Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00405

 

Б.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00950 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1161 дүгээр магадлалтай,

Б.Мын нэхэмжлэлтэй

“.............” ХХК-д холбогдох

33,740,538 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Мын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, Д.Чимэг-Оюу, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “.............” ХХК-д холбогдуулан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 33,740,538 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олгогдоогүй зээлд хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлж банк үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул 33,740,538 төгрөг буцаан гаргуулах гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулсныг хариуцагч эс зөвшөөрчээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00950 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул “.............” ХХК-д холбогдох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 33,740,538 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1161 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгч Б.М миний зүгээс хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах агуулга, үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр түүнийг зөвтгөсөн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг огт хангаагүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл, давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүн Ж.Оюунтунгалаг, Д.Нямбазар, А.Отгонцэцэг нар нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй, болж өнгөрсөн үйл факт, хэрэгт байгаа баримтыг ямагт банкны талд ашигтай байдлаар тайлбарлан үнэлж, шүүхэд хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байх ёсгүй талаар заасан хуулийн заалтыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч миний эрхийг зөрчөөд байна. Мөн хууль хэрэглээний алдааг гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байхын зэрэгцээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг алдааг гаргасныг дурдах нь зүйтэй байна. Банкны үйл ажиллагааны онцлог, үндсэн зорилго, зээлийн үйлчилгээний үндсэн зарчим, тэдгээрт тулгуурласан хуулийн зохицуулалт, түүний үр дагавар зэргийг зайлшгүй харгалзан үзэх ёстой байтал анхан болон давж заалдах шатны шүүхүүд үүнийг харгалзан үзэлгүй, хуулийн зарчим, зохицуулалтыг урьтал болгохоос илүүтэй хэт явцуу асуудлын хүрээнд маргаанд хандсаны улмаас өмнөх зээлийг шинэ зээл олгох хэлбэрээр хааж зээлийн үйлчилгээний үндсэн зорилгоосоо буцсан буюу “зээл олголт, зээлийн зориулалтын дагуух ашиглалт, хяналт, зарцуулалт, эргэн төлөлт” гэсэн банкны зээлийн харилцааны зүй ёсны циклийг үгүйсгэсэн хууль бус үйлдлийг “үүрэг солигдсон” гэх нэрийдлээр зөвтгөн тайлбарласан буруу шийдвэрийг гаргаж байна. Банкны зээлийн үйлчилгээнд зээл олголт хийгдсэн бол заавал зориулалтын дагуух ашиглалт, зарцуулалт заавал байх учиртай. Үүгээрээ иргэд хоорондын, бусад этгээдийн зээлээс ялгаатай.

4.2. Дэлхийн бүхий л улсад нэгэнт тогтсон жишгээс эсрэг, мөн Монгол Улсад зээлийг зээл шинээр олгох байдлаар хаахыг хориглосон хууль болон журмын зохицуулалтыг үл хайхарсан, энэ байдлаараа хэтэрхий эрх мэдэлтэй, мөнгөтэй, лобитой банкны эрх ашгийг хэт дөвийлгөж, хариуцагч банкийг өмгөөлж хамгаалан, энгийн ядарсан иргэн намайг улам туйлдуулж, хүндрүүлсэн шийдвэрийг гаргаад, энэ шийдвэрээсээ нилээд хүний, нэг ам бүлийн амь амьдрал, үр хүүхдийн цаашдын хувь заяа, ирээдүй хэрхэн өөрчлөгдөж болохыг үл тоосон харгис хэрцгий, хүнлэг бус шийдлийг гаргаад байна. Үүний хажуугаар Хас банкны эдийн засагч, ажилтны дарамт шахалт хэрээс хэтрээд байгаа. Хүний тоогоор халбага, сэрээ, аягаа аваад гэрээсээ яв, өөр юм үлдээхгүй хөөж гаргана гэж дарамт шахалт үзүүлж, айл гэр, үр хүүхдийг айлгаж ичээж байна. Ямар ч нөхцөлд банк өөрийн хүссэн зүйлээ хүссэн хэлбэрээрээ хийлгүүлдэг гэдгийг банкны ажилтны энэ аархал, омгорхол, дээрэлхүү, бардам үйлдлээс харж болно. Банк бүх зүйлийг ингэж хий, ингэж бич гэж дарамт шахалт үзүүлж хийлгэж авдаг гэдгийг хэлэх нь зүйн хэрэг. Үг үсэг цэг таслал бүрийг хэлж зааварладаг. Хүн нэг удаа алдаж зээлийн асуудлаар банктай орооцолдсон бол тэр банкны хараа хяналт, дарамт шахалтад ордог гэдгийг анхан болон давж заалдах щатны шүүх огт ойлгосонгүй. Харилцан тохиролцож ширээний 2 талд сууж ярилцдаг зүйл байдаг гэж анхан болон давж заалдах шатны шүүх бодит байдлаас хол хөндий дүгнэлтийг хийсэн. Энд ямар ч зөвшилцөл, ярилцлага, санал бодол гэж байхгүй. Банк, түүний ажилтнууд хүссэн зүйлээ яг хүссэнээрээ хийлгэж, нүднийхээ харцаараа өртэй төлбөртэй ядарсан биднийг хөдөлгөж чаддаг. Яг яаж хийхээ банкны хүмүүс хоорондоо ярьдгаас биш бидэнтэй огт ярьдаггүй, яриагүй. Ярьж дуусаад ингэж л хий гэж тулгаж, хүчээр зөвшөөрүүлдэг. Энэ бол хариуцагч банкны үнэн бодит байдал юм. Бусдын байнгын дарамт шахалтад байж үзээгүй бол намайг, манай гэр бүлийг ямар нөхцөлд байсныг ойлгохгүй байх нь аргагүй болов уу. 2014 оны зээлийн хугацаа дууссан учир цаашид энэ зээлийг үргэлжлүүлэх нь иргэний хуулийн 216.4-т заасны дагуу үндсэн зээл эхний ээлжид төлөгдөх учир банканд ашиггүй байсан. Тийм учир шинэ зээл олгох асуудал яригдсан хэрэг юм.

4.3. Дээрх нөхцөл байдлыг анзаараагүй бол үргэлж зээлдэгчийн эрхийг дордуулж шийдвэрлэх болно. Банканд нэг айлын амь амьдрал, үр хүүхэд цаашид яах нь ямар ч хамаагүй гэдэг нь тодорхой. Үнэлж болох, үнэд хүрэх бүгдийг аваад 1 халбага, 1 аягатай хөөж гаргана гэж байгаа хүмүүсээс илүү зүйл хүсэхгүй, хүсээд нэмэргүй нь мэдээж. Харин анхан шатны шүүгч О.Одгэрэл болон давж заалдах шатны шүүгч Ж.Оюунтунгалаг нараас арай өөр үр дүн хүлээж, хүсч итгэл найдлага тавьж байлаа. Гэтэл тийм байсангүй. Миний сэтгэл үнэхээр гонсгор байна. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүх, шүүгчид хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул энэ асуудлыг “Монгол Улсын Дээд Шүүх”-ээр эцэслэн шийдвэрлүүлж, шударга үнэн, хууль ёсыг тогтоолгон шүүлгэхээр ийнхүү хандаж байна. Монгол Улсын Дээд шүүх нь өмнөх зээлийг шинээр зээл олгох байдлаар хаасан асуудлаар хэд хэдэн удаагийн шийдвэр гаргаж, шударга үнэн, ёсыг тогтоож, зээлдэгчийг хуулиар олгогдсон эрхийг хамгаалсан шийдвэрийг гаргаж байжээ. Иймээс миний энэ асуудлыг ч алагчлан үзэлгүй хууль ёс, шударга үнэнг тогтоож өгнө гэдэгт Монгол Улсын Дээд шүүх, шүүх бүрэлдэхүүнд итгэж байна.

4.4. Монгол Улсын Дээд шүүхээс дараах эрх зүйн үндэслэл, нотлох баримтыг харгалзаж шийдвэрээ гаргахыг хүсч байна. Үүнд: Зээл, зээлийн хүүг хаах зорилгоор зээл олгохыг Монгол банкны “Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-аар хатуу хориглосон, мөн шинээр олгосон зээлээс өмнөх зээлийн төлбөрийг суутгасан нь зээлийг бүхэлд нь зориулалтаар нь ашиглах зээлдэгчийн боломжийг хаасан гэж үзэх үндэслэлийг нэгэнтээ бүрдүүлсэн байдаг юм. Ашиглах боломж олгоогүй зээлдээ хүү гэж тооцож, данснаас шууд суутган төлүүлэх нь хэр шударга зүйл вэ гэж би асуусан, энэ асуултынхаа хариултыг авахын төлөө ийнхүү явж байгаа хэрэг юм. Банк дансанд байгаа мөнгийг юунд тооцон авахаа өөрөө шийддэг. Түүнээс биш би өөрөө хүү төлий гэж төлөөгүй. Банк суутган авдаг гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй бололтой. Өнгөрсөн хугацаанд хүлээн зөвшөөрч төлөөд явсан мэтээр ярьж байна. Миний хувьд 2016 оны зээл бодитоор олгогдоогүй тул 2014 оны зээлийн төлбөрт төлөгдөх ёстой юм. 2014 оны зээл 78,274,320 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэж магадлалд бичжээ. Гэтэл 2016 оны зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөг олгогдоод миний ямар нэгэн зөвшөөрөлгүй суутгагдсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан дансны баримтаар яг зээл суутгадаг тухайн өдөр 2,024,777 төгрөгийн хүүг мөн хамтад нь суутган төлсөн байдаг. Шинээр олгож буй зээлээр өмнөх зээлийн хүүг хамтад нь төлсөн гэсэн үг юм. Хэрэв үүрэг солих хуулийн процесс явагдсан бол хүүг хэзээ ч үндсэн зээл болгож хувиргах учиргүй, учир нь хүү нь үндсэн зээлийг ашигласан хугацаанд тооцогдох хариу төлбөр болохоос олгож буй зээл биш юм. Хүүг төлүүлж, ийнхүү хүүг төлүүлсэн дүнгээр үндсэн зээлийг нэмж бичсэнийг үүрэг солигдох гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар олгоогүй зээлийг олгосон мэтээр бичин, түүний төлбөртөө хүү тооцох үндэслэлийг бүрдүүлсэн. Зээлийн хүүг шинээр олгосон зээлээр төлүүлж, олгоогүй зээлийн хэмжээндээ хүүг үргэлжлүүлэн тооцох үндэслэл бүрдэх тул хууль болон журмаар зээлийг хаах зорилгоор шинэ зээл олгохыг хориглосон байна. Зээл хаах зорилгоор зээл олгож байгаа нь угтаа банкны зээлийн үйлчилгээний үндсэн зорилго, зарчимд огт нийцэхгүй юм. Банк зээл олгоод зориулалтаар ашиглах нөхцөл боломжийг олгох үүрэгтэй онцлог бүхий хуулийн этгээд байтал тэр дор нь суутган авах зорилгоор, түүнчлэн суутгахыг нь мэдсээр байж дүр эсгэсэн гэрээ хийж, харилцагчийн зөвшөөрөлгүй автомат суутгал хийж байгаа нь хуульд нийцэхгүй үйлдэл юм. Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бус “суутган авах зорилгоор гэрээ” байгуулахыг хууль болон журмаар хориглоод байгаа юм. Давж заалдах шатны шүүхээс зээлдэгчийн зөвшөөрөлгүй суутгал хийснийг хуульд нийцэж байгаа талаас нь тайлбарлажээ. Гэхдээ банк тухайн гэрээг суутгах зорилгоор хийж байгаа бол анхнаасаа тэр гэрээг хийх ёсгүй байсан юм. Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 48 сарын хугацаатай 80 сая төгрөгийг олгох тухай тохиролцоо бүхий гэрээг хийх ёсгүй байсан. Хуулийн дагуу суутгана гэдгээ мэдсээр байж ийм гэрээ хийж байгаа нь энгийн над шиг иргэдийг төөрөгдүүлэх нь лавтай зүйл юм.

4.5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнийг зээлийн хүү” гэж тодорхойлсон бол 26 дугаар зүйлд зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Зээлийн ашиглалт, зориулалтыг зээлдүүлэгч шалгаж, зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэжээ. Түүнчлэн Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2010 оны 475/182 дугаар тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.10-т “тухайн зээлдүүлэгч нь зээл, үнэт цаас, бусад актив, тэдгээрийн хүүг нэмж зээл олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно. Ингэж төлүүлсэн тохиолдолд уг зээл, үнэт цаас, бусад активыг анхны нөхцөл өөрчлөгдсөнд тооцно” гэжээ. Дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь шинээр олгосон зээлээс өмнөх зээлийн төлбөрийг суутгасан нь зээлийг бүхэлд нь зориулалтаар нь ашиглах зээлдэгчийн боломжийг хааснаас гадна Монгол банктай байгуулсан гэрээний үүргээ зөрчжээ.

4.6. Ер нь банкны хувьд урьдаас суутгах зорилгоор зээл олгож болох уу? Энэ нь банкны үйл ажиллагааны зорилгод нийцэх үү? 80 сая төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 48 сарын хугацаатай олгоно гэж гэрээ хийснийг суутгах зорилготой зээл байсан гэж дүгнэж байгаа давж заалдах шатны шүүхийг ойлгохгүй байна. Банк хуулийн дагуу суутгах эрхтэй гэдгээ мэдсэн. Зээлийг олгомогц хуулийн дагуу суутгана гэдгээ мэдэж, түүнийгээ хүсч, урьдаас төлөвлөж үйлдсэн. Харин энэ урьдаас төлөвлөсөн зүйлийг зээлдэгч би огт мэдээгүй, энэ талаар надтай зөвшилцөөгүй, зээлдэгч 80 сая төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 48 сарын хугацаатай авна, энэ бол миний шинэ боломж, шинэ хөрөнгө оруулалт гэж харж байсан. Энийг суутгана гэдгийг хэн ч надад хэлээгүй. Мэдэж байсан этгээд нь зөвхөн хариуцагч банк байсан гэдгийг хэлмээр байна. Үүнийг харилцан тохиролцсон гэж үзэж байгаа давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй. Банк зээлийг олгосон боловч автомат суутгал хийж өмнөх зээл, хүүг хаасан. Үүнийг шүүх үүрэг сольсон гэж дүгнэж байна. Хэрэв энэ нь үүргийг сольж байгаа нөхцөл бол ийнхүү үүргийг сольж байгаа нь банкны өөрийнх нь зээлийн үйлчилгээний үндсэн зорилго, зарчим, энэ талаар зохицуулсан хуулийн зохицуулалтад нийцэж байгаа эсэхийг анхаарах ёстой байсан юм. Зээл, хүүг шинэ зээл олгож хаах, хаагдаж байгаа хүүгийн хэсгийг шинэ зээл болгон хувиргаж байгаа нь энэ банкны үйл ажиллагаанд харилцагчийн ямар хүсэл зоригийн илэрхийлэл агуулагдаж байна вэ? Зээлийг суутгахдаа банк асуугаагүй. Өмнөх зээлийг хаахдаа банк зээлдэгчийн саналыг сонсоогүй. Шинэ зээл олгох гэрээ байгуулчхаад өмнөх зээлд суутгахдаа банк урьдчилж хэлээгүй. Энд дандаа банкны өөрийнх нь үйл ажиллагаа л байдаг. Миний оролцоо огт байгаагүй. Энэ нь банкны зээлийн үйл ажиллагааны онцлогт нийцэж байгаа эсэхийг анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэлээс, давж заалдах шатны шүүгч Ж.Оюунтунгалаг нараас асуумаар байна. Та нарт юу ч хэлэхгүй, та нарыг огт сонсохгүй хийсэн үйлдлийг харилцан тохиролцож хийсэн үйлдэл гэж үзэх үү гэж асуумаар байна. Үүнтэй холбоотой асуудлын хүрээнд 2020.01.27-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 206 тоот магадлалаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Тодруулбал, “Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээл буюу 80,000,000 төгрөг зээлдэгчийн дансанд шилжсэнээр банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, зээл олгогдсон гэж үзэхээр байх боловч уг зээлийг зээлдэгч өөрөө хэрхэн зарцуулсан үйл баримтыг тодруулах нь банкны зээлийн зориулалт, зээл ашиглалттай холбоотой хууль болон гэрээний заалт бодит байдал дээр хэрэгжсэн эсэхийг тодорхойлоход ач холбогдолтой.” гэжээ. Үүний дансны баримтыг гаргуулан авснаар банк харилцагчийн зөвшөөрөлгүй, дур мэдэн дотооддоо суутган авсныг тогтоосон. Эндээс зээлийн зориулалт, ашиглалт бодит байдал дээр хэрэгжих нь маргааныг шийдвэрлэхэд чухал асуудал гэдгийг давж заалдах шатны өөр 3 шүүгч дүгнэж байсныг хэлэх нь зүйтэй байна.

4.7. Харин өмнө нь гаргасан хүсэлтийн хувьд банкны ажилтан бичиж өгөхийг шаардсан, 2015 оны сүүлээр бичиж өгсөн, гэхдээ энэ хүсэлтийг банк хангаж шийдвэрлээгүй гэдгийг анхаарч үзэхийг хүсч байна. 2016.09.29-ний өдөр зээлийн гэрээ байгуулснаар дээрх хүсэлт бүхий хүсэл зоригийн илэрхийллээс татгалзсан гэж үзэж болно. Шинээр зээл авч байгаа нөхцөлд өмнөх зээлийн хугацааг сунгуулах шаардлагагүй болсон. Тэр хүсэлтийг шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон. Эцэст нь хэлэхэд 2016.09.30-ны өдрөөс 80,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон хэдий ч тэр өдрөө өөр зээлд харилцагчийн зөвшөөрөлгүй суутган төлүүлж, зориулалтын дагуу ашиглах боломжийг хязгаарласан. Гэвч тэр өдрөөс хойш 2016 оны зээлд нэхэмжлэгчээр 33,740,538 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, 223 дугаар зүйлийн 223.2 дахь заалт, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтаар үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно.” гэж заасан хуулийн зохицуулалтын талаар удаа дараа тайлбарлаж, зээлийн хөрөнгийг бодитоор ашиглуулахгүйгээр хүү тооцож төлүүлсэн байгааг анхаарахыг хүссэн хэдий ч анхаараагүй болно.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Б.М “.............” ХХК-д холбогдуулан 33,740,538 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “талуудын хооронд байгуулагдсан 2016.09.29-ний өдрийн зээлийн гэрээ дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус, учир нь банкны зээл зориулалттай байх ба гэрээнд эргэлтийн хөрөнгийн зориулалт гэж заасан, мөнгийг миний дансанд шилжүүлсэн боловч өмнөх зээлд суутгасан тул огт ашиглаагүй, иймээс банк зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул төлсөн мөнгөө буцаан шаардаж байна” гэсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2016 оны зээлийн гэрээ өмнөх 2014 оны шугамын зээлийн гэрээтэй холбоотой, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гэрээний нөхцөл өөрчилж /хугацааг сунгаж, зээлийн хүүг бууруулсан/ гэрээг шинэчилсэн, гэрээний дагуу 80,000,000 төгрөг бодитоор олгогдсон хэрэг биш, өмнө авсан зээлийн ашигласан дүнг шинээр үүсгэж байгаа дансанд шилжүүлж, өмнөх дансыг хааж гүйлгээ хийсэн” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2016.09.29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээгээр буюу 33,740,538 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шаардлага гаргаж буй эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг гэж тодорхойлж, “гэрээ дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус”-аас нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггүй, хариуцагч эдгээрийг шаардах эрхгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарласан.

10. Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй, өөрөөр хэлбэл, мөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан нь эрх зүйн үндэслэлгүй байсан тохиолдолд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, нэхэмжлэгчид мөнгийг буцаан шаардах эрх үүснэ.

11. Маргааны үндэслэл болсон 2016.09.29-ний өдрийн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

Харин анхан шатны шүүх дээрх гэрээг бие даасан шинэ гэрээ болохгүй, 2014 оны гэрээний үргэлжлэл, нэмэлт тохиролцоо бөгөөд өмнөх гэрээний үүрэг хэвээр учир банк хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлсэн нь үндэслэлтэй гэсэн, давж заалдах шатны шүүх 2014 оны зээлийн гэрээний үүргийг 2016 оны зээлийн гэрээгээр сольсон гэсэн өөр өөр дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Тухайлбал, тус шүүх “хэргийн баримтын хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014.09.03-ны өдөр 80,000,000 төгрөгийг, жилийн 27.60 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж зээлийн хүү төлж байсан, үндсэн зээлийн төлбөрт 78,274,320 төгрөгийн үлдэгдэлтэй үед нэхэмжлэгч гэрээг сунгаж, эхний сард зээлийн хүүг төлж, цаашид хүү, үндсэн зээлд сар тутамд нийт 2,000,000 төгрөг төлөхийг хүсч банкинд хандсан уг хүсэлтийн дагуу талууд 2016.09.29-ний өдөр гэрээг шинэчлэн байгуулсан нь тогтоогдсон ба эдгээрээс талууд гэрээний хугацаа, нөхцөлийг өөрчлөх зорилгоор өмнөх үүргийг дуусгавар болгож шинээр гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг зөрчихгүй байна.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж мөнгийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэхгүй болно.

12. Нэхэмжлэгч нь өмнө авсан зээлээ хэвээр үлдээж, шинээр гэрээ байгуулж мөнгө нэмж авах зорилготой байсан бол гэрээний оролцогчийн хувьд энэ хүсэл зоригоо нөгөө талдаа илэрхийлэх, нэг ойлолтод хүрч чадаагүй тохиолдолд гэрээг байгуулахгүй байх, эсхүл шинээр байгуулсан гэрээгээр мөнгө олгогдоно гэж ойлгон гэрээг байгуулсан бол мөнгийг шаардах, эсхүл гэрээнээс татгалзах боломжтой байжээ.

13. Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шинээр байгуулагдсан гэрээний дагуу зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээсэн гэж үзэх бөгөөд энэ хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тэрээр нийт 33,740,538 төгрөг төлсөн нь эрх зүйн үндэслэлгүй байснаас буцаан шаардах эрхтэй гэж дүгнэх боломжгүй.

14. Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/00950 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1161 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Мын 2020.06.30-ны өдөр 557,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН