Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00811

 

Жамп ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00106 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 489 дүгээр магадлалтай, 

Жамп ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Баярмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Жамп ХХК-ийн 3 үл хөдлөх хөрөнгө болон газрыг дуудлага худалдаанд оруулахаар болсон. Дуудлага худалдаанд оруулахтай холбоотойгоор үнэлгээ хийгдсэн. 7 үл хөдлөх эд хөрөнгийг 413,293,000 төгрөгөөр үнэлээд түүний 70 хувь буюу 289,305,100 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоосон. Манай зүгээс үнэлгээ хийхдээ үнэлгээчин нар нь тодорхой зүйлүүдийг харгалзаж үзээгүй байна. Үнэлгээний тайланг авч үзэхэд манай үл хөдлөх эд хөрөнгө нь бүрэн цутгамал 3 давхар 300 гаруй м.кв талбайтай, гэтэл 2 давхар 370,000,000 орчим төгрөгийн үнэлгээтэй дүнзэн байшинг харьцуулж үнэлгээ хийсэн байсан. Байршлын хувьд Улаанбаатар хотын төв цэгээс 16 км-ын зайд хар замаар очдог. Мөн цахилгаан, усны асуудлыг бүрэн шийдсэн, 380 вольтын дэд станцтай, бусад дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Үл хөдлөх эд хөрөнгө нь бүх зүйл нь ороод манай тооцооллоор 800,000,000 орчим төгрөг болох байсан. Жамп ХХК нь 2009 оноос хойш татварын асуудалтай байгаа. Татварын өрийг төлж дуусгахын тулд үл хөдлөх эд хөрөнгийг компанийн нэр дээр шилжүүлж, үнэлгээ хийлгэсэн боловч үнэлгээ нь хэт бага үнээр гарсан. Харьцуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь харьцуулахад тохиромжгүй, мөн хэт багаар үнэлсэн гэж үзэж байгаа тул Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шинжээч томилон тогтоолгосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.01-ний өдрийн 983 дугаар шийдвэр гарсан. Төлбөр төлөгч Жамп ХХК-ийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж хураагаад 2019.10.11-ний өдрийн 3/14425 дугаартай албан бичгээр мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгснөөр төлбөр төлөгч Жамп ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг 850,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг манай байгууллагад албан бичгээр хүргүүлсэн. Төлбөр авагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг 223,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн санг хүргүүлсэн. Үнийн дүнд харилцан тохиролцоогүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 55 дугаар сарын 55.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоолгохоор 2019.10.18-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор Мөнх Оргил трейд ХХК-ийн н.Эрдэнэбаатар шинжээчийг томилоход 413,313,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.07-ны өдрийн 181/ШШ2020/00106 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, 102 тоот хаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ 102/1 тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 146205858 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462703938 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462705857 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462703932 дугаартай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Жамп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн 489 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.07-ны өдрийн 181/ШШ2020/00106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Баярмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон үнэлээч өөрийн жишиг болгож авч үзсэн, манайхаас дор нөхцөлтэй эд хөрөнгүүдийн үнээс манай үл хөдлөх хөрөнгө болон газруудыг үнэлж нийтэд нь 410 сая гэж тогтоосон, дуудлага худалдаанд орох нь 270 сая болсныг бид хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгэе, газрын нөхцөл байдалтай танилцах хүсэлт тавьсан ч шаардлагагүй гэж үзээд татгалзсан. .... энэхүү хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг баталгаажуулж хэрэгт авахаас татгалзсан нь хэргийг шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Баярмаагийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Жамп ХХК, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, тэдгээрийн гаргаж өгсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв боловч эрх зүйн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулахгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасантай нийцээгүй байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 .07.01-ны өдрийн 953 дугаар шийдвэрээр Жамп ХХК нь 3,566,149,600 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст төлөх үүрэгтэй, төлбөр төлөгч мөн байна.

Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11, 185, 186 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэх бөгөөд уг баримт бичгүүдийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг явуулдаг байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч Жамп ХХК төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүйн улмаас, албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2009.09.17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолоор явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэр бүхий 7 үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх ажиллагааг хийсэн байна.

Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2019.11.05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууцыг газрын хамт 264,942,400 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, 102 тоот хаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, газрын хамт 85,570,900 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ 102/1 тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 25,686,900 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай газарт байрлах манаачийн сууц, граш, газрын хамт 37,092,800 төгрөг, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 413,293,000 төгрөг гэж үнэлснийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаач энэ үнэлгээг бодит байдлаас бага тогтоогдсон гэх тайлбар татгалзлаа, үндэслэл бүхий баримтаар нотлоогүй, түүнчлэн 380 вольтын дэд станц-ыг өөрийн өмчлөлийн хөрөнгө гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн боловч хөрөнгийн өмчлөл, зөвшөөрөл үнэ ханшийг тогтоосон баримт гаргаагүй байна.

Битүүмжлэн, хурааж үнийн санал авах, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46, 49, 54, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. /хх-122-137/

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журам зөрчөөгүй ба харин үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд хамаарах хуулийн зохицуулалт хэрэглээгүй буруу болжээ.

Иймд дээр дүгнэснээр шийдвэр, магадлалд хуулийн заалтыг нэмж өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн хөрөнгийг багаар үнэлсэн, хүсэлт хангахаас татгалзсан гэх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 489 дүгээр магадлалын 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00106 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д ... гэснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт ... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Баярмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЦОЛМОН

                                                         ШҮҮГЧИД                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ