Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

 

ЧДНД-ын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/03024 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЧДНД-ын хэлтсийн хариуцагч “КА” ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 81 680 859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э, Ц.Ж, хариуцагчийн төлөөлөгч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, М.М, прокурор Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э шүүх хуралдаанд тайлбартаа:

Тус хэлтэстэй харилцагч “КА” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл 55 784 501.85 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн. Энэ зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийн өрийг төлүүлэхээр “КА” ХХК-д улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасан ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна. Хариуцагч компанийн захирал даатгалын шимтгэл 55 784 501.85 төгрөгийг төлж алдангиас чөлөөлж эвлэрэх санал гаргаж байгаа боловч бидэнд алдангийг хасаж эвлэрэх эрх байхгүй. Алданги нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан тул хуулиар ногдуулах алданги юм. Нэхэмжилж байгаа мөнгө манай байгууллагын мөнгө биш улсын санд төвлөрдөг тул хуульд заасан алдангийг хасаж эвлэрэх эрх бидэнд байхгүй. Иймд хариуцагч “КА” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55 784 501.85 төгрөг, хуульд заасан алданги 25 896 357 төгрөг нийт 81 680 859 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани 1998 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл аудитын үйл ажиллагааг 20 гаруй жил тасралтгүй явуулж ирсэн. Хэдийгээр бидний орлого нь зардлаа нөхөх хэмжээний биш байсан ч орон тооны 4 аудитор ажиллуулсаар байсан ба мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын цол зэргийг авсан мэргэжилтнүүдийн сарын цалинг 1 800 000 төгрөгөөс 2 500 000 төгрөгийн хооронд тогтоохоос нааш тэднийг ажиллуулах боломжгүй. Ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс гарт олгох мөнгийг аль болох тасалдуулахгүйг хичээсэн нь татвар нийгмийн даатгалд төлөх өр төлбөр хуримтлагдахад хүрсэн. Тэглээ гээд ажилтнуудын цалинг бууруулан тайлагнаж, хууль зөрчин, ажилтнуудаа хохироогоогүй бөгөөд татвар, нийгмийн даатгалын өр төлбөр хуримтлагдаад сүүлийн 3 жилийн нүүрийг үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55 784 501.85 төгрөгийг хугацаа авч сар сард хувааж төлж дуусах, алдангиас чөлөөлүүлэх саналтай байна. Шүүх хурал дээр эвлэрч, алдангийг хасаж үндсэн төлбөр 55 784 501.85 төгрөгийг төлөхөөр эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

 

Прокурор Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЧДНД-ын хэлтэстэй харилцагч “КА” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 55 784 501.85 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх үүргийг ажил олгогч буюу “КА” ХХК хүлээсэн бөгөөд тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн баримтуудаар тогтоогдсон. “КА” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55 784 501.85 төгрөгийн өр үүссэн тухайд маргаагүй тул нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 25 896 357 төгрөг нийт 81 680 859 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар “КА” ХХК-аас 81 680 859 төгрөг гаргуулж даатгуулагчдын зөрчигдсөн эрхийг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч “КА” ХХК-аас 81 680 859 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЧДНД-ын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “КА” ХХК-аас 566 354 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:

… Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч ЧДНД-ын хэлтсийг төлөөлж даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Н.Ариунаа гэх хүн гарын үсэг зуран 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл ЧДНД-ын хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл Н.Ариунаа нь нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон бүртгэгдсэн. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Ш.Алтанчимэг гэж хүн тус хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байж чадаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс алданги 25 896 357 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Талууд алдангиас хасаад үндсэн өрийг төлөх хугацаа тогтоож эвлэрэх талаар хэлэлцэн, ярилцаж байхад анхан шатны шүүхийн зүгээс угаасаа төлөх ёстой юм чинь гэж хэрэг хэлэлцэж эхлээ ч үгүй байхад хэргийн шийдлийг урьдчилан хэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 дэх хэсэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах гэж заасныг тус тус зөрчсөн, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэг, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч ЧДНД-ын хэлтэс нь хариуцагч “КА” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 81 680 859 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “...үндсэн өрийг төлнө, алдангийг төлөхгүй” гэж маргажээ.

 

            Хариуцагч “КА” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг сангийн дансанд сар бүр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 55 784 501.85 төгрөгийн өртэй болсон нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогджээ.

 

            Нэхэмжлэгч байгууллага дээрх өрийг алдангийн хамт гаргуулахаар шаардсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасантай нийцэж байх тул шүүх 55 784 501.85 төгрөгийн шимтгэлийн өрийг алданги 25 896 357 төгрөгийн хамт хариуцагч “КА” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ЧДНД-ын хэлтэст олгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 тоот тушаалаар ЧДНД-ын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Ариунааг эгүүлэн томилсон баримт хэрэгт авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд гаргасан байна.

            Иймд төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т заасан нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/03024 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                                              ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ