Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/00161

 

 

2020 оны 01 сарын 17 өдөр

   Дугаар 183/ШШ2020/00161

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, хаягт оршин суух, Мишиг овогт О. Э /РД:/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, будда виста зайсан гудамжны 803-305 тоотод байрлах, П-ХХК-д холбогдох,

 

П-ХХК-ийн эзэмшил өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай,  орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайг гаргуулан О.Э-ийн эзэмшил өмчлөлд шилжүүлэхийг хариуцаагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Э, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дхариуцагчийн өмгөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.                                      

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч О.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь П-ХХК-ийн захирал Г.Ц-той гэрээ байгуулж 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 400 000 000 төгрөгийн нэг сарын 10 хувийн хүүтэй, нийт хоёр сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссаны дараа П-ХХК-ийн зүгээс зээлсэн мөнгө өгөх боломжгүй байна, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгаас талбай авах санал тавьсан. О.Э миний бие энэхүү саналыг нь судалж үзээд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ 29/04/16/Х1 тоот гэрээ байгуулсан. Агуулга нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн баригдаж буй Буман залуус цогцолбор хорооллын 1 дүгээр ээлжинд ашиглалтанд орох орон сууцны барилгын авто замд хамгийн ойр байрлах байрны үйлчилгээ болон орон сууцны зориулалттай талбайгаас өөрийн сонголтоор 1 000 метр квадрат талбай авах. Энэхүү гэрээгээр 1 000 метр квадрат талбайн үнийг 774 000 000 төгрөг гэж талууд харилцан тохиролцсон бөгөөд, өмнө нь өгсөн 400 000 000 төгрөг түүний хүү алданги дээр нэмж           127 000 000 төгрөгийг П-ХХК-д өгснөөр төлбөр төлөгдөж дуусахаар болсон. О.Э би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч компанийн зүгээс талбай өгөх талаар ямар ч үйлдэл хийхгүй, олон удаа шаардахад тоймтой хариу өгөхгүй, одоо утсаа авахгүй байгаа тул 29/04/16/Х1 тоот гэрээнд заасан 1 000 метр квадрат талбайгаа авахаар нэхэмжлэл гаргаж байна. Миний 15 хувийн хувьцааг нь эзэмшдэг А-ББСБ ХХК нь П-ХХК-д холбогдуулан дээр дурьдсан мөнгөтэй холбоотойгоор 741 400 000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч маргаж буй мөнгийг О.Э П-ХХК-д зээлүүлсэн байна, өөрөөр хэлбэл жинхэнэ нэхэмжлэгч нь А-ХХК биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. П-ХХК-ийн эзэмшил өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1 000 метр квадрат талбайг гаргуулан О.Э-ийн эзэмшил өмчлөлд шилжүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Э, П-ХХК-ийн захирал Г.Ц-той байгуулсан зээлийн гэрээ огт байхгүй болох нь тогтоогдсон. Харин Альянс финанс групп ХХК, П-ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд АФГ ББСБ ХХК-ийг төлөөлж О.Э, П-ХХК-ийг төлөөлж Г.Ц- нар гэрээнд гарын үсэг зурсан байна. О.Э нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын       19-ний өдрийн 2740 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 68 тоот магадлалаар АФГ ББСБ ХХК, П-ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй болохыг тогтоосон байна. Учир нь АФГ ББСБ ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд буюу О.Э гэрээнд гарын үсэг зурсан болохыг тогтоожээ. Шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар О.Э нь АФГ ББСБ ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр чөлөөлөгдсөн атлаа 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр П-ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ. Харин энэ шийдвэрээр гэрээний зүйл болох 400 000 000 төгрөг хэний мөнгө болохыг тогтоогоогүй байна. Энэ асуудал одоо ч бүрхэг хэвээр байгаа юм. Гэтэл энд дурдагдаж байгаа шүүхийн шийдвэр, магадлал гаргахаас өмнө яг энэ 2740 дугаартай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхэнд А-ББСБ ХХК-ийг О.Э би бүрэн төлөөлөх эрхтэй, энэ мөнгө миний мөнгө байсан гэж П-ХХК-д итгүүлж, өөрөөр хэлбэл төөрөгдүүлж иргэн О.Э-ийн нэрээр П-ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн эвлэрлийг батлах гэрээ, мөн өдрийн 29/04/16/Х1 дугаар бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан байдаг. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн эвлэрлийг баталсан гэрээгээ шүүхэд өгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03871 дугаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Энэхүү эвлэрлийг баталсан захирамж гармагц А-ББСБ ХХК, иргэн О.Э нарын хэн нь төлбөрийг авах вэ гэдэгт маргаж эхлэхэд хэрэг хянан шийдвэрлэж байсан З.Доржнамжин шүүгч өөрийнхөө гаргасан 102/ШШ2016/03871 дугаар бүхий зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийг 124.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ20217/02125 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Улмаар дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууьд заасан ердийн журмаар үргэлжилж А-ББСБ ХХК-ийн П-ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 2740 дүгээр шийдвэр гарсан, энэ шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00068 тоот магадлалаар хэвээр баталсан. Эндээс харахад П-ХХК, иргэн О.Этэй ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 29/04/16/Х1 дугаар бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээ ямар зорилгоор хийгдсэн болох, шүүх уг гэрээний агуулгыг яаж дүгнэсэн нь дээрх баримтуудаас тодорхой харагдана. Нөгөө талаас А-ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн буюу 85 хувийн хувьцаа эзэмшигч Ү Жан Гү 15 хувийн хувьцаа эзэмшигч О.Э нарын хоорондын эд хөрөнгийн маргаан өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй шүүх шатанд байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж хуульчилсан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудлыг шинжлэн судалж О.Э-ийн П-ХХК-тай байгуулсан гэх 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 29/04/16/Х1 дугаар бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээний агуулгыг шүүхээс нэгэнт дүгнэлт хийж хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан болохыг О.Э, П-ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй болохыг, иргэн О.Эд үйлчилгээ, орон сууцны зориулалттай 1 000 метр квадрат талбай өгөх үүргийг П-ХХК хүлээхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Э хариуцагч П-ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээний болон орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайг О.Э-ий эзэмшил, өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд байгуулсан орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн.  Худалдагч тал гэрээний дагуу 1 өрөө орон сууц 3 ширхэг /17,37 м.кв/, 2 өрөө орон сууц 4 ширхэг /244,36 м.кв/, 3 өрөө орон сууц 2 ширхэг, 158 м.кв/, үйлчилгээний байр 1 ширхэг /500 м.кв/ талбайг хүлээлгэн өгөхөөр акт үйлдсэн боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа...” гэж тайлбарлаж байна.

 

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            П-ХХК, О.Э нар 2016 оны 04 сарын 29-ний өдөр 29/04/16/Х1 тоот орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт баригдаж буй Буман залуус цогцолбор хорооллын 1 дүгээр ээлжинд ашиглалтад орох орон сууцны барилгын авто машинд хамгийн ойр байрлах байрны үйлчилгээ болон орон сууцны зориулалттай талбайгаас өөрийн сонголтоор 1000 м.кв талбайг, 1 м.кв талбайн үнэ 774 000 төгрөгөөр тооцож, нийт 774 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, 1-р ээлжийн төлбөр нь худалдагч талаас худалдан авагч талд төлөх ёстой байсан төлбөрийг П-ХХК-ийн Альянс финанс групп ББСБ-аас 2015.10.09-ний өдөр 09/10/16/01 тоот зээлийн гэрээгээр 400 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж авсны дагуу шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээний дагуу төлж буй төлбөр болгон суутган төлсөн болно. Бусад төлбөр мөнгөн хэлбэрээр хувиарын дагуу төлөхөөр тохиролцжээ. /хх-8-12/

 

            Хариуцагч нь “...талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг А-ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, П-ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 11-ний өдрийн 03871 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн 625 000 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцохоор тохирсон боловч тус эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хүчингүй болсон тул талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

            А-ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, П-ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 674 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчид “...П-ХХК нь зээлийн гэрээний дагуу 624 000 000 төгрөгийг 2016 оны 08 сарын 01-ний өдөрт багтаан бүрэн төлөх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын                   11-ний өдрийн 03871 дугаар шүүгчийн захирамж гаргасан ба тус захирамжийг 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 02125  дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэгч А-ББСБ ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон О.Э-ийн төлөөлөх эрх эргэлзээтэй...” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэжээ.        /хх-77-80, 84, 20-22/

 

            Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд П-ХХК нь А-ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө нь О.Э-ий хөрөнгө, А-ББСБ ХХК зээлийн үүрэг шаардах эрхгүй гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр О.Э хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байжээ. Улмаар нэхэмжлэгч А-ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.        /хх-23-25/

 

            Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 41 дүгээр зүйлийн 41.1-т хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2-т хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр ээлжийн төлбөрийг худалдагч тал болох П-ХХК нь худалдагч авагч буюу О.Эд төлөх зээлийн үүрэгтээ тооцох хүсэл зоригоо илэрхийлэн, талуудын хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдсан болон нь тогтоогдож байна.

 

            Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулсан 2016 оны 04 сарын 29-ний өдөр 29/04/16/Х1 тоот орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн тул талуудын хэн аль нь гэрээний үүрэг шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч О.Э нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад мөнгө хүлээн авсан болохоо баталгаажуулж хариуцагч П-ХХК-ийн төлөөлөгч гарын үсэг зурж, тамга дарсан, мөн мөнгөн шилжүүлгийн баримт хийгээд талуудын 2016 оны 08 сарын 25-ны өдрийн тооцоо нийлэх гэрээ, тооцоо нийлэх актаар тогтоогдож байна. /хх-11-18/

 

Талууд 2016 оны 08 сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, худалдан авагчийн захиалсан 1 өрөө орон сууц 3 ширхэг /17,37 м.кв/, 2 өрөө орон сууц 4 ширхэг /244,36 м.кв/, 3 өрөө орон сууц 2 ширхэг, 158 м.кв/, үйлчилгээний байр 1 ширхэг /500 м.кв/ талбайг 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар мөн худалдагч авагч О.Э нь гэрээний дагуу орон сууцны үнэ 750 600 000 төгрөгийг худалдан авагчид бүрэн хэмжээгээр шилжүүлсэн тул гэрээний үүргээ бүрэн биелүүлснийг баталгаажуулсан байна.  /хх-18/

 

Гэрээний зүйл болон орон сууцны барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

 

Худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар талуудад зөвхөн үүрэг үүсдэг бөгөөд худалдан авагч нь уг орон сууцны үнэ 750 600 000 төлбөрийг төлж барагдуулан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул худалдагчаас гэрээгээр хүлээсэн “...биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууц, үйлчилгээний зориулалтай нийт 1000 м.кв талбай, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх” үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

 

Иймд хариуцагч П-ХХК-д Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайг нэхэмжлэгч О.Э-ийн эзэмшил, өмчлөлд нь шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 028 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид                   4 028 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П-ХХК /РД:/-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1000 м.кв талбайг нэхэмжлэгч О.Э-ийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэхийг даалгасугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 028 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид                   4 028 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ