Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 579

 

 

 

 

 

 

 

 

 

О.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00161 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “П-” ХХК-д холбогдох

 

“П-” ХХК-ийн эзэмшил өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1 000 м.кв талбайг гаргуулан О.Эрдэнийн эзэмшил өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь “П-” ХХК-ийн захирал Г.Ц-той гэрээ байгуулж 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 400 000 000 төгрөгийн нэг сарын 10 хувийн хүүтэй, нийт хоёр сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссаны дараа “П-” ХХК-ийн зүгээс зээлсэн мөнгө өгөх боломжгүй байна, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгаас талбай авах санал тавьсан. О.Э- миний бие энэхүү саналыг нь судалж үзээд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ 29/04/16/Х1 тоот гэрээ байгуулсан. Агуулга нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн баригдаж буй Буман залуус цогцолбор хорооллын 1 дүгээр ээлжинд ашиглалтанд орох орон сууцны барилгын авто замд хамгийн ойр байрлах байрны үйлчилгээ болон орон сууцны зориулалттай талбайгаас өөрийн сонголтоор 1 000 метр квадрат талбай авах. Энэхүү гэрээгээр 1 000 метр квадрат талбайн үнийг 774 000 000 төгрөг гэж талууд харилцан тохиролцсон бөгөөд, өмнө нь өгсөн 400 000 000 төгрөг түүний хүү алданги дээр нэмж 127 000 000 төгрөгийг “П-” ХХК-д өгснөөр төлбөр төлөгдөж дуусахаар болсон. О.Э- би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч компанийн зүгээс талбай өгөх талаар ямар ч үйлдэл хийхгүй, олон удаа шаардахад тоймтой хариу өгөхгүй, одоо утсаа авахгүй байгаа тул 29/04/16/Х1 тоот гэрээнд заасан 1 000 метр квадрат талбайгаа авахаар нэхэмжлэл гаргаж байна. Миний 15 хувийн хувьцааг нь эзэмшдэг “А- ББСБ” ХХК нь “П-” ХХК-д холбогдуулан дээр дурьдсан мөнгөтэй холбоотойгоор 741 400 000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч маргаж буй мөнгийг О.Э- “П-” ХХК-д зээлүүлсэн байна, өөрөөр хэлбэл жинхэнэ нэхэмжлэгч нь “А-” ХХК биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. “П-” ХХК-ийн эзэмшил өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1 000 метр квадрат талбайг гаргуулан О.Эрдэнийн эзэмшил өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Э-, “П-” ХХК-ийн захирал Г.Ц-той байгуулсан зээлийн гэрээ огт байхгүй болох нь тогтоогдсон. Харин “Альянс финанс групп” ХХК, “П-” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд “АФГ ББСБ” ХХК-ийг төлөөлж О.Э-, “П-” ХХК-ийг төлөөлж Г.Ц- нар гэрээнд гарын үсэг зурсан байна. О.Э- нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын       19-ний өдрийн 2740 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 68 тоот магадлалаар “АФГ ББСБ” ХХК, “П-” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй болохыг тогтоосон байна. Учир нь “АФГ ББСБ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд буюу О.Э- гэрээнд гарын үсэг зурсан болохыг тогтоожээ. Шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар О.Э- нь “АФГ ББСБ” ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр чөлөөлөгдсөн атлаа 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “П-” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ. Харин энэ шийдвэрээр гэрээний зүйл болох 400 000 000 төгрөг хэний мөнгө болохыг тогтоогоогүй байна. Энэ асуудал одоо ч бүрхэг хэвээр байгаа юм. Гэтэл энд дурдагдаж байгаа шүүхийн шийдвэр, магадлал гаргахаас өмнө яг энэ 2740 дугаартай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхэнд “А- ББСБ” ХХК-ийг О.Э- би бүрэн төлөөлөх эрхтэй, энэ мөнгө миний мөнгө байсан гэж “П-” ХХК-д итгүүлж, өөрөөр хэлбэл төөрөгдүүлж иргэн О.Эрдэнийн нэрээр “П-” ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн эвлэрлийг батлах гэрээ, мөн өдрийн 29/04/16/Х1 дугаар бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан байдаг. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн эвлэрлийг баталсан гэрээгээ шүүхэд өгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03871 дугаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Энэхүү эвлэрлийг баталсан захирамж гармагц “А- ББСБ” ХХК, иргэн О.Э- нарын хэн нь төлбөрийг авах вэ гэдэгт маргаж эхлэхэд хэрэг хянан шийдвэрлэж байсан З.Доржнамжин шүүгч өөрийнхөө гаргасан 102/ШШ2016/03871 дугаар бүхий зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийг 124.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ20217/02125 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Улмаар дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан ердийн журмаар үргэлжилж “А- ББСБ” ХХК-ийн “П-” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 2740 дүгээр шийдвэр гарсан, энэ шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00068 тоот магадлалаар хэвээр баталсан. Эндээс харахад “П-” ХХК, иргэн О.Э-тэй ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 29/04/16/Х1 дугаар бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээ ямар зорилгоор хийгдсэн болох, шүүх уг гэрээний агуулгыг яаж дүгнэсэн нь дээрх баримтуудаас тодорхой харагдана. Нөгөө талаас “А-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн буюу 85 хувийн хувьцаа эзэмшигч Ү Жан Гү 15 хувийн хувьцаа эзэмшигч О.Э- нарын хоорондын эд хөрөнгийн маргаан өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй шүүх шатанд байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж хуульчилсан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудлыг шинжлэн судалж О.Э-ийн “П-” ХХК-тай байгуулсан гэх 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 29/04/16/Х1 дугаар бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээний агуулгыг шүүхээс нэгэнт дүгнэлт хийж хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан болохыг О.Э-, “П-” ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй болохыг, иргэн О.Э-д үйлчилгээ, орон сууцны зориулалттай 1 000 метр квадрат талбай өгөх үүргийг “П-” ХХК хүлээхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “П-” ХХК /РД:5086418/-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1 000 м.кв талбайг нэхэмжлэгч О.Э-ийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, 0Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 028 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид                   4 028 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл байгааг огт харгалзан үзсэнгүй. Хариуцагч "П-" ХХК нь "А-" ББСБ-ын захирал О.Э-тэй байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Эвлэрлийг батлах гэрээний биелэлтийг хангах зорилгоор мөн өдрөө иргэн О.Э-тэй 9/04/16/Х1 дугаар бүхий "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан байдаг. Үүний шалтгаан нь "А-" ББСБ-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасантай холбоотой бөгөөд тус шүүхээс бидний эвлэрлийг баталж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03871 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсаны дараа нэхэмжлэгчийн төлөөлөх эрх маргаантай болсон тул уг захирамжаа шүүх эргэн харж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/Ш32017/02125 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг юм. Тэгэхээр эвлэрлийн гэрээ, зөвхөн эвлэрлийн гэрээний биелэлтийг хангах зорилгоор байгуулсан "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" нь дээрх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2017/02125 дугаар захирамжаар хүчингүй болсон байхад 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 29/04/16/Х1 дугаар бүхий “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” ямар зорилгоор хийгдсэн болох, шүүх уг гэрээний агуулгыг яаж дүгнэсэн зэргийг шүүх харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нөгөө талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2740 дугаартай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “А- ББСБ” ХХК-ийн нэхэмжилж байгаа хөрөнгө О.Эрдэнийн хөрөнгө гэсэн тайлбарыг дэмжиж оролцсон байна гэж буруутгадаг. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2740 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00068 дугаар магадлалаар О.Э- бол ББСБ-ыг төлөөлөх эрхгүй байж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдгийг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн болохоос энэ О.Эрдэнийн мөнгө байжээ, О.Э- 10 хувийн хүүтэй зээл олгосон тул О.Э-д 400 000 000 төгрөгийг 624 000 000 төгрөг болгож төл гэсэн шүүхийн шийдвэр биш юм. Харин нөхцөл байдлыг тодруулж дүгнэлт хийх юм бол О.Э- өөрийн эрх мэдлээ ашиглаж манай “П-” ХХК-ийн барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ББСБ-ээс өөрийн гар дээр авчихаад өөртөө ашигтай тайлбар өгүүлж биднийг дарамталж, илтэд ашиггүй хохиролтой гэрээ хийчихээд, өнөөдөр түүнийхээ биелэлтийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж маргадаг. Нөхцөл байдлыг ойлгомжтой байдлаар цаг хугацааны дараалалд оруулбал, анх зээл авахдаа "П-" ХХК нь "А-" ББСБ байгууллагаас зээл авч байна гэж ойлгож байсан. О.Эрдэнийг албан ёсны захирал гэж ойлгож байсан. Зээлийг сарын 10 хувийн хүүтэй гэдгийг ББСБ гэдэг утгаар хүлээн зөвшөөрч байснаас хувь хүнэус 10 хувийн хүүтэй зээл хэзээ ч авахгүй байх байсан. ББСБ-аас шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн өр төлбөрийг яаж төлж барьцааны хөрөнгөө чөлөөлүүлэх вэ гэж л бодож байсан. Учир нь шийдвэр гүйцэтгэлээс манай компанийн үйл ажиллагааг зогсоож, бүх хөрөнгийг битүүмжилсэн. Яг энэ үед О.Э-тэй 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 29/04/16/Х1 дугаар бүхий "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан бөгөөд О.Эрдэнийг захирал гэж л бодсоор байсан. Ингээд эвлэрчихээд эвлэрлээ шүүхээр батлуулчихаад байж байтал АФГ ББСБ, О.Э- хоёрын хэн нь нэхэмжилсэн төлбөрөө авах уу гэдэг маргаан гарсанаар О.Эрдэнийн төлөөлөх эрхгүй этгээд болох нь тодорхой болсон. Гэтэл энэ үед манай барьцааны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг О.Э- гар дээрээ авчихсан байсан тул бид О.Э-тэй харьцахаас өөр аргагүй болсон. Эргээд харахад ББСБ-аас зээл олгож байна гэж, би захирал нь гэж О.Э- биднийг хуурч мэхэлсэн байна. мэхэлсэн үйлдэл, 10 хувийн хүүтэй мөнгө хүүлж буй үйлдэл, ББСБ-аас манай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хулгайлан авч өөртөө давуу байдал бий болгосон үйлдэлийг хэнч анзаарахгүй хариуцлага тооцохгүй, харин ч өөгшүүлж, хууль бусаар хөрөнгөжих нөхцөл бололцоогоор хангаж өгч байна. Өнөөдрийг хүртэл АФГ ББСБ-аас О.Э- манайхыгтөлөөлөх эрхгүй, манайхаас иххэмжээний мөнгөашигласан, манай ББСБ-ын сэйфэнд байсан П- ХХК-ий барьцааны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хулгайлсан гэдэг гомдол тайлбарыг гаргасан байдаг. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 40, 41 дүгээр зүйлд заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, талуудын хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл энэ мөнгө О.Эрдэнийнх юм бол 10 хувийн хүү олгох ямар үндэслэл байна, хүү алданги төлөх үүрэг “П-” ХХК-д яаж үүссэн юм гэдгийг хэн ч авч хэлэлцсэнгүй, илтэд хохиролтой хэлцэлийг талууд хүсэл зоригийн илэрхийлэл байж гэж маш өнгөц дүгнэсэнд туйлын гомдолтой байна. Энэ мэт байдлаас үзэхэд анхан шатны шүүх асуудлыг шийдвэрлэхүйц хангалттай нотлох баримтууд байсаар байтал хэт өнгөц үнэлэлт дүгнэлт өгч асуудлыг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудлыг дахин нягталж, шинжлэн судалж О.Эрдэнийн “П-” ХХК-тай байгуулсан гэх 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 29/04/16/Х1 дугаар бүхий "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ний агуулгыг шүүхээс нэгэнт дүгнэлт хийж хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан болохыг, иргэн О.Э- нь "П-" ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй болохыг, иргэн О.Э-д үйлчилгээ, орон сууцны зориулалттай 1 000 мкв талбай өгөх үүргийг "П-" ХХК-д хүлэээхгүй болохыг тус тус тогтоож ,анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч О.Э- нь хариуцагч “П-” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээний болон орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайг О.Эрдэнийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 29/04/16/Х1 тоот орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт баригдаж буй Буман залуус цогцолбор хорооллын 1 дүгээр ээлжинд ашиглалтад орох орон сууцны барилгын авто машины зогсоолд хамгийн ойр байрлах байрны үйлчилгээ болон орон сууцны зориулалттай талбайгаас өөрийн сонголтоор 1 000 м.кв талбайг хүлээлгэн өгөх, худалдан авагч 1 м.кв талбайг 774 000 төгрөгөөр тооцож, нийт 774 000 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээ, төлбөр төлөх хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 8-12 дугаар тал/

 

            Мөн шүүхээс дээрх гэрээний 1 дүгээр ээлжийн төлбөрийг худалдагч тал болох “П-” ХХК нь худалдан авагч буюу О.Э-д төлөх зээлийн үүрэгтээ тооцох хүсэл зоригоо илэрхийлэн, талуудын хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41.1, 41.2 дах хэсэгт тус тус заасанд нийцсэн байна. Уг гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

            Нэхэмжлэгч О.Э- нь гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсөн болох нь мөнгө хүлээн авсан болохоо баталгаажуулж хариуцагч “П-” ХХК-ийн төлөөлөгч гарын үсэг зурж, тамга дарсан баримт болон нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5027540008 тоот данснаас хариуцагчийн төлөөлөгч Г.Ц-гийн Хаан банкин дахь 5003608918 тоот данс руу 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 90 000 000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 12-ны өдөр 35 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт, талуудын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн актаар “худалдан авагчийн захиалсан 1 өрөө орон сууц 3 ширхэг /17,37 м.кв/, 2 өрөө орон сууц 4 ширхэг /244,36 м.кв/, 3 өрөө орон сууц 2 ширхэг, 158 м.кв/, үйлчилгээний байр 1 ширхэг /500 м.кв/ талбайг 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар мөн худалдагч авагч О.Э- нь гэрээний дагуу орон сууцны үнэ 750 600 000 төгрөгийг худалдан авагчид бүрэн хэмжээгээр шилжүүлсэн тул гэрээний үүргээ бүрэн биелүүлснийг баталгаажуулсан” гэж тохиролцсон зэргээр тогтоогджээ. /хэргийн 11-18 дугаар тал/

            Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн “орон сууц, үйлчилгээний зориулалтай нийт 1 000 м.кв талбай, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх” үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 102/ШШ2016/03871 дугаартай захирамжаар “П-” ХХК нь зээлийн гэрээний дагуу 624 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөрт багтаан бүрэн төлөх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2017/02125 дугаартай захирамжаар “...нэхэмжлэгчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон О.Эрдэнийн төлөөлөх эрх эргэлзээтэй...” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж, нэхэмжлэгч “А- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал авагджээ. / хэргийн 77-80, 84, 20-25 дугаар тал/ Уг хүчин төгөлдөр шийдвэр, магадлалд зохигчдын хооронд байгуулагдсан дээрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар дүгнээгүй, тэдгээрийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Харин дээрх хэргийг шийдвэрлэх явцад “А- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “П-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлдөөлөгч эс зөвшөөрч гаргасан хариу тайбартаа, О.Э-тэй гэрээ байгуулсан талаар тайлбар гаргасан байна.

 

            Иймд шүүхээс хариуцагч “П-” ХХК-д Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1 000 м.кв талбайг нэхэмжлэгч О.Эрдэнийн эзэмшил, өмчлөлд нь шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 028 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

 

                                        ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                         С.ЭНХТӨР