Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/00050

 

 

 

2020 оны 01 сарын 06 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00050                                Улаанбаатар хот

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ...................тоотод оршин суух, регистрийн дугаартай, н Х-ы нэхэмжлэлтэй,

хариуцагч- ...................... гудамж-3, Н-т холбогдох,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд- ..................... тоотод байрлах, “Ө- ББСБ” ХХК,

“К-” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л  бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                          

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-09-29-ний өдрийн 2145 дугаар шийдвэрээр М.Х-аас 354.616.813 төгрөгийг гаргуулан “Ө- ББСБ”-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар миний хувьд дээрх төлбөрөөс 50.000.000 төгрөгийг төлбөр авагчид төлсөн, үлдэгдэл төлбөрийн хувьд цаашид төлж барагдуулах талаар миний бие төлбөр авагчтай уулзаж ярилцсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаартай, Хан-Уул дүүрэг, ..........талбайтай автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хурааж, уг хөрөнгийг маань дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явуулах гэж байна. Дээрх үл хөдлөх хөрөнгийг 37.869.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнээс доогуур үнэлэгдсэнд ихэд гомдолтой байна. Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгө нь байршил сайтай нь дээр талбай бусад гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс илүү том талбайтай байх тул уг хөрөнгийг минь 37.869.000 төгрөгөөр үнэлсэн нь хэт багаар үнэлсэн. Тухайн хөрөнгийн хувьд зах зээлийн бодит үнэлгээ нь шинжээчийн үнэлгээнээс хамаагүй өндөр өртөг үнэ бүхий гараж болон агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө юм. Мөн одоогийн байдлаар тухайн байршил дахь зөвхөн авто зогсоол нь дангаараа шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс илүү үнээр худалдаалагдаж байгаа, байнгын эрэлттэй байдаг үүн дээр тухайн агуулахын зориулалттай хэсгийн үнэлгээг тооцож, нэмж гаргавал дээрх үнэлгээнээс илүү үнэлэгдэх нь тодорхой юм. Уг гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгчийн үнийн саналыг аваагүй төдийгүй зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр үнэлэн, хэрхэн яаж үнэлсэн талаар үнэлгээний тайланг танилцуулалгүй төлбөр төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Хан-Уул дүүрэг, ..........талбайтай автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг мэргэжлийн эрх бүхий этгээд хийсэн эсэх нь эргэлзээтэй, төлөвлөгөө байхгүй, туслах үнэлгээчин нь тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-09-29-ний өдрийн 2145 дугаар магадлалаар М.Х-аас 354.616.813 төгрөгийг гаргуулан “Ө- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018-04-11-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч М.Х-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул М.Х-ы өмчлөлийн ..........тоот хаягт байршилтай, 18 м.к, .......... талбайтай улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэлтэй автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019-06-10-ны өдөр 18290479/04 тогтоолоор битүүмжилж, 2019-10-02-ны өдрийн 18290479/05 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд төлбөр төлөгч С.Х- нь 2019-10-14-ний өдөр шинжээч томилж өгөх хүсэлт гаргасан тул 2019-10-16-ны өдрийн 320 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээний “К-” ХХК нь ..........тоот хаягт байршилтай .........., .......... талбайтай, улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэлтэй автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 37.869.000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч Х-д 2019-10-29-ний өдөр 4/23656 тоот албан бичгээр гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, мөн өдөр өөрт нь биечлэн танилцуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч М.Х- нь төлбөрийг төлөх талаар төлбөр авагчтай харилцан тохиролцож уулзаж байгаа гэсэн байх бөгөөд тэрээр төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж, төлбөрийг төлөхгүй, шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болоод уг шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хоёр жил гаруй үргэлжлэн явагдаж, энэ хугацааны явцад төлбөрөө төлөхгүйтэй нь холбогдуулан түүний хөрөнгийг хурааж, албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа ийнхүү шүүхэд гомдол гаргах замаар цаг хугацаа хожиж ирсэн. Ийнхүү хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах ажиллагааг өмнө түүний өөр хөрөнгийн хувьд ажиллагаа явуулахад ийм байдлаар цаг хугацаа авч явсаар эцэст нь багахан төлбөр төлж үүргээс чөлөөлүүлсэн ба үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан тул энэ дагуу явагдаж буй ажиллагаанд дахин өмнөх аргаа хэрэглэж шүүхэд хандах замаар хугацаа хожиж байгаа болно. М.Х- хуулийн дагуу ажиллагаанд оролцож, өөрөө шинжээч томилуулж үнэлгээг хийлгэсэн ба мөн хуульд заасанчлан шинжээчийн үнэлгээг бага байна гэж үзвэл уг хөрөнгөө өөрөө худалдан борлуулах боломжтой байхад тэрхүү нөхцөл байдлыг хэрэгжүүлэхгүйгээр тодорхой үндэслэл нотолгоогүй байдлаар үнэлгээ бага байна гэсэн нь үндэслэлгүй байхын зэрэгцээ зөвхөн цаг хугацаа хожих, хууль шүүхийн журмаар боломжийг ашиглаж хугацаа алдуулж буй үйл явц. Дээрх байдлаар шүүхэд гомдол гаргах замаар зөвхөн хугацаа хожих гэсэн энэ үйлдэл нь өөрөө хууль бус, үнэлгээ бага гэдэг нь нотолгоогүй, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу ажиллагаа байгаагаас түүний гомдлын шаардлага нь илт үндэслэлгүй болох нь нотлогдон тогтоогдож буй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Х- нь хариуцагч Н-т холбогдуулан.......... давхарын 11 тоот, 17 тоот хаягт байршилтай, .........., .......... талбайтай, улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэгдсэн, автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “К-” ХХК-ний үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шаарджээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгч М.Х- шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлж оролцох эрхийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр М.Мд гурван жилийн хугацаатай олгосон /хх-120/, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарч /хх-118/ хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлогдсон шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мгийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаснаар /хх-122-123/ хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэлх хугацаагаар тус тус хойшлуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Х-аас төлбөр авагч “Ө- ББСБ” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2019/14356 дугаар захирамжаар “Ө- ББСБ” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан /хх-26-28, 113/ бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг.

 

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь нэхэмжлэгч М.Х- нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01641 дугаартай шийдвэр /хх-34-41/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 2145 дугаар магадлалаар /хх-42-49/, ...137.868,6 ам.доллар буюу 312.957.585 төгрөг, 17.593,4 ам.доллар буюу 39.936.490 төгрөгийг тус тус “Ө- ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Н- нь Хан-Уул дүүргийн шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон 1154 дугаартай /хх-31/ гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18290479 дугаар тогтоолоор /хх-50/ үүсгэж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож нэхэмжлэгч тал маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч М.Х- нь “Ө- ББСБ” ХХК-нд төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан тул шүүгчийн захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлсэн талаар хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна /хх-30-112/.

 

Төлбөр төлөгч М.Х- нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг сайн дураар төлөөгүй тул түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Жаргалан олимп гудамж 49-р байрны 0 давхарын 11 тоот, 17 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаартай, тус бүр .......... талбайтай, автомашины гараж, агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18290479/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж /хх-57-58/, хадгалалт хамгаалалтыг нь нэхэмжлэгч М.Х-д хариуцуулсан, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18290479/05 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг төлбөрт хураасан байна /хх-72-73/.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэлээр  нэхэмжлэгч М.Х-д хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох тухай мэдэгдэл хүргүүлснээр нэхэмжлэгч 2019-10-14-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох шинжээч томилох хүсэлтийг гаргасан /хх-75/, төлбөр авагч “Ө- ББСБ” ХХК нь тухайн өдөр шинжээч томилон үнэлгээ хийлгэх хүсэлтийг /хх-76/ тус тус гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 320 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 1-р хороо, Жаргалан олимп гудамж 49-р байрны 0 давхарын 11 тоот, 17 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаартай, тус бүр .......... талбайтай, автомашины гараж, агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр “К-” ХХК-ийг томилсон байна /хх-77/.

 

Хэргийн үйл баримтаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байх тул шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа хийгдсэн нь буруу биш бөгөөд томилогдсон шинжээч болох “К-” ХХК нь дээрх автомашины гараж, агуулахын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 37.869.000 төгрөг болохыг тодорхойлж үнэлгээний тайланд дурдсан байна.

 

Харин нэхэмжлэгч М.Х- дээрх үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлсэн гэх тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүйн зэрэгцээ үнэлгээ тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өөр аргаар хийлгэсэн эсэх, эрх бүхий байгууллагаар үнэлүүлсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага буюу үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Төлбөр төлөгч М.Х- нь шүүхийн шийдвэрээр баталгаажсэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр Н- нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ тусгай зөвшөөрөлтэй этгээд дүгнэлт гаргах эрхтэй байхад шинжээчийн дүгнэлтэд туслах үнэлгээчин гэж гарын үсэг зурсан байх тул шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл, мөн шинжээч үнэлгээ хийхтэй холбоотой төлөвлөгөө гаргасан эсэх нь тодорхойгүй байна гэж тайлбарласан.  

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” ойлгоно гэж заасан бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө батлах нь үнэлгээ хийх бэлтгэл ажилд хамаарахаар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан байна.

 

Мөн хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах нь үнэлгээчний эрх болохыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан байх бөгөөд “К-” ХХК-ний 2019-10-25-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайланд туслах үнэлгээчин бус үнэлгээчний туслах гэж бичигдсэн байх /хх-91/ тул хөрөнгийн үнэлгээ гаргасан “К-” ХХК-ний үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан бөгөөд хариуцагч Н- нь үнэлгээ тогтоосон 2019-10-25-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр танилцуулсан /хх-107/, нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гомдол гаргасан байна /хх-1/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно. 

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Н-т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01641 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гарсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 320 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан “К-” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Боржигин овогт Мягмаржавын Х- /УК57042518/-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2019/13419 дугаартай /хх-15/, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2019/13952 дугаартай /хх-23/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                       Д.ЯНЖИНДУЛАМ