Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01478

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00161 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 579 дүгээр магадлалтай, 

*******нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох  

*******-ийн эзэмшил өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1.000 м.кв талбайг гаргуулан *******эзэмшил өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од, өмгөөлөгч М.Сонинбаяр нарын хамтран гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбаяр, Д.Дамдин-Од, өмгөөлөгч М.Сонинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь *******-ийн захирал Г.Цолмонтой гэрээ байгуулж, 2015.10.09-ний өдөр 400,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, нийт хоёр сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссаны дараа *******-ийн зүгээс зээлсэн мөнгөө өгөх боломжгүй байна, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгаас талбай авах санал тавьсан. ******* миний бие энэхүү саналыг нь судалж үзээд 2016.04.29-ний өдөр орон сууцны байшин худалдах-худалдан авах 29/04/16/Х1 тоот гэрээ байгуулсан. Агуулга нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн баригдаж буй Буман залуус цогцолбор хорооллын 1 дүгээр ээлжид ашиглалтад орох орон сууцны барилгын авто замд хамгийн ойр байрлах байрны үйлчилгээ болон орон сууцны зориулалттай талбайгаас өөрийн сонголтоор 1.000 м.кв талбай авах, энэхүү гэрээгээр 1.000 м.кв талбайн үнийг 774,000,000 төгрөг гэж талууд харилцан тохиролцсон бөгөөд, өмнө нь өгсөн 400,000,000 төгрөг, түүний хүү алданги дээр нэмж 127,000,000 төгрөгийг *******-д өгснөөр төлбөр төлөгдөж дуусахаар болсон. ******* би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч компанийн зүгээс талбай өгөх талаар ямар ч үйлдэл хийхгүй, олон удаа шаардахад тоймтой хариу өгөхгүй, одоо утсаа авахгүй байгаа тул 29/04/16/Х1 тоот гэрээнд заасан 1.000 м.кв талбайгаа авахаар нэхэмжлэл гаргаж байна. Миний 15 хувийн хувьцааг нь эзэмшдэг Альяанс финанс групп ББСБ ХХК нь *******-д холбогдуулан дээр дурдсан мөнгөтэй холбоотойгоор 741,400,000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч маргаж буй мөнгийг ******* *******-д зээлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл жинхэнэ нэхэмжлэгч нь Альяанс финанс групп ХХК биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. *******-ийн эзэмшил өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1.000 м.кв талбайг гаргуулан *******эзэмшил өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, *******-ийн захирал Г.Цолмонтой байгуулсан зээлийн гэрээ огт байхгүй болох нь тогтоогдсон. Харин Альянс финанс групп ХХК, *******-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд АФГ ББСБ ХХК-ийг төлөөлж *******, *******-ийг төлөөлж Г.Цолмон нар гэрээнд гарын үсэг зурсан байна. ******* нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2740 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 68 тоот магадлалаар АФГ ББСБ ХХК, *******-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй болохыг тогтоосон байна. Учир нь АФГ ББСБ ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд буюу ******* гэрээнд гарын үсэг зурсан болохыг тогтоожээ. Шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар ******* нь АФГ ББСБ ХХК-ийн захирлын үүрэгт ажлаас 2015.10.07-ны өдөр чөлөөлөгдсөн атлаа 2015.10.09-ний өдөр *******-тай зээлийн гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ. Харин энэ шийдвэрээр гэрээний зүйл болох 400,000,000 төгрөг хэний мөнгө болохыг тогтоогоогүй байна. Энэ асуудал одоо ч бүрхэг хэвээр байгаа юм. Гэтэл энд дурдагдаж байгаа шүүхийн шийдвэр, магадлал гаргахаас өмнө яг энэ 2740 дүгээртэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхэнд Альяанс финанс групп ББСБ ХХК-ийг ******* би бүрэн төлөөлөх эрхтэй, энэ мөнгө миний мөнгө байсан гэж *******-д итгүүлж, өөрөөр хэлбэл төөрөгдүүлж иргэн *******нэрээр *******-тай 2016.04.29-ний өдрийн эвлэрлийг батлах гэрээ, мөн өдрийн 29/04/16/Х1 дүгээр бүхий орон сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулсан байдаг. Улмаар 2016.04.29-ний өдрийн эвлэрлийг баталсан гэрээгээ шүүхэд өгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03871 дүгээр зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Энэхүү эвлэрлийг баталсан захирамж гармагц Альяанс финанс групп ББСБ ХХК, иргэн ******* нарын хэн нь төлбөрийг авах вэ гэдэгт маргаж эхлэхэд хэрэг хянан шийдвэрлэж байсан З.Доржнамжин шүүгч өөрийнхөө гаргасан 102/ШШ2016/03871 дүгээр бүхий зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийг 124.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ20217/02125 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Улмаар дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан ердийн журмаар үргэлжилж Альяанс финанс групп ББСБ ХХК-ийн *******-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 2740 дүгээр шийдвэр гарсан, энэ шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00068 тоот магадлалаар хэвээр баталсан. Эндээс харахад *******, иргэн *******тэй ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй, 2016.04.29-ний өдрийн 29/04/16/Х1 дүгээр бүхий орон сууц худалдах-худалдан авах гэрээ ямар зорилгоор хийгдсэн болох, шүүх уг гэрээний агуулгыг яаж дүгнэсэн нь дээрх баримтуудаас тодорхой харагдана. Нөгөө талаас Альяанс финанс групп ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн буюу 85 хувийн хувьцаа эзэмшигч Ү Жан Гү 15 хувийн хувьцаа эзэмшигч ******* нарын хоорондын эд хөрөнгийн маргаан өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй шүүх шатанд байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж хуульчилсан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудлыг шинжлэн судалж **************-тай байгуулсан гэх 2016.04.29-ний өдрийн 29/04/16/Х1 дүгээр бүхий орон сууц худалдах-худалдан авах гэрээний агуулгыг шүүхээс нэгэнт дүгнэлт хийж хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан болохыг *******, *******-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй болохыг, иргэн *******д үйлчилгээ, орон сууцны зориулалттай 1.000 м.кв талбай өгөх үүргийг ******* хүлээхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00161 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1.000 м.кв талбайг *******эзэмшил, өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,028,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,028,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 579 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,028,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од, өмгөөлөгч М.Сонинбаяр нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт ...хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана... гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт ...Хариуцагч Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, будда виста зайсан гудамжны 803-305 тоотод байрлах *******-д холбогдох... гэж дурдсан байна. Гэтэл энэ хаягт ******* байрладаггүй. Энэ нөхцөл байдал нь *******шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анх хүлээж авсан шүүгч Д.Мөнхцэцэгийн гаргасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж болон хэрэгт авагдсан ******* нь Баянгол дүүргийн 2-р хороо, Ганзам 210 тоот хаягт байршилтай болохыг нотлох, тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. Мөн 2016.03.21-ний өдөр АФГ ББСБ-ыг төлөөлж 400,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 674,000,000 төгрөгийг *******-иас гаргуулах нэхэмжлэлийг ******* өөрөө Баянгол дүүргийн шүүхэд гаргаж, энэ иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02740 дүгээр шийдвэр эх хувиараа хэргийн материалд авагдсан байгаа. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан нэмэлт тайлбарт маш дэлгэрэнгүй дурдсан байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчсөн эсэх талаар огт дүгнээгүй, орхигдуулсан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт ...Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ... гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдыг давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од миний бие 2020.03.06-ны өдөр шүүх хуралдааны товыг өөрийн биеэр давж заалдах шатны шүүх дээр очиж, хэргийн материалтай танилцахдаа шүүгчийн туслах Б.Чинхүслэнгээс асууж 03 дугаар сарын 16-ны 08:30 цагт шүүх хуралдаан эхлэхийг мэдсэн бөгөөд хурлын товыг мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан, харин 4 хоногийн дараа буюу 10-ны өдөр ШЕЗ-ийн Цахим (Веб сайт) хуудаснаас ...Монгол Улсад Коронавирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Тамгын газрын дарга нарт товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах, энэ талаар хэргийн оролцогчдод нэн даруй мэдэгдэх арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүллээ... гэсэн мэдээллийг авсан билээ.

Ингээд шүүгчийн туслах Б.Чинхүслэнгээс энэ талаар утсаар асуухад шүүх хуралдааны товыг жич мэдэгдэнэ гэсэн юм. Гэтэл 2020.03.31-ний өдөр хэргийн материалтай танилцахад шүүгчийн туслах Б.Чинхүслэн нь хурлын товыг оролцогч нарт утсаар мэдэгдсэн мэтээр баримт үйлдэж хэрэгт хавсаргасан байна. Ингээд миний бие 2020.03.16-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ сууж байтал давж заалдах шатны шүүх дээр өөр хуралд оролцохоор очсон байсан танил маань энд танай хурал эхлэх гэж байна гэж утсаар хэлэхээр нь сандраад шүүгчийн туслах Б.Чинхүслэнгийн 94190204 дүгээр лүү 2 цаг 02 минутад залгаж асуухад танай хурал эхэлчихсэн, одоо шүүхийн хэлэлцүүлэг явагдаж байна гэж хэлсэн. Түүнчлэн манай өмгөөлөгч М.Сонинбаярт бол шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй байсан. Сүүлд шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд шүүх хуралдааныг 09:00 цагт эхэлж 09:30 цагт хааснаар тэмдэглэсэн байсан. Мөн тус шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд ...Даргалагчаас: нэхэмжлэгч тал давж заалдах гомдлоо ярья гэхэд..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч: анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв... гэж тэмдэглэсэн байна. Уг нь хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан билээ. Үүнээс үзэхэд давж заалдах шатны шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэжээ гэсэн эргэлзээ төрүүлж байна. Хэргийн оролцогчдыг бүрэн хамруулаагүй төдийгүй, илтгэгч шүүгч хариуцагчийн давж заалдах гомдол, болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэлт тайлбарын үндэслэлийг илтгэсэн эсэх нь ч хурлын тэмдэглэлээс харагдахгүй байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн заалтыг шүүх зөрчсөн. ...Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ... гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг хэрэгжүүлсэнгүй. Тухайлбал нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ бүр эхэнд ...******* миний бие *******-ийн захирал Г.Цолмонтой гэрээ байгуулж, 2015.10.09-ний өдөр 400,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, нийт хоёр сарын хугацаатай зээлүүлсэн... гэж дурдаад уг зээлийн гэрээгээ хавсаргасан байдаг. Харин уг гэрээ нь нэг талаас Альяанс Финанс групп ББСБ ХХК буюу /Цаашид АФГ ББСБ/ зээлдүүлэгч, нөгөө талаас ******* буюу зээлдэгч нарын хооронд байгуулагдсан байдаг. Гэрээнд АФГ ББСБ" ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал ******* гэж гарын үсэг зурж, АФГ ББСБ ХХК гэсэн тамга дарсан байдаг. Үнэн бодит байдал дээр Ерөнхий захирал нь тус ББСБ-ын 85 хувийн хувьцааг эзэмшигч Хятад улсын иргэн Ү Жан Гү гэгч этгээд байсан бөгөөд тухайн үед Монголд байгаагүй, Хонг Конгод байсан байдаг. Тэр өдөр ******* нь өөрийгөө АФГ ББСБ ХХК-ийн ерөнхий захирал гэж *******-ийн захирал Г.Цолмонд итгүүлээд зээлийн гэрээ хийсэн байдаг. Түүнчлэн уг ББСБ-ын гүйцэтгэх захирлаар 2019.10.07-ны өдөр н.Дашпүрэв гэгч томилогдсон байдаг. Энэ утгаараа ******* зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 625,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй болохыг тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02740 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Гэтэл шүүх дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд хариуцагчийн зүгээс энэ талаар АФГ ББСБ ХХК нь мөнгө угаах гэмт хэргийг нуун далдлах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан гэдгийг баримтад үндэслэн тайлбарлаж, хүсэлт гаргасаар байтал нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэлгүй хууль бус шийдвэр гаргасанд хариуцагчийн зүгээс гомдолтой байдаг. Дээр дурдсан Альяанс финанс групп ББСБ ХХК, *******-ийн хооронд байгуулагдсан 400,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээний маргаан одоо ч шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл АФГ ББСБ ХХК-ийн зүгээс манай компаниас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсаар байгаа. Харин ч дээрх 400,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох нь тодорхой болж, мөнгө угаах гэмт хэргийн шинжээрээ Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болно.

2. ******* нь *******-тай ямар зорилгоор Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан талаар хэрэгт цугларсан нотлох баримтад шүүх үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийгээгүй. АФГ ББСБ ХХК хэрхэн мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн талаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан нэмэлт тайлбарт тодорхой дурдсан байгаа тул энд дахин нуршин бичих шаардлагагүй гэж үзлээ. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх орон сууц худалдах-худалдан авах гэрээний худалдан авагч тал болох ******* 625,000,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм. Харин АФГ ББСБ ХХК болон *******-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ байгаад, АФГ ББСБ ХХК-ийн эрх бүхий субъект зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар шаардсан бол асуудалд өөрөөр хандаж болох байсан. Харин иргэн ******* энэ эрхийг эдлэх нэрийдлээр *******-тай Орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээг бие даан байгуулах, тэр тусмаа 1.000 м.кв талбайн төлбөрийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээр хангасанд тооцох боломжгүй нөхцөл байдал хэргийн материалаас тодорхой харагдаж байгаа билээ. Зөвхөн нэг нотлох баримтын эргэлзээтэй болохыг дурдахад, нэхэмжлэгч тал Орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээ-ны хавсралтыг гаргаж өгсөн байдаг. Гэтэл энэ хавсралтад *******-ийн тамгыг 3 удаа хуурамчаар үйлдэж дарсан байдаг. ******* дээр хадгалагдаж байгаа дээрх гэрээний хавсралтад нэг л тамга дарагдсан. Харин тухайн үед ******* нь АФГ ББСБ ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээний барьцаанд тавьсан тус компанийн өмч болох Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж, 202 тоот хаягт байршилтай 3.100 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 2015.08.06-ны өдрийн Ү- 2206042094 дүгээр Улсын бүртгэлийн гэрчилгээг зальт этгээдүүдээс гаргуулж авах зорилготой байсан юм. Хятадын компаниуд ийм башир арга замаар Монголын барилгын компаниудын үл хөдлөх эд хөрөнгийг булааж авдаг талаар бидэнд олон мэдээлэл байсан. АФГ ББСБ ХХК-ийн захирал Ү Жан Гү нь манай компанийг хууран мэхэлж өрөнд оруулсныхаа дараа, тус компанийн барьсан тус бүр 10 давхар цутгалт хийсэн 4 блок дуусаагүй барилгыг булааж авах дээрх аргаа хэрэгжүүлэх зорилгоор 2016.01.21-ний өдөр манай хэрэгжүүлж байсан Буман залуус цогцолбор хорооллын төсөлд хөрөнгө оруулах гэрээний төсөл хүртэл гаргаж тулгаж байсан баримт байдаг.

Харин Г.Цолмон захирал дээрх санааг ойлгосны үндсэн дээр гэрээний төслийг нь татгалзаж, олон хятад хүмүүс цугларсан Гэгээнтэн цогцолборт байрлаж байсан тэдний компанийн оффисоос бараг зугтаж гарсан байдаг юм. Тухайлбал, тэрхүү хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд *******-ийн хөрөнгө оруулалт болох 10.000 м.кв талбай бүхий газар, 4 блок дуусаагүй барилгыг нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 25 хувь байхаар заасан байсан юм. Ингээд энэ хөрөнгө оруулалтын гэрээг зөвшөөрөхгүй болохоор 2016.03.16-ны өдөр АФГ ББСБ ХХК нь Баянгол дүүргийн шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан тухай баримт хэрэгт байгаа. *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар, үндэслэлээ шүүхэд гаргасан. Өөрөөр хэлбэл АФГ ББСБ ХХК-ийг мөнгө угаах гэмт хэргийг нуун далдлах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан асуудлыг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Цагдаагийн хэлтсээр шалгуулах хүсэлтээ шүүхэд гаргасан. Энэ нөхцөл байдал үүссэнээс хойш ******* нь 400,000,000 төгрөг бол АФГ ББСБ ХХК-ийн мөнгө биш байсан иргэн ******* миний мөнгө байсан, би хохирч байна гэдэг асуудал гаргаж тавьсан. Тэгэхээр нь *******-ийн захирал Г.Цолмон нь манай компанийн дуусаагүй барилгын гэрчилгээг Ү Жан Гү захирлаас салгаж авч өгөхийг *******д санал болгосон. ******* уг саналыг хүлээн зөвшөөрч АФГ ББСБ ХХК-ийг төлөөлж *******-тай эвлэрлийн гэрээг 2016.04.29-ний өдөр байгуулсан. Мөн өдрөө иргэн ******* *******-тай Орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээ-г байгуулаад Г.Цолмон захиралд Улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Хамгийн гол нь дээрх гэрчилгээг олж авахгүйгээр Буман залуус цогцолбор хорооллыг барьж дуусгахын тулд банкнаас авах хөрөнгө оруулалтын зээлийн барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсээд байсан байдаг. Ийм учраас *******-ийн зүгээс иргэн *******тэй дээрх гэрээг байгуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна. Түүнчлэн хавтаст хэргийн 26-33 дахь талд авагдсан УЕПГ-ын тогтоолд энэ маргаантай холбогдолтой олон нөхцөл байдлын талаар дурдсан байдаг. Энэ тогтоолд дурдсанаар ******* нь Санхүүгийн зохицуулах хорооны 2016.03.29-ний өдрийн 08/209 тоот албан бичгийг хуурамчаар үйлдсэн, АФГ ББСБ ХХК-ийн Төрийн банкан дахь данснаас 120,000,000 төгрөгийг 2016.03.29-ний өдөр өөрийн дансанд шилжүүлэх замаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.04-ний өдрийн 02694 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу иргэн Т.Ганчимэгийн "АФГ ББСБ компаниас авах байсан 35,000,000 төгрөгийг залилан авсан, АФГ ББСБ ХХК-ийн 2015.10.31-ний өдрийн W/0012 тоот Зээл шийдвэрлэх бүрэн эрхийн тухай, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хуурамчаар үйлдсэн байдаг.

Иймд хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд асуудлыг дахин нягталж, шинжлэн судалж **************-тай байгуулсан гэх 2016.04.29-ний өдрийн 29/04/16/Х1 дүгээр бүхий Орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02740 дүгээр хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг анхаарч, иргэн ******* *******-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, иргэн *******д үйлчилгээ, орон сууцны зориулалттай 1.000 м.кв талбай өгөх үүргийг ******* хүлээхгүй болохыг тус тус тогтоож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, *******шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

******* нь *******-д холбогдуулан *******-ийн эзэмшил өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1.000 м.кв талбайг гаргуулан *******эзэмшил өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч мэтгэлцжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  

Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од, өмгөөлөгч М.Сонинбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Зохигчийн хооронд 2016.04.29-ний өдөр 29/04/16/Х1 тоот орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт баригдаж буй Буман залуус цогцолбор хорооллын 1 дүгээр ээлжид ашиглалтад орох орон сууцны барилгын автомашины зогсоолд хамгийн ойр байрлах байрны үйлчилгээ болон орон сууцны зориулалттай талбайгаас өөрийн сонголтоор 1.000 м.кв талбайг хүлээлгэн өгөх, худалдан авагч 1 м.кв талбайг 774,000 төгрөгөөр тооцож, нийт 774,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээ, төлбөр төлөх хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. 

Шүүхээс дээрх гэрээний 1 дүгээр ээлжийн төлбөрийг худалдагч тал болох ******* нь худалдан авагч буюу *******д төлөх зээлийн үүрэгтээ тооцох хүсэл зоригоо илэрхийлэн, талуудын хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт тус тус заасанд нийцжээ.

Уг гэрээ хүчин төгөлдөр болох талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. 

2016.04.29-ний өдрийн 29/04/16/Х1 тоот гэрээний хавсралт 1-д ...2015.10.09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 625,600,000 төгрөгийг гэрээний дагуу төлж буй төлбөр болгон суутгаж төлсөн болно... гэж төлбөр төлөх хуваарийг харилцан тогтоожээ. 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, мөн зүйлийн 236.3-т Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж заажээ. 

Хуулийн зохицуулалт, талуудын хооронд байгуулсан 2016.04.29-ний өдрийн 29/04/16/Х1 тоот гэрээ, түүний хавсралтаас дүгнэвэл өмнөх 2015.10.09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр буюу худалдах-худалдан авах гэрээгээр сольсон байх тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, худалдах-худалдан авах гэрээний шинэ үүргийн харилцаа үүсжээ. 

Нэхэмжлэгч *******нэхэмжлэл, түүний шаардлага 2016.04.29-ний өдрийн 29/04/16/Х1 тоот орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хамаарна. 

2.1. ******* 2016.04.29-ний өдөр 29/04/16/Х1 тоот гэрээний хавсралтад заасны дагуу гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсөн болох нь мөнгө хүлээн авсан болохоо баталгаажуулж хариуцагч *******-ийн төлөөлөгч гарын үсэг зурж, тамга дарсан баримт болон нэхэмжлэгчийн Хаан банкан дахь 5027540008 тоот данснаас хариуцагчийн төлөөлөгч Г.Цолмонгийн Хаан банкан дахь 5003608918 тоот данс руу 2016.04.29-ний өдөр 90,000,000 төгрөг, 2016.05.12-ны өдөр 35,000,000 төгрөг, 2017.03.31-ний өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт, талуудын 2016.08.25-ны өдөр тооцоо нийлсэн актаар худалдан авагчийн захиалсан 1 өрөө орон сууц 3 ширхэг, 2 өрөө орон сууц 4 ширхэг, 3 өрөө орон сууц 2 ширхэг, үйлчилгээний байр 1 ширхэг /500 м.кв/ талбайг 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар мөн худалдагч авагч ******* нь гэрээний дагуу орон сууцны үнэ 750,600,000 төгрөгийг худалдан авагчид бүрэн хэмжээгээр шилжүүлсэн тул гэрээний үүргээ бүрэн биелүүлснийг баталгаажуулсан гэж тохиролцсон зэргээр нотлогджээ.  

Нэхэмжлэгч О.Эрдэнийг 2016.04.29-ний өдөр 29/04/16/Х1 тоот гэрээний зүйл болох орон сууцны байшингийн үнийг гэрээний 2.1, 2.2, 3.2.1, гэрээний хавсралт 1-д заасан нөхцөл, журмын дагуу бүрэн төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон гэж үзнэ. 

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 102/ШШ2016/03871 дүгээр захирамжийг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2017/02125 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, нэхэмжлэгч Альяанс финанс групп ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Альяанс финанс групп ББСБ ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй, ...*******д төлөөлөх эрх олгоогүй... гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02740 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 68 дугаар магадлал хэрэгт авагджээ.  

Дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлалд зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар дүгнээгүй, тэдгээрийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлээгүй, хэргийг шийдвэрлэх явцад Альяанс финанс групп ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч ...*******тэй гэрээ байгуулсан... гэж тайлбар гаргасан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

3.1. Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарын 2017.09.18-ны өдрийн 1/540 дүгээр тогтоолоор ...хяналтын прокурор Т.Мижиддоржийн 2017.03.31-ний өдрийн 82 дугаартай Сэжигтэнд холбогдох зарим хэргийг болгох, 2017.04.03-ны өдрийн 276 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолуудыг дахин хянаж, хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү... гэсэн Альяанс финанс групп ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаагийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.  

Хариуцагч ...400,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох нь тодорхой болж, мөнгө угаах гэмт хэргийн шинжээрээ Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. ...Орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээ-ны хавсралтад *******-ийн тамгыг 3 удаа хуурамчаар үйлдэж дарсан, ... 2016.04.29-ний өдрийн 29/04/16/Х1 дүгээр бүхий Орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон... гэх утгатай хяналтын гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул үндэслэлгүй. 

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/Ш32019/09466 дугаартай шүүгчийн захирамжаар *******нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэргийг хүлээн авахаас татгалзжээ.  

Уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан үндэслэл, журмын дагуу хянасан шүүхийн тогтоолоор ...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасантай нийцэхгүй байна... гэж дүгнээд түүнийг хүчингүй болгосон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт зааснаар дээрх тогтоол эцсийн шийдвэр тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн харьяаллыг зөрчсөн гэж үзэхгүй. 

5. Давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн мэдэгдэх хуудсанд ...2020.03.16-ны өдрийн 08 цаг 30 минутад болох шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг, ...Д.Дамдин-Од ...91117156 дугаартай телефон утас руу 2020.03.09-ний өдрийн 16 цаг 30 минутад залгаж мэдэгдэхэд за гэв... гэж бичигдсэн байна.  

Дээрх мэдэгдэх хуудас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан шаардлагыг хангажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д ...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй гэсний дагуу давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Одод шүүх хуралдааныг товыг мэдэгджээ. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Одын давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх утга агуулга бүхий хяналтын гомдол үндэслэлгүй. 

6. Анхан шатны шүүх *******-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1.000 м.кв талбайг *******эзэмшил, өмчлөлд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаж чадаагүй байна. 

Талуудын хооронд 2016.04.29-ний өдөр 29/04/16/Х1 тоот гэрээний 1.1 дэх заалтад ...орон сууцны зориулалтын талбайгаас өөрийн сонголтоор 1.000 м.кв талбайг энэ гэрээнд заасны дагуу худалдан авагчид хүлээлгэн өгнө... гэж ерөнхий байдлаар хүсэл зоригоо илэрхийлэн байгуулжээ.  

Тооцоо нийлэх 2016.08.25-ны өдрийн гэрээний 2.1 дэх заалтад ...Б талд үйлчилгээний талбайгаас 500 м.кв ашигтай талбайг, орон сууцны хэсгээс 500 м.кв талбайг , нийт 1.000 м.кв талбайн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, мөн өдрийн тооцоо нийлсэн актын 2 дахь заалтад ... 2.1-д нийт нэг өрөө орон сууц-3 ширхэг /107.37 м.кв/... 2.2-т нийт хоёр өрөө орон сууц-4 ширхэг /244,36 м.кв/.., 2.3-т нийт гурван өрөө орон сууц-2 ширхэг /158 м.кв/.., 2.4-т нийт нэг үйлчилгээний байр-нэг ширхэг /500 м.кв/... гэж илүү нарийвчлан харилцан тохиролцсоныг шүүхээс анхаараагүй байна.  

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од, өмгөөлөгч М.Сонинбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 579 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00161 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус цогцолбор хорооллын орон сууцны барилгаас үйлчилгээ болон орон сууцны зориулалттай 1.000 м.кв талбай буюу нийт нэг өрөө орон сууц-3 ширхэг /107.37 м.кв/, нийт хоёр өрөө орон сууц-4 ширхэг /244,36 м.кв/, нийт гурван өрөө орон сууц-2 ширхэг /158 м.кв/, нийт нэг үйлчилгээний байр-нэг ширхэг /500 м.кв/-ийг *******эзэмшил, өмчлөлд шилжүүлэхийг *******-д даалгасгай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од, өмгөөлөгч М.Сонинбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,028,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН           Г.АЛТАНЧИМЭГ 

                                                ШҮҮГЧИД           Л.АТАРЦЭЦЭГ 

                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                            Д.ЦОЛМОН