Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03458 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хариуцагч Г.Ч-, М.Г- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 62 763 591.31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч Г.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г.Ч-, М.Г- нар манай компанитай 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Үүний дараа 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан зээлийн хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сунгасан. Бид барьцааны гэрээ байгуулан дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

- 00 тоотхаягт орших Ү-2204005409 тоот улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

- Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 6 дугаар баг, 1-7а тоот хаягт орших Г-1018002184 тоот улсын бүртгэлийн дугаартай 485 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

- Өвөрхангай аймаг Арвайхээр сум, 7 дугаар баг, 1-5 тоот хаягт орших Г-1018003467 тоот улсын бүртгэлийн дугаартай, 513.08 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

- Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 7 дугаар баг, 1-5 тоот хаягт орших Ү-1018003471 тоот улсын бүртгэлийн дугаартай 160 м.кв талбайтай амины сууц,

- 04-91 ӨВР улсын дугаартай Камаз 5511 өөрөө буулгагч, 14-10 ӨВР улсын дугаартай Камаз 5511 өөрөө буулгагч, РКЛУСА-330В ачааны машин,

Хариуцагч нар 100 000 000 төгрөгийн зээлээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх өдрийн байдлаар дараах төлөлт хийсэн. Үүнд:

2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу барьцаа хөрөнгөөс Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 7 дугаар баг, 1-5 тоот хаягт орших Г-1018003467 тоот улсын бүртгэлийн дугаартай 513.08 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 7 дугаар баг, 1-5 тоот хаягт орших Ү-1018003471 тоот улсын бүртгэлийн дугаартай 160 м.кв талбайтай амины сууцыг худалдан борлуулж, үндсэн зээлд 75 368 100.72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 27 865 689.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 292 016.44 төгрөг, нийт 105 525 807.07 төгрөгийг тус тус төлсөн. Гэвч өнөөдрийн байдлаар үндсэн зээл 24 631 899.28 төгрөг, хүү 32 117 416.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 998 375.65 төгрөг, нийт 62 747 691.31 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн зээлд 12 000 000 төгрөгийг төлсний дараа 32 231 899.28 төгрөгийн үлдэгдэлтэй байх үед зээлийн гэрээнд зааснаар хариуцагч М.Г-гийн тэтгэврийн данснаас 7 600 000 төгрөгийг үндсэн зээлд төлүүлж, 24 631 899.28 төгрөг үлдсэн. Хариуцагч Г.Ч-аас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 11 удаа сард 350 000 төгрөгөөр нийт 3 850 000 төгрөгийг төлсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг шүүхээс анхаарна уу гэжээ.

 

Хариуцагч Г.Ч- шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г.Ч- 2011 онд нэхэмжлэгч “Х “ХХК-аас 100 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай авсан. Бизнес хийх зориулалттай авсан хэдий ч бизнесийн үйл ажиллагаа нь тасалдсан, мөн бусдад мөнгөө алдсан тул өнөөдрийн нөхцөл байдал үүссэн байдаг. Дээрх зээлээс тэрээр өөрийн эзэмшлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө, амины сууц зэргийг худалдан борлуулсан 105 525 807 төгрөгийн орлогоос үндсэн зээлд 75 368 100 төгрөг, хүүнд 27 865 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 192 016.44 төгрөгийг тус тус төлсөн.

Харин нэхэмжлэгч “Х” ХХК нь өөрийн санаачилгаар хариуцагч М.Г-гийн тэтгэврийн данснаас сар бүр 350 000 төгрөгийг суутган авсан, бид нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-т гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэсэн байдаг. Хариуцагч Г.Ч-ын зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой. Учир нь, нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч нар 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш сайн дураар зээлийг төлөөгүй. Хэрэгт авагдсан баримтаар камаз маркийн 39-33 НАА улсын дугаартай автомашин, мөн тус маркийн 65-18 УНХ улсын дугаартай автомашиныг С.Энхтайван, З.Азатбек нарт худалдсан ба харин FRWCA-330В ачааны машиныг бусдад худалдаагүй. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1.- тус тус заасныг үндэслэн хариуцагч Г.Ч-аас 47 575 778.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 187 812.82 төгрөг болон хариуцагч М.Г-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.Ч- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204005409 тоот дугаартай 00 тоотхаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн улсын бүртгэлийн Г-1018002184 тоот дугаартай Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 6 дугаар баг, 1-7А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 485 м.кв талбайтай газар болон FRWCA-330В ачааны машиныг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541 968.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч-аас 395 829.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г давж заалдах гомдолдоо:

... “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Ч-, М.Г- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 62 763 591.31 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хамтран үүрэг гүйцэтгэгч М.Г- холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 15 187 812.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний болон холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “....хариуцагч Г.Ч- нь 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийг зохих ёсоор төлөөгүй удсан байхад нэхэмжлэгч тал нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаагүй” гэсэн дүгнэлтийн хувьд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл дүгнэлт нь иргэний хууль болон гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийг буюу зээлдүүлэгчийг буруутгасан байдлаар дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийн буруутай үйлдэл бус болно. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд зээлээ хуваарьт хугацаанд төлөх үүрэгтэйг үүрэг гүйцэтгэгч өөрөө мэдэж байгаа бөгөөд мэдэхгүй гэх үндэслэл байхгүй, энэ талаар хэрэгт баримтаар нотлогдоогүй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгппп хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно" гэж, Хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг тооцох талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.4, 3.1.5-д төлөхөөр тохиролцсон бөгөөд зээлийн хүүгийн хорин хувь байхаар заасан.

Шүүх Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 15 187 812.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч М.Г-г Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн дүгнэлтийн хувьд:

Талуудын хооронд байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №9346 тоот зээлийн гэрээ. 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №11719 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд зээлдэгчээр Г.Ч-, хамтран үүрэг гүйцэтгэгчээр М.Г- нар гарын үсэг зурсан нь хамтран үүрэг гүйцэтгэгч М.Г-гийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч шаардах эрх бүхий буюу 242.2 дахь хэсэгт заасан хамтран хүлээх үүрэг нь гэрээнд зааснаар үүссэн байхад шүүх дээрх хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн101/Ш32019/16769 тоот захирамжийн дагуу хариуцагч М.Г-гийн зээлийн хувийн хэргийг нэхэмжлэгч “Хаа банк” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүхэд өгөөгүй, нэхэмжлэгч нь түүнийг батлан даагч, баталгаа гаргасан гэж тодорхойлоогүй гэж дүгнэсэн дүгнэлтийн хувьд:

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан. Энэхүү хуулийн заалтаар банк эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл нь зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгох бөгөөд талуудын хооронд нэг зээлийн гэрээ байгуулж байгаа нь нэг зээлийн данс үүсгэж зээл олгох агуулга бөгөөд нэг зээлийн гэрээнд нэг л зээлийн хувийн хэрэг бүрдэх зохицуулалттай.

Нэхэмжлэгчийн хувьд тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32019/16769 тоот захирамжийн дагуу Г.Ч- нарт холбогдох зээлийн хувийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 29/11392 дугаар албан тоотоор шүүхэд ирүүлсэн боловч шүүхээс уг хувийн хэрэгтэй танилцаад нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтын шаардлага хангуулж ирүүл гэж буцаасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд зээлийн хувийн хэргээс хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг ирүүлсэн талаар шүүх хуралдаанд дурдсан /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ бөгөөд шүүгчийн захирамжийг биелүүлэх үүднээс уг зээлийн хувийн хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1800939 тоот албан бичиг “Ш” ХХК-ийн 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн орлогын баримт гэх мэт баримтыг нотариатаар гэрчлүүлж хүргүүлсэн байхад анхан шатны шүүхийн зээлийн хувийн хэргийг нэхэмжлэгч “Х” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүхэд өгөөгүй гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй.

Хариуцагч М.Г-гээс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш үндсэн зээлд 7 600 000 төгрөгийг төлсөн боловч тэрээр зээлдэгч этгээд биш бөгөөд түүнд төрөөс олгодог тэтгэврийн орлогоос харилцагчийн зөвшөөрөлгүйгээр суутган төлүүлсэн байна гэсэн дүгнэлтийн хувьд:

Хариуцагч М.Г-гийн хувьд уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч биш, хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулах талаар шүүхэд шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн хүрээнд бус дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байх учиртай бөгөөд нэхэмжлэгчийн шаардаагүй, иргэн хэрэг үүсгэгдээгүй асуудлаар шүүх шийдвэр гаргах эрхгүйгээр тайлбарласантай нийцээгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 432.2, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03458 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв боловч гэрээгээр үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгчийг үүргээс  чөлөөлсөн нь алдаатай болсныг зөвтгөн, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.Ч-, М.Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62 763 591 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч,  маргажээ.

 

            Зохигчид 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Хаан банк нь 100 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, сарын 1,3 хувь, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч Г.Ч-, М.Г- нар нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүргийг харилцан хүлээснээ гарын үсгээр баталгаажуулсан нь хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. /хх15-19, 24/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулагдсан байна.

 

            Зээлдүүлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн 100 000 000 төгрөгийг зээлдэгч тал өөрсдийн хамтран эзэмшдэг Хаан банк дахь 5540459687 тоот дансаар хүлээн авсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацаанд үндсэн зээл 75 368 100.72 төг, зээлийн хүү 27 865 689.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 292 016.44 төгрөг, нийт 105 525 805 төгрөгийн төлөлт хийсэн нь зээлийн бүртгэлийн карт, Г.Ч-, М.Г- нарын 5540459687 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна. /хх36, 38/

 

Зээлдэгчийн хүсэлтээр 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний 36 сарын хугацааг 6 сараар сунгасан, уг гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 64 800 000 төгрөг байсныг талууд баталгаажуулж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоожээ. 

 

Зээлийн гэрээний сунгасан хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дууссан боловч зээлдэгч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл, 46 546 899 төгрөг, хүү 6 476 998.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 079 499 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байжээ.

 

Зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 21 965 000 төгрөгийн төлөлт хийсэн тооцооллын тухайд зохигчид маргаагүй бөгөөд уг төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүргийн үлдэгдэл 46 546 899 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл 2014 оны 6 дугаар сарын 27-ноос 2018 оны 12 дүгээр сарын 2-ныг хүртэлх хугацаанд зээлдэгчээс төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцсон боловч гэрээний хугацаа дууссан 2014 оны 11 дүгээр сарын 3-наас хойш зээлдүүлэгч төлбөрийг аль болох боломжит хугацаанд барагдуулах, талуудын гэрээгээр тохиролцсоны дагуу зээлдэгчээс үүргийг шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг арга хэмжээ авалгүйгээр тухай бүрт үлдэгдэл төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцон 4 жилийн хугацааны 32 117 416,38 төгрөгийн зээлийн хүү, 5 998 375,65 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилжээ.

 

Хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн дурдсан нөхцөл байдалд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш боловч  нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд үндэслэн төлбөрийн хэмжээг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон нь тооцооллын хувьд бодитоор төлөгдсөн төлбөрт үндэслэгдээгүй, хамтран хариуцагч М.Г-гийн тэтгэврийн данснаас шууд суутган төлүүлсэн 7 600 000 төгрөг төлбөрт тооцогдсон эсэх нь тодорхойгүй үлдсэн байна.

 

Иймд хэргийн дээрх нөхцөл байдлыг харгалзан 2014 оны 6 дугаар сарын 27-ноос хойш төлөгдсөн нийт 21 965 000 төгрөгийн төлөлтийг гэрээний хугацаа дуусах үеийн үндсэн зээлийн үлдэгдэл 46 546 899 төгрөгөөс хасч зээлийн үлдэгдлийг 24 581 899 төгрөгөөр тогтоон, уг дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг үүрэг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 3 хүртэлх 53 сарын хугацаагаар тооцож төлбөрийн үлдэгдлийг гаргах нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж үзэв.

 

Ийнхүү тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 24 581 899 төгрөгийн нэг жилийн буюу  15.6 хувийн хүү нь 3 834 776 төгрөг, нэг сарын хүү нь 319 564 төгрөг бөгөөд 53 сарын хүү нь 16 936 928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 387 385 төгрөг, төлбөрийн дүн 38 131 441 төгрөг болж байна. Үүн дээр зээлийн хугацаа дуусах үеийн хүү 6 476 998,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 079 499 төгрөгийг нэмж зээлдэгч нийт 45 687 938 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх бөгөөд 47 575 778,49 төгрөгийн төлбөр гаргуулсан шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийн төлбөр гаргуулсан дүнг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн 15  187 812 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Хариуцагч М.Г- нь зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан  хамтран үүрэг гүйцэтгэгч байх тул зээлдүүлэгч  буюу нэхэмжлэгч нь Г.Ч-, М.Г- нараас гэрээний үүргийг  шаардах эрхтэй, шүүх М.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцэхгүй тул нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлт оруулна.

 

Шүүх зээлийн үүргийн баталгаа болгож, талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр болох талаар эрх зүйн дүгнэлт хийж, барьцааны хөрөнгөөр буюу 00 тоот, улсын бүртгэлийн Ү-2204005409 дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө буюу 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн улсын бүртгэлийн Г-1018002184 дугаартай Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 6 дугаар баг, 1-7А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 485 м.кв талбай бүхий газар, FRWCA-330B ачааны машиныг тус тус  худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт Г.Ч-, М.Г- нараас  төлбөр гаргуулах агуулга бүхий өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Г.Ч-аас” гэснийг “Г.Ч-, М.Г- нараас” гэж, “төгрөг болон хариуцагч М.Г-д холбогдох хэсгийг” гэснийг “төгрөгт холбогдох хэсгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

                                                                                                     А.ОТГОНЦЭЦЭГ