Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 581

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00297 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/03049 тоот захирамжаар С.А-, Г.О- нараас 29 021 516 төгрөгийг гаргуулж “Х-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас олгосны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016498 дугаартай Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6 дугаар байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 49 828 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Төлбөр төлөгч С.А- миний бие дээрх хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хөндлөнгийн шинжээч зах зээлийн үнээс бага, бодитой бусаар үнэлэгдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016498 дугаартай Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6-р байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбайтай орон сууцыг үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү. Тухайн орон сууц нь зах зээлийн үнэлгээгээр үнэлэгдээгүй гэж бид гомддог. Банктай байгуулсан зээлийн гэрээнд барьцаан зүйл болох энэ орон сууцыг харилцан тохиролцож зах зээлийн үнийг бичсэн байдаг. Тиймээс ч сая шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангасангүй. Үнэлгээний мэдэгдлийг шуудангаас авчаад хуульд заасан хугацаанд гомдол гаргасан, хуулийн хугацаа хэтрүүлээгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/03049 дүгээр захирамжаар С.А-, Г.О- нараас 29 021 516 төгрөгийг гаргуулж Х-инд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч С.А-, Г.О нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016498 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6 дугаар байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “В” ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 60,373,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг өмчлөгч болон төлбөр төлөгч нарт 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/27222,4/27223 дугаартай мэдэгдлээр С.А-д хүргүүлж хамтран өмчлөгч нарт шуудангаар мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа буюу үнэлгээ тогтоосноос хойш 7 хоногийн дотор гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай С.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2020/00177 дугаартай захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж үндэслэл муутай шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч С.А- нь НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа буюу үнэлгээ тогтоосноос хойш 7 хоногийн дотор гомдлоо гаргаагүй гэж маргажээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 184/ШШ2018/03049 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч С.А-, Г.О нар нь 28 835 353 төгрөгийг “Х-” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 24 дүгээр тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч нь шүүгчийн дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч байгууллагаас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн арилжааны банкнууд дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлж, улмаар хариуцагч нь төлбөр төлөгчийн улсын бүртгэлийн Ү-2204016498 дугаартай Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6 дугаар байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19270653/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19270653/05 тоот тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Мөн талуудаас  үнийн санал авахад тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 410 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “В-” ХХК-ийг шинжээчээр томилж, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6 дугаар байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 49 828 000 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 73-90 дүгээр тал/

            Шийдвэр гүйцэтгэгч нь С.А- болон бусад төлбөр төлөгч, өмчлөгч нарт шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/27223, 4/27222 дугаартай мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн, мөн өдрийн 1700 цагт С.А- нь хариуцагч байгууллагад биечлэн ирж, үнэлгээний мэдэгдлийг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэгч санал хүсэлтийг асуусан нь түүний гарын үсэг зурсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Нэхэмжлэгч С.А- хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Иймд шүүхээс нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

 

                                       ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                        С.ЭНХТӨР