Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

Л.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02185 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.З-гийн хариуцагч “И” ХХК, Ч.Б- нарт холбогдуулан гаргасан “И” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг шилжүүлэхийг даалгах, Ч.Б-г “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасаж, Л.З-г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагч Ч.Б-гийн өмгөөлөгч Д.Б, Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И” ХХК-ийн 40 хувь болох 1 200 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг Л.З-д шилжүүлэхийг Ч.Б-д даалгаж, “Ихэр yева” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс түүнийг хасаж, Л.З-г хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай Ч.Б-д холбогдох шаардлагаа дэмжиж байна. Харин энэ маргаанд “И” ХХК-ийг оролцуулах шаардлагагүй тул хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан хүсэлтээ дэмжинэ.

Ч.Б-тэй харилцан тохиролцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Зайсангийн аманд байрлах 3.3 га талбайтай, 414 тоот гэрчилгээ бүхий Ж.Цэрэндагвын нэр дээрх аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийг Л.З-гийн нэр дээр шилжүүлэхээр 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээний 1.2-т газар ашиглагч нь /Л.З-г ойлгоно/ өөрийн газар дээр хөрөнгө оруулах баталгаа болгон нийт 650 000 ам.долларыг 2 хувааж өгснөөр 2 тал тэнцүү эрхтэй болно, мөн гэрээний 2.1-д энэхүү гэрээг байгуулснаас хойш ажлын 3 хоногт багтаан Б талд А тал 400 000 ам.долларыг хөрөнгө оруулалтын баталгааны урьдчилгаа болгон хүлээлгэн өгнө гэж тус тус заасны дагуу гэрээ байгуулснаас хойш нэг хоногийн дараа Ч.Б-д 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 400 000 ам.долларыг Б.Лхагвасүрэнгээр дамжуулан бэлнээр хүлээлгэн өгсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл төлбөр болох 250 000 ам.долларыг гэрээний 2.5-д газар ашиглах гэрчилгээ хөрөнгө оруулагчийн нэр дээр шилжсэнээс хойш ажлын 3 хоногт багтаан 250 000 ам.долларыг газар эзэмшигчид хөрөнгө оруулалтын баталгаа болгон өгнө гэсний дагуу төлөхөөр болсон. Харин Ч.Б- нь гэрээний 3.1-д хөрөнгө оруулалтын урьдчилгааг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор газар ашиглах гэрчилгээг А талын нэр дээр шилжүүлэн өгнө гэснийг өнөөдрийг хүртэл гүйцэтгэхгүй байна. Тухайн үед Ч.Б- нь урьдчилгаа төлбөрийг авсны дараа Л.З- чиний нэр дээр гэрчилгээ гарсан байгаа гэж байсан ч энэ нь худал байсан ба харин өөрийн “И” ХХК-ийн нэр дээр Байгаль орчны яамны 661 дугаар гэрчилгээг шинээр гаргуулж шилжүүлэн авсан байдаг. Гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тасалдаагүй бөгөөд 2008 оны 6 дугаар сард О.Үржин гэх хүн Ч.Б-тэй хамт ирж Б.Лхагвасүрэн, Л.З- нартай уулзаж, авсан мөнгөө буцааж хүүгийн хамт 2008 оны 9 дүгээр сарын 10-ны дотор төлж дуусгана, төлж чадахгүй бол 2 хоногийн дотор 3.3 га газрыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэх бөгөөд хэрэв үүнээсээ татгалзвал Ч.Б- залилан хийснээ зөвшөөрч байна гэж бичиг хийж өгсөн боловч биелэгдээгүй. 2009 оны 3 дугаар сард Ч.Б- нь дээрх 3.3 га газрыг ашиглах эрхтэй болсон “И” ХХК-ийн бичиг баримт, тамга тэмдгийг авчирч өгөн газар шилжүүлж өгөх үүргийг гүйцэтгэх баталгаа болгон компанийнхаа 60 хувийн хувьцааг Б.Лхагвасүрэнгийн нэр дээр шилжүүлэхээр амлаж 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт хувьцаагаа шилжүүлэх баримтад гарын үсэг зурж, Б.Лхагвасүрэнд “И” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлсэн. Үүний дагуу Л.З- нь тус газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусгавар болж хураагдах болоод өөрийн нэр дээрх “Далай Омбо” ХХК-аар “И” ХХК-д хүсэлт явуулж, мөн Байгаль орчны яамны нөхөн сэргээх хандивт 3 000 000 төгрөг хандивлаж Байгаль Орчны яамнаас манай компанид тус газар ашиглах эрхийг сэргээж, “И” ХХК-аас шилжүүлэн өгсөн. Гэвч Ч.Б- нь 2013 онд Байгаль орчин Ногоон хөгжлийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах зэргээр өнөөдрийг хүртэл маргалдаж байна.

2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Ч.Б- нь уг газарт нэг ч төгрөг зарцуулаагүй ба өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд Б.Л, Л.З- нар нь зардлыг төлж, дэд бүтцэд 950 000 000 төгрөг, мөн гадаадын “Мэй Юань” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 20 000 000 орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийж 252 айлын 7 корпус барилга, 250 машины гарааш, үйлчилгээний 5 давхар барилга мөн хүүхдийн 3 давхар цэцэрлэг зэргийг барьж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл Ч.Б- нь энэ бүхнийг харж сувдаг сэтгэл гарган уг газрыг буцааж “И” ХХК-ийн нэр дээр болгох нэхэмжлэл гаргаж, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 228 дугаар тогтоолоор “И” ХХК-ийн нэр дээр болгосон.

Ч.Б-гийн дээрх гэрээний үүргээ биелүүлдэггүй, биелүүлсэн дүр эсгэн “И” ХХК-ийн хувьцааны 60 хувийг шилжүүлсэн боловч, “Далай Омбо” ХХК-ийн нэр дээр газрьг шилжүүлсэн сайдын тушаалыг хожим хүчингүй болгуулсан нь одоог хүртэл 2007 оны Хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлэлгүй улмаар шударгаар гэрээний үүргээ биелүүлж, гадаад болон дотоод хөрөнгө оруулалтаар их хэмжээний хөрөнгө оруулсан манай “Далай Омбо” ХХК болон “Мэй Юань” ХХК нар нь газаргүй болж хохироод байна.

Улсын Дээд шүүхийн 2018 оны 204 дүгээр тогтоолоор өмнөх гэрээний харилцаануудын дагуу Ч.Б-д хүлээлгэн өгсөн 400 000 ам.долларт Б.Лхагвасүрэн “И” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч болсон нь хууль ёсны болохыг дүгнэсэн тул Л.З- анхнаасаа газрыг өөрийн нэр дээр гаргуулах гэрээний харилцаатай байхад компанийн нэр дээр Ч.Б- нь гаргасан тул үлдэх 40 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, түүний дараагаар 250 000 ам.долларыг Ч.Б-д өгч гэрээний харилцаа, эрх, үүргийг дуусгавар болгох нь зүйтэй. “И” ХХК нь газар ашиглах эрхтэйгээс өөр өмч хөрөнгөгүй, татварт Х тайлан өгч явдаг тул тус компанийн хувьцааг шилжүүлэн авах замаар газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломж үүснэ гэж үзэж байна.

Иймд Ч.Б-гийн эзэмшиж буй “И” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг Л.З-д шилжүүлэхийг даалгаж, “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Б-г хасаж, Л.З-г хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Б- нь 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Ж.Цэрэндагвыг төлөөлж Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах 414 дугаартай газрыг захиран зарцуулах үйлдэл хийх эрх олгосон Ж.Цэрэндагвын итгэмжлэлийн үндсэн дээр 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Лхагвасүрэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр 2 тал эрх, үүргээ тохирсон. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар дээрх гэрээний үүргийг иргэн Ж.Цэрэндагваас хангуулах хуультай.

“И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Б-г Б.Лхагвасүрэн 2009 онд дарамталж байгаад компанийн хувьцааны 60 хувийн хувьцааг хөрөнгө оруулалт нэрээр өөрийн нэр дээр болгосон. Улсын мөрдөн байцаах газарт Ч.Б-г ар гэрийн гачигдлаар хөдөө явсан хойгуур нөхөр М.Эрдэнэдалайг авч ирж маргаан шийдвэрлэх нэртэйгээр 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүү болох Л.З-гийн өгсөн гэх 400 000 ам.долларын оронд компанийн 60 хувийг шилжүүлэн авч цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авахаар тохиролцож Б.Лхагвасүрэн, Ч.Мөнхбат, М.Эрдэнэдалай нар гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед М.Эрдэнэдалай Ч.Б-г төлөөлөх эрхгүй этгээд байсан. 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Б-г ирсний дараа Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж “И” ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг авсан ба тэр даруй улсын бүртгэлд бүртгүүлж зохих өөрчлөлтийг хийсэн. Ч.Б-гээс Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж “И” ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг Б.Лхагвасүрэнд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээгээр Б.Лхагвасүрэн 2007 оны 11 дүгээр сард шилжүүлэн өгсөн 400 000 ам.долларын хөрөнгө оруулалтад компанийн нийт хувьцааны 60 хувь болох 1 800 000 төгрөгийн үнэ бүхий 600 ширхэг хувьцааг эзэмших, үүсгэн байгуулагч нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг эзэмшихээр тохиролцсон. 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Л.З- болон Ж.Цэрэндагва нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэж, уг гэрээний эрх үүргийг талууд шинээр байгуулагдсан гэрээгээр өөртөө шилжүүлэн авсан гэрээ гэж үзэхээр байна гэж шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн ба давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Л.З- 400 000 ам.долларын хөрөнгө оруулсан гэрээний эрхийг өөрийн эцэг Б.Лхагвасүрэнд шилжүүлж, Б.Лхагвасүрэн “И” ХХК-ийн 60 хувийн хувьцааг авч үүргийн гүйцэтгэлээ хангуулсан байгаа ба дахин 40 хувийн хувьцааг авах эрх Л.З-д байхгүй. Ч.Б- “Мэй Юань” ХХК-аас хөрөнгө оруулалт оруулахаас өмнө 2013 оны 5 дугаар сард хуурамч бичиг баримт үйлдсэн тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 201301051030 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж одоо тус прокурорын хяналтад хянагдаж байна. “И” ХХК-ийн эзэмшдэг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах 3.3 га газрыг хууль бусаар “Далай Омбо” ХХК-д шилжүүлсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаар шийдвэр болон Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаартай тогтоолоор тогтоогдож, Байгаль орчны яамны сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар “И” ХХК-ийн нэр дээр газар ашиглах гэрчилгээ гарсан.

Иймд Л.З-гоос гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг баримтлан Ч.Б-д холбогдох “И” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг шилжүүлэхийг даалгах Л.З-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Л.З-гийн нэхэмжлэлээр “И” ХХК-д холбогдуулан үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо:

… Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүхээс “2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээгээр Л.З- нь 650 000 ам.долларыг төлөх. Ж.Цэрэндагва өөрт олгогдсон Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Зайсангийн аманд 3.3 га газар ашиглах эрхийг шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн шинжээс үзэхэд тэдгээрийн хооронд газар ашиглах эрхийг худалдах. худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна” хэмээн талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэсэн холимог гэрээний эрх зүйн харилцаанд үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний зорилго нь Зайсангийн аманд байрлах 3.3 га талбай бүхий 414 тоот газар ашиглах гэрчилгээ бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгө барихад Л.З-гийн зүгээс хөрөнгө оруулах харилцааг зохицуулах байсан. Тухайлбал, гэрээний 1.2-т “газар ашиглагч нь өөрийн газар дээр хөрөнгө оруулах баталгаа болгон нийт 650 000 ам.долларыг 2 хувааж өгснөөр 2 тал тэнцүү эрхтэй болно”, 2.3-т “газар ашиглах эрхээ үл хөдлөх хөрөнгийн объектыг барьж дуустал өөрт барьцаа болгон байлгах ба түүнийг гуравдагч этгээдэд зарах, барьцаалах эрхгүй”, 4.4-т “хөрөнгө оруулалтын баталгаа 650 000 ам.долларыг газар эзэмшигчид бүрэн төлж дууссаны дараа уг газар дээр тэнцүү хэмжээгээр А ба Б тал хөрөнгө оруулах ба хэрэв аль нэг тал хөрөнгө оруулалт оруулахгүй бол хөрөнгө оруулагч тал уг газрыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр эзэмших эрх эдэлнэ” хэмээн заасан.

Анхан шатны шүүх уг гэрээнд У.Цэрэндагваас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Ч.Б- түүнийг төлөөлөн оролцсон тул Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний эрх, үүрэг Ч.Б-д бус харин Ж.Цэрэндагвад үүснэ хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээнд Ж.Цэрэндагвыг төлөөлж №143 дугаар бүхий итгэмжлэлтэй иргэн Ч.Б- гэсэн ба түүнийг газар ашиглагч ба Б тал хэмээн заасан ба түүнд олгогдсон эрх нь тухайн газрыг өөрөө мэдэж захиран зарцуулах бүрэн эрхтэй байсан. Иймд гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу Б тал буюу Ч.Б-д 400 000 ам.долларын хөрөнгө оруулалтын баталгааны урьдчилгааг хүлээлгэн өгсөн, Ч.Б- тухайн мөнгийг авсан ба цааш нь Ж.Цэрэндагвад өгөөгүй өөрөө үр дагаврыг хариуцагч болсон зэргээр уг гэрээтэй холбоотой хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг Ч.Б- хүлээхээр харилцан тохиролцсон болохыг шүүх үнэн зөв дүгнэж чадсангүй.

Хариуцагч Ч.Б- нь гэрээний 3.1-д зааснаар 14 хоногийн дотор газар ашиглах гэрчилгээг А талын нэр дээр шилжүүлэн өгөх байтал шилжүүлэхгүй явсаар өөрийн “И” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн шилжүүлж авсан. Ийнхүү Ч.Б- болон Б.Лхагвасүрэн нарын хооронд 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, мөн л Зайсангийн аманд байрлах 3.3 га газрыг Л.З-гийн нэр дээр шилжүүлэх оруулсан хөрөнгө оруулалтын баталгаа болгож Б.Лхагвасүрэн “И” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлэн авсан болно. Энэхүү 60 хувийн хувьцааг шилжүүлж авсан явдал нь газар ашиглах эрхийг бусдад дахин Ч.Б- нь шилжүүлэхгүй байх баталгаа болгож, дараагийн үүргийг бүрэн гүйцэтгэх баталгаа болгосноос биш түүний хүлээсэн үүргийг бүр мөсөн дуусгавар болгосон зүйл биш юм. Гол нь анх гэрээ байгуулагдах үед Л.З-гийн нэр дээр шилжүүлэх байсан газар ашиглах эрх “И” ХХК дээр шилжиж анхны гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учир дараа дараагийн өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохируулах арга хэмжээг хэрэгжүүлж байж сая гэрээний гол зорилго биелэх, эрх үүрэг хэрэгжихээр байгаа юм.

Л.З- нь тус газар дээр өөрийн хувьцаа эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Далай Омбо” ХХК-аар их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, цогцолбор барилга барьсан ба үүнд Ч.Б- сохор зоос ч оруулаагүй байж одоо орон сууц барилгаас чинь орцоор нь блокоор нь авна, тэгэхгүй бол барилгыг нь улсын комисс авахуулахгүй байх бүхий л зарга, саадыг хийнэ гээд, Хот байгуулалт, хөгжлийн газарт гомдол гарган газар нь “Далай Омбо” ХХК-ийн нэр дээр биш “И” ХХК дээр байгаа бас маргаантай байгаа нөхцөл байдлаас болж барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар нь хүчингүй болж, улсын комисс ажиллахгүй, цаашлаад барилгын захиалагч хийгээд хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компаниуд дам дамаа маш ихээр хохирч байгаа юм. Хэрэв газар ашиглах эрхтэй компанийн хувьцааг өөрийн хамаарал бүхий 100 хувийн болгож хэмээнэ энэхүү садаа бэрхшээл арилж анхны 2007 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан хөрөнгө оруулагч нь өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээнд газар ашиглах эрхийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно. Хариуцагч Ч.Б- нь 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний үүргээ биелүүлэлгүй “И” ХХК-ийг байгуулж, тус компанийн нэр дээр газрыг шилжүүлж, улмаар гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болгон “И” ХХК-ийн хувьцааны 60 хувийг шилжүүлсэн тул үлдэх 40 хувийн хувьцааг Л.З-гийн нэр дээр шилжүүлэн, түүний дараагаар 250 000 ам.долларыг Ч.Б-д өгснөөр гэрээний харилцаа, эрх, үүрэг бүрэн биелж хуульд нийцэх байсан.

Иймээс шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, зорилгыг анхаарч үзэлгүйгээр 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний эрх, үүргийг 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээгээр Ч.Б-, Б.Лхагвасүрэн нар шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул шилжүүлэн авсан гэрээний эрх, үүрэг Ч.Б-д үүссэн гэж үзэхээр байна хэмээн огт үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдсэн гэж үзэж байна.

Иймд давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Л.З- нь хариуцагч Ч.Б-, “И” ХХК-д холбогдуулан “И” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг шилжүүлэхийг даалгах, Ч.Б-г “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс хасаж, Л.З-г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийг Ч.Б-д холбогдуулан гаргасан, “И” ХХК-д холбогдох шаардлагаас татгалзжээ.

 

            Нэхэмжлэлийн дээрх шаардлага нь компанийн хувьцааг шилжүүлэхтэй холбоотой  Ч.Б-д гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах агуулгатай байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхээс хамаарч “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Б-г хасаж, Л.З-г хувьцаа эзэмшигчээр бүртгэх эсэх нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрх хэмжээний асуудал  байна. Иймд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг үндсэн нэхэмжлэлийн бие даасан шаардлага биш, шаардлагын үндэслэл, үр дагавар гэж үзсэн нь зөв, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт нийцсэн.  

 

            Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй, тодруулбал, нэхэмжлэгч талаас 400 000 ам.долларыг хүлээн авсан атлаа газар эзэмших эрхээ шилжүүлж өгөөгүй гэж тайлбарласан ба “И” ХХК-ийн нэр дээрх газар ашиглах эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж “гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдөж газрын эрхийг шилжүүлэх боломжгүй болсон тул компанийн 40 хувийн хувьцааг шаардаж байгаа” гэж Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн зохицуулалтад хамааруулан тайлбарласан.

 

            Талуудын анх тохиролцсон нөхцөл болох газар ашиглах эрхийг иргэний нэр дээр шилжүүлэх хууль зүйн хувьд боломжгүй болсон нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлд хамаарна.

 

            Гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс гэрээгээр хүлээсэн үүргийг бодитойгоор гүйцэтгэх боломжгүй болох тохиолдолд гэрээний талууд уг нөхцөл байдалд нийцүүлэн гэрээний асуудлыг өөрчлөх талаар шаардлага тавих эрхийг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан. Мөн зүйлийн 220.3 дахь хэсгээр талууд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид тавих үүрэгтэй болохыг хуульчилсан нь гэрээний аль нэг талын шаардлагын дагуу гэрээний нөхцлийг өөрчлөх эрхийг шүүхэд олгоогүй. Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг тодорхойлох эрхийг талууд эдлэх бөгөөд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх нь талуудын хүсэл зоригоос гадуур хэрэгжих боломжгүй. Ийм учраас Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсгээр “Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж эрх ашиг нь хөндөгдөж буй талын эрхийг тодорхойлсон. 

 

            Талууд дээрх зохицуулалтын дагуу харилцан шаардлага гаргах нэг талын газар ашиглах эрх шилжүүлэх үүргийг компанийн хувьцаа шилжүүлэх үүрэг болгон өөрчилсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.З-гийн хувьд гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээг шинэчлэн шинэ нөхцөл байдалд нийцүүлж, “И” ХХК-ийн 40 хувийн хувьцааг шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн гэрээг Ч.Б-тэй харилцан тохиролцож байгуулсан баримтгүй байна.

 

Шүүх гэрээний агуулгыг хэн нэгнийх нь шаардсанаар нөгөө талын хүсэл зоригоос гадуур өөрчлөгдсөн гэж үзэж аль нэг үүргийг нөгөө талд ногдуулах үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг нь хууль эсхүл гэрээнд зааснаар үүснэ.

 

            Нөгөө талаас Компанийн хөрөнгө нь хувьцаанд хуваагдах бөгөөд хувьцаа нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасан хөдлөх эд хөрөнгөд хамаарахаас гадна  компанийн өрийг /үүргийг/ хувьцаагаар солих буюу газар эзэмших эрх шилжүүлэх үүргийг хувьцаагаар шилжүүлэхээр тохиролцож байгаа бол Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 дахь хэсэгт заасан журам үйлчилнэ.

 

            Иймд компанийн 40 хувийн хувьцааг нь Ч.Б-гээс шаардах эрх хууль болон гэрээгээр Л.З-д үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Дээрхээс дүгнэвэл талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг шүүхийн журмаар өөрчлөх боломжгүй, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болсон гэж дүгнэсэн нь оновчгүй байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “240 дүгээр зүйлийн 240.1.5-д” гэснийг “9 дүгээр зүйлийн 9.4.8-д” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ