Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00995

 

Л.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00279 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 572 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Л.З-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Б-д холбогдох,

Ч.Б-гийн эзэмшиж буй “Ихэр нева” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг Л.З-д шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, “Ихэр нева” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Б-г хасаж, Л.З-г хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, Х.Батбаатар, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Б-тэй харилцан тохиролцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Зайсангийн аманд байрлах 3.3 га талбайтай, 414 тоот гэрчилгээ бүхий Ж.Цэрэндагвын нэр дээрх аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийг Л.З- миний нэр дээр шилжүүлэхээр 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Бидний дунд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 1.2-т Газар ашиглагч нь /Л.З-г ойлгоно/ өөрийн газар дээр хөрөнгө оруулах баталгаа болгон нийт 650 000 ам.долларыг 2 хувааж өгснөөр 2 тал тэнцүү эрхтэй болно, мөн гэрээний 2.1-д Энэхүү гэрээг байгуулснаас хойш ажлын 3 хоногт багтаан Б талд А тал 400 000 ам.долларыг хөрөнгө оруулалтын баталгааны урьдчилгаа болгон хүлээлгэн өгнө гэж тус тус заасны дагуу гэрээ байгуулснаас хойш нэг хоногийн дараа Ч.Б-д 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 400 000 ам.долларыг Б.Лхагвасүрэнгээр дамжуулан бэлнээр хүлээлгэн өгсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл төлбөр болох 250 000 ам.долларыг гэрээний 2.5-д Газар ашиглах гэрчилгээ хөрөнгө оруулагчийн нэр дээр шилжсэнээс хойш ажлын 3 хоногт багтаан 250 000 ам.долларыг газар эзэмшигчид хөрөнгө оруулалтын баталгаа болгон өгнө гэсний дагуу төлөхөөр болсон. Харин Ч.Б- нь гэрээний 3.1-д Хөрөнгө оруулалтын урьдчилгааг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор газар ашиглах гэрчилгээг А талын нэр дээр шилжүүлэн өгнө гэснийг өнөөдрийг хүртэл гүйцэтгэхгүй байна. Тухайн үед Ч.Б- нь урьдчилгаа төлбөрийг авсны дараа ...Л.З- чиний нэр дээр гэрчилгээ гарсан байгаа... гэж байсан ч энэ нь худал байсан ба харин өөрийн “Ихэр нева” ХХК-ийн нэр дээр Байгаль орчны яамны 661 дугаар гэрчилгээг шинээр гаргуулж шилжүүлэн авсан байдаг.

Гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тасалдаагүй бөгөөд 2008 оны 6 дугаар сард О.Үржин гэх хүн Ч.Б-тэй хамт ирж ... аав Б.Лхагвасүрэн бид нартай уулзаж, авсан мөнгөө буцааж хүүгийн хамт 2008 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлж дуусгана, төлж чадахгүй бол 2 хоногийн дотор 3.3 га газрыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэх бөгөөд хэрэв үүнээсээ татгалзвал Ч.Б- залилан хийснээ зөвшөөрч байна гэж бичиг хийж өгсөн боловч биелэгдээгүй. 2009 оны 3 дугаар сард Ч.Б- нь дээрх 3.3 га газрыг ашиглах эрхтэй болсон “Ихэр нева” ХХК-ийн бичиг баримт, тамга тэмдгийг авчирч өгөн газар шилжүүлж өгөх үүргийг гүйцэтгэх баталгаа болгон компанийнхаа 60 хувийн хувьцааг Б.Лхагвасүрэнгийн нэр дээр шилжүүлэхээр амлаж 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт хувьцаагаа шилжүүлэх баримтад гарын үсэг зурж, эцэг Б.Лхагвасүрэнд “Ихэр нева” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлсэн. Үүний дагуу Л.З- би тус газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусгавар болж хураагдах болоод өөрийн нэр дээрх “Далай Омбо” ХХК-иар “Ихэр нева” ХХК-нд хүсэлт явуулж, мөн Байгаль орчны яамны нөхөн сэргээх хандивт 3 000 000 төгрөг хандивлаж Байгаль Орчны яамнаас манай компанид тус газар ашиглах эрхийг сэргээж, “Ихэр нева” ХХК-иас шилжүүлэн өгсөн. Гэвч Ч.Б- нь 2013 онд Байгаль орчин Ногоон хөгжлийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах зэргээр өнөөдрийг хүртэл маргалдаж байна.

2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Ч.Б- нь уг газарт нэг ч төгрөг зарцуулаагүй ба өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд аав Б.Лхагвасүрэн нар нь зардлыг төлж, мөн дэд бүтэц зэрэгт 1 тэрбум төгрөгийн зардал гаргаад байна. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар Л.З-, Ч.Б- нарын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, “Ихэр нева” ХХК-ийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах 3.3 га талбай бүхий газар ашиглах эрхийг Л.З-гийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Б-гийн эзэмшиж буй “Ихэр нева” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг Л.З- надад шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, “Ихэр нева” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Б-г хасаж, Л.З-г хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Ч.Б- нь 2008 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ж.Цэрэндагвыг төлөөлж Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах 414 дугаартай газрыг захиран зарцуулах үйлдэл хийх эрх олгосон Ж.Цэрэндагвын итгэмжлэлийн үндсэн дээр 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Лхагвасүрэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр 2 талын эрх үүргээ тохирсон. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар дээрх гэрээний үүргийг иргэн Ж.Цэрэндагваас хангуулах хуультай.

“Ихэр нева” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Б-г Б.Лхагвасүрэн 2009 онд дарамталж байгаад компанийн хувьцааны 60 хувийн хувьцааг хөрөнгө оруулалт нэрээр өөрийн нэр дээр болгосон. Улсын мөрдөн байцаах газарт Ч.Б-г ар гэрийн гачигдлаар хөдөө явсан хойгуур нөхөр М.Эрдэнэдалайг авч ирж маргаан шийдвэрлэх нэртэйгээр 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүү болох Л.З-гийн өгсөн гэх 400 000 ам.долларын оронд компанийн 60 хувийг шилжүүлэн авч цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авахаар тохиролцож Б.Лхагвасүрэн, Ч.Мөнхбат, М.Эрдэнэдалай нар гарын үсэг зурсан байдаг.

Тухайн үед М.Эрдэнэдалай Ч.Б-г төлөөлөх эрхгүй этгээд байсан. 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ч.Б-г ирсний дараа Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж “Ихэр нева” ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг авсан ба тэр даруй улсын бүртгэлд бүртгүүлж зохих өөрчлөлтийг хийсэн. Ч.Б-гээс Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж “Ихэр нева” ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг Б.Лхагвасүрэнд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээгээр Б.Лхагвасүрэн 2007 оны 11 дүгээр сард шилжүүлэн өгсөн 400 000 ам.долларын хөрөнгө оруулалтад компанийн нийт хувьцааны 60 хувь болох 1 800 000 төгрөгийн үнэ бүхий 600 ширхэг хувьцааг эзэмших, үүсгэн байгуулагч нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг эзэмшихээр тохиролцсон. 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Л.З- болон Ж.Цэрэндагва нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэж уг гэрээний эрх үүргийг талууд шинээр байгуулагдсан гэрээгээр өөртөө шилжүүлэн авсан гэрээ гэж үзэхээр байна гэж шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн ба давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Л.З- 400 000 ам.долларын хөрөнгө оруулсан гэрээний эрхийг өөрийн эцэг Б.Лхагвасүрэнд шилжүүлж Б.Лхагвасүрэн “Ихэр нева” ХХК-ийн 60 хувийн хувьцааг авч үүргийн гүйцэтгэлээ хангуулсан байгаа ба дахин 40 хувийн хувьцааг авах эрх Л.З-д байхгүй. Ч.Б- “Мэй юань” ХХК-иас хөрөнгө оруулалт оруулахаас өмнө 2013 оны 5 дугаар сард хуурамч бичиг баримт үйлдсэн тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 201301051030 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж одоо тус прокурорын хяналтад хянагдаж байна. “Ихэр нева” ХХК-ийн эзэмшдэг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах 3.3 га газрыг хууль бусаар “Далай омбо” ХХК-д шилжүүлсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаар шийдвэр болон Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаартай тогтоолоор тогтоогдож БОЯ-ны сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар “Ихэр нева” ХХК-ийн нэр дээр газар ашиглах гэрчилгээ гарсан. Иймд Л.З-гоос гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00279 шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.8, 220 дугаар зүйлийн 220.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Б-гийн эзэмшиж буй Ихэр нева ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг Л.З-д шилжүүлэхийг хариуцагч Ч.Б-д даалгаж, Ихэр нева ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Б-г хасаж, Л.З-г хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ч.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.З-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 572 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/00279 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг өөрийн санаачлагаар нотлох баримтыг цуглуулаагүй гэж дүгнэсэн үндэслэлгүй. Учир нь хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрийн татгалзлаа нотлох баримтыг гаргаж өөгүй, мөн магадлалд дурдаад буй 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ нь 60 хувийн хувьцаатай хамааралтай болохоос 40 хувийн хувьцааг авах шаардлага бүхий хэрэгт хамааралгүй ба хариуцагчид өнгөрсөн хугацааны туршид өөрт нь уг гэрээ байсаар байсан бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар маргаж байсан, хэрвээ хамааралтай гэж үзсэн бол өөрөө гаргаж өгөх байсан. Түүнчлэн хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах бүхий л төрлийн арга хэмжээг авч, шүүхээс дуудахад ирдэггүй, удаа дараа төлөөлөгчөө сольдог, буцаан томилдог, авсан өмгөөлөгч, төлөөлөгч болгон нь байнгын өвчтэй гэж эмнэлгийн магадлагаа ирүүлэх, томилогдсон шүүгч болгоноос татгалзах байдлаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Бид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ маш тодорхой тайлбарлаж өгсөн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх нь Ч.Б-, Б.Лхагвасүрэн нар “Ихэр нева” ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг Б.Лхагвасүрэнд шилжүүлэхээр 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээгээр тохиролцсон байх бөгөөд энэ талаар 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж дүгнэсэн.  Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээний үндсэн дээр Ч.Б-гийн Б.Лхагвасүрэнд шилжүүлсэн өгсөн “Ихэр нева” ХХК-ийн 60 хувийг хувьцааг Ч.Б-д буцаан шилжүүлэх” шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн ба энэ хэрэгт хамааралгүй юм.

... Давж заалдах шатны шүүх дээрх гэрээний талаар 3 шатны шүүх хэрхэн дүгнэснийг анхаар ч үзээгүй, хэрэг авагдсан нотлох баримтыг хэрхэн хамааралтай гэж үзэж ийнхүү шийдвэрлэснээ тайлбарлаагүйгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь хуульд нийцэхгүй байна.

...Компанийн үлдэх 40 хувийн хувьцаа эзэмшигч болж байж гэрээний зорилго биелэх ба энэхүү 40 хувийн хувьцааг шилжүүлэн авсны дараа Ч.Б-д 250 000 ам.доллар төлөх үүргээ биелүүлэхэд бэлэн байгаа болно.

... Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна”, мөн хуулийн 124, 234 дүгээр зүйлд зааснаар холимог гэрээ бөгөөд үүгээр Ч.Б- Ж.Цэрэндагвын өрийг шилжүүлэн авсан. Учир нь Ч.Б- урьдчилгаа 400 000 ам.долларыг хүлээн аваад цааш нь Ж.Цэрэндагвад өгөөгүй өөрөө захиран зарцуулсан, тэрбээр үүрэг хүлээлгэсэн газрыг өөрийн 100 хувийн эзэмшлийн “Ихэр нева” ХХК дээр шилжүүлэн авсан ба хожим Ж.Цэрэндагва нас барсан/-ний 1,2 дахь заалт, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээ тус тус болно.

Иймээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 572 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00279 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Л.З- нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан “Ихэр нева” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ш хувьцааг шилжүүлэх, Ч.Б-г компанийн хувьцаа эзэмшигчээс хасч, Л.З-г бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Хариуцагч Ч.Б- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 9.4.8., 220 дугаар зүйлийн 220.1., 206 дугаар зүйлийн 206.1. дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан байна. 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.-т эрхийн хамгаалалтын аргууд заагдсан бол 220 дугаар зүйлийн 220.1.-д гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхийг зохицуулжээ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчим тусгагдсан байна.

Иргэний хуулийн дээрх хэм хэмжээ нь иргэний эрх зүйн үндсэн зарчим, хууль хэрэглээний нийтлэг үндэслэлийг тодорхойлсон боловч зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох, маргааныг зохицуулах, шаардах эрхийн эрх зүйн үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, маргааныг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж чадаагүй гэж үзэхээр байна. Үүргийг зохих ёсоор гүйцэтгэх ёстой гэж хариуцлага ногдуулахын тулд ямар үүрэг үүссэн болохыг тодорхойлсон байх учиртай. Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэхийн тулд ямар гэрээ байгуулагдсан болох нь тодорхой байх шаардлагатай. Улмаар үүргийн харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг хянан шийдвэрлэнэ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийн хянан шийдвэрлэсэн гэж буруутган дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т  заасан шаардлагад нийцжээ.

Анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 572 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН