Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 489

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00106 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн хариуцагч БХЗХТБАА-нд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БХЗХТБАА-наас “Ж” ХХК-ийн 3 үл хөдлөх хөрөнгө болон газрыг дуудлага худалдаанд оруулахаар болсон. Дуудлага худалдаанд оруулахтай холбоотойгоор үнэлгээ хийгдсэн. 7 үл хөдлөх эд хөрөнгийг 413 293 000 төгрөгөөр үнэлээд түүний 70 хувь буюу 289 305 100 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоосон.

Манай зүгээс үнэлгээ хийхдээ үнэлгээчин нар нь тодорхой зүйлүүдийг харгалзаж үзээгүй байна. Үнэлгээний тайланг авч үзэхэд манай үл хөдлөх эд хөрөнгө нь бүрэн цутгамал 3 давхар 300 гаруй м.кв талбайтай, гэтэл 2 давхар 370 000 000 орчим төгрөгийн үнэлгээтэй дүнзэн байшинг харьцуулж үнэлгээ хийсэн байсан. Байршлын хувьд Улаанбаатар хотын төв цэгээс 16 км-ын зайд хар замаар очдог. Мөн цахилгаан, усны асуудлыг бүрэн шийдсэн, 380 вольтын дэд станцтай, бусад дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Үл хөдлөх эд хөрөнгө нь бүх зүйл нь ороод манай тооцооллоор 800 000 000 орчим төгрөг болох байсан.

“Ж” ХХК нь 2009 оноос хойш татварын асуудалтай байгаа. Татварын өрийг төлж дуусгахын тулд үл хөдлөх эд хөрөнгийг компанийн нэр дээр шилжүүлж, үнэлгээ хийлгэсэн боловч үнэлгээ нь хэт бага үнээр гарсан. Харьцуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь харьцуулахад тохиромжгүй, мөн хэт багаар үнэлсэн гэж үзэж байгаа тул Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шинжээч томилон тогтоолгосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 983 дугаар шийдвэр гарсан. Төлбөр төлөгч “Ж” ХХК-ийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж хураагаад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/14425 дугаартай албан бичгээр мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгснөөр төлбөр төлөгч “Ж” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг 850 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг манай байгууллагад албан бичгээр хүргүүлсэн. Төлбөр авагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг 223 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн санг хүргүүлсэн. Үнийн дүнд харилцан тохиролцоогүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 55 дугаар сарын 55.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоолгохоор 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор “Мөнх Оргил трейд” ХХК-ийн н.Эрдэнэбаатар шинжээчийг томилоход 413 313 000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч БХЗХТБАА-нд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууц, 00 тоотхаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ 102/1 тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 146205858 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462703938 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462705857 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462703932 дугаартай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С давж заалдах гомдолдоо:

... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч талын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Манай компанийн зүгээс үл хөдлөх хөрөнгийн хөндлөнгийн үнэлээчийн эрх бүхий “Сэлэнгэ эстимэйт” ХХК-аар 2019 онд мөн үнэлүүлсэн. Энэхүү үнэлгээгээр:

• Ү-2203025422 үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших 00071662, 000520990, 000717661 дугаартай газруудыг тус тус өртгийн болон жишиг үнийн хандлагаар тооцож үнэлж үзэхэд 235 619 380 төгрөг гэж,

• Ү-2203030742 үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших 000537963 дугаартай газруудыг тус тус өртгийн болон жишиг үнийн хандлагаар тооцож үнэлж үзэхэд 480 461 696 төгрөг гэж тус тус үнэлсэн.

Шүүхээс томилсон хөндлөнгийн үнэлгээний “М” ХХКнь зах зээлийн өртгийн хандлагаар үнэлгээг дараах байдлаар тооцсон.

• Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 17826 тоот хаягт байрлах 306 м.кв талбайтай. хувийн сууц газрын хамт (Ү-2203030742 үл хөдлөх хөрөнгө), (газар эзэмших 000537963) жишиг үнийн хандлагаар тооцож үнэлж үзэхэд 264 942 400 төгрөг гэж,

• 00 тоотхаягт байрлах 190 м.кв талбайтай, хувийн сууц газрын хамт (Ү-2203025422 үл хөдлөх хөрөнгө), газрын хамт жишиг үнийн хандлагаар тооцож үнэлж үзэхэд 85 570 900 төгрөг гэж.

• Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ 102/1 тоот хаягт байрлах 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 25 686 900 төгрөг гэж,

• Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар хэсэг гудамжинд байрлах 699 м.кв талбайтай газарт байрлах манаачийн сууц, граж, газрын хамт 37 092 800 төгрөгөөр тус тус үнэлж нийтэд 413 293 000 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон үнэлээч жишиг болгосон бүрэн цутгамал байшин 2 давхар, мөн байрлалын хувьд манай үл хөдлөх хөрөнгөөс 10 км орчим хотын төвөөс хол, мөн цахилгааны дэд станц байхгүй жиших үнэ тогтооход хүндрэлтэй. Гэвч тус эд хөрөнгийг 300 орчим саяд үнэлж зарж байгаа зар тавигдсан байдаг. Гэтэл үнэлээч нь дээрх жишиг болгосон манай үл хөдлөх эд хөрөнгөөс дор нөхцөлтэй эд хөрөнгөөс багаар манай үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн.

Өөрөөр хэлбэл өөрийн жишиг болгож авч үзсэн, манайхаас дор нөхцөлтэй эд хөрөнгүүдийн үнээс манай үл хөдлөх хөрөнгө болон газруудыг үнэлж нийтэд нь 410 000 000 төгрөг гэж тогтоосон, дуудлага худалдаанд орох нь 270 000 000 төгрөг болсныг бид хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгэе, газрын нөхцөл байдалтай танилцах хүсэлт тавьсан ч шаардлагагүй гэж үзээд татгалзан. Гэтэл шүүх хурлын үеэр 380 вольтын дэд станцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас томилогдсон үнэлээч эд хөрөнгийг жагсаалтад дурдсан ч үнэлгээнд огт оруулаагүй, цахилгааны дэд станц үл хөдлөх хөрөнгийн үнэд шууд нөлөөлдөг гэдгийг бид тавьсан, шүүгч шийдвэр гүйцэтгэгчээс тодруулж асуухад огт мэдэхгүй байсан бөгөөд би хийгээгүй тул мэдэхгүй байна, үнэлгээний компани мэднэ гэж хариулсан. Шүүхээс 380 вольтын дэд станц хэний өмч болох нь нотлогдохгүй гэдэг үндэслэлээр манай тавьсан үндэслэлийг авч хэлэлцсэнгүй. Гэтэл бодит байдал дээр энэхүү дэд станц нь манай эзэмшлийн хашаа нь дотор байрладаг бөгөөд хэрвээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан газарт очиж үзлэг хийж нөхцөл байдалтай танилцсан бол 380 вольтын дэд станц хэний өмч гэдэг нь нотлогдохгүй гэх дүгнэлтийг хийхгүй байсан.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, дахин нотлох баримт цуглуулсны үндсэн дээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч БХЗХТБАА-нд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаар шийдвэрээр “Ж” ХХК-аас 3 566 149 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст олгохоор шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хариуцагч БХЗХТБАА- шүүгчийн 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4740 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 338 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2009 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 279 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, ажиллагааг хуулийн дагуу явуулж төлбөр төлөх хугацаа тогтоожээ.

/хх 81-84, 100-103,116-119/

 

Төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулах үндэслэл бүрдсэн байна. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч “Ж” ХХК нь үл хөдлөх хөрөнгүүдийг 850 000 000 төгрөгөөр тогтоолгохоор үнийн саналаа ирүүлсэн, харин төлбөр авагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 223 000 000 төгрөгөөр тогтоолгохоор үнийн саналаа ирүүлсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг тохиролцон тогтоож чадаагүй тул шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/24 дугаар тогтоолоор шинжээч томилон үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

            “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууцыг газрын хамт 264 942 400 төгрөг, 00 тоотхаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, газрын хамт 85 570 900 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ 102/1 тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 25 686 900 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай газарт байрлах манаачийн сууц, гарааш, газрын хамт 37 092 800 төгрөг, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 413 293 000 төгрөг гэж дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

            Эрчим хүчний 380 вольтын хүчин чадалтай дэд станц нь төлбөр төлөгчийн өмчлөл болох талаарх баримтгүй тул тусгайлан үнэлж, хөрөнгийн үнэлгээнд оруулаагүйг буруутгах боломжгүй, хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлэх гол нөхцөл болохыг шинжээч анхаараагүй гэх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй.

 

            Нэхэмжлэлд дурдсан 4 үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, шинжээч үнэлгээ хийхдээ хөрөнгийн байршил, зориулалт, хийц, ашиглалтад орсон хугацаагаар ижил эд хөрөнгөтэй харьцуулан тодорхойлсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ