Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 456

 

М.Б-ы нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00050 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Б-ны нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг                   нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-09-29-ний өдрийн 2145 дугаар шийдвэрээр М.Б-аас 354.616.813 төгрөгийг гаргуулан “Чойжинброс ББСБ”-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар миний хувьд дээрх төлбөрөөс 50.000.000 төгрөгийг төлбөр авагчид төлсөн, үлдэгдэл төлбөрийн хувьд цаашид төлж барагдуулах талаар миний бие төлбөр авагчтай уулзаж ярилцсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009748 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 49 дүгээр байрны 30 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хурааж, уг хөрөнгийг маань дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явуулах гэж байна. Дээрх үл хөдлөх хөрөнгийг 37.869.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнээс доогуур үнэлэгдсэнд ихэд гомдолтой байна. Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгө нь байршил сайтайн дээр  бусад гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс илүү том талбайтай байх тул уг хөрөнгийг минь 37.869.000 төгрөгөөр үнэлсэн нь хэт багаар үнэлсэн. Тухайн хөрөнгийн хувьд зах зээлийн бодит үнэлгээ нь шинжээчийн үнэлгээнээс хамаагүй өндөр өртөг үнэ бүхий гараж болон агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө юм. Мөн одоогийн байдлаар тухайн байршил дахь зөвхөн авто зогсоол нь дангаараа шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс илүү үнээр худалдаалагдаж байгаа, байнгын эрэлттэй байдаг үүн дээр тухайн агуулахын зориулалттай хэсгийн үнэлгээг тооцож, нэмж гаргавал дээрх үнэлгээнээс илүү үнэлэгдэх нь тодорхой юм. Уг гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгчийн үнийн саналыг аваагүй төдийгүй зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр үнэлэн, хэрхэн яаж үнэлсэн талаар үнэлгээний тайланг танилцуулалгүй төлбөр төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 49 дүгээр байрны 30 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг мэргэжлийн эрх бүхий этгээд хийсэн эсэх нь эргэлзээтэй, төлөвлөгөө байхгүй, туслах үнэлгээчин нь тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2145 дугаар магадлалаар М.Б-аас 354.616.813 төгрөгийг гаргуулан “Чойжинброс” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч М.Б-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул М.Б-ы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, жаргалан олимп гудамж, 49 дүгээр байрны 0 давхарын 11, 17 тоот хаягт байршилтай, 18 м.к, 18 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2206009748 дугаарт бүртгэлтэй автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 18290479/04 тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18290479/05 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд төлбөр төлөгч С.Баярсайхан нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шинжээч томилж өгөх хүсэлт гаргасан тул 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 320 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээний “Виннэр Вэй” ХХК нь Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Жаргалан олимп гудамж, 49 дүгээр байрны 0 давхарын 11, 17 тоот хаягт байршилтай 18 м.кв, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206009748 дугаарт бүртгэлтэй автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 37.869.000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч Баярсайханд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4/23656 тоот албан бичгээр гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, мөн өдөр өөрт нь биечлэн танилцуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Чойжинброс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б- хуулийн дагуу ажиллагаанд оролцож, өөрөө шинжээч томилуулж үнэлгээг хийлгэсэн ба мөн хуульд заасанчлан шинжээчийн үнэлгээг бага байна гэж үзвэл уг хөрөнгөө өөрөө худалдан борлуулах боломжтой байхад тэрхүү нөхцөл байдлыг хэрэгжүүлэхгүйгээр тодорхой үндэслэл нотолгоогүй байдлаар үнэлгээ бага байна гэсэн нь үндэслэлгүй байхын зэрэгцээ зөвхөн цаг хугацаа хожих, хууль шүүхийн журмаар боломжийг ашиглаж хугацаа алдуулж буй үйл явц. Дээрх байдлаар шүүхэд гомдол гаргах замаар зөвхөн хугацаа хожих гэсэн энэ үйлдэл нь өөрөө хууль бус, үнэлгээ бага гэдэг нь нотолгоогүй, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу ажиллагаа байгаагаас түүний гомдлын шаардлага нь илт үндэслэлгүй болох нь нотлогдон тогтоогдож буй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01641 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гарсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 320 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан “Виннэр Вэй” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Боржигин овогт Мягмаржавын Баярсайхан /УК57042518/-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2019/13419 дугаартай /хх-15/, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2019/13952 дугаартай /хх-23/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зөвхөн хэргийн оролцогч  шинжээч томилуулах хүсэлтийг гаргахаас гадна шүүгч санаачилгаараа мөн шинжээчийг томилуулах боломжтой байсан. Гэтэл шүүхээс хэргийн оролцогчид шинжээч томилуулаагүй, өөрсдөө шинжилгээний байгууллагад үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхээс үнэлгээчний туслах гэж тайланд бичигдсэн байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчөөгүй байна гэж тодорхойлсон нь илт үндэслэлгүй. хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Дээрх үнэлгээ нь мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан шаардлагыг хангаагүй байна. Гэтэл шүүхээс үнэлгээ хийх бэлтгэл ажлын хүрээнд хууль зөрчсөн байгаа нь тухайн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж тайлбарласан байна. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасанчлан хөрөнгийн үнэлгээг хийхдээ хуулийг баримтлана гэж зааснаас өөрөөр хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн үнэлгээ хийх арга хэсгийг л зөвхөн баримтална, бэлтгэл ажилд хамаарах хэсгийг баримтлахгүй гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл бий болсон гэж үзэж байна. Үнэлгээний тайлан тодорхой бус үндэслэлгүй болсон. Дээрх шинжээчийн дүгнэлтээр М.Б- миний өмчлөлийн тус бүр 18 м.кв хэмжээтэй автомашины гарааш болон агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн байдаг. Шинжээч тус хөрөнгүүдийг үнэлсэн тухай тайландаа тус бүрт нь үнэлгээ тогтоох байдлаар үнэлсэн атлаа нэгтгэн дүгнэсэн дүгнэлт хэсэгтээ хоёр үл хөдлөх хөрөнгийг нэгтгэж үнэлгээ гаргасан нь ойлгомжгүй байдаг. Өөрөөр хэлбэл, үнэлгээг гаргахдаа тус бүрт нь үнэлэх ёстой байсан эсхүл үнэлгээг гаргахдаа ижил төрлийн хоёр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргаж, хуульд заасан аргыг ашиглаж үнэлэх ёстой байсан. Иймд хуульд заагаагүй арга хэлбэрийг ашиглаж хэрхэн 37.869.000 төгрөгийн үнэлгээг гаргасан нь тодорхойгүй байсан тул уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хууль бус үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан “Виннэрвэй” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ш-10/25 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2145 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01641 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж М.Б-аас 137.868,6 ам.доллар буюу 312.957.585 төгрөг, 17.593,4 ам.доллар буюу 39.936.490 төгрөгийг тус тус гаргуулж “Чойжинброс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна./хх-ийн 31, 34-49/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч М.Б-ы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Жаргалан олимп гудамж, 49 дүгээр байрны 0 давхарын 11 тоот, 17 тоот хаягт байршилтай, тус бүр 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206009748 дугаарт бүртгэгдсэн, автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 02-ны  өдрийн 18290479/05 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 57, 72, 77/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Виннэрвэй” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. /хх-ийн 75-106/

Хөрөнгийн үнэлгээний “Виннэрвэй” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ш-10/25 дугаартай үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн бодит үнэ цэнийг 37.869.000 төгрөгөөр тодорхойлсон, НШШГГ- нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 26.508.300 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч М.Б-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлээр хүргүүлснийг тэрээр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд 7 хоногийн дотор шүүхэд гаргасан байна. /хх-1, 107/

 

Нэхэмжлэгч уг хөрөнгийг минь хэт багаар үнэлсэн гэж үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Нэг хаяг байршилтай, улсын бүртгэлийн нэг бүртгэлтэй, гараж болон агуулахын зориулалтаар ашиглаж байгаа үнэлэгдсэн хөрөнгийн үнэлгээг тус бүрт нь үнэлэх ёстой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна хариуцагчийн томилсон “Виннэрвэй” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин өөрөө үнэлгээний тайланд гарын үсэг зурсан  тул үнэлгээчний туслах  тайланд гарын үсэг зурсан эсэх асуудал нь үнэлгээг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч байгууллагад холбогдуулж гаргасан гомдлыг үндэслэн уг байгууллагын явуулсан үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг шүүх хянан шийдвэрлэдэг тул шинжээчийн дүгнэлт энэ төрлийн хэрэгт  шаардлагагүй болно.

 

Түүнчлэн  хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө батлах эсэх нь үнэлгээчний дотоод үйл ажиллагаанд  хамаарахаар байна гэсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинжээч үнэлэгдсэн дээрх эд хөрөнгийн үнийг зах зээлийн аргаар тогтоосон тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ