Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2020/00297

 

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2020/00297

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/03049 тоот захирамжаар С.А, Г.О нараас 29,021,516 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас олгосны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016498 дугаартай Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6 дугаар байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 49,828,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Төлбөр төлөгч С.А миний бие дээрх хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хөндлөнгийн шинжээч зах зээлийн үнээс бага, бодитой бусаар үнэлэгдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7-д заасны дагуу Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016498 дугаартай Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6-р байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбайтай орон сууцыг үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү.

Тухайн орон сууц нь зах зээлийн үнэлгээгээр үнэлэгдээгүй гэж бид гомддог. Банктай байгуулсан зээлийн гэрээнд барьцаан зүйл болох энэ орон сууцыг харилцан тохиролцож зах зээлийн үнийг бичсэн байдаг. Тиймээс ч сая шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангасангүй. Үнэлгээний мэдэгдлийг шуудангаас авчаад хуульд заасан хугацаанд гомдол гаргасан, хуулийн хугацаа хэтрүүлээгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/03049 дүгээр захирамжаар С.А, Г.О нараас 29,021,516 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч С.А, Г.О нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016498 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6 дугаар байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Виннэр Вэй ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 60,373,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг өмчлөгч болон төлбөр төлөгч нарт 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/27222,4/27223 дугаартай мэдэгдлээр С.Ад хүргүүлж хамтран өмчлөгч нарт шуудангаар мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа буюу үнэлгээ тогтоосноос хойш 7 хоногийн дотор гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/03049 дугаартай захирамжаар ...Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй С.А, Г.О нарт холбогдох гэрээний үүрэгт 28,835,353 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-24/ бөгөөд улмаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх захирамж гарч, 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна.

 

Нэхэмжлэгч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн Ү-2204016498 дугаартай Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6 дугаар байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн үнэлгээ 49,828,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарладаг.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж, 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч талаас 7 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо тус шүүхэд гаргасан гэдэг ч хариуцагч талаас 7 хоногийн дотор гомдлоо гаргаагүй, хугацаа хэтрүүлж шүүхэд хандсан гэх тайлбарыг хэлдэг.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.А болон бусад төлбөр төлөгч, өмчлөгч нарт шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хөрөнгийн үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/27223, 4/27222 дугаартай мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн, мөн өдөр үнэлгээний мэдэгдлүүдийг С.Ад биечлэн хүлээлгэн өгч, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлж баримтад гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 55 дугаар зүйлийн 55.3-т заасантай нийцэж байна.

 

Тодруулбал, хариуцагч НШШГГ нь хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-ийн гаргасан 2019 оны 11 сарын 29-ний өдрийн үнэлгээг /хх 73-90/ нэхэмжлэгч С.Ад мэдэгдсэн байх бөгөөд түүнтэй 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 17 цаг 00 минутанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 403 тоот өрөөнд уулзаж үнэлгээний мэдэгдлүүдийг хүлээлгэн өгч, тайлбарлаж, санал хүсэлтийг асуусан талаарх тэмдэглэл болон мөн өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн мэдэгдэл хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан гэх тайлбар үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч С.А хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо буюу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6 дугаар байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбайтай, Ү-2204016498 дугаартай орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтэрсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай С.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2020/00177 дугаартай захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ