Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00934

 

М.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00050 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаар магадлалтай,

М.Баярсайханы нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.29-ний өдрийн 2145 дугаар шийдвэрээр М.Баярсайханаас 354,616,813 төгрөгийг гаргуулан Чойжинброс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар миний хувьд дээрх төлбөрөөс 50,000,000 төгрөгийг төлбөр авагчид төлсөн, үлдэгдэл төлбөрийн хувьд цаашид төлж барагдуулах талаар төлбөр авагчтай уулзаж ярилцсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009748 дугаартай, Хан-Уул дүүрэг, XV хороо, 49 дүгээр байрны 30 тоот 18 м.кв талбайтай автомашины гарааш, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хурааж, дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явуулах гэж байна. Дээрх үл хөдлөх хөрөнгийг 37,869,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнээс доогуур үнэлэгдсэнд ихэд гомдолтой байна. Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгө нь байршил сайтай, бусад гарааш, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс илүү том талбайтай байх тул 37,869,000 төгрөгөөр хэт багаар үнэлсэн. Тухайн хөрөнгийн хувьд зах зээлийн бодит үнэлгээ нь шинжээчийн үнэлгээнээс хамаагүй өндөр өртөг үнэ бүхий гарааш болон агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө юм. Мөн одоогийн байдлаар тухайн байршил дахь зөвхөн авто зогсоол нь дангаараа шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс илүү үнээр худалдаалагдаж байгаа, байнгын эрэлттэй байдаг үүн дээр тухайн агуулахын зориулалттай хэсгийн үнэлгээг тооцож, нэмж гаргавал дээрх үнэлгээнээс илүү үнэлэгдэх нь тодорхой юм. Уг гарааш, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгчийн үнийн саналыг аваагүй төдийгүй зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр үнэлэн, хэрхэн яаж үнэлсэн талаар үнэлгээний тайланг танилцуулалгүй төлбөр төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Хан-Уул дүүрэг, XV хороо, 49 дүгээр байрны 30 тоот,18 м.кв талбайтай автомашины гарааш, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг мэргэжлийн эрх бүхий этгээд хийсэн эсэх нь эргэлзээтэй, төлөвлөгөө байхгүй, туслах үнэлгээчин нь тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын гаргасан хариу тайлбарт: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.29-ний өдрийн 2145 дугаар магадлалаар М.Баярсайханаас 354,616,813 төгрөгийг гаргуулан Чойжинброс ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгч 2018.04.11-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч М.Баярсайханд шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, жаргалан олимп гудамж, 49 дүгээр байрны 18 м.к, 18 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2206009748 дугаарт бүртгэлтэй автомашины гарааш, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019.06.10-ны өдөр битүүмжилж, 2019.10.02-ны өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд төлбөр төлөгч С.Баярсайхан нь 2019.10.14-ний өдөр шинжээч томилж өгөх хүсэлт гаргасан тул 2019.10.16-ны өдрийн 320 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК нь Хан-Уул дүүрэг, Жаргалан олимп гудамж, 49 дүгээр байрны 0 давхрын 18 м.кв, 18 м.кв талбайтай автомашины гарааш, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 37,869,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч М.Баярсайханд 2019.10.29-ний өдөр 4/23656 тоот албан бичгээр гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, мөн өдөр өөрт нь биечлэн танилцуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чойжинброс ББСБ ХХК-ийн тайлбарт: М.Баярсайхан хуулийн дагуу ажиллагаанд оролцож, өөрөө шинжээч томилуулж үнэлгээг хийлгэсэн ба мөн хуульд заасанчлан шинжээчийн үнэлгээг бага байна гэж үзвэл уг хөрөнгөө өөрөө худалдан борлуулах боломжтой байхад тэрхүү нөхцөл байдлыг хэрэгжүүлэхгүйгээр тодорхой үндэслэл нотолгоогүй байдлаар үнэлгээ бага гэсэн нь үндэслэлгүй байхын зэрэгцээ зөвхөн цаг хугацаа хожих, хууль шүүхийн журмаар боломжийг ашиглаж хугацаа алдуулж буй үйл явц. Дээрх байдлаар шүүхэд гомдол гаргах замаар зөвхөн хугацаа хожих гэсэн энэ үйлдэл нь өөрөө хууль бус, үнэлгээ бага гэдэг нь нотолгоогүй, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу ажиллагаа байгаагаас түүний гомдлын шаардлага нь илт үндэслэлгүй болох нь нотлогдон тогтоогдож буй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00050 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/01641 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гарсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 320 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан Виннэр Вэй ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Баярсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2019/13419 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2019/13952 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэг байршилтай, улсын бүртгэлийн нэг бүртгэлтэй, гарааш болон агуулахын зориулалтаар ашиглаж байгаа үнэлэгдсэн хөрөнгийн үнэлгээг тус бүрт нь үнэлэх ёстой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна хариуцагчийн томилсон Виннер Вэй ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин өөрөө үнэлгээний тайланд гарын үсэг зурсан тул үнэлгээчний туслах гарын үсэг зурсан эсэх асуудал нь үнэлгээг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2. Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасныг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг; гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээг хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд л тухайн хөрөнгийг үнэлэх эрхтэй байна. Гэтэл хавтаст хэргийн 92-р талд О.Бат-Эрдэнэ үнэлгээчний тусгай зөвшөөрөл байх бөгөөд Б.Шинэбаяр /үнэлгээчин туслах/ гэх хүн үнэлгээний тайланг бичсэн, гарын үсэг зурсан баримт хавтаст хэргийн 91-р талд байдаг. Б.Шинэбаяр гэх хүнд хууль сануулсан баримт мөн байдаггүй бөгөөд үнэлгээчний туслах гэх хүн үнэлгээ хийх эрхтэй талаар түүнчлэн үнэлгээчин гэж тооцох талаар зохицуулалт дээрх хуулиудад байхгүй. Гэтэл хууль бус бүрэлдэхүүнтэйгээр бусдын үнэтэй эд хөрөнгийг үнэлсэн байхад хууль зөрчсөн эсэх асуудалд шүүхээс хангалттай тайлбар өгдөггүй. Мөн давж заалдах шатны шүүхээс Хариуцагч байгууллагад холбогдуулж гаргасан гомдлыг үндэслэн уг байгууллагын явуулсан үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх шүүх хянан шийдвэрлэдэг тул шинжээчийн дүгнэлт энэ төрлийн хэрэгт шаардлагагүй болно." гэж дүгнэсэн нь илт хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх зохицуулалтыг хэрэглээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь энэхүү эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эд хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль зэрэг хуульд нийцүүлж хийсэн эсэхийг заавал шүүхээс дүгнэх ёстой байна. Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд шинжээч буюу үнэлгээчин гэх ойлголтыг нэгэнт тодорхой тусгасан бөгөөд гагцхүү үнэлгээчин нь хуульд заасан аргын дагуу эд хөрөнгийн үнэлгээг гаргах ёстой атал шинжээчийн дүгнэлт энэ төрлийн хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь үнэлгээчний эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь бодит байдал болон хуульд нийцээгүй талаарх нэхэмжлэлийг гаргасан байхад шинжээчийн дүгнэлт хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах болон анхан шатны шүүхэд хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө батлах эсэх нь үнэлгээчний дотоод үйл ажиллагаанд хамаарахаар байна гэж дүгнэсэн нь мөн л илт үндэслэлгүй нэгэнт шинжээчийн эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь хууль зөрчсөн хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа учир эд хөрөнгийн үнэлгээ бүхэлдээ хуульд нийцсэн эсэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргах ёстой. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.1.3.хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг боловсруулж, баталсан байх; гэх хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу энэ талаар шүүхэд хариуцагч баримт гаргаж өгөөгүй, төлөвлөгөө батлаагүй гэж тайлбарласан нь эд хөрөнгийн үнэлгээ нь хууль нэгэнт зөрчсөн болохыг илтгэж байхад шүүхээс энэ талаар оновчтой дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.хөрөнгийн үнэлгээний зүйл гэж тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн өмчлөх эрхийг; хөрөнгийн үнэлгээний зүйлд тооцохоор тусгайлан заасан буюу нэг эд хөрөнгийн бүртгэл дээр хэд хэдэн эд хөрөнгө байхаас үл хамааран эдгээр эд хөрөнгүүд нь тус тусдаа үнэлгээний зүйл буюу тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх боломжтой объектууд байтал шинжээч үнэлгээг хийхдээ тус тусад нь хуульд заасан өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хэрэглэсэн атал нэгтгэж нэг үнэлгээ буюу 37,869,000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй, ямар аргаар энэ үнэлгээ гарсан талаар хариуцагч тодорхой тайлбар өгөөгүй зэрэг нь тухайн үнэлгээний тайлан хуульд нийцээгүй, тодорхой бус байна гэж үзэх үндэслэл бий болсон байна. Гэтэл шүүхээс гарааш болон агуулахын зориулалттай эд хөрөнгийг тус тусад нь эд хөрөнгө бус нэг бүртгэлийн дугаартай нэг эд хөрөнгө гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Мөн М.Баярсайханы өмчлөлийн гарааш болон агуулахын зориулалттай эд хөрөнгүүд нь тус тусдаа үнэ бүхий үл хөдлөх хөрөнгүүд бөгөөд 37,869,000 төгрөг нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн байна. Иймд анхан шатны шүүхийн 2020.01.06-ны өдрийн 183/ШШ2020/00050 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020.02.21-ний өдрийн 456 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

М.Баярсайхан нь Виннэр Вэй ХХК-ийн 2019.10.25-ны өдрийн Ш-10/25 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх М.Баярсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.29-ний өдрийн магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.18-ны өдрийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа М.Баярсайханаас нийт 352,894,075 төгрөг гаргуулж  Чойжинброс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Хариуцагч нь төлбөр төлөгч М.Баярсайханы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, I хороо, Жаргалан олимп гудамж, 49 дүгээр байрны 0 давхарын 11 тоот, 17 тоот хаягт байршилтай, тус бүр 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206009748 дугаарт бүртгэгдсэн, автомашины гарааш, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулжээ.

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу хариуцагч нь Виннэр Вэй ХХК-ийг үнэлгээчнээр томилж, үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК-ийн 2019.10.25-ны өдрийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 37,869,000 төгрөгөөр үнэлсэн, хариуцагч нь энэ үнэлгээний 70 хувь буюу 26,508,300 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2019.10.29-ний өдрийн мэдэгдлээр хүргүүлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах нь үнэлгээчний эрх болохыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан, Виннэр Вэй ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд туслах үнэлгээчин бус үнэлгээчний туслах гэж бичигдсэн, хөрөнгийн үнэлгээ нь мөн хуулийн 9.3-т заасныг зөрчөөгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ. Иймээс ...үнэлгээчний туслах гэх хүн үнэлгээ хийх эрхтэй талаар түүнчлэн үнэлгээчин гэж тооцох талаар зохицуулалт дээрх хуулиудад байхгүй. Гэтэл хууль бус бүрэлдэхүүнтэйгээр бусдын үнэтэй эд хөрөнгийг үнэлсэн... тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Түүнчлэн ...уг хөрөнгийг минь хэт багаар үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байх тул ...үнэлгээчний эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь бодит байдал болон хуульд нийцээгүй, ... энэ талаар шүүх буруу дүгнэсэн тухай гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00050 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД