Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2019/02458

 

 

 

 

 

 

 

 

2019 11 29 181/ШШ2019/02458

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХБ ХХКхолбогдох,

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулах буюу зээлийн гэрээний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 33 740 538 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.У, гэрч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 1500019383 тоот зээлийн гэрээгээр 80 000 000 төгрөгийг Эргэлтийн хөрөнгийн зориулалттай 48 сарын хугацаатай Хасбанкнаас авахаар харилцан тохиролцсон. Үүний дагуу 2016 оны 09 сарын 30-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээлийг ХБ дах 5001191117 тоот дансанд олгосон боловч нэг ч төгрөгийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олголгүй, өөр зээлд бүгдийг суутгасан юм. Миний бие зээлийн хөрөнгөөс нэгч төгрөгийг ашиглаагүй байж хүүний төлбөрт 33 664 174 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 76 364 төгрөг 33 740 538 (гучин гурван сая долоон зуун дөчин мянга таван зуун гучин найм) төгрөгийг ХБинд төлж барагдуулжээ. Энэхүү хүүний төлбөрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах заалт, 56.5 дах заалтад тус тус заасны дагуу ХБны зүгээс авах эрхгүй байсан бөгөөд миний зүгээс төлсөн төлбөрийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулах замаар буцаан шаардах эрхтэй байна. Миний бие нь үүнээс өмнө буюу 2014 оны 09 сарын 03-ны өдөр ХБнаас авсан шугамын зээлтэй байсан. Энэхүү шугамын зээлийн төлбөрт 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 1500019383 тоот зээлийн гэрээгээр олгосон 80 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий зээлийг суутган төлүүлсэн юм. 2016 оны 09 сарын 30-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээлийг миний эзэмшлийн ХБны 5001191117 тоот төгрөгийн харилцах дансанд олгосон байдаг боловч тухайн өдөртөө багтааж 80 000 000 төгрөгийг 5001191150 тоот шугамын зээлийн данс руу суутган шилжүүлж хаасан байдаг юм. "Эргэлтийн хөрөнгийн зээл гэдэг нь зээлдэгчийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаанд нь зориулж, үйл ажиллагаа жигд хэвийн, тасалдалгүй явах боломжийг бүрдүүлэх зорилгоор олгодог зээлийг хэлдэг. Энэхүү бизнесийн үйл ажиллагаа зээлийн хөрөнгийн тусламжтайгаар хэвийн тасалдалгүй явсны эцэст орсон орлогоор зээлийг төлж барагдуулах үндсэн зарчимд зээлийн судалгаа суурилсан байх ёстой байдаг билээ. Миний хувьд жижиг бизнесийн зээл юм. Гэтэл банкны талаас өмнөх зээлийг хаах зорилгоор шинээр эргэлтийн хөрөнгийн гэх нэр төдий зээлийг гаргаж, өмнөх шугамын зээлийн үлдэгдлийн дүнтэй тааруулан зээл олгон хаасан байна. Өөрөөр хэлбэл зээлийн мөнгөн хөрөнгө болох 80 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон мэт гадаад байдлыг бий болгосон дүр үзүүлсэн зээлийн гэрээг хийгээд дараа нь шууд өөр зээлийн төлбөрт суутган авсан байна. Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1500019383 тоот зээлийн гэрээний дагуу олгосон гэх эргэлтийн хөрөнгийн 80 000 000 төгрөгийн зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй хирнээ үндсэн зээлд 31 000 000 төгрөг, хүүнд 33 000 000 төгрөгийг банкнаас төлүүлээд байгаа билээ. Зориулалтун дагуу ашиглах боломж бололцоог бүрдүүлэх үүрэг нь банкны өөрийнх хариуцах үүрэг гэж бий ойлгодог. Зориулалтын дагуу ашиглах боломжийг хааж, олгосон зээлийн хөрөнгийг буцааж авсан байгаа учир энэхүү үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Мөн өөрсдөө зээлийн төлбөрийг суутгаж авсан тул зээл ашиглалтыг огт шалгадаггүй, мэдээж шалгах шаардлагагүй гэж үздэг байх. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Банк тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийг зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл гэнэ гэжээ. Эндээс банкнаас олгох зээлийн хувьд зээлийн зориулалт нь гэрээний гол нөхцөл болох нь тодорхой харагдаж байгаа юм. Гэрээнд заасан зориулалтаар судалгаа хийж зээл олгочоод тухайн зориулалтаараа ашиглах нөхцөл боломжийг санаатайгаар хаасан бол банк зээлийн гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн буруутан болно гэж үзэж байна. Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-д зааснаар арилжааны банкийг зээл олгох замаар өмнөх зээлийг төлүүлэхийг хориглосон байдаг байна. Мөн тухайн зээлийг анхнаасаа эргэлтийн хөрөнгө авахад бус өмнөх өөр төрлийн зээлийг төлүүлэхэд зориулж олгохоор төлөвлөж, хэрэгжүүлсэн байгаа нь тухайн зээлийн харилцааг зөвхөн гадаад хэлбэрийг дүр үзүүлэх төдий бий болгох зорилгоор гэрээ хэлцлийг байгуулсныг шууд илчлэн харуулж байгаа хэрэг юм. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Энэ нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 80 000 000 төгрөгийн зээл олгоод буцаагаад өөр зээлд бүхэлд нь суутган төлүүлж, миний дансны /үлдэгдэл 0.0 болсныг батлах дансны хуулгуудаар бүрэн нотлогдож байгаа билээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоодоггүй байна. Харин хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан шаардлагыг гаргах эрхтэй билээ. Энэ талаар шүүгч Н.Оюунтуяагийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид тодорхой тусагасан байсан тул миний зүгээс гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргалгүйгээр шууд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2-т заасан хэлцэл тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд банкны зүгээс гэрээний дагуу хүү тооцон авах эрхгүй. Хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний дагуу үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийтдээ 33 740 538 төгрөгийг ХБны зүгээс суутган, төлүүлсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасны хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулж үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлсөн 33 740 538 төгрөгийг миний зүгээс буцаан шаардаж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулах эрхтэй юм. Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсний улмаас Б.Мр миний бие нь ХБинд төлөх ёсгүй үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 33 740 538 төгрөг төлж, надад энэ хэмжээний зардал гарч мөнгөн хохирол учраад байна. Энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгаж, төлөх ёсгүй хүүний төлбөрийг буцаан гаргуулсны дараагаар миний зөрчигдсөн эрх сэргэх буюу хамгаалагдах болно.

Иймээс Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-т тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаарддагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ХБ ХХК-тай байгуулсан 1500019383 тоот хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үр дагаварыг арилгуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлсөн 33 740 538 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Т., Б.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч буюу нэхэмжлэгч Б.Мр нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ХБаас 80 000 000 төгрөгийн шугамын зээл авсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус зээлийн нөхцөл өөрчлөх шийдвэр гаргаж Зээлдэгчийн хүсэлтээр бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан, борлуулалт буурч, орлого багассан, ээжийн маань бие муудаж, эм тарианы мөнгийг олсон орлогоосоо зарцуулдаг учраас зээлийн хугацааг эдийн засгийн байдал сайжиртал цааш нь сунгуулах хүсэлтэй байгааг харгалзан Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3.2.4-т заасан эрхээ хэрэгжүүлж, банкны зүгээс зээлийн гэрээний 3.1.3-т заасны дагуу зээлдэгчийн хүсэлтээр зээлийн хугацааг 48 сараар сунган, эхний 6 сар үндсэн төлбөрөөс чөлөөлж, зээлийн хүүг бууруулан жилийн 24 хувийн хүүтэй болгож, шугамын зээлийг сар бүр эргэн төлөгдөх нөхцөлтэй, жижиг бизнесийн зээлд шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ зээлийг миний ХБ дахь 50**** тоот дансанд олгосон боловч нэг ч төгрөгийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олголгүй, өөр зээлд бүгдийг суутган авсан байдаг гэжээ. Дээрхээс үзвэл зээлдэгчийн хүсэлтээр шугамын зээлийн сар бүрийн эргэн төлөлттэй болгож өөрчлөхөд өмнөх дансыг нь хааж, эргэн төлөгдөх нөхцлийг тохиролцсоны дагуу шинэ данс үүсгэж гаргадаг онцлогтой юм. Эргэн төлөлттэй хуваарь бүхий данс үүсгэж шилжүүлж байгаа нь өөр зээлд төлбөрийг суутгасан хэрэг биш бөгөөд зээлдэгчийн шинэ дансыг тохиролцсоны дагуу үүсгэж, өмнөх дансыг хааж шилжүүлж байгаа явдал юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ миний бие зээлийн гэрээний дагуу олгосон гэх эргэлтийн хөрөнгийн 80 000 000 төгрөгийн зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй хирнээ үндсэн зээлд 31 000 000 төгрөг, хүүнд 33 000 000 төгрөгийг банкнаас төлүүлээд байгаа гэжээ. Шугамын зээлийн гэрээ нь зээлдэгчид зээлжих эрх олгодог учраас нөхцөл өөрчилсөнтэй холбогдуулан шинээр данс үүсгэн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн дансруу шилжүүлсэн бөгөөд энэ нь шинээр 80 000 000 төгрөгийн зээл олгож байгаа хэрэг биш, өмнө нь авсан байсан зээлийн ашигласан дүнг, шинээр үүсгэж байгаа дансанд хийсэн олголтоо хааж байгаа явдал юм. Мөн нэхэмжлэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжийг хааж, олгосон зээлийн хөрөнгийг буцааж авсан гэжээ. Зээлдэгч нь шугамын зээлээр 80 000 000 төгрөгийг машин, мотоцикл, өөрөө явагч хэрэгслийн худалдаандаа зарцуулсан болох нь шугамын зээлийн дансны хуулгаас харагдана.

2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваариар зээлийг төлж байсан ч, зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацааны үүргээ зөрчиж эхэлсэн. Иймд зээлдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүй 124 хоногийн хугацаа хэтрүүлж, нийт 53 998 019 төгрөгийг бүрэн төлж, барагдуулахаа илэрхийлсэн. Уг Эвлэрлийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Үүнээс хойш Б.Мр нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүй учир барьцааны зүйл болох газар, орон сууцуудаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхээс шийдвэрлэсэн байна. Дээрхээс үзвэл зээлдэгч нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний эргэн төлөлтийн дагуу зээлийг төлж байсан, мөн эвлэрлийн гэрээг шүүхээс баталгаажуулахдаа иргэний хуулийг зөрчөөгүй байх шаардлагыг тавьдаг бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээ илэрхийлсэн байгаа нь уг гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл одоо шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн хувьд Зээлийн харилцааг бүхэлд нь Шүүх дүгнэж шийдвэрлэчихсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх зорилгоор гаргаж байгаа нэхэмжлэл гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан Дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг. Харин зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд, мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч талд аль алинд эрх, үүрэг үүсгэсэн бөгөөд ХасБанк нь 80 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ зээлийн гэрээний дагуу гүйцэтгэсэн бол зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн дагуу үүргээ биелүүлээгүй болохыг гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж зэргээс харж болно. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн хувийн хэргийг нэр төдий бүрдүүлсэн бөгөөд анхнаасаа зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар судалж, олгох гэсэн санааг банкны зүгээс агуулаагүй байсан" гэжээ. Дүр үзүүлж хийсэн хэлцлийг талууд харилцан тохиролцож хийдэг учраас нэг талын хүсэл зоригоор дүр үзүүлэн хэлцэл хийх боломжгүй юм.

Иймд нэхэмжпэгч Б.Мрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мр нь хариуцагч ХБ ХХК-д холбогдуулан Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулах буюу зээлийн гэрээний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 33 740 538 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Зээлдэгч Б.Мр нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ХБ ХХК-тай Зээлийн шугамын гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг жилийн 27.60 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2.4 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн /хх-17-20х/ байх бөгөөд энэхүү шугамын зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн хүүг төлж, үндсэн зээлийг төлөөгүй байсан байна. /хх-91-93х/

2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Зээлдүүлэгч ХБ ХХК-д Зээлдэгч Б.Мр нь зээлийн хугацааг сунгуулах, эхний 6 сар зээлийнхээ хүүг дангаар нь төлөөд үлдсэн хугацаанд үндсэн зээлтэйгээ хамт сард 2,0 сая төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр төлөгдөхөөр хугацааг тооцож сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. /хх-86х/

Зээлдүүлэгч ХБ ХХК нь уг хүсэлтийг хүлээн авч, 80 000 000 төгрөгийг нь жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлүүлэхээр тохиролцож Зээлдэгч Б.Мртай 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №1500019383 дугаар Зээлийн гэрээ-г байгуулсан /хх-69-72х/, зээлдэгч Б.Мр нь зээлийн төлбөрөө уг зээлийн гэрээний дагуу төлж байсан /хх-90х/ боловч зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байна.

Тус гэрээний агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс дүгнэн үзэхэд талууд хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч Б.Мр нь ХБ ХХК-тай байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №1500019383 дугаар Зээлийн гэрээ-г бие даасан шинээр зээл олгох гэрээ, мөн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.

Хариуцагч тал эхний гэрээ дуусаагүй үргэлжилж байгаа бөгөөд шугамын зээлийн гэрээ нь зээлдэгчид зээлжих эрх олгодог учраас нөхцөл өөрчилсөнтэй холбогдуулан шинээр данс үүсгэн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн дансруу шилжүүлсэн, энэ нь шинээр 80 000 000 төгрөгийн зээл олгож байгаа хэрэг биш, өмнө нь авсан байсан зээлийн ашигласан дүнг шинээр үүсгэж байгаа дансанд хийсэн гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасны дагуу дээрхи 2 гэрээний эрх, үүргийг шалгахад 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний зээлдэгч Б.Мрын төлөх хугацаа нь болсон үндсэн зээл 80 000 000 төгрөгийг төлөх үүргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр тодорхой хугацаагаар хойшлуулж, хэсэгчлэн төлүүлэх, зээлийн хүүгийн хэмжээг багасгасан байх тул талуудын эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгыг агуулаагүй, нэмэлт нөхцөл зааж байгаа агуулгаараа 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ үргэлжилж байгаа гэж үзэхээр байна.

 

Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байдаг.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн шугамын гэрээний үргэлжлэл болох 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №1500019383 дугаар Зээлийн гэрээ нь, агуулгын хувьд хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Харин хэлцлийн субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцэж байгаа эсэхийн хувьд талууд маргаж байх тул тусгайлан дүгнэлт хийх нь зүйтэй.

Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь дүр үзүүлэх /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2/, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийх /56.1.3/, үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож хэлцэл хийх /56.1.4/, субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийх /58 дугаар зүйл/, хууран мэхэлж хэлцэл хийх /59 дүгээр зүйл/, хүч хэрэглэж хэлцэл хийх /60 дугаар зүйл/ зэргээр зохицуулжээ.

Нэхэмжлэгч тал 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №1500019383 дугаартай Зээлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байна. Дүр үзүүлэн хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй байдаг буюу хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй.

Нэхэмжлэгч Б.Мр нь төлөх хугацаа нь болсон 80 000 000 төгрөгийг төлөх үүргээ тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх буюу зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэл зоригийг Хасбанкинд илэрхийлсэн бөгөөд энэхүү хүсэл зоригийг нь ХБ ХХК хүлээн авч, талууд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №1500019383 дугаартай Зээлийн гэрээ-гээр 80 000 000 төгрөгийг 48 сарын хугацаанд жилийн 24%-ийн хүүтэйгээр хэсэгчлэн төлөх хуваарийг тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Мр нь 80 000 000 төгрөгийг зээлээ төлөөгүй байж нэмж 80 000 000 төгрөгийн зээл авах хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Талууд тохиролцоогоо Зээлийн гэрээ гэж нэрлэсэн, хэлбэрийн хувьд бие даасан зээлийн гэрээ мэт харагдана, Хасбанк зээл 80 000 000 төгрөг олгов гэж гүйлгээ хийсэн, шугамын зээлийн дансанд 80 000 000 төгрөгийг шилжүүлж хаасан гэх байдлууд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлэлд хамааралгүй.

 

Дээрхи үндэслэлээр Б.Мрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мрын ХБ ХХК-д холбогдуулан Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулах буюу зээлийн гэрээний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 33 740 538 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА