Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 206

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02458 дугаар шийдвэртэй, Б.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ХБ” ХХК-д холбогдох

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулах буюу зээлийн гэрээний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 33 740 538 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Давааням, С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1500019383 тоот зээлийн гэрээгээр 80.000.000 төгрөгийг Эргэлтийн хөрөнгийн зориулалттай 48 сарын хугацаатай ХБнаас авахаар харилцан тохиролцсон. Үүний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 80.000.000 төгрөгийн зээлийг Хас банк дах 5001191117 тоот дансанд олгосон боловч нэг ч төгрөгийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олголгүй, өөр зээлд бүгдийг суутгасан юм. Зээлдэгч нь  зээлийн хөрөнгөөс нэгч төгрөгийг ашиглаагүй байж хүүний төлбөрт 33.664.174 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 76.364 төгрөг, 33.740.538 төгрөгийг Хас банкинд төлж барагдуулжээ. Энэхүү хүүний төлбөрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах заалт, 56.5 дах заалтад тус тус заасны дагуу Хас банкны зүгээс авах эрхгүй байсан бөгөөд миний зүгээс төлсөн төлбөрийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулах замаар буцаан шаардах эрхтэй байна. Үүнээс өмнө 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хас банкнаас авсан шугамын зээлтэй байсан. Энэхүү шугамын зээлийн төлбөрт 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1500019383 тоот зээлийн гэрээгээр олгосон 80.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий зээлийг суутган төлүүлсэн юм. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 80.000.000 төгрөгийн зээлийг миний эзэмшлийн Хас банкны 5001191117 тоот төгрөгийн харилцах дансанд олгосон байдаг боловч тухайн өдөртөө багтааж 80.000.000 төгрөгийг 5001191150 тоот шугамын зээлийн данс руу суутган шилжүүлж хаасан байдаг юм. "Эргэлтийн хөрөнгийн зээл гэдэг нь зээлдэгчийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаанд нь зориулж, үйл ажиллагаа жигд хэвийн, тасалдалгүй явах боломжийг бүрдүүлэх зорилгоор олгодог зээлийг хэлдэг. Энэхүү бизнесийн үйл ажиллагаа зээлийн хөрөнгийн тусламжтайгаар хэвийн тасалдалгүй явсны эцэст орсон орлогоор зээлийг төлж барагдуулах үндсэн зарчимд зээлийн судалгаа суурилсан байх ёстой байдаг билээ. Миний хувьд жижиг бизнесийн зээл юм. Гэтэл банкны талаас өмнөх зээлийг хаах зорилгоор шинээр эргэлтийн хөрөнгийн гэх нэр төдий зээлийг гаргаж, өмнөх шугамын зээлийн үлдэгдлийн дүнтэй тааруулан зээл олгон хаасан байна. Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1500019383 тоот зээлийн гэрээний дагуу олгосон гэх эргэлтийн хөрөнгийн 80.000.000 төгрөгийн зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй хирнээ үндсэн зээлд 31.000.000 төгрөг, хүүнд 33.000.000 төгрөгийг банкнаас төлүүлээд байгаа билээ. Зориулалтын дагуу ашиглах боломж бололцоог бүрдүүлэх үүрэг нь банкны өөрийнх хариуцах үүрэг гэж ойлгодог. Зориулалтын дагуу ашиглах боломжийг хааж, олгосон зээлийн хөрөнгийг буцааж авсан байгаа учир энэхүү үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар банкнаас олгох зээлийн хувьд зээлийн зориулалт нь гэрээний гол нөхцөл болох нь тодорхой харагдаж байгаа юм. Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-д зааснаар арилжааны банкийг зээл олгох замаар өмнөх зээлийг төлүүлэхийг хориглосон байдаг байна. Мөн тухайн зээлийг анхнаасаа эргэлтийн хөрөнгө авахад бус өмнөх өөр төрлийн зээлийг төлүүлэхэд зориулж олгохоор төлөвлөж, хэрэгжүүлсэн байгаа нь тухайн зээлийн харилцааг зөвхөн гадаад хэлбэрийг дүр үзүүлэх төдий бий болгох зорилгоор гэрээ хэлцлийг байгуулсныг шууд илчлэн харуулж байгаа хэрэг юм. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Энэ нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 80.000.000 төгрөгийн зээл олгоод буцаагаад өөр зээлд бүхэлд нь суутган төлүүлж, миний дансны үлдэгдэл 0.0 болсныг батлах дансны хуулгуудаар бүрэн нотлогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоодоггүй байна. Харин хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан шаардлагыг гаргах эрхтэй билээ. Энэ талаар шүүгч Н.Оюунтуяагийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид тодорхой тусгасан байсан тул миний зүгээс гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргалгүйгээр шууд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. Энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгаж, төлөх ёсгүй хүүний төлбөрийг буцаан гаргуулсны дараагаар миний зөрчигдсөн эрх сэргэх буюу хамгаалагдах болно. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-т тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаарддагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “ХБ” ХХК-тай байгуулсан 1500019383 тоот хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үр дагаварыг арилгуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлсөн 33.740.538 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Т.Уянга, Б.Мөнгөнзул нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч буюу нэхэмжлэгч Б.М- нь 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хас банкнаас 80.000.000 төгрөгийн шугамын зээл авсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус зээлийн нөхцөл өөрчлөх шийдвэр гаргаж зээлдэгчийн хүсэлтээр бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан, борлуулалт буурч, орлого багассан, ээжийн маань бие муудаж, эм тарианы мөнгийг олсон орлогоосоо зарцуулдаг учраас зээлийн хугацааг эдийн засгийн байдал сайжиртал цааш нь сунгуулах хүсэлтэй байгааг харгалзан зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3.2.4-т заасан эрхээ хэрэгжүүлж, банкны зүгээс зээлийн гэрээний 3.1.3-т заасны дагуу зээлдэгчийн хүсэлтээр зээлийн хугацааг 48 сараар сунган, эхний 6 сар үндсэн төлбөрөөс чөлөөлж, зээлийн хүүг бууруулан жилийн 24 хувийн хүүтэй болгож, шугамын зээлийг сар бүр эргэн төлөгдөх нөхцөлтэй, жижиг бизнесийн зээлд шилжүүлсэн. Дээрхээс үзвэл зээлдэгчийн хүсэлтээр шугамын зээлийн сар бүрийн эргэн төлөлттэй болгож өөрчлөхөд өмнөх дансыг нь хааж, эргэн төлөгдөх нөхцлийг тохиролцсоны дагуу шинэ данс үүсгэж гаргадаг онцлогтой юм. Эргэн төлөлттэй хуваарь бүхий данс үүсгэж шилжүүлж байгаа нь өөр зээлд төлбөрийг суутгасан хэрэг биш бөгөөд зээлдэгчийн шинэ дансыг тохиролцсоны дагуу үүсгэж, өмнөх дансыг хааж шилжүүлж байгаа явдал юм. Шугамын зээлийн гэрээ нь зээлдэгчид зээлжих эрх олгодог учраас нөхцөл өөрчилсөнтэй холбогдуулан шинээр данс үүсгэн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн дансруу шилжүүлсэн бөгөөд энэ нь шинээр 80.000.000 төгрөгийн зээл олгож байгаа хэрэг биш, өмнө нь авсан байсан зээлийн ашигласан дүнг, шинээр үүсгэж байгаа дансанд хийсэн олголтоор хааж байгаа явдал юм. Зээлдэгч нь шугамын зээлээр 80.000.000 төгрөгийг машин, мотоцикл, өөрөө явагч хэрэгслийн худалдаандаа зарцуулсан болох нь шугамын зээлийн дансны хуулгаас харагдана. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваариар зээлийг төлж байсан ч, зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацааны үүргээ зөрчиж эхэлсэн. Иймд зээлдэгч нь 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүй 124 хоногийн хугацаа хэтрүүлж, нийт 53.998.019 төгрөгийг бүрэн төлж, барагдуулахаа илэрхийлсэн. Уг эвлэрлийн гэрээг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Үүнээс хойш Б.М- нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүй учир барьцааны зүйл болох газар, орон сууцуудаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхээс шийдвэрлэсэн байна. Үүнээс үзвэл зээлдэгч нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу зээлийг төлж байсан, мөн эвлэрлийн гэрээг шүүхээс баталгаажуулахдаа иргэний хуулийг зөрчөөгүй байх шаардлагыг тавьдаг бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээ илэрхийлсэн байгаа нь уг гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, одоо шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн хувьд зээлийн харилцааг бүхэлд нь шүүх дүгнэж шийдвэрлэчихсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх зорилгоор гаргаж байгаа нэхэмжлэл гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг. Харин зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд, мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч талд аль алинд эрх, үүрэг үүсгэсэн бөгөөд Хас банк нь 80.000.000 төгрөгийг шилжүүлэх үүргээ зээлийн гэрээний дагуу гүйцэтгэсэн бол зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн дагуу үүргээ биелүүлээгүй болохыг гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж зэргээс харж болно. Дүр үзүүлж хийсэн хэлцлийг талууд харилцан тохиролцож хийдэг учраас нэг талын хүсэл зоригоор дүр үзүүлэн хэлцэл хийх боломжгүй байна. Иймд нэхэмжпэгч Б.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.М-ын ХБ ХХК-д холбогдуулан Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулах буюу зээлийн гэрээний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 33.740.538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.М- болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт нар хамтран давж завж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын     29-ний өдрийн "Зээлийн гэрээ"-ний үндсэн тохиролцоо, түүний дагуу зээл олгосон, төлүүлсэн талаар хэрэгт авагдсан бүхий л баримтуудыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, үнэлж дүгнэх шаардлагагүй гэж нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Хас банкны зүгээс 80.000.000 төгрөгийн зээлийг өөр зээлийн төлбөрт төлүүлэхдээ зөвхөн үндсэн зээл хаагаагүй үндсэн төлбөрөөс гадна хүү төлсөн болохыг шугамын зээлийн дансны хуулга баримтаар нотлогдож байгаа.  2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хас банкны зүгээс зээлийн хүүг хуримтлуулахдаа   1.690.663,30  төгрөгөөр, 334.094,74 төгрөгөөр тус тус нэмж тооцсон байна. Түүний дараагаар 80.000.000 төгрөгийг суутган авч тухайн үед байсан зээл, хүүний төлбөрийг хаасан байна. Дээр дурдсан нотлох баримтыг анхан шатны шүүхээс илт буруу үнэлсэн бөгөөд хэрэгт ач холбогдолтой, хамааралтай баримтуудыг талуудын хүсэл зоригт хамааралгүй, огт хүсээгүй хийсэн, гэрээний талууд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр шинээр зээл авах хүсэл зориггүй байсан гэж дүгнэсэн хирнээ "тухайн гэрээг бие даасан зээл олгох гэрээ байна" гэсэн дүгнэлтийг мөн хийсэн байна. Энэ нь анхан шатны шүүхээс тухайн зээлийн гэрээг 2 өөрөөр үнэлж дүгнэсэн буюу хоорондоо зөрчилдөөнтэй дүгнэлтүүдийг хийсэн байна. Нэг баримтыг эсрэг тэсрэг өөрөөр дүгнэж болохгүй юм. Мөн анхан шатны шүүхээс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний үргэлжлэл гэж дүгнэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эдгээр зээлүүдийг нэг зээл буюу нэг нь нөгөөгөө үргэлжлүүлж байна гэж үзэх боломжгүй юм. Учир нь 2016 оны зээлийн гэрээний гол нөхцөлд өмнөх зээлийн гэрээний үргэлжлэл, өөрчлөлт болох талаар нэг ч зохицуулалт байхгүй. Анхан шатны шүүх хурал дээр энэ зөвхөн үндсэн зээл төлүүлээгүй, хүү хуримтлуулж төлүүлсэн байна гэдгийг нотлох баримттай хэлсэн. 2014 оны зээлийн хүүнд суутгаж төлүүлсэн байгааг тайлбарласаар байтал шүүгч анхаарч үзээгүй байна. Хүүнд суутгана гэдэг нь товчхондоо олгоогүй зээлээ олгосон мэт харагдуулна гэсэн үг юм. Иймд шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү. Хэрэгт авагдсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний дагуу олголт хийсэн, өмнөх зээлийг төлүүлсэн зэрэг шинээр зээл олгохоор харилцан тохиролцож гүйцэлдүүлсэн гэдгийг нотлох хөдлөшгүй баримтууыг "талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд хамаагүй" гэж илт нэг талыг барьсан, нотлох баримтад үндэслээгүй хийсвэр дүгнэлтийг хийх байдлаар үгүйсгэсэн. Хариуцагч анхнаасаа "эргэлтийн хөрөнгийн зээл олгох" санаа зорилго огт байгаагүй юм. Зээлдэгчийн зүгээс зөвхөн байгуулсан гэрээгээ уншиж, тухайн гэрээгээрээ явна гэж ойлгосон бол анхан шатны шүүх тухайн гэрээн дээр юу гэж бичсэн хэнд ч хамаагүй гэж дүгнэсэн байна. Ийм зөрүүтэй байгаа учир хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсч байгаа. Банкны зүгээс хуулийн дагуу гэрээ байгуулсан бол зээл олгох үүрэгтэй. Суутгасны дараа шинэ зээл мэт харагдах тул банкны зээлийн чанарын үзүүлэлт сайжирна. Зээлдэгчийн хувьд шинэ зээл огт байгаагүй учир энэ нь дүр үзүүлсэн хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2016 оны зээлийн гэрээнээс аль ч заалт нь хэрэгжээгүй. Зээл төлж байсан учир гэрээгээ хэрэгжүүлж явсан гэж хариуцагч тайлбарладаг. Эдгээр төлсөн төлбөрүүд нь 2016 оны биш өмнөх 2014 оны зээлийн төлбөрт тооцогдох учиртай. 2014 оны зээлийн гэрээний хугацаа нэгэнт дууссан тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл төлөгдөх учиртай юм. Үндсэн зээлийн төлбөрт тооцогдсон нөхцөлд хожим тооцогдох хүү багасч зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах юм. 2016 оны зээлийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан учир хүү суутган авах эрхгүй. Үндсэн зээлд авсан мөнгөн төлбөр нь мөн 2014 оны зээлийн үндсэн төлбөрт тооцогдох учиртай. Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь нотлох баримтыг буруу үнэлсний зэрэгцээ санаатайгаар нотлох баримтыг гуйвуулсан байгаа юм. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дах хэсэгт зааснаар эхлээд үгийн шууд утгыг анхаарахаар байна. Утга ойлгомжгүй байвал дараагийн нөхцөл рүү шилжихээр байна. Гэрээний заалтын шууд утга: "80.000.000 төгрөгийн зээлийг 365 хоног, 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалтаар олгох" гэж байна. Энд өмнөх зээл гэсэн утга алга. Нөхцөл өөрчлөх асуудал мөн алга. Гэрээг тайлбарлахдаа мөн хууль хэрэглээний алдааг гаргасан байна. Хүсэлт гаргасан гэж маргадаг. Гэвч тухайн хүсэлтийг хүлээн аваагүй. Хүсэлтийг нэг зээлдэгч гаргасан бол зээлийн гэрээг 2 зээлдэгч байгуулсан гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Нэг зээлдэгчийн гаргасан хүсэлтээр нөгөө зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлох боломжгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч “ХБ” ХХК-д холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулах буюу зээлийн гэрээний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 33 740 538 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр жилийн 27.60 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2.4 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 80.000.000 төгрөгийн зээлийн шугамын гэрээ, мөн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр  жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч сүүлийн зээлийн гэрээгээр  өмнөх зээлийг төлүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар  дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж уг хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардсан бол хариуцагч нь зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээг өөрчилж  байгуулсан гэж маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн 2016 оны зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн гэж дүгнэхдээ Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний зорилго, агуулга, зээл олгосон байдал, зээлдүүлэгчийн үйл ажиллагааны онцлог зэрэгт хуульд нийцсэн дүгнэлт өгч чадаагүй байхаас гадна Хас банк “зээл 80 000 000 төгрөг олгов” гэж гүйлгээ хийсэн, шугамын зээлийн дансанд 80.000.000 төгрөгийг шилжүүлж хаасан гэх байдлууд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлэлд хамааралгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

            Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээл буюу 80.000.000 төгрөг зээлдэгчийн зээлийн дансанд шилжсэнээр банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, зээл олгогдсон гэж үзэхээр байх боловч уг зээлийг зээлдэгч өөрөө хэрхэн зарцуулсан үйл баримтыг тодруулах нь банкны зээлийн зориулалт, зээл ашиглалттай холбоотой хууль болон гэрээний заалт бодит байдал дээр хэрэгжсэн эсэхийг тодорхойлоход ач холбогдолтой.

           

Хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 80.000.000 төгрөгийн зээл олгосон, 2014 оны зээлийн төлөлт хийсэн талаар Б.М-ын зээлийн дансны хуулгууд авагдсан байх боловч эдгээр гүйлгээг хийсэн мемориалын баримтууд, харилцагчийн зөвшөөрөл зэрэг баримт  хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхаас гадна нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02458 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ      

                             ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД  

                                                                             Н.БАТЗОРИГ