Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00364

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03458 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 330 дугаар магадлалтай,

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Ч, М.Г нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 62,763,591.31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбуйр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч Г.Ч, М.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62,763,591 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03458 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Г.Чаас 47,575,778.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,187,812.82 төгрөг болон хариуцагч М.Гд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.Ч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204005409 тоот дугаартай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202 дугаар байр, 96 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн улсын бүртгэлийн Г-1018002184 тоот дугаартай Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 6 дугаар баг, 1-7А тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 485 м.кв талбайтай газар болон FRWCA-330В ачааны машиныг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,968.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Чаас 395,829.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 330 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Г.Чаас” гэснийг “Г.Ч, М.Г нараас” гэж, “төгрөг болон хариуцагч М.Гд холбогдох хэсгийг” гэснийг “төгрөгт холбогдох хэсгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х бны нэхэмжлэлтэй Г.Ч, М.Г нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгэлд 62,763,596.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрт хамтран үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлээс 15,187,812 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020.03.04-ний өдөр шүүхээс гардаж авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлыг гаргаж байгаа болно. Үүнд:

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “...Ийнхүү тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 24,581,899 төгрөгийн нэг жилийн хүү 15.6 хувийн хүү нь 3,834,776 төгрөг, нэг сарын хүү нь 319,564 төгрөг бөгөөд 53 сарын хүү нь 16,936,928 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,387,385 төгрөг төлбөрийн дүн 38,131,441 төгрөг болж байна. Үүн дээр зээлийн хугацаа дуусах үеийн хүү 6,476,998.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,079,499 төгрөгийг нэмж зээлдэгч нийт 45,687,938 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх бөгөөд 47,575,778.49 төгрөгийн төлбөр гаргуулсан шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийн төлбөр гаргуулсан дүнг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн 15,187,812 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлыг хангахгүй орхив” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг тооцох талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.4, 3.1.5-д төлөхөөр тохиролцсон бөгөөд зээлийн хүүгийн хорин хувь байхаар заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, “гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ” гэж тус тус тайлбарласан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 15,187,812.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 24,631,899.28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 32,117,416.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,998,375.65 төгрөг нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 62,747,691.31 төгрөг нэхэмжилсэн байхад зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг бууруулж тооцсон нь үндэслэлгүй, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтыг 2 шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “...Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Г.Чаас үндсэн зээлийн үлдэгдэл 24,631,899.88 төгрөг, зээлийн хүүнд 19,019,302.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,924,576.78 төгрөг нийт 47,575,778.49 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х б ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв. Тодруулбал, зээлдэгч нь зээлийг заавал буцаан төлөх үүрэгтэй бөгөөд зээлдүүлэгч нь зээлийг буцаан төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгч этгээдийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч хариуцагч нь удаан хугацааны турш зээлийн төлбөрийг төлөөгүй байхад нэхэмжлэгч нь гэрээнд заасан арга хэмжээ аваагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн байна” гэж дүгнэсэн нь зээлдүүлэгчийг буруутгасан, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн энэ талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна...”, мөн зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 330 дугаартай шийдвэр, магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч Г.Ч, М.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62,763,591 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч Г.Чаас зээлийн гэрээний үүрэгт 47,575,778.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 15,187,812.82 төгрөгт болон хариуцагч М.Гд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт ...хариуцагч Г.Ч, М.Г нараас төлбөрийг гаргуулсан өөрчлөлтийг оруулсан байна.

8. Хоёр шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэнд олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцжээ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

9. Талуудын хооронд 2011.05.09-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнээс үзэхэд Г.Ч, М.Г нар нь “Х б” ХХК-аас 100,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, барьцаанд зээлдэгч нарын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг барьцаалсан байх ба гэрээний талууд тохиролцон 2012.09.07-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 6 сараар сунгажээ. 

10. Дээрх зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь 2011.05.09-ний өдөр зээлийн 100,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 75,368,100.72 төгрөг, зээлийн хүүд 27,865,689.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,292,016.44 төгрөг, нийт 105,525,807 төгрөгийг төлсөн, зохигч эдгээр үйл баримттай маргаагүй байна.

11. Хэрэгт авагдсан нотлох баримтаар зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь тогтоогдсон, иймд нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.   

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зээлдэгчийн 2014.06.27-ны өдрөөс хойш зээлийн төлбөрт төлсөн нийт 21,965,000 төгрөгийг нэхэмжилсэн төлбөрөөс хасч тооцон, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 47,575,778.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 15,187,812.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн гэж үзлээ. 

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхүүд Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 15,187,812.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

14. Энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх ...хэргийн дээрх нөхцөл байдлыг харгалзан ...2014.06.27-ноос хойш төлөгдсөн нийт 21,965,000 төгрөгийн төлөлтийг гэрээний хугацаа дуусах үеийн үндсэн зээлийн үлдэгдэл 46,546,899 төгрөгөөс хасч зээлийн үлдэгдлийг 24,581,899 төгрөгөөр тогтоон, уг дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг үүрэг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн 2018.12.03-ны өдөр хүртэлх 53 сарын хугацаагаар тооцож төлбөрийн үлдэгдлийг гаргах нь хэргийн бодит байдалд нийцнэ. Ийнхүү тооцвол ...зээлдэгч нийт 45,687,938 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх бөгөөд 47,575,778,49 төгрөгийн төлбөр гаргуулсан шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийн төлбөр гаргуулсан дүнг хэвээр үлдээх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.  

15. Хоёр шатны шүүх зээлийн төлбөрийг, барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалданагэж заасныг зөрчөөгүй байна.  

Түүнчлэн, ...анхан шатны шүүх хариуцагч М.Гг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхгүй гэж дүгнэн, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.1-д заасантай нийцээгүй талаар давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийж, шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулсан нь үндэслэлтэй болжээ.

16. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 330 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2020.03.16-ны өдөр төлсөн 233,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН