Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 02124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Т/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

                                                       

Хариуцагч: М сургуульд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дашхүү овогтой Т миний бие нь 2005 оноос эхлэн М СУРГУУЛЬ-д эдийн засагч, ахлах эдийн засагч, ерөнхий эдийн засагчаар ажиллаж ирсэн бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн захирлын Б/263 тоот тушаалаар, ар гэрийн гачигдлын улмаас нэг сарын цалинтай чөлөө авч үргэлжлүүлэн ээлжийни амралтаа эдэлж амралттай байх хугацаандаа нэг жилийн хугацаатай цалингүй чөлөө авах хүсэлтээ гадаадад байсан учираас цахим шуудангаар МСургуулийн захиралд хүргүүлсэн. Миний хүсэлтийг хүлээн авч ирсэн баримт бичгийн бүртгэлд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэн нэг жилийн чөлөө олгох тушаал төлөвлөхөөр Захиргаа, хүний нөөцийн дарга Г.Эрдэнэбаярт 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн байдаг.

Хүсэлт зөвшөөрөгдсөн талаар аман шийдвэр авсан. Би 2019 оны 02 дугаар сарын 04-нд Монголд ирээд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогчоос чөлөө олгосон тушаалаа өөрийн биеэр хүлээж авахаар иртэл 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарсныг ажил олгогч мэдэгдэж захиргаа, хүний нөөцийн газраас тушаалаа аваарай гэсэн учраас өөрийн биеэр хөөцөлдөж, 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр тушаалыг авсан.

Тушаалтай танилцахад намайг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Миний бие уг тушаалыг хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй тушаал гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээ байхгүй.

Тушаалтай танилцахад хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан заалт нь 2 асуудлыг зохицуулдаг. 1. Хөдөлмөрийн гэрээг тухайлан заасан ноцтой зөрчил, 2. Сахилгын зөрчлийг давтан гаргасан зөрчил гэж зохицуулсан байдаг. 1 дэх зохицуулалтыг үндэслэхэд ажил олгогч нь Ттай хөдөлмөрийн гэрээ хийсэн зүйл байдаггүй. 2 дахь зохицуулалтын хувьд Т нь сахилгын зөрчлийг огт гаргаж байгаагүй. Тухайн үед ажлаас чөлөөлсөн талаар мэдээлэлсэн бол Т нь Япон улсаас ирэх боломжтой байсан. Д.Тийн 09 дүгээр сард өгсөн хүсэлтийн хариуг өгөхгүй байж байгаад гэнэт 1 сард ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байсан. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зааснаар тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, мэдэгдсэнээс хойш 3 сарын дотор ногдуулна гэж заасан байдаг. Иймээс энэ хуульд заасан зохицуулалтыг зөрчиж үйлдсэн байна. Хөдөлмөрийн маргаан нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Захирлын гаргасан ажлаас чөлөөлсөн тушаал юм. Тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан байна. Иймээс МСургуулийн ерөнхий эдийн засагчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинг тушаал шийдвэр гарсан өдөр болох 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт ажлын 196 хоногийн 15,304,660 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

Иймд Ч.БатТ миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч МСургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхийн хянан шийдвэрлэж байгаа Д.Тийн нэхэмжлэлтэй “МСургууль”-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонгэрэл би дараах тайлбарыг гаргаж байна.

Анх Д.Т нь 1 сарын цалинтай чөлөө олгох хүсэлт гаргасан. Хариуцагч талаас “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэг”, “Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2.3, 7.2.1 дахь заалтыг үндэслэн МСургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч ар гэрийн асуудлыг нь харгалзан үзээд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/263 тоот тушаалаар 1 сарын цалинтай чөлөө олгосон. Мөн Хүүхэд нь өндөр өртөгтэй хагалгаанд орж байгаа учир Д.Тийн хүсэлтийг үндэслэн буцалтгүй тусламж үзүүлэх МСургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/287 тоот тушаалаар Төвлөрсөн сангийн багш, ажилтныг дэмжих зардлаас 1,044,600 төгрөгийн олгосон. Д.Тийн чөлөөтэй байх хугацаанд ээлжийн амралтын хувиар таарч байх тул 2018 оны ээлжийн амралтыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/302 тоот тушаалаар 2018 оны 08 сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл олгож, ээлжийн амралтын олговрыг 24 хоногоор тооцож олгохыг зөвшөөрсөн. Иймд Д.Тт Хөдөлмөрийн тухай хууль, М СУРГУУЛЬ-ийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн 1 сарын цалинтай чөлөө, буцалтгүй тусламж, ээлжийн амралтыг ар гэрийн байдлыг харгалзан түүнд туслах зорилгоор дээрх байдлаар шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан болно. Д.Т нь албан ёсоор ямар нэгэн бичиг ирүүлээгүй, хийж байсан ажлаа хүлээлцэлгүй, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй ажлын байрыг удаан хугацаагаар орхиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, М СУРГУУЛЬ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1, 9.2 болон 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр, Санхүү, төлөвлөлтийн газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4а/4336 тоот албан бичиг, Д.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргийг тус тус үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/31 тоот Захирлын тушаалаар ажлаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн. Мөн холбогдох дараах нотлох баримтуудаар Д.Т үндэслэлтэйгээр ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдож байгаа юм. Үүнд, М СУРГУУЛЬ-ийн дэд Захирал н.Ундрам, нэгж хариуцсан Захирал н.Энхцэцэг нарын гэрчээр асуугдсан мэдүүлэг, М СУРГУУЛЬ-ийн дотоод журмын 7.3.4 дэх хэсэгт заасан заалтууд. М СУРГУУЛЬ-ийн дотоод журамд зааснаар ямар ч тохиолдолд цахимаар чөлөө авч, ажил хүлээлцэх зүйл байдаггүй. М СУРГУУЛЬ-аас Д.Тийг ажил дээр ирнэ үү, ажлаа хүлээлцээд өгөөч гэсэн хүсэлтүүдийг удаа дараа тавьсан боловч огт ирээгүй байдаг. Мөн чөлөө авах гэж байгаа бол өөрийн биеэрээ М СУРГУУЛЬ дээр ирээч гэхэд очих боломжгүй, хүмүүст ажлаа хариуцуулсан байгаа гэж тайлбар гаргаад ирээгүй байдаг. Д.Т нь ажлаа хаяж явсан М СУРГУУЛЬ-д багагүй бэрхшээлүүд учирсан байдаг. Тухайлбал, 2018 оны 09, 10 саруудад оюутнуудын сургалтын төлбөрийн асуудал дээр бэрхшээл учирсан. Энэ нөхцөл байдлуудаас болж Д.Тийг ажлаас нь чөлөөлөх шаардлага тулгарсан байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Т хариуцагч МСургуульд холбогдуулан Ерөнхий эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 15 304 660/арван таван сая гурван зуун дөрвөн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч МСургууль нь Д.Т ажлаа хаяж явсан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс хариуцагчид ерөнхий эдийн засагчаар ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай Б/248 дугаар тушаалын болон № 0261576 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь удирдах ажилтны зөвшөөрөлгүй ажлын байрыг орхин явсан, хариуцсан ажил үүргээ хүлээлцэлгүй ажил цалгардуулсан, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ажил тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Тийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/31 дугаар тушаалаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1/нэг/ сарын хугацаатай цалинтай чөлөө авсан байх ба 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан болох нь Г.Эрдэнэбаяр, Ч.Ундрам нарын гэрчийн мэдүүлэг, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 4а/4336 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 7-д зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн [email protected] и-мэйл хаягаас хариуцагчийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын [email protected] хаягруу ээлжийн амралтын хугацаа дуусмагц 1/нэг/ жилийн чөлөө олгох тухай хүсэлт явуулсан болох нь [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Б.Энхжаргалын гэрчийн мэдүүлэг, 2018 оны Ирсэн баримт бичгийн бүртгэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 1/нэг/ жилийн чөлөө олгох хүсэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчийн Захиргаа, хүний нөөцийн дарга асан Г.Эрдэнэбаярын [email protected] и-мэйл хаягруу, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрамын [email protected] и-мэйл хаягруу явуулсан болох нь   Г.Эрдэнэбаяр, Ч.Ундрам нарын гэрчийн мэдүүлэг, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

        

Хариуцагч нь Хөдөлмөрийн дотоод журмын 7.3-ын 7.3.4-т зааснаар нэхэмжлэгчийн 1/нэг/ жилийн чөлөө олгох тухай хүсэлтийг Захиргаа, хүний нөөцийн дарга асан Г.Эрдэнэбаярт шилжүүлсэн болох нь Г.Эрдэнэбаярын гэрчийн мэдүүлэг, 2018 оны Ирсэн баримт бичгийн бүртгэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.3-ын 7.3.4-т зааснаар Захиргаа, хүний нөөцийн дарга асан Г.Эрдэнэбаяр нэхэмжлэгч нь тодорхой шаардлага хангасан тохиолдолд чөлөө олгохыг зөвшөөрсөн, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам нь ажлаа хүлээлгэж өгөөд чөлөө авах шаардлага тавьсан болох нь Г.Эрдэнэбаяр, Ч.Ундрам нарын гэрчийн мэдүүлэг, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрамын [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь [email protected] и-мэйл хаягт дурдсан шаардлагын дагуу ажлаа хүлээлгэж өгөөгүй болох нь зохигчийн тайлбар, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн эдлэх ээлжийн амралтын хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байх боловч нэхэмжлэгч нь ажил, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгээгүй болох нь Ч.Ундрамын гэрчийн мэдүүлэг, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид үүрэгт ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбар, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн тайлбар, хариуцагчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № 6/3439 болон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № 6/3567 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна. 

 

Нэхэмжлэгч нь удирдах ажилтны зөвшөөрөлгүй ажлын байрыг орхин явсан, хариуцсан ажил, үүргээ хүлээлцээгүй, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ажил тасалсан гэж үзэх үндэслэлтэй боловч хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчил хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад заасан зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол .... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн ерөнхий эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 2 201 876/1902560+1902560+2800507=6605627, 6605627:3=2201876/ /хоёр сая хоёр зуун нэг мянга найман зуун далан зургаа/ төгрөг болох нь № 0261576 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх 9/ес/ сарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 19 816 884/2201876х9=19816884/ /арван есөн сая найман зуун арван зургаан мянга найман зуун наян дөрөв/ төгрөг байх боловч нэхэмжлэгч нь 15 304 660/арван таван сая гурван зуун дөрвөн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 304 660/арван таван сая гурван зуун дөрвөн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тийг хариуцагч МСургуулийн ерөнхий эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 304 660/арван таван сая гурван зуун дөрвөн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт олгож, хариуцагч МСургуульд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тийг хариуцагч МСургуулийн ерөнхий эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 304 660/арван таван сая гурван зуун дөрвөн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт олгож, хариуцагч МСургуульд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Тийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч МСургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 234 473 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ