Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 3458

 

 

 

 

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2019/03458

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Ч

 

Хариуцагч: Г нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 62,763,591.31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагч Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.                                   

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Хариуцагч   Ч, Г нар манай компанитай 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 100,000,000.00 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Үүний дараа 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан зээлийн хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сунгасан.

 

Ингээд бид барьцааны гэрээ байгуулан дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

 

  • ............... ачааны машин.

 

Хариуцагч нар 100,000,000.00 төгрөгийн зээлээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх өдрийн байдлаар дараах төлөлт хийсэн. Үүнд:

 

2011 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн зээлийн гэрээнд 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу барьцаа хөрөнгөөс Өвөрхангай аймаг, .......... талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, ........... тоот улсын бүртгэлтийн дугаартай 160 м.кв талбайтай амины сууцыг худалдан борлуулж, үндсэн зээлд 75,368,100.72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 27,865,689.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,292,016.44 төгрөг, нийт 105,525,807.07 төгрөгийг тус тус төлсөн.

 

            Гэвч өнөөдрийн байдлаар үндсэн зээл 24,631,899.28 төгрөг, хүү 32,117,416.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,998,375.65 төгрөг, нийт 62,747,691.31 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

            Хариуцагч нар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн зээлд 12,000,000.00 төгрөгийг төлсний дараа 32,231,899.28 төгрөгийн үлдэгдэлтэй байх үед зээлийн гэрээнд зааснаар хариуцагч Ггийн тэтгэврийн данснаас 7,600,000.00 төгрөгийг үндсэн зээлд төлүүлж, 24,631,899.28 төгрөг үлдсэн.

 

Хариуцагч Чаас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 11 удаа сард 350,000.00 төгрөгөөр нийт 3,850,000.00 төгрөгийг төлсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг шүүхээс анхаарна уу” гэв.

        

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч Ч 2011 онд нэхэмжлэгч Х ХХК -иас 100,000,000.00 төгрөгийг 3 жилийн хугацаатай авсан. Бизнес хийх зориулалттай авсан хэдий ч бизнесийн үйл ажиллагаа нь тасалдсан, мөн бусдад мөнгөө алдсан тул өнөөдрийн нөхцөл байдал үүссэн байдаг. Дээрх зээлээс тэрээр өөрийн эзэмшлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө, амины сууц зэргийг худалдан борлуулсан 105,525,807.00 төгрөгийн орлогоос үндсэн зээлд 75,368,100.00 төгрөг, хүүнд 27,865,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,192,016.44 төгрөгийг тус тус төлсөн.

 

Харин нэхэмжлэгч Х ХХК  нь өөрийн санаачилгаар хариуцагч Ггийн тэтгэврийн данснаас сар бүр 350,000.00 төгрөгийг суутган авсан, бид, нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-т гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэсэн байдаг.

 

Хариуцагч Чын зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой. Учир нь, нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч нар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш сайн дураар зээлийг төлөөгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар камаз маркийн .... улсын дугаартай автомашин, мөн тус маркийн ......... улсын дугаартай автомашиныг Э, А нарт худалдсан ба харин ******* ачааны машиныг бусдад худалдаагүй.

 

Иймд, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК -иас хариуцагч Ч, Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62,763,591.31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК  болон хариуцагч Ч, Г нар 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нийт 1,000,000,000.00 төгрөгийг сарын 1.3 хувь, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцжээ /х.х-ийн 15-19 хуудас/.

 

Түүнчлэн зохигчид уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дараах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар тохирсон байна. Үүнд:

 

  • ..............

 

            Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “зээл, гадаад, дотоо төлбөр тооцоо...................... явуулах” гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, түүнчлэн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 4 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8.-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2.-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна гэж үзэв.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2.-т зааснаар зээлдэгч нар тус зээлийг хөрөнгө худалдан авах, засвар үйлчилгээний зардлын зориулалтаар авчээ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.

Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний зүйл болох 100,000,000.00 төгрөгийг зээлдэгч нарын хамтран эзэмшдэг ******* тоот зээлийн дансанд шилжүүлсэн талаар маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар 100,000,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж үзнэ /х.х-ийн 27, 28 хуудас/.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Гг зээлдэгч гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тухайн зээлийг хариуцагч Ч нь нэхэмжлэгч Х ХХК -иас олгохыг хүсчээ /х.х-ийн 13, 23 хуудас/.

 

Тодруулбал, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ” гэж заасны дагуу тодорхой зориулалтаар эргэн төлөх санхүүгийн чадвартай этгээдэд тийнхүү зээлийг олгох бөгөөд үүнийг энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээл, мэдээллийг холбогдох байгууллагаас авах эрхтэй” гэж, мөн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө” гэж тус тус заасан.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтад хариуцагч буюу зээлдэгч гэх Гд 100,000,000.00 төгрөгийг зээлдүүлэхтэй холбоотой зээлийн судалгаа хийсэн баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2019/16769 тоот захирамжийн дагуу хариуцагч Ггийн зээлийн хувийн хэргийг нэхэмжлэгч Х ХХК -иас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүхэд өгөөгүй, нэхэмжлэгч нь түүнийг батлан даагч, баталгаа гаргагч гэж тодорхойлоогүй /х.х-ийн 14, 40, 43, 44, 126-129, 141-152 хуудас/. 

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн гагцхүү нэхэмжлэгч Х ХХК   болон хариуцагч Ч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэж, харин хариуцагч Гг тус хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Энэхүү зээлийн гэрээнд зааснаар хариуцагч Ч нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс үндсэн зээл, зээлийн хүүг хэсэгчлэн зохих ёсоор төлсөөр 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн ба тэрээр зээлийн хүүнд нийт 25,752,387.00 төгрөгийг төлөхөөр тохирчээ /х.х-ийн 19 хуудас/.

 

Гэвч талууд 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан зээлийг буцаан төлөх хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сунгасан ба хариуцагч Ч нь уг өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 35,200,000.00 төгрөг, зээлийн хүүнд 17,609,497.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 857,733.00 төгрөгийг тус тус төлж, үлдэх 64,800,000.00 төгрөгийг зээлийн хүү болох 14,142,637.00 төгрөгийн хамт 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлөхөөр болжээ /х.х-ийн 24, 25 хуудас/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээх юм.

 

Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас талууд барьцаа хөрөнгө болох ............. тоот улсын бүртгэлийн дугаартай 160 м.кв талбайтай амины сууц болон ........... тоот хаягт орших .......... тоот улсын бүртгэлийн дугаартай, 513.08 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдан борлуулж, олсон орлогоос хариуцагч нарын өмнө нь төлсөн 35,200,000.00 төгрөг болон хариуцагч Ггийн тэтгэврийн данснаас төлүүлсэн 7,600,000.00 төгрөгийг тус тус оролцуулан үндсэн зээлд нийт 75,368,100.72 төгрөг, зээлийн хүүнд 27,865,689.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,292,016.44 төгрөгийг тус тус төлүүлсэн байна.

 

Ингээд нэхэмжлэгч Х ХХК -иас хариуцагч Ч, Г нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 24,631,899.28 төгрөг, зээлийн хүү 32,117,416.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,998,375.65 төгрөг, нотариатын зардалд 15,900.00 төгрөг, нийт 62,763,591.31 төгрөгийг нэхэмжилжээ /х.х-ийн 1-4 хуудас/.

 

Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Чаас үндсэн зээлийн үлдэгдэл 24,631,899.88 төгрөг, зээлийн хүүнд 19,019,302.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,924,576.78 төгрөг, нийт 47,575,778.49 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК -нд олгох нь зүйтэй гэж үзэв.  

 

Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагчийн зээлийн дансны хуулга, мөн зээлийн бүртгэлийн картад бүртгэгдсэнээр хариуцагч Ч нь 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийг зохих ёсоор төлөөгүй, тус өдөр үндсэн зээлд 12,000,000.00 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 32,231,899.88 төгрөг, хуримтлагдсан хүү 19,019,302.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,924,576.78 төгрөгийг төлөөгүй удсан байхад нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна /х.х-ийн 36-38, 43, 44 хуудас/.

Хэдийгээр хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ггээс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш үндсэн зээлд 7,600,000.00 төгрөгийг төлсөн гэсэн боловч тэрээр зээлдэгч этгээд биш бөгөөд түүнд төрөөс олгодог тэтгэврийн орлогоос харилцагчийн зөвшөөрөлгүйгээр 7,600,000.00 төгрөгийг суутган төлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.-т зааснаар зээлдэгч нь төлбөр тооцоог нэхэмжлэгч банкин дахь дансаараа гүйцэтгэх, данс дахь мөнгөн хөрөнгө зээлийг төлөхөд хүрэлцэхгүй бол барьцаа хөрөнгөөр хангах тухай зохицуулалт нь хариуцагч Гд зээлдэгч биш тул хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч түүний зөвшөөрлөөр зээлдэгч Чын үндсэн зээлээс 7,600,000.00 төгрөгийг төлүүлсэн гэдгээ баримтаар нотлохгүй байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Х ХХК -ийг Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх” гэснийг зөрчсөн гэх хариуцагч Чын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй болно.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.

 

Тодруулбал, зээлдэгч нь зээлийг заавал буцаан төлөх үүрэгтэй бөгөөд зээлдүүлэгч нь зээлийг буцаан төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгч этгээдийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч хариуцагч нь удаан хугацааны турш зээлийн төлбөрийг төлөөгүй байхад нэхэмжлэгч нь гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн байна.

 

Энэ талаар Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ шударга байдлаар хэрэгжүүлэх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд зээлдэгч нь зээлийг төлөх үүргээ удаа дараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээг дуусгавар болгохоор зохицуулсан байхад нэхэмжлэгч нь уг арга хэмжээг аваагүйн улмаас нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, ийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Гэвч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х ХХК -иас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 10,200.00 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 5,700.00 төгрөгийг тус тус нотариатчид төлсөн боловч хариуцагч Ч, Г нарт холбогдох энэ хэрэгт уг зардлыг гаргасан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.   

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Чын төлбөл зохих үндсэн зээл, зээлийн хүү, болон нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр тооцож, үндсэн зээлийн үлдэгдлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 24,631,899.88 төгрөг гэж, зээлийн хүүг 19,019,302.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 3,924,576.78 төгрөг, нийт 47,575,778.49 төгрөг гэж тогтоов.

 

Хариуцагч Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Энь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, зээлийг буцаан төлөх хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сунгасан ба уг өдрөөс эхлэн хөөн хэлэлэцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар тоолвол 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусна.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ч нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн зээлд 12,000,000.00 төгрөгийг төлснөөс гадна 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр  нэхэмжлэгч Х ХХК -нд хандаж зээлийн хүүг бууруулах, үлдэгдэл зээлийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх талаар санал гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ /х.х-ийн 39, 42 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, мөн 79.7.-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК -иас хариуцагч Ч, Г нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Чын өмчлөлийн хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна /х.х-ийн 32, 33 хуудас/.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 156.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд..............” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ба уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын байгуулсан барьцааны гэрээний зүйл болох ******* тоот аралын дугаартай камаз маркийн ******* улсын дугаартай автомашин, мөн ******* тоот аралын дугаартай камаз маркийн ******* улсын дугаартай автомашиныг хариуцагч Ч нь Э, А , нарт худалдсан, ........... хаягт орших ..... тоот улсын бүртгэлийн дугаартай 160 м.кв талбайтай амины сууц болон ........... тоот хаягт орших ........ тоот улсын бүртгэлийн дугаартай, 513.08 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг бусдад худалдсан гэсэн бол, харин ******* ачааны машиныг бусдад худалдаагүй гэсэн.   

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2.-т “Энэ хуулийн 41.1.-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1.-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч Ч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Х ХХК -иас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан тул улсын бүртгэлд бүртгэгдсэн болон бусдад худалдагдаагүй барьцааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.         

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч Чаас үндсэн зээлийн үлдэгдэл 24,631,899.88 төгрөг, зээлийн хүү 19,019,302.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,924,576.78 төгрөг, нийт 47,575,778.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,187,812.82 төгрөг болон хариуцагч Гд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Чаас 47,575,778.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,187,812.82 төгрөг болон хариуцагч Гд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204005409 тоот дугаартай .......... орон сууц, мөн улсын бүртгэлийн ......... тоот дугаартай ........... хаягт байрлах гэр бүлийн хэрэгцэний зориулалттай 485 м.кв талбайтай газар болон ******* ачааны машиныг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,968.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чаас 395,829.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР