Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00509

 

Д.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02124 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 58 дугаар магадлалтай,

Д.Т-ийн нэхэмжлэлтэй,

М-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа, М.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т миний бие 2005 оноос эхлэн Мьд эдийн засагч, ахлах эдийн засагч, ерөнхий эдийн засагчаар ажиллаж ирсэн бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн захирлын Б/263 тоот тушаалаар, ар гэрийн гачигдлын улмаас нэг сарын цалинтай чөлөө авч үргэлжлүүлэн ээлжийн амралтаа эдэлж, амралттай байх хугацаандаа нэг жилийн хугацаатай цалингүй чөлөө авах хүсэлтээ гадаадад байсан учраас цахим шуудангаар Мийн захиралд хүргүүлсэн. Хүсэлтийг хүлээн авч ирсэн баримт бичгийн бүртгэлд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэн нэг жилийн чөлөө олгох тушаал төлөвлөхөөр Захиргаа, хүний нөөцийн дарга Г.Эрдэнэбаярт 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Хүсэлт зөвшөөрөгдсөн талаар аман шийдвэр авсан. Би 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголд ирээд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогчоос чөлөө олгосон тушаалаа өөрийн биеэр хүлээж авахаар иртэл 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарсныг ажил олгогч мэдэгдэж захиргаа, хүний нөөцийн газраас тушаалаа аваарай гэсэн учраас өөрийн биеэр хөөцөлдөж, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тушаалыг авсан. Тушаалтай танилцахад хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Уг тушаалыг хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй тушаал тул хүлээн зөвшөөрөхгүй. Ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээ байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан заалт нь 2 асуудлыг зохицуулдаг.

1. Хөдөлмөрийн гэрээг тухайлан заасан ноцтой зөрчил, 2. Сахилгын зөрчлийг давтан гаргасан зөрчил гэж зохицуулсан байдаг. 1 дэх зохицуулалтыг үндэслэхэд ажил олгогч нь Д.Ттай хөдөлмөрийн гэрээ хийсэн зүйл байдаггүй. 2 дахь зохицуулалтын хувьд Д.Т нь сахилгын зөрчлийг огт гаргаж байгаагүй.

Тухайн үед ажлаас чөлөөлсөн талаар мэдээлсэн бол Д.Т нь Япон улсаас ирэх боломжтой байсан. Д.Тийн 2018 оны 9 дүгээр сард өгсөн хүсэлтийн хариуг өгөхгүй байж байгаад гэнэт 2019 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр хэсэгт зааснаар тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, мэдэгдсэнээс хойш 3 сарын дотор ногдуулна гэж заасан байдаг. Иймээс энэ хуульд заасан зохицуулалтыг зөрчиж үйлдсэн байна. Хөдөлмөрийн маргаан нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Захирлын гаргасан ажлаас чөлөөлсөн тушаал юм. Тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан байна.

Иймээс Мийн ерөнхий эдийн засагчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинг тушаал шийдвэр гарсан өдөр болох 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт ажлын 196 хоногийн 15 304 660 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх Д.Т нь 1 сарын цалинтай чөлөө олгох хүсэлт гаргасан. Хариуцагч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2.3, 7.2.1 дахь заалтыг үндэслэн Мийн захирлын үүрэг гүйцэтгэгч ар гэрийн асуудлыг нь харгалзан үзээд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/263 тоот тушаалаар 1 сарын цалинтай чөлөө олгосон. Мөн хүүхэд нь өндөр өртөгтэй хагалгаанд орж байгаа учир Д.Тийн хүсэлтийг үндэслэн буцалтгүй тусламж үзүүлэх Мийн захирлын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/287 тоот тушаалаар Төвлөрсөн сангийн багш, ажилтныг дэмжих зардлаас 1 044 600 төгрөгийг олгосон. Д.Тийн чөлөөтэй байх хугацаанд ээлжийн амралтын хувиар таарч байх тул 2018 оны ээлжийн амралтыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/302 тоот тушаалаар 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл олгож, ээлжийн амралтын олговрыг 24 хоногоор тооцож олгохыг зөвшөөрсөн.

Иймд Д.Тт Хөдөлмөрийн тухай хууль, Мийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн 1 сарын цалинтай чөлөө, буцалтгүй тусламж, ээлжийн амралтыг ар гэрийн байдлыг харгалзан түүнд туслах зорилгоор дээрх байдлаар шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан болно. Д.Т нь албан ёсоор ямар нэгэн бичиг ирүүлээгүй, хийж байсан ажлаа хүлээлцэлгүй, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй ажлын байрыг удаан хугацаагаар орхиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Мийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1, 9.2 болон 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр, Санхүү, төлөвлөлтийн газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4а/4336 тоот албан бичиг, Д.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргийг тус тус үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/31 тоот Захирлын тушаалаар ажлаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн.

Мөн холбогдох дараах нотлох баримтуудаар Д.Т үндэслэлтэйгээр ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдож байгаа юм. Үүнд, Мийн дэд Захирал н.Ундрам, нэгж хариуцсан Захирал н.Энхцэцэг нарын гэрчээр асуугдсан мэдүүлэг, Мийн дотоод журмын 7.3.4 дэх хэсэгт заасан заалтууд, Мийн дотоод журамд зааснаар ямар ч тохиолдолд цахимаар чөлөө авч, ажил хүлээлцэх зүйл байдаггүй. Миас Д.Тийг ирж ажлаа хүлээлцээд өгөөч гэсэн хүсэлтүүдийг удаа дараа тавьсан боловч огт ирээгүй байдаг. Мөн чөлөө авах гэж байгаа бол өөрийн биеэрээ Мь дээр ирээч гэхэд очих боломжгүй, хүмүүст ажлаа хариуцуулсан байгаа гэж тайлбар гаргаад ирээгүй. Д.Т нь ажлаа хаяж явснаас 2018 оны 9 дүгээр сар, 10 дугаар саруудад оюутнуудын сургалтын төлбөрийн асуудал дээр бэрхшээл учирсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02124 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тийг хариуцагч Мийн ерөнхий эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 304 660 /арван таван сая гурван зуун дөрвөн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт олгож, хариуцагч Мьд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Тийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Миас улсын тэмдэгтийн хураамжид 234 473 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 58 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02124 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 673 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02124 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 58 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02124 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...Нэхэмжлэгчийн эдлэх ээлжийн амралтын хугацаа 2018 оны 9 дугээр сарын 12-ны өдөр дууссан байх боловч нэхэмжлэгч нь ажил, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгээгүй болох нь Ч. Ундрамын гэрчийн мэдүүлэг, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, [email protected] и-мэйл хаягт хийсэн 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.” гэж дүгнэсэн атлаа мөн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад заасан зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэх 2 өөр, хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн ба үүнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь засаж залруулахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 1 сарын 08-ны өдрийн 58 дугаартай магадлалын ХЯНАВАЛ хэсэгтээ “...Дээрх баримтаас үзвэл ажилтан Д.Т нь ...чөлөө хүссэнийг хариуцагч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, чөлөө олгоогүй талаарх шийдвэр хэрэгт авагдаагүй байна.” гэж дүгнэсэн атлаа “...Иймд нэхэмжлэгчийн чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй атлаа, ажил тасалсан, ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж буруутгах үндэслэлгүй” хэмээн нотлох баримтыг буруу үнэлсэн, “чөлөө олгоогүй талаарх шийдвэр хэрэгт авагдаагүй” гэж дүгнэсэн атлаа “чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй” гээд 2 өөр агуулгатай дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.” гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгч Д.Тт ажил олгогчоос 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр А106 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалтыг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудад тус тус нийцээгүй шийдвэрлэсэн. Уг анхан шатны шүүхийн дүгнэлтийн хуулийн буруу хэрэглээнд давж заалдах гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь огт дүгнэлт хийгээгүй төдийгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал хяналтын журмаар гаргасан гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус байгууллагад анх 2005 онд хөдөлмөрийн гэрээгүйгээр эдийн засагчийн албан тушаал дээр ажилд орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээ байгуулахаар удаа дараалан шаардсан ч ажил олгогч байгуулаагүй болно. Хариуцагч байгууллага багш нартайгаа хөдөлмөрийн гэрээг байгуулдаг ч захиргааны ажилтан нартайгаа хөдөлмөрийн гэрээг байгуулдаггүй. Д.Тийн хүү хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд Япон улс руу эмчилгээнд авч явах шаардлагатай болсон тул захиргаандаа хэлтэл тэд эхлээд нэг сарын цалинтай чөлөө ав дараа нь ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлээд жилийн чөлөөгөө авах боломжтой гэсэн хариуг өгсөн.

Үүний дагуу эхлээд 2018.06.22-ны өдрөөс 2018.07.23-ны өдрийн хооронд цалинтай чөлөө, 2018.08.10-ны өдрөөс 2018.09.12-ны хооронд ээлжийн амралтаа авсан. Гэхдээ ээлжийн амралтаа аваад 2018.07.08-ны өдөр Япон улс руу явсан нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогддог. Үүний дараа Япон улсад байгаа учраас нэг жилийн чөлөөгөө ээлжийн амралтын хугацаа дуусгавар болохоос 10 хоногийн өмнө захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын [email protected], захиргаа хүний нөөцийн дарга Г.Эрдэнэбаярын [email protected], Санхүү төлөвлөлт хариуцсан Ч.Ундрамын [email protected] цахим хаяг руу тус тус илгээсэн болно. Ингэж явуулж байгаа нь хэрвээ жилийн чөлөө өгөхгүй гэвэл буцах цаг хугацаагаа харгалзан үзсэн болно. Д.Тийн хүсэлтийг хариуцагч хүлээж аваагүй биш авсан байдаг бөгөөд энэ нь захиргаа хүний нөөцийн дарга асан Г.Эрдэнэбаярт 2018.09.06-ны өдөр шилжүүлсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Өөргөдөлийг нь хүлээж аваад Г.Эрдэнэбаярт хуваарилагдсан юм чинь одоо чөлөө олгосон тушаал гарах байх гэхээр нь нэг жилийн чөлөө олгож байгаа юм байна гээд Монгол руу буцаагүй. Гэтэл өнөөдөр чөлөө олгоогүй, өөрөө ирээд чөлөөгөө биечлэн аваад явах ёстой байсан гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Учир нь Д.Т энэ улсад аялах гэж ирээгүй хүүхэд нь өвчтэй учраас эмчлүүлэх гэж ирсэн ба буцах мөнгөө хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулах шаардлагатай байсан болно.

Д.Т нь ажлаа хүлээлгэж өгөлгүйгээр яваагүй, цуг ажилладаг 2 мэргэжилтэндээ хүлээлгэж өгөөд явсан. Хүндэтгэн үзэх шалтгаантай болоод Япон явахаасаа өмнө буюу ээлжийн амралт авахаасаа өмнө жилийн чөлөө авахаар хөөцөлдөж байсныг болон өөрсдөө надад тавьсан саналаа мэдэхийн дээдээр мэдэж байж ингэж болохгүй байх. Хэрвээ Д.Тийг үнэхээр ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэхийн бол ээлжийн амралтын хугацаа 2018.09.12-ны өдрөөс ажлаас халсан гэж үзэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ажлаас халах шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.

Сахилгын шийтгэлийн талаар мэдэхгүй, үүний талаар огт танилцуулаагүй, шүүх хурал дээр л гаргаж ирсэн, сахилгын давтан зөрчил гэж халаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж халсан, гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02124 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 58 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Д.Т нь Мьд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Д.Тийг Мийн ерөнхий эдийн засагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 304 660 төгрөгийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх зөрчлийг засаж залруулаагүй, огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Д.Тийг Мийн ерөнхий эдийн засагч албан тушаалд ажиллаж байхад нь Захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/31 тушаалаар “удирдах ажилтны зөвшөөрөлгүй ажлын байрыг орхин явсан, хариуцсан ажил үүргээ хүлээлцэлгүй ажил цалгардуулсан, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан...” тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1., 9.2., Захирлын зөвлөлийн хурлын шийдвэр, хөдөлмөрийн гэрээ зэргийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэжээ.

Ажил олгогч Д.Тийг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар зөрчлийг гаргасан талаар тушаалд заагаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Т нь гадаад улсад эмчлүүлж байгаа хүүхдээ асрахаар 2018 оны 06 дугаар сард байгууллагаасаа нэг сарын хугацаатай цалинтай чөлөө авч байсан, улмаар 2018 оны 08 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байх хугацаанд хүүхдээ эмчлүүлж, цаашид асрах шаардлагатайн улмаас байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө авахаар ээлжийн амралтын хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэг жилийн чөлөө олгох хүсэлтийг сургуулийн захиргаанд имэйл хаягаар хүргүүлснийг ажил олгогч хүлээн авч, 9 дүгээр сарын 06-ны өдөр байгууллагын Захиргаа, хүний нөөцийн дарга Г.Эрдэнэбаярт тушаал төлөвлөхөөр шилжүүлсэн нь байгууллагын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдсэн, мөн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрамын имэйл хаяг руу дээрх хүсэлтийг илгээсэнд чөлөө өгөхөөс татгалзах зүйлгүй боловч нэгжийн ажлын тайлан, хүлээлгэн өгөх бичиг баримт, файлаа онлайнаар ч болтугай хүргүүлэх хэрэгтэй гэсний дагуу файлаар шаардлагатай бичиг баримтыг өгч, ажил үүргээ гүйцэтгэж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй үйл баримт тогтоогджээ.

Ээлжийн амралтын хугацаа дуусахаас өмнө ажил олгогчоос ажилтанд чөлөө өгөхгүй тухай шийдвэр гараагүй тул ажилтны ар гэрийн аргагүй байдлыг харгалзан байгууллагаас чөлөө олгогдсон гэж ойлгосон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

Ажил олгогч ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол гаргасан зөрчлийг нотолж, хуульд заасан хугацаанд хариуцлага тооцох үүрэгтэй бөгөөд ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт буруу биш, шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан бөгөөд ажилтныг ээлжийн амралт дууссан 2018 оны 09 дүгээр сарны 12-ны өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгэхгүй байсныг ажил олгогч мэдсээр байж 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу сахилгын хариуцлага тооцох хугацаа өнгөрсний дараа хариуцлага тооцсон тушаал гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар ноцтой зөрчлийг гаргасан талаар тушаалд тусгаагүй байх тул ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан зохицуулалтад нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад үндэслэгдсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02124 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 58 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонгэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Миас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304 673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД