Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 358

 

 

Г.Х-гийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02505 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Х-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 76 дугаар захирамжаар Г.Х-гээс 48.775.204 төгрөгийг гаргуулж “Микро кредит ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-Отгон нь төлбөр төлөгч Г.Х-д 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнх-Отгон нь тухайн үед надаас эд хөрөнгийн үнэлгээг асууж байсан бөгөөд тэр үедээ хямдхан хэлчихдэг гэж хүмүүс яриад байхаар нь санаанд орсон дүнгээ хэлсэн. Гэвч сүүлд сайтар бодож үзсэний үндсэн дээр эд хөрөнгийн үнэлгээгээ буруу тооцон өгсөн байснаа ойлгосон. Нөгөө талаар шинжээчийн тогтоосон үнэ нь зах зээлийн үнэ бус зөвхөн бид бүгдийн байшиндаа зарцуулсан бараа материалын үнэ байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.5 дэх хэсэгт тус тус зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу Г.Х-гийн өмчлөлийн Сонгинхайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун гудамж, 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй, 325 м.кв талбайтай агуулах, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх, мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун туруун гудамж, 26 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045399 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг 183.734.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Отгон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар “Микро кредит ББСБ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2201045399, Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун туруун 1 гурамж, 25 тоот, 26 тоот үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18280540/150 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, төлбөр төлөгч Г.Х- нь 25 тоотод байрлах 325 мкв талбайтай үйлдвэр, агуулахын зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 700 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 162.500.000 төгрөгөөр, 26 тоот хаягт байрлах 66 мкв талбайтай хувийн сууцыг 700 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 19.800.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 176 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээг тогтоолгоход Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун туруун 1 гудамж, 25 тоотод байрлах 325 мкв талбайтай үйлдвэр, агуулахын зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 700 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 139.892.000 төгрөгөөр, 26 тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 43.842.000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон. Дээрх үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгч Г.Х-д гардуулж гарын үсэг зуруулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацааг олгох хүсэлтийг 2019 оны 6 дугаар сарын 10-ний өдөр ирүүлсэн бөгөөд хүсэлтийн дагуу 1 сарын хугацааг олгосон байна. Нэхэмжлэгч Г.Х- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Г.Х-гийн НШШГГ-т холбогдуулан гаргасан Сонгинхайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун гудамж, 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045401 дугаарт бүртгэлтэй, 325 м.кв талбайтай агуулах, 700 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх, мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун туруун гудамж, 26 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201045399 дугаарт бүртгэлтэй 66 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг 183.734.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Г.Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч иь Ирэгний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээг харилцан тохиролцох боломж өгөөгүй, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт энэ талаар мэдэгдэж, хуульд заасны дагуу тохиролцох боломжийг огт олголгүй шинжээч томилж эд хөрөнгийг үнэлүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үндэслэлгүй явагдсан гэж үзэхээр байхад анхан шатны шүүх тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлалгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Г.Х- миний бие анхан шатны шүүх хуралд бие төлөөлөгчөө оролцуулахаар итгэмжлэл өгөн явуулсан боловч итгэмжлэлийг шүүх хүлээн авалгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 63 дугаар зүйл, 64 дүгээр зүйлийн 64.5 дэх хэсэгт тус тус зөрчсөн байхад хууль зөрчөөгүй гэж дүгнэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Х-  нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/00076 дугаар шийдвэрийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 181/ГХ2018/00381 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч Г.Х-гээс 48.574.792,72 төгрөг гаргуулан төлбөр авагч “Микро кредит ББСБ” ХХК-д олгох ажиллагаа явагдаж, барьцаалагдсан хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 5, 6, 9-12, 28, 30/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Г.Х- үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 182.300.000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 176 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Виннэрвэй” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Сонгинхайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун гудамж, 1 дүгээр гудамж, 25 тоот хаягт байрлах эзэмших эрхтэй 700 м.кв талбай бүхий газар 325 м.кв талбайтай агуулах, Сонгинхайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун гудамж, 1 дүгээр гудамж, 26 тоот хаягт байрлах эзэмших эрхтэй 700 м.кв талбай бүхий газар 66 м.кв талбайтай хувийн сууцны зах зээлийн үнэ, цэнийг 183.734.000 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 34, 60-101 /

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Төлбөр төлөгч нарт 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдлийг хүргүүлснийг Г.Х- нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авснаа гарын үсэг зурж баталгаажуулжээ /хх-ийн 38/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар төлбөр төлөгч нь үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо мэдэгдэл хүлээн авсан 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргах байтал 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд энэ үндэслэлээр анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Төлбөр төлөгч хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, дээрх хугацаа зогссон, тасалдсан талаар тайлбар нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй.

Иймд үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд дуудлага худалдааны үнийг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                    Н.БАТЗОРИГ