Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00854

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00297 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 581 дүгээр магадлалтай,

*******гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.11-ний өдрийн 182/ШШ2018/03049 тоот захирамжаар *******, Г.Очирпүрэв нараас 29,021,516 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас олгосны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016498 дугаартай Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6 дугаар байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 49,828,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Төлбөр төлөгч ******* миний бие дээрх хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хөндлөнгийн шинжээч зах зээлийн үнээс бага, бодитой бусаар үнэлэгдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7-д заасны дагуу Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016498 дугаартай Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6-р байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбайтай орон сууцыг үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү. Тухайн орон сууц нь зах зээлийн үнэлгээгээр үнэлэгдээгүй гэж бид гомддог. Банктай байгуулсан зээлийн гэрээнд барьцаан зүйл болох энэ орон сууцыг харилцан тохиролцож зах зээлийн үнийг бичсэн байдаг. Тиймээс ч сая шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангасангүй. Үнэлгээний мэдэгдлийг шуудангаас авчаад хуульд заасан хугацаанд гомдол гаргасан, хуулийн хугацаа хэтрүүлээгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.11-ний өдрийн 184/ШШ2018/03049 дүгээр захирамжаар *******, Г.Очирпүрэв нараас 29,021,516 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч *******, Г.Очир-Пүрэв нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016498 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6 дугаар байрны 12 тоотод байрлах 26 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Виннэр Вэй ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 60,373,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг өмчлөгч болон төлбөр төлөгч нарт 2019.11.29-ний өдрийн 4/27222, 4/27223 дугаартай мэдэгдлээр *******д хүргүүлж хамтран өмчлөгч нарт шуудангаар мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа буюу үнэлгээ тогтоосноос хойш 7 хоногийн дотор гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00297 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2020/00177 дугаартай захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 581 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7-д заасан хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч ******* нь Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалан дахь Төмөр замын 6-р байрны 12 тоот орон сууцыг үнэлсэн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019.12.06-ны өдөр шуудангаар хүлээн авч мэдсэн ба тухайн өдрөөс ШШГТХуулийн 55-р зүйлийн 55.7-д заасан хугацаа тооцогдох ёстой гэж бодож байна. Гэтэл үүнийг харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бус бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдсан боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166-р зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00297 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.16-ны өдрийн 581 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ******* Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.11-ний өдрийн 03049 дугаартай Шүүгчийн захирамжаар Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 28,835,353 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч *******, Г.Очирпүрэв нар хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.   Дээрх захирамжид заасан хугацаанд хариуцагч нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Хас банк ХХК шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан, шүүхийн шийдвэрт 2019.03.15-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дахь Төмөр замын 6 дугаар байрны 12 тоот орон сууцыг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн саналаа өгөхийг талуудад мэдэгджээ.

Төлбөр төлөгч ******* бусдын хөрөнгийг дур мэдэн үнэлж, санал өгөх боломжгүй үндэслэлээр үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг тогтоолгохоор Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

3.   Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 49,282,000 төгрөг болохыг тодорхойлж ирүүлснийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, үнэлгээг 2019.11.29-ний өдөр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн байна.

4.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс бага, бодитой бусаар үнэлсэн... гэж тайлбарласан,

Хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, ...хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй... гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

5.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

6.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нэхэмжлэгч нь үнэлгээний талаар хуульд заасан хугацаанд гомдол гаргасан, хугацааг буруу тооцсон ...тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч 2019.11.29-ний өдөр төлбөр төлөгч *******тай биечлэн уулзаж, хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 91 дүгээр талд авагдсан Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч 2019.12.13-ний өдөр үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Улмаар шинжээч Виннэр Вэй ХХК нь тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, хөрөнгийн байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож байгаа үнэ, цэнийг жишиж судалгаа хийж, харьцуулсны үндсэн дээр үнэлгээний дүнг нэгтгэн үнэ, цэнийг тогтоосон тул үнэлгээг зах зээлийн үнээс бага, бодитой бус үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00297 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 581 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2020.04.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОЛМОН

                                                             ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА 

                                                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                                    Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД