Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/01030

 

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/01030

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

                

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ....дүгээр хороолол, ...ийн гудамж, 34-19 тоотод оршин суух, ... овогт ...гийн ... /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, ...а-... тоотод оршин байх, ... ХХК /РД: 5811724/, /гүйцэтгэх .../,

 

Хариуцагч: .. дүүрэг, ... дүгээр хороо, .... дугаар хороолол, ...ын гудамж, 9а-132 тоотод оршин суух, ... овогт ...ын .../ /РД: ..../,

 

Хариуцагч: ... дүүрэг, ...дугаар хороо, ... гудамж, ... тоотод оршин суух, ...овогт ...гийн ... /РД: .../ нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 101,100,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 501,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 113,900,000 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Б, хариуцагч Б.Г, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Э.Ц.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Я.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Я.Б нь Э.Ц.К ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг, үлдэх 50 хувийг Д.Б эзэмшдэг бөгөөд тус компани нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллоос баруун тийш 500 метрт зам дагуу байрлах 1,400 м/кв газар эзэмшдэг. Тухайн эзэмшлийн газар дээрээ компанийн хувьцаа эзэмшигчид болох Я.Б, Д.Б бид нар ярилцаад 2016 оноос 2017 оны хооронд 1,152 м/кв хэмжээтэй /гүйцэтгэл нь 90 хувьтай байгаа/ үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьсан. Энэхүү барилгын барихад миний бие 130,000,000 төгрөгийг зарцуулсан, Д.Б мөн адил хэмжээний хөрөнгө оруулсан. Гэтэл энэ хавар Д.Б нь өөрийн хүү Б.Гын хамт надтай уулзаад компанийнхаа хувьцааг зарчих гэх саналыг тавихад нь би энэ барилгын барихад оруулсан 130,000,000 төгрөгөөр зарна гэхэд тэд зөвшөөрсөн. Ингээд компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дууссан тул төлбөрөө төлөхийг шаардахад төлөхгүй өдийг хүрлээ. Улмаар миний 130,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан үл хөдлөх хөрөнгийг маань худалдахаар зар тавьчихсан намайг хохироож байна. Иймд Я.Б, Д.Б бидний хооронд байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Э.Ц.К ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Я.Б намайг тогтоож өгнө үү. Мөн зээлийн гэрээний дагуу Б.Гоос үлдсэн зээлд 100,000,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 11 хоногийн алданги 1,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Тус компанийн эзэмшилд байгаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын баруун талд 500 метрт байрлах 1,400 м/кв талбай бүхий газар дээр үйлдвэрийн барилга барихаар бид тохиролцож, би Отгонням гэх танилаасаа 290,000,000 төгрөгийг зээлж, үүнээс 130,000,000 төгрөгийг тус барилгын ажилд зарцуулсан ба барилгын ажил одоо 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Үүний дараа миний би нь 160,000,000 төгрөгөөр Бүгд Найрамдах Хятад Ард улсаас үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг Э.Ц.К ХХК-ийн нэр дээр оруулж ирж тус компанийн байранд буулгасан. Гэтэл Д.Б, Б.Г нар нь намайг залилж миний хувьцааг авсан. Үүний улмаас би бусдад 290,000,000 төгрөгийг хүү, алданги, долларын зөрүүний хамт 501,000,000 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан, одоогоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөөд байна.

 

Иймд Э.Ц.К ХХК-д хөрөнгө оруулсан 290,000,000 төгрөг маань хүү, алданги, валютын ханшийн зөрүүний хамт 501,000,000 төгрөг болсон тул энэ хохирлыг хариуцагч Э.Ц.К ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

 

Хариуцагч Д.Б, Б.Г нар нь Э.Ц.К ХХК-ийн 50 хувийн хувьцааг надаас залилж авсан даруйдаа бусдад их хэмжээний зээлийн барьцаанд тавьсан байгааг шүүхэд өргөдөл өгснийхөө надаа миний бие олж мэдсэн болно. Иймд өртэй компанийн 50 хувийн эзэмшигч болох шаардлагагүй тул миний бие нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа компанийн эзэмших эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах-худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Э.Ц.К ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож өгнө үү гэх хэсгээсээ татгалзаж байна.

 

Хариуцагч Б.Г нь 100,000,000 төгрөгийг надаас зээлж авч байгаагүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Я.Баас 113,390,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б.Г нь надтай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 100,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээг байгуулах болсон үндэслэл нь би Элст цамхаг констрашн ХХК-ийн 50 хувийн хувьцааг Б.Г, Д.Б нарт 130,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд 30,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Үлдсэн 100,000,000 төгрөгийг зээлийн гэрээгээр байгуулсан. Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь харилцан тохирч үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэх үүргийг солих нь Иргэний хуулиар зөвшөөрөгдсөн байдаг тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох нэхэмжлэгч Я.Баас 113,390,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй байна. Учир нь 2013 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр аав Д.Бгийн дансаар 20,000,000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр ээж П.Энхжаргалын дансаар 30,000,000 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр н.Баатарын дансаар 30,000,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б.Г өөрийнхөө дансаар 10,000,000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б.Г өөрийнхөө дансаар 3,000,000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр аав Д.Бгийн дансаар 10,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Б.Г өөрийнхөө дансаар 10,000,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Б.Г өөрийнхөө дансаар 390,000 төгрөг, нийт 113,390,000 төгрөгийг зээлж авсан гэж байна. Би дээрх дурдсан хүмүүсээс зээл авч байгаагүй бөгөөд шилжүүлсэн гэх мөнгө нь миний өмчлөлийн Их засаг их сургуулийн дэргэдэх газрыг 150,000,000 төгрөгөөр худалдан авч, үүний төлбөр болох мөнгийг Б.Г над руу шилжүүлсэн.

 

Мөн хариуцагч Б.Г нь хавтаст хэрэгт хуурамч нотлох баримтууд бүрдүүлж өгсөн байна. Хууль бусаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, түүнийгээ буцаан хүчингүй болгох баримт бүрдүүлэн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газарт хандаж байсан. Энэ асуудлыг тухайн үеийн улсын бүртгэлийн байцаагч эрх бүхий албан хаагч надад мэдэгдсэн. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс мөнгө болон бусад эд хөрөнгийг зээлдэгчийн эзэмшилд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд хариуцагч нь миний эзэмшлийн данс руу 113,390,000 төгрөгийг шилжүүлсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байгаа учраас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Ц.К ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нийн гаргасан тайлбарт: Хэрвээ 50 хувийн хувьцаанаасаа татгалзаж байгаа бол компанийн эрх шилжүүлэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээнүүд дээр тайлбар хийхгүй гэж ойлгож байна. Нэхэмжлэгч Я.Б нь Элст цамхаг констрашн ХХК-д 290,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний хүү, алдангийн хохиролд 501,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Я.Бын нэхэмжлэл болон тайлбарт нь хөрөнгө оруулалтыг 130,000,000 төгрөгөөр хийсэн гэж ярьдаг. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд хөрөнгө оруулалтыг 230,000,000 төгрөгөөр хийсэн гэж байна. 130,000,000 төгрөг болон 230,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй байна гэдэг нь 2 удаагийн үзлэгээр тогтоогдож байгаа. Я.Б нь анх нэхэмжлэл өгснөөсөө хойш буюу 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүндээ 290,000,000 төгрөгийг н.Отгонням гэх хүнээс зээлээд 130,000,000 төгрөгийг үйлдвэрийн барилга барихад зарцуулсан гэж ярьдаг. Тэхээр 290,000,000 төгрөгийг Я.Б Элст цамхаг констрашн ХХК-д оруулаагүй гэдгээ өөрөө нотолж байгаа. Мөн 130,000,000 төгрөгийг гаргаад үйлдвэрийн байранд зарцуулсан гэж байгаа боловч энэ нь нотлогдоогүй. Тоног төхөөрөмжийн болон мөнгөн хэлбэрээр хөрөнгө оруулсан гэх нотлох баримт байхгүй учраас Элст цамхаг констрашн ХХК хариуцахгүй гэж байгаа.

 

Я.Б нь 160,000,000 төгрөгөөр Бүгд Найрамдах Хятад Ард улсаас үйлдвэрийн зориулалтай тоног төхөөрөмж оруулж ирсэн гэж байгаа боловч ямар зориулалттай тоног төхөөрөмж оруулж ирсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн шүүхээс хийсэн үзлэгээр өөрийнхөө эзэмшлийн газартаа буулгасан зүйлээ Элст цамхаг констрашн ХХК-ийн байранд байгаа, миний оруулсан хөрөнгө оруулалт учраас энэ мөнгийг гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй. Тэгээд 290,000,000 төгрөгийг бусдад төлөхөөр шийдвэр гаргасан. Энэ шийдвэр 501,000,000 төгрөг болсон гэж байгаа нь Я.Бын өөрийнх нь хувийн Ёлын цом ХХК-иийн өр төлбөрийг бусдаас гаргуулах гэсэн арга юм. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас ирсэн албан бичгэнд Ёлын цом ХХК нь Я.Бын өмчлөлийн гээд өнөөдрийн үзлэг хийсэн газрын нэрийг зааж байгаа. Хавтаст хэргийн 134-135 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгч Я.Бын өөрийнх нь гаргасан шаардлага хангахгүй хятад хэл дээрх баримтууд байгаа. Энэ баримтаар Хятадаас тоног төхөөрөмж оруулж ирсэн гэх бөгөөд энэ нь 160,000,000 төгрөгийн хөрөнгө гэж хэлж байгаа бол энэ зүйл нь өөрөө үндэслэлгүй. Хөрөнгө оруулалт хийсэн гэдэг мөнгөө буцааж авах гэж байгаа асуудал нь Элст цамхаг констрашн ХХК-ийн хувьцаа эзэмшигч, тус компанийн субъектийн хувьд хамааралтай болж тайлбарлахаас өөр аргагүй байгаа. Элст цамхаг констрашн ХХК 2 гишүүнтэй байхад Я.Б нь хувьцаа эзэмшигч байсан. Гэхдээ Я.Б нь 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдөр тус компанийн хувьцаагаа өөрийн сайн дурын үндсэн дээр зарсан гэв.

 

Хариуцагч Б.Г, Д.Б нарын шүүхэд гаргасан тайлбарт болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Б.Г, Д.Б нар нь энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй. Д.Б, Я.Б нарын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй учраас Я.Бын өмнө үүрэг, хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Д.Бгийн эд хөрөнгө нь битүүмжлэгдээд нэг жилийн хугацаа өнгөрөөд хохирч байгаа. Д.Бгаас юу шаардаж, нэхэмжилж байгаа нь тодорхой бус учраас хариуцагч биш гэж үзэж байна. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах гээд дурдаад өнгөрсөн гэж харж байгаа. 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдөр 30,000,000 төгрөгийг надад өгч, үлдсэн 100,000,000 төгрөгийг түүний гуйлтаар Б.Гтой зээлийн гэрээ байгуулсан гээд дурдаад өнгөрсөн. Түүнээс биш Б.Гоос 100,000,000 төгрөгийг гаргуулна гэснийг нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэсгээс харагдахгүй байна. Мөн Б.Гоос 100,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 18 хоногийн алданги 1,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 100,000,000 төгрөгийг зээлсэн мэт зээлийн гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Зээл гэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээрээ тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр тус тус заасан байдаг. Тэхээр уг зээлийн гэрээ нь Я.Б болон Б.Г нарын хооронд байгуулагдаагүй.  Ийм учраас нэхэмжилж байгаа мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Б.Г, Д.Б нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие Б.Г 2017 оны 5 дугаар сард иргэн Батбаяртай уулзахад за дүү, ахад нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл ирсэн, нийт 501 сая төгрөгийг надаас албадан гаргуулах гэж байна. Э.Ц.К ХХК-ийн миний эзэмшлийн 50 хувийг 100,000,000 төгрөгөөр авбал ав, үгүй бол гүйцэтгэх ажиллагаагаар алга болвол хохь чинь болно шүү гэж хэлээд явсан. Улмаар 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 17/11 тоот Э.Ц.К ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж иргэн Я.Б өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа манай аав Д.Бд шилжүүлж бид гурвын дундах төлбөр тооцоо бүрэн төлөгдсөнд тооцсон. Үүнд крантай автомашиныг Батбаяр өөртөө авах, 2014 онд компанид авсан тоног төхөөрөмжөө өөртөө авах зэрэг аман хэлцлүүд хийсэн. Уг гэрээ хийгдэж дуусаад Я.Б нь 501 сая төгрөг төлөх тухай шүүхийн шийдвэрээрээ далайлган надтай 100 сая төгрөгийн гэрээ хийсэн тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

 

Б.Г, Д.Б бид Я.Баас 113,390,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь Я.Б нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ дутуу баригдсан барилгыг дуусгах зорилгоор өөрийн дансаараа дараахь мөнгийг манай талаас зээл хэлбэрээр авч, удахгүй их хэмжээний мөнгө бүтэхээр өгнө гэж хэлсэн. 2013 оны 1 дүгээр сард Д.Бгаас дансаар 20,000,000 төгрөг, мөн өдрөө П.Энхжаргалаас дансаар 30,000,000 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баатараас дансаар 30,000,000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б.Гоос дансаар 10,000,000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б.Гоос 3,000,000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Д.Бгаас дансаар 10,000,000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 3-ны өдөр Б.Гоос дансаар 10,000,000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Б.Гоос 390,000 төгрөгийг тус тус дансаар авсан. Иймд Я.Баас 113,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Б нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Э.Ц.К ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 101,100,000 төгрөг гаргуулах, Э.Ц.К ХХК-д хөрөнгө оруулсан 290,000,000 төгрөгийн хүү, алданги, валютын ханшийн зөрүү 501,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нар нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 113,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тус тус гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Я.Б нь нэхэмжлэлийн шаардлагынхаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Э.Ц.К ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох тухай хэсгээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай харшлаагүй байна.

 

Э.Ц.К ХХК-ийг 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч Я.Б, хариуцагч Б.Г нар 50, 50 хувийг нь эзэмшихээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тус компани 3 жил гаран үйл ажиллагаа явуулсны эцэст нэхэмжлэгч Я.Б нь өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа хариуцагч Д.Бд 130,000,000 төгрөгөөр худалдахаар 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцож компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Я.Б нь өөрийн эзэмшиж байсан Э.Ц.К ХХК-ийн 50 хувийн хувьцааг хариуцагч Д.Бд шилжүүлжээ. Гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэх 100,000,000 төгрөгийг хариуцагч Д.Б нь гуравдагч этгээдээр буюу өөрийн хүү Б.Гоор төлүүлэхээр үүргээ шилжүүлсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 2010.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. гэж заасантай харшлаагүй байна. Харин хариуцагч Б.Г нь үүргийг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч Я.Бтай харилцан тохиролцож компанийн эзэмших эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүргийг өөрчилж, зээлийн гэрээний үүрэг болгож, уг гэрээгээр Б.Г нь 100,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүүгүйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор Б.Год зээлдүүлсэн нь Монгол Улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн байна. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 2.5 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Я.Б гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй байна.

Гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл нийт 11 хоногийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д нийцүүлж буюу 1,100,000 төгрөгийг, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцүүлж үндсэн зээл буюу 100,000,000 төгрөгийг, нийт 101,100,00 хариуцагч Б.Гоос гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Э.Ц.К ХХК-ийг 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч Я.Б, хариуцагч Б.Г нар 50, 50 хувийг нь эзэмшихээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгч Я.Б, хариуцагч Б.Г нар нь Э.Ц.К ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах 1,400 м/кв талбай бүхий газар дээр үйлдвэрийн зориулалттай 1,152 м/кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн хөрөнгөөр 2016-аас 2017 оны хооронд барьсан бөгөөд нэхэмжлэгч Я.Б нь тухайн барилгад 130,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 160,000,000 төгрөгийн үнэ бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмж Бүгд Найрамдах Хятад Ард улсаас авчирсан гэжээ. Хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын мэдүүлэг, мөн шүүхээс талуудыг байлцуулан 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Хонхорын 1390-82 тоотод хийсэн үзлэгээр Э.Ц.К ХХК-ийн нэр дээр Монгол улсын хилээр оруулж ирсэн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, крантай автомашин байсан бөгөөд нэхэмжлэгч Я.Бын ... Ганболд эдгээр тоног төхөөрөмжийг манаачгүй газарт хадгалахаар хулгайд алдах гээд байна, танайд хадгалуулья гэж хэлсэн, би хадгалалт хамгаалалтыг нь хариуцаж байгаа гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт тогтоогдож байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 429.1-д зааснаар 290,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. Иймд харуцагч Э.Ц.К ХХК, Б.Г нараас 391,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 211,000,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Б.Г, Д.Б нар нь нэхэмжлэгч Я.Бт холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, зээлийн гэрээний үүрэгт 113,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Г, нэхэмжлэгч Я.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр Б.Г нь 100,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр хүүгүйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор Б.Год зээлдүүлсэн нь Монгол Улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн байна. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 113,900,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэвч нэхэмжлэгч Я.Батбаят 2013 оны 1 дүгээр сард Д.Бгаас дансаар 20,000,000 төгрөг, мөн өдрөө П.Энхжаргалаас дансаар 30,000,000 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баатараас дансаар 30,000,000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б.Гоос дансаар 10,000,000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 17-ны өдөр Б.Гоос 3,000,000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Д.Бгаас дансаар 10,000,000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 3-ны өдөр Б.Гоос дансаар 10,000,000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Б.Гоос 390,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэх боловч баримтаар нотлогдоогүй, мөн П.Энхжаргал, Баатар гэх хүмүүсийн зээлдүүлсэн гэх мөнгийг тэдний өмнөөс итгэмжлэлгүйгээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236.1.3, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Ц.К ХХК, Б.Г нараас 391,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 211,000,000 төгрөг холбогдох хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 663,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 663,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Баас 1,607,950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас 1,607,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР