХХК-ийг 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулж,...газар эзэмших эрх "ЭЦК” ХХК-д 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрээр үүссэн байна." гэж дүгнэсэн боловч энэ нь дараах байдлаар няцаагдана. Я.Б-, Б.Г- нар нь хамтарч компани байгуулахаас гадна "Хамтран өмчлөх, хөренгө оруулалтын гэрээ"-г давхар байгуулсан байдаг. Уг гэрээг байгуудсан болохыг Б.Г- шүүх хуралдааны үед өөрөө баталж хэлсэн байдаг энэхүү гэрээний талаар талуудын хооронд маргаан байхгүй. /ххЗ-165/, /хх-3-206/ Уг гэрээний 2.1-т зааснаар "Талууд нь барилга бүрэн баригдаж дуусах хүртэл зардлыг 50/50 хувиар тооцож гаргана" гэж харилцан тохиролцсоны дагуу хөрөнгө оруулалтыг барилга барьж дуусах хүртэл зохигчид тэнцүү хэмжээгээр гаргаад явсан байдаг ба Я.Б-ын хувьд зөвхөн барилгыг барихад дор хаяж хувиасаа 260 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, талууд "ЭЦК-" ХХК-ийг байгуулахаас өмнө "Хамтран өмчлөх, хөрөнгө оруулалтын гэрээ"-гээр тохирсон харилцааны үндсэн дээр барилгыг барьж босгосон үйл баримт нотлогддог. Мөн тухайн барилгыг 2013 оноос эхлэн барьж байгуулсан асуудлаар хэн алин нь маргаагүй, уг барилгын зуурмагийг "Хүч боржигон транс" ХХК-аас хүлээж авсан зарим баримт дээр Б.Г- гарын үсэг зурж хүлээж авсан болох нь ноглогдсоор байхад шүүх зуурмагийн нотлох баримтыг /61 580 000 төгрөг/   үнэлээгүйгээс гадна компани байгуулсны дараагаас барилга барьсан байх ёстой мэтээр ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. /Хх-3-169-200/ Жич: Ганболд нь хх-3-175-186 хуудаст авагдсан бетон зуурмаг хүлээн авсан баримт дээр гарын үсэг зурсан байгаагаас харахад тухайн барилгад оруулсан зуурмаг мөн болох нь тодорхой байдаг, мөн уг мөнгөн хөрөнгийг Я.Б- гаргасан нь мөнгө тушаасан баримтад түүний гарын үсэг зурсан байдлаар нотлогддог. Түүнчлэн Б.Г- нь уг барилгыг барихад өөрийн оруулсан хөрөнгийг 219 664 818 төгрөг гэж нотолж хариу тайлбар өгсөн байдаг. /хх-1-167/. Я.Б- нь өөрийн оруулсан нийт хөрөнгийг 260 000 000 төгрөгт тооцож, компанийн хувьцааг 130 000 000 төгрөгөөр худалдсан, үлдэх 130 000 000 төгрөгийг   мөн нэхэмжилсэн боловч хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгчийн гаргасан баримтаар тогтоогдсон үйл баримтыг шүүхээс илтэд няцааж 130 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Өнөөдрийн байдлаар барьж босгосон үйлдвэрлэлийн барилгыг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсаар байхад үл тоон Б.Г- нь бусдад өндөр үнээр худалдаж, хөрөнгө мөнгийг нь ганцаар завшсан. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн бодит харилцааг тогтоохдоо компани байгуулж хувь эзэмшихээс гадна Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар, мөн уг гэрээний дагуу талуудын эрх үүргийг хуулийн дагуу тодорхойлоогүй, хамтран ажиллах гэрээний дагуу шаардах эрхтэй эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Я.Б- нь хамтран ажиллах гэрээний дагуу барилга барихад хөрөнгө оруулалтыг Б.Г-той ижил тэгш оруулсан боловч хөрөнгө оруулалтын үр ашгаас огт хүртэж чадаагүй, Б.Г- нь тухайн барилгыг бусдад худалдаж ганцаар ашиг хүртсэн асуудлыг ч анхаарч үзээгүй. Түүнчлэн, 130 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг  нотолсон Я.Б-ын хувийн тэмдэглэлийн дэвтрийг эх хувиар шүүхэд өгсөн боловч уг нотлох баримтаар үнэлээгүй. Шүүх нэхэмжлэгч Я.Б-ын өөрийн хөрөнгөөр худалдаж авсан тоног төхөөрөмжийн үнэ болох 160 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар эрх зүйн дүгнэлт хийж тоног төхөөрөмжийг "ЭЦК-" ХХК-ийн нэр дээр оруулж ирснээр тухайн компанийн өмч болох тул Я.Б- нь шаардах эрхгүй, харин тоног төхөөрөмж нь компанийн хөрөнгө болсны үр дүнд компанийн нэгж хувьцааны үнэ нэмэгдсэн" гэх дүгнэлт хийсэн нь иргэний эрх зүйн диспозитив зарчмыг зөрчсөн, тоног төхөөрөмжийн өмчлөлийн талаар зохигчид маргаагүй байхад маргасан мэтээр өөрийн зоргоор дүгнэсэн нь ноцтой зөрчил гэж үзэж байна. Учир нь шүүх Я.Б-ын тоног төхөөрөмж худалдаж авсан 160 000 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ уг төхөөрөмжүүдийг бодиг байдалд худалдаж авсан мөнгөн хөрөнгийг хэн гаргасан тухай асуудалд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр зөвхөн компанийн нэр дээр тоног төхөөрөмжийг оруулж ирсэн үйл баримтад хэт ач холбогдол өгч шийдвэрлэснээс гадна тухайн хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, уг тоног төхөөрөмжүүдийг "ЭЦК-" ХХК-ийн өмч гэж шууд дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас маргаан бүхий тоног төхөөрөмжийг Я.Б- нь зөвхөн өөрийн хөрөнгөөр худалдаж авсан болох нь дараах байдлаар тогтоогддог. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийи хариуцагч "ЭЦК-" ХХК-ийн 18/01 тоот албан бичгээр шүүхэд гаргасан хариу тайлбарт "...тоног төхөөрөмж нь тус компанийн өмч үндсэн хөрөнгө биш.... " гэж тодорхойлсон. /хх-2-230/ Мөн Я.Б-ын оруулж ирсэн тоног төхөөрөмжийг "Элст цамхаг" ХХК-ийн хөренгөөр худалдаж авсан, түүнд хөрөнгө оруулсан гэх тайлбарыг хариуцагч талаас шүүхэд огт өгөөгүй, энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй, сөрөг шаардлага гаргасан зүйл байхгүй. Зөвхөн Я.Б- нь компанийн нэрийг ашиглаж өөрөө тоног төхөөрөмж оруулж ирснээ манай комланид өндөр үнээр шахах гэж байгаа гэсэн агуулга бүхий л тайлбар няцаалт гаргаснаас харахад хариуцагч нь тоног төхөөрөмжийг худалдан авахад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, улмаар хариуцагчийн өмч биш болох нь илэрхий байдаг. Түүнчлэн 3 дугаар хавтаст хэргийн 60 дугаар талд авагдсан хариуцагчийн шинжээч томилуулах хусэлтэд "тоног төхөерөмжүүд нь "ЭЦК-" ХХК-ийн эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхэд хэзээ ч байгаагүй тус компанийн нэр дээр тоног, төхөөрөмж оруулж ирэх талаар нэхэмжлэл гаргаснаар анх мэдсэн" гэх зэрэг тайлбараар уг тоног төхөөрөмжүүдийг хариуцагч компанийн өмчлөлийнх биш болохыг давхар нотолсоор байдаг. Дээрх байдлуудаар уг тоног төхөөрөмжүүдийг "ЭЦК-" ХХК-ийн хөрөнгөөр худалдаж аваагүй, мөн тус компанийн өмчлөлийн зүйл биш болох нь нотлогдсоор байхад анхан шатны шүүх энэ асуудлаар нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлаас давсан эрх зүйн дүгнэлт хийж, "тоног төхөөрөмж нь “ЭЦК-" ХХК-ийн хөрөнгө болсон" гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд зөрчсөн тул тоног төхөөрөмжүүдийг Я.Б- өөрийн хөрөнгөөр худалдаж авсантай холбоотойгоор 160 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу хууль бус гарсан шийдвэрийг бүхэлд хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, "ЭЦК-" ХХК-ийн барилга барихад оруулсан мөнгөн хөрөнгө 130 000 000 төгрөг, тоног төхөөрөмж худалдан авсан 160 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн "...Б.Г-оос 150 сая төгрөг гаргүүлан Я.Б-т олгохоор шийдвэрлэсэн..." хэсгийг эс хүлээн зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.  Анхан шатны шуүх хэргийн харъяалал зөрчсөн тухай: Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолтоор хариуцагч Б.Г- нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 39 дүгээр байрны 19 тоот хаягт оршин суудаг, мөн хариуцагч "ЭЦК-" ХХК нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 39 дүгээр байрны 19 тоот хаягт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг болох нь, харин хариуцагч Д.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суудаг болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа өрхийн бүртгэлийн дэвтрээр тус тус тогтоогдож, нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын хэн аль нь Нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суудаггүй. Иймээс тус иргэний хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасан хэргийн харъяаллыг зөрчиж байгаа тул уг иргэний хэргийг харъяаллын “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлүүлэх хүсэлтийг хариуцагч нарын зүгээс шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нь хэргийг харъяаллын дагуу шилжүүлүүлэх тухай хариуцагч нарын хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, хуульд заасан иргэний хэргийн харъяаллыг зөрчиж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн энэхүү үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтанд үндэслээгүй тухай: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Я.Б- нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох баримтаар заавал нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч Я.Б- нь "ЭЦК-" ХХК-ийн 500 000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг 130 000 000 төгрөгөөр үнэлэн Д.Б-д худалдаж, тус хувьцааны үлдэгдэл төлбөр болох 100 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн Б.Г-той зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч түүнийгээ нотлох баримтаар нотлож чадаагүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Тухайлбал, Я.Б-, Д.Б- нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Я.Б-, Б.Г- нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний алинд нь ч "ЭЦК-" ХХК-ийн 50 хувийн хувьцааг 130 000 000 төгрөгөөр үнэлэн худалдаж, түүнийгээ зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж байгаа тухай ямар нэгэн утга агуулга, үг үсэг байдаггүй. Гэтэл анхан шатны шүүх нь ...талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримт, утасны яриа зэргийг үндэслэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэ 130 000 000 төгрөг байсан, түүнийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь зөвхөн нэхэмжлэгч л компанийн хувьцааг 130 000 000 төгрөгөөр үнэлэн худалдсан гэж тайлбарладаг. Харин түүнийг нь хариуцагч хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр талуудын тайлбар гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Зөвхөн нэг талын бөгөөд бичгэн нотлох баримтаар нотлогдоогүй, нөгөө тал нь зөвшөөрөхгүй байгаа аман тайлбарыг шүүх үнэн зөв хэмээн үзэж, үндэслэх боломжгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэсэн гэж байгаа нь бас үндэслэлгүй. Компанийн хувьцааг 130 000 000 төгрөгөөр үнэлэн худалдсан, төлбөрийн үүргийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн тухай нэг ч бичгэн баримт хавтас хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж ирүүлсэн, хууль зөрчиж хийсэн утасны ярианы бичлэг гэгчид ч компанийн хувьцааг 130 000 000 төгрөгөөр үнэлэн худалдаж байгаа тухай үг яриа байдаггүй. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж, гуравдагч этгээд   болох   Б.Г-оор гүйцэтгүүлэхээр талууд тохиролцоогүй,    гэрээ хэлэлцээр   хийгээгүй   болохыг хариуцагч нарын зүгээс шүүхэд тайлбарласан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэсэн болсон явдал, бодит байдал ийм байхад анхан шатны шүүх нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 100 000 000 төгрөг, алдангийн төлбөрт 50 000 000 төгрөгийг Б.Г-оос гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Дээр дурдсан байдлаар анхан шатны шүүх нь тус иргэний хэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нэг ч нотлох баримтанд үндэслэлгүйгээр шийдвэрлэсний улмаас Баянгол дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчиж байх тул "...Б.Г-оос 150 сая төгрөг гаргүүлан Я.Б-т олгохоор шийдвэрлэсэн..." хэсгийг  хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Я.Б- нь хариуцагч “ЭЦК-” ХХК, Д.Б-, Б.Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 150 000 000 төгрөг, хөрөнгө оруулалт, хохиролд 501 000 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ. Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 113 900 000 төгрөг гаргуулж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 150 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг буюу 501 000 000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч Я.Б-, хариуцагч Б.Г- нар нь 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “ЭЦК-” ХХК-ийг 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар 50, 50 хувийн хувьцааг эзэмшихээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Я.Б- нь өөрийн эзэмшиж байсан “ЭЦК-” ХХК-ийн 50 хувийн хувьцааг хариуцагч Д.Б-д компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, шилжүүлсэн талаар маргаагүй. Харин хувьцааны үнийн талаар маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Г-оос зээлийн гэрээний үүрэгт 100 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 50 000 000 төгрөг, нийт 150 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа түүний аав Д.Б-д 130 000 000 төгрөгөөр худалдаж, 30 000 000 төгрөгийг авч, үлдэх 100 000 000 төгрөгийг хариуцагч Б.Г- зээлийн гэрээний үүрэг болгон төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй гэж тайлбарлажээ.

 

            Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний 2.4-т “ЭЦК-” ХХК-ийн өөрийн эзэмших 50 хувийн хувьцаа эзэмшигч болох худалдагч тал нь худалдан авагчид өөрийн эзэмшдэг 10 000 төгрөгийн үнэтэй 500 000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг худалдсан” гэж заажээ. /1хх 5-6 дугаар тал/

 

            Гэвч шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гар утасны ярианд үзлэг хийсэн тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч “талуудын хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн” гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ болон компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийн агуулга, эдгээр гэрээг нэг нотариатын газар буюу Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчаар, нэг өдөр гэрчлүүлж, нотариатын 429, 430, 431 дугаарт бүртгүүлсэн дардсаар 50 ширхэг хувьцааг 130 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /1хх 4-6 дугаар тал/

 

            Мөн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Я.Б-, Б.Г- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд 100 000 000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хүүгүй зээлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор тодорхой заасан байна./1хх 4 дүгээр тал

 

            Иймд шүүхээс компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг                   130 000 000 төгрөг байхаар тохиролцсон гэх үйл баримт тогтоогдсон гэж дүгнэхээр байна. Уг гэрээний үүрэг гүйцэтгэгч Д.Б- нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр буюу өөрийн хүү Б.Г-оор төлүүлэхээр үүргээ шилжүүлж, хариуцагч Б.Г- нь үүргийг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч Я.Б-тай харилцан тохиролцож компанийн эзэмших эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний үүргийг зээлийн гэрээний үүрэг болгон өөрчилсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

            Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.5 дахь хэсгүүдэд алданги төлөх талаар заасны дагуу нэхэмжлэгч Я.Б- гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй. Хугацаа хэтэрсэн хоног нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 994 хоног байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар нэг хоногийн алдангийн хэмжээг тогтооход 100 000 000 х 0.1 % = 10 000 төгрөг, хэтрүүлсэн хугацаагаар тооцоход 95 424 000 төгрөг болохоор байх ба нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг 50 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй байх тухай хуулийн шаардлагад нийцжээ.

 

            Иймээс анхан шатны шүүх хариуцагч Б.Г-оос 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 100 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 50 000 000 төгрөг, нийт 150 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Б-т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч “Элс цамхаг констракнш” ХХК-аас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах 1 400 м.кв талбай бүхий газар дээр үйлдвэрийн зориулалттай 1 152 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр барихад тухайн барилгад 130 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 160 000 000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас оруулж ирсэн, хөрөнгө оруулалтын дээрх мөнгийг цаг тухайд нь төлөөгүйн улмаас бусдаас зээлсэн мөнгөний хугацаа хэтрүүлсэний хүү, алданги төлсөн болон ханшийн алдагдал үүссэн зэргээс болж 211 000 000 төгрөгийг төлж хохирсон гэж нийт 501 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх боловч үйлдвэрийн тоног төхөөрөмж болон бусад зүйлсийг “ЭЦК-” ХХК-ийн өмнөөс төлж, улмаар тухайн тоног төхөөрөмж хариуцагч байгууллагын өмчлөлд шилжсэн, түүний зардлыг гаргасан гэх байдлыг эргэлзээгүйгээр нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

            Иймд шүүхээс Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан 501 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Я.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Мөн шүүхээс зээлийн гэрээний үүрэгт 113 390 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгө гэх агуулгаар тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны 5029620981 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хариуцагч Д.Б- 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 20 000 000 төгрөг, мөн өдөр П.Энхжаргалын данснаас 30 000 000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр П.Баатарын данснаас 30 000 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Б.Г-ын данснаас 10 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 390 000 төгрөг тус тус шилжиж, нэхэмжлэгчийн дансанд нийт 113 390 000 төгрөг орсон болох нь тогтоогдож байна./1хх 79-84 дүгээр тал/ Мөн П.Энхжаргал, П.Баатар нарын гэрчийн мэдүүлгээр Б.Г-ын өмнөөс нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

            Дээрх мөнгийг нэхэмжлэгч газар эзэмших эрх шилжүүлсэний төлбөрт авсан, зээлээгүй гэх агуулгатай тайлбар гарган газар эзэмших эрх шилжүүлсэн баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна. Уг гэрээнд тусгагдсан нэмэлт нөхцөл, агуулгад гэрээний үнийн талаар болон хариу төлбөртэй, төлбөргүй талаар заагаагүй. /1хх 38 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д.Б-гаас шилжүүлсэн 20 000 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр П.Энхжаргалын нэрээр шилжүүлсэн 30 000 000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баатарын нэрээр шилжүүлсэн 30 000 000 төгрөг, нийт 80 000 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэгчид шилжүүлснийг 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан үйл баримттай, газар эзэмших эрхийг шилжүүлсэн хугацаатай тохирч байх тул уг мөнгийг тухайн газрын эзэмших эрхийн төлбөрт тооцон хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзнэ. Харин нэхэмжлэгч газар эзэмших эрхийг 150 000 000 төгрөгөөр худалдсан гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нараас нэхэмжлэгчид шилжүүлсэн бусад мөнгийг газрын төлбөрт шилжүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй.

 

            Түүнчлэн, хариуцагч нар нь нэхэмжлэгчид шилжүүлсэн дээрх 113 390 000 төгрөгөөс газрын төлбөрт дээрх байдлаар шилжүүлсэн нь тогтоогдсон 80 000 000 төгрөгийн үлдэх хэсэг 33 390 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд нэг тал мөнгөн хөрөнгийг шилжүүлж, нөгөө тал нь буцааж төлөх үүрэг хүлээсэн байх ёстой. Гэтэл хариуцагч нар зөвхөн нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн гэх үйл баримтыг нотолсон байх боловч буцааж төлөх үүрэгтэйгээр буюу хариу төлбөртэй нөхцөлөөр мөнгийг шилжүүлсэн гэсэн байдлыг нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

            Харин талуудын хийж байгаа өр төлбөрийг зөвшөөрөн мөнгө төлсөн үйлдэл зэргээс дүгнэвэл, газар эзэмших эрх шилжүүлсэн өдөр байгуулагдсан гэрээний дагуу тухайн үед шилжүүлсэн мөнгийг газар эзэмших эрхийг худалдсантай холбоотой төлбөр гэж харьцуулан үнэлэх боломжтой. Үлдэх төлбөрийг он, сар, өдрөөр нь харьцуулан үзвэл газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой шилжүүлсэн төлбөр гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь тухайн гэрээ байгуулсан үед шилжүүлсэн мөнгө биш байна.

 

Иймд хариуцагч нар зээлийн гэрээний үүрэг гэж нэхэмжлэгчээс шаардах эрхгүй. Энэ нь өөр бусад үндэслэлээр шаардлага гаргах, эсхүл талуудын хооронд үүссэн өөр харилцааны талаарх асуудлыг энэ шүүхийн шийдвэр хөндөөгүй болно.

 

            Мөн шүүх нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 3 412 950 төгрөг төлөхөөс           1 065 900 төгрөг, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжид 1 540 800 төгрөг төлөхөөс 724 900 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан дутуу төлсөн тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох тэмдэгтийн хураамжийг тооцон, хариуцагч Б.Г-оос гаргуулсан нь үндэслэлтэй болжээ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 1 607 950 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 907 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

                   

                                                                                           С.ЭНХТӨР