Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02124 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Т-ийн хариуцагч МУИС-д холбогдуулан гаргасан aжилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Т- нь 2005 оноос эхлэн МУИС-д эдийн засагч, ахлах эдийн засагч, ерөнхий эдийн засагчаар ажиллаж ирсэн бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн захирлын Б/263 тоот тушаалаар, ар гэрийн гачигдлын улмаас нэг сарын цалинтай чөлөө авч үргэлжлүүлэн ээлжийн амралтаа эдэлж амралттай байх хугацаандаа нэг жилийн хугацаатай цалингүй чөлөө авах хүсэлтээ гадаадад байсан учраас цахим шуудангаар Монгол Улсын Их Сургуулийн захиралд хүргүүлсэн. Миний хүсэлтийг хүлээн авч ирсэн баримт бичгийн бүртгэлд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэн нэг жилийн чөлөө олгох тушаал төлөвлөхөөр Захиргаа, хүний нөөцийн дарга Г.Эрдэнэбаярт 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Хүсэлт зөвшөөрөгдсөн талаар аман шийдвэр авсан. Би 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголд ирээд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогчоос чөлөө олгосон тушаалаа өөрийн биеэр хүлээж авахаар иртэл 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарсныг ажил олгогч мэдэгдэж захиргаа, хүний нөөцийн газраас тушаалаа аваарай гэсэн учраас өөрийн биеэр хөөцөлдөж, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тушаалыг авсан. Тушаалтай танилцахад хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Уг тушаалыг хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй тушаал гэж хүлээн зөвшөөрөхгүй. Ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээ байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан заалт нь 2 асуудлыг зохицуулдаг. 1. Хөдөлмөрийн гэрээг тухайлан заасан ноцтой зөрчил, 2. Сахилгын зөрчлийг давтан гаргасан зөрчил гэж зохицуулсан байдаг. 1 дэх зохицуулалтыг үндэслэхэд ажил олгогч нь Д.Т-тай хөдөлмөрийн гэрээ хийсэн зүйл байдаггүй. 2 дахь зохицуулалтын хувьд Д.Т- нь сахилгын зөрчлийг огт гаргаж байгаагүй. Тухайн үед ажлаас чөлөөлсөн талаар мэдээлсэн бол Д.Т- нь Япон улсаас ирэх боломжтой байсан. Д.Т-ийн 2018 оны 9 дүгээр сард өгсөн хүсэлтийн хариуг өгөхгүй байж байгаад гэнэт 2019 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байсан. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр хэсэгт зааснаар тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, мэдэгдсэнээс хойш 3 сарын дотор ногдуулна гэж заасан байдаг. Иймээс энэ хуульд заасан зохицуулалтыг зөрчиж үйлдсэн байна. Хөдөлмөрийн маргаан нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Захирлын гаргасан ажлаас чөлөөлсөн тушаал юм. Тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан байна. Иймээс Монгол Улсын Их Сургуулийн ерөнхий эдийн засагчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинг тушаал шийдвэр гарсан өдөр болох 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт ажлын 196 хоногийн 15 304 660 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Анх Д.Т- нь 1 сарын цалинтай чөлөө олгох хүсэлт гаргасан. Хариуцагч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2.3, 7.2.1 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч ар гэрийн асуудлыг нь харгалзан үзээд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/263 тоот тушаалаар 1 сарын цалинтай чөлөө олгосон. Мөн хүүхэд нь өндөр өртөгтэй хагалгаанд орж байгаа учир Д.Т-ийн хүсэлтийг үндэслэн буцалтгүй тусламж үзүүлэх Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/287 тоот тушаалаар Төвлөрсөн сангийн багш, ажилтныг дэмжих зардлаас 1 044 600 төгрөгийн олгосон. Д.Т-ийн чөлөөтэй байх хугацаанд ээлжийн амралтын хувиар таарч байх тул 2018 оны ээлжийн амралтыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/302 тоот тушаалаар 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл олгож, ээлжийн амралтын олговрыг 24 хоногоор тооцож олгохыг зөвшөөрсөн. Иймд Д.Т-т Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн 1 сарын цалинтай чөлөө, буцалтгүй тусламж, ээлжийн амралтыг ар гэрийн байдлыг харгалзан түүнд туслах зорилгоор дээрх байдлаар шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан болно. Д.Т- нь албан ёсоор ямар нэгэн бичиг ирүүлээгүй, хийж байсан ажлаа хүлээлцэлгүй, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй ажлын байрыг удаан хугацаагаар орхиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол Улсын Их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1, 9.2 болон 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр, Санхүү, төлөвлөлтийн газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4а/4336 тоот албан бичиг, Д.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргийг тус тус үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/31 тоот Захирлын тушаалаар ажлаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн. Мөн холбогдох дараах нотлох баримтуудаар Д.Т- үндэслэлтэйгээр ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдож байгаа юм. Үүнд, Монгол Улсын Их сургуулийн дэд Захирал н.Ундрам, нэгж хариуцсан Захирал н.Энхцэцэг нарын гэрчээр асуугдсан мэдүүлэг, Монгол Улсын Их сургуулийн дотоод журмын 7.3.4 дэх хэсэгт заасан заалтууд, Монгол Улсын Их сургуулийн дотоод журамд зааснаар ямар ч тохиолдолд цахимаар чөлөө авч, ажил хүлээлцэх зүйл байдаггүй. Монгол улсын их сургуулиас Д.Т-ийг ирж ажлаа хүлээлцээд өгөөч гэсэн хүсэлтүүдийг удаа дараа тавьсан боловч огт ирээгүй байдаг. Мөн чөлөө авах гэж байгаа бол өөрийн биеэрээ МУИС- дээр ирээч гэхэд очих боломжгүй, хүмүүст ажлаа хариуцуулсан байгаа гэж тайлбар гаргаад ирээгүй. Д.Т- нь ажлаа хаяж явснаас 2018 оны 9 дүгээр сар, 10 дугаар саруудад оюутнуудын сургалтын төлбөрийн асуудал дээр бэрхшээл учирсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т-ийг хариуцагч Монгол Улсын Их Сургуулийн ерөнхий эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 304 660 /арван таван сая гурван зуун дөрвөн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-т олгож, хариуцагч МУИС-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Т-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын Их Сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 234 473 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч C.О давж заалдах гомдолдоо:

… Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн эдлэх ээлжийн амралтын хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байх боловч нэхэмжлэгч нь ажил, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгээгүй болох нь Ч.Ундрамын гэрчийн мэдүүлэг, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан зөрчил гаргасан болох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэх 2 өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгч Д.Т-т ажил олгогчоос 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр А106 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт, 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан заалтыг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан заалтуудад тус тус нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Т- нь хариуцагч МУИС-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Монгол Улсын Их сургуулийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/31 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1, 9.2-т заасныг үндэслэн Д.Т-ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хэрэгт баримтаар авагдсан байна. /хх5/

 

            Хариуцагч нь Д.Т-ийг ажлын байрыг орхин явсан, хариуцсан ажил үүргээ хүлээлцэлгүй ажил цалгардуулсан, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш өнөөг хүртэл ажил тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

            Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай цалинтай чөлөөтэй, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан үйл баримтын тухайд талууд маргаагүй.

 

            Д.Т- нь 1 жилийн чөлөө олгох хүсэлтийг ээлжийн амралт дуусахаас өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч байгууллагын Захиргаа, хүний нөөцийн дарга асан Г.Эрдэнэбаярын [email protected] и-мэйл хаягруу, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрамын [email protected] и-мэйл хаягруу явуулсныг ирсэн баримт бичгийн бүртгэлд бүртгэж, шийдвэрлүүлэхээр Г.Эрдэнэбаярт шилжүүлсэн болох нь Г.Эрдэнэбаяр, Б.Энхжаргал, Ч.Ундрам нарын гэрчийн мэдүүлэг, ирсэн бичгийн бүртгэлийн хуулбар, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна.

 

            Нэхэмжлэгч Д.Т-ийн цалингүй чөлөө авах хүсэлтийг хариуцагч байгууллага 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч тушаал төлөвлөх гэсэн утгатайгаар Г.Эрдэнэбаярт шилжүүлсэн, дэд захирал Ч.Ундрам нь хүндэтгэх шалтгаантай байгаа гэж үзээд 1 жилийн чөлөө өгөхөд татгалзах зүйлгүй боловч 2 асуудал байгааг Д.Т-т мэдэгдсэний дагуу нэгжийн ажлын тайлан, хүлээлгэж өгөх бичиг баримтыг ажиллаж байгаа хоёр эдийн засагчид өгснөө 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хариу мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна.

 

            Дээрх баримтаас үзвэл ажилтан Д.Т- нь гадаадад хүүхдээ эмчлүүлж асрах шалтгааны улмаас ажилдаа ирж чадахгүйгээ мэдэгдэж, 1 жилийн цалингүй чөлөө хүсч хүсэл зоригоо ойлгомжтойгоор илэрхийлж, ажлын шаардлагатай мэдээллийг гаргуулах ажилтныг заасан бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын 7.3.1.5-д зааснаар чөлөө хүссэнийг хариуцагч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, чөлөө олгоогүй талаарх шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

 

            Иймд нэхэмжлэгчийн чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй атлаа, ажил тасалсан, ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн гэж үзэх боломжгүй.

 

            Хэрэгт хөдөлмөрийн гэрээ байгуулсан баримт авагдаагүй боловч ажилтан ажил олгогчийн ажилд томилсон шийдвэрийн дагуу тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байсан тул талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

            Дээрхээс үзвэл хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй тул Д.Т-ийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 01 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх буюу 9 сар, ажлын 1 хоногийн хугацааны олговрыг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр буюу 15 304 660 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02124 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 673 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ