Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 525

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00105 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т” ХХК-ийн хариуцагч АЖДХнд холбогдуулан гаргасан 4 104 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Тус компани нь иргэн П.Н-тай 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 179031300103479 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж даатгалын зүйл болох 65-53 УНЛ улсын дугаартай Тоёота приус загварын автомашиныг нэг жилийн хугацаанд даатгасан. Жолооч Б.Г- нь иргэн Ч.Б-ын өмчлөлийн 94-81 УНӨ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг жолоодон 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг зөрчин зам тээврийн осол гаргаж манай даатгуулагч П.Н-ын өмчлөлийн 65-53 УНЛ улсын дугаартай тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан, ослын улмаас үүссэн хохирлын хэмжээ нь “У” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 10445160 тоот автомашин техникийн үнэлгээний тайланд авагдсанаар 4 074 000 төгрөг гэж тогтоогдсон.

Хохирлын үнэлгээ хийсэн “У” ХХК-ийн 10445160 тоот дүгнэлтэд авагдсанаар даатгуулагч П.Н-ын тээврийн хэрэгслийн урд буфер 450 000 төгрөг, зүүн урд их гэрэл 400 000 төгрөг, зүүн урд нэмэлт гэрэл 60 000 төгрөг, зүүн урд хаалга 25 000 төгрөг, зүүн урд гурвалжин шил 50 000 төгрөг, урд салхины шил 200 000 төгрөг, зүүн урд крыло 220 000 төгрөг, копуд 450 000 төгрөг, тогтоогч зам 50 000 төгрөг, урд тэвш 50 000 төгрөг, рулын аппарат дан 500 000 төгрөг, босоо тэнцүүлэгч зүүн урд 25 000 төгрөг, зүүн урд гар 120 000 төгрөг, цахилгааны хар хайрцаг 120 000 төгрөг, зүүн урд тиаг 80 000 төгрөг, зүүн урд лонжром 220 000 төгрөг, урд тэнхлэг рам 180 000 төгрөг, зүүн толь дохиотой 300 000 төгрөг, зүүн урд под крыло 45 000 төгрөгийн эдгээр эд ангийг засах, солих зардал нийт 3 545 000 төгрөг, үүнд 400 гр будаг лак туслах материал 84 000 төгрөг, будгийн ажлын хөлс 290 000 төгрөг, эд анги солих ажлын хөлс 130 000 төгрөг, тэнхлэг тохиргоо 25 000 төгрөг, нийт 529 000 төгрөг, ингээд даатгалын тохиолдлын улмаас үүссэн нийт хохирлын хэмжээг тооцвол 4 074 000 төгрөг болж байна.

Иргэн Б.Г-ын буруутай үйлдлийн улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь “Т” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтад авагдсан тайлбар, “А” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 1806425 тоот даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, Чингэлтэй дүүрэг дахь замын цагдаагийн газрын 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн зам тээврийн ослын акт, дүгнэлт болон 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 310000618378549 тоот шийтгэлийн хуудас, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 10445160 тоот “У” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, ослын гэрэл зураг зэрэг баримтаар нотлогдсон.

Харин “Т” ХХК нь даатгуулагч П.Н-ын өмнө 179031300103479 тоот даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 18/01269 тоот тогтоолоор 4 074 000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгож шийдвэрлэсэн.

Ийнхүү даатгалын нөхөн төлбөрийг “Т” ХХК нь даатгуулагчид олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... гэж заасны дагуу даатгалгүй этгээд Б.Г-ын буруутай үйлдлийн улмаас даатгуулагч /хохирогч/ П.Н-т төлсөн гэм хорын нөхөн төлбөрийг хуулийн дагуу хариуцах гуравдагч этгээд болох Жолоочийн даатгалын сан буюу АЖДХноос шаардах эрх үүссэн.

Хуульд заасны дагуу “Т” ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгож буруутай этгээд /Б.Г-/-ээс даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй болсон боловч Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт дараах үндэслэлийн аль нэг нь байвал жолоочийн даатгалын сан хохирогчийн өргөдлийг үндэслэн түүнд нөхөн төлбөр олгоно гээд 18.1.1-д Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан гэж заасны дагуу буруутай этгээд болох Б.Г-ын бусдад учруулсан хохирлыг жолоочийн даатгалын сан буюу АЖДХ нь хариуцан арилгахаар байна.

Учир нь иргэн Ч.Б- нь өөрийн өмчлөлийн 94-81 УНӨ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг 17027202128901 тоот жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээгээр “М” ХХК-д даатгуулахдаа гэрээнд нэр дурдагдсан зөвшөөрөл бүхий жолооч буюу 17027202128901 тоот даатгалын гэрээ үйлчлэх этгээдэд зам тээврийн осол гаргасан Б.Г-ыг хамааруулан жолоочийн даатгалд даатгуулаагүй байна. Үүнээс харвал зам тээврийн осол гаргасан иргэн Б.Г- нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан даатгалгүй этгээдэд шууд хамаарч байх бөгөөд даатгалгүй жолоочийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг ямар нэг даатгалын компани бус харин Жолоочийн даатгалын тухай хуульд заасан жолоочийн даатгалын сан буюу АЖДХ нь хариуцан арилгах хууль зүйн үндэслэлтэй байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д заасан хохирогч болох П.Н-ын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай нь жолоочийн даатгалын сан буюу АЖДХноос хохирогч П.Н-т олгогдох даатгалын нөхөн төлбөрийг “Т” ХХК-д олгохыг зөвшөөрсөн өргөдлөө “Т” ХХК-аар дамжуулан АЖДХнд бичгээр гаргаж өгсөн.

Дээрх үндэслэлээр “Т” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний 19/715 тоотоор АЖДХноос 4 074 000 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн боловч, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны 04/222 тоотоор хуулийг хэт явцуу байдлаар буруу тайлбарлаж нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.

Энэхүү АЖДХны шийдвэрийг “Т” ХХК нь гардан авч Жолоочийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг баримтлан 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 19/760 тоотоор Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу урьдчилан шийдвэрлэж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/3676 тоотоор дараах хариуг өгсөн.

Уг тоотоор “иргэн Б.Г- нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй” гэж үзэхээр байна. Учир нь Тоёота приус 10 маркийн 94-81 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Ч.Б- нь тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоог хязгаарласан нөхцөлөөр Жолоочийн хариуцлагын албан журмын 18075101402971 тоот даатгалын гэрээг даатгагчтай байгуулсан байх бөгөөд уг гэрээнд зам тээврийн осол гаргасан жолооч Б.Г-ын нэр дурдагдаагүй байна. Дээрхээс үзэхэд Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан нөхцөл байдал үүссэн байх тул энэ тохиолдолд жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөрийг хохирогчид олгохоор байна.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус үндэслэн Жолоочийн даатгалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу жолооч Б.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзлээ гэсэн хариуг өгсөн. АЖДХ нь өнөөдрийг хүртэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, холбогдох нөхөн төлбөрийг манай компанид шилжүүлэхгүй бидний эрх ашгийг хохироож байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/3676 тоот шийдвэр болон Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 213 тогтоолоор батлагдсан Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх журмын 5.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн даатгалгүй этгээд болох иргэн Б.Г-ын буруутай үйлдлийн улмаас даатгуулагч /хохирогч/ П.Н-т олгосон даатгалын нөхөн төлбөр болох 4 074 000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын үйлчилгээний зардал 30 500 төгрөг, нийт 4 104 500 төгрөгийг АЖДХноос гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 04/222 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэл байхгүй тухай албан бичгийг “Т” ХХК-д хүргүүлсэн. Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасны дагуу даатгалын тохиолдлын талаар шуурхай алба болон Цагдаагийн байгууллагад жолооч мэдэгдэх үүрэгтэй байтал тухайн үед мэдэгдээгүй. Манай байгууллага нь Даатгалын тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт заасан эрх үүргийг хэрэгжүүлдэг. Осол болсон даруйд шуурхай албанд мэдэгдээгүй, П.Н- “А” ХХК-ийг дуудсан байсан. Б.Г-ын жолоодож явсан автомашин нь гэр даатгалд даатгуулсан атал Бадрах өөрөө гэр даатгалаас нэхэмжлэх боломжтой. Жолоочийн даатгалын тухай хуульд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр даатгуулах зарчимтай.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар шуурхай алба гэдэг нь Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.2, жолоочийн даатгалын тухай хуулийн 25-р зүйлд заасны дагуу АЖДХны дэргэд ажилладаг бүтэц бүрэлдэхүүнд багтдаг байгууллагыг хэлдэг.

Хариуцагчийн зүгээс “А”-той байгуулсан гэрээг гаргуулсан байгаа. Тухайн гэрээнд А тал Б талын тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалтай даатгуулагчид шуурхай албаны үйлчилгээ үзүүлнэ. Б.Г- нь Тэнгэр даатгалтай ямар нэг байдлаар холбогдоогүй жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалыг хийлгээгүй, тухайн ослын улмаас учирсан хохирлыг Б.Г- өөрөө хариуцан арилгах үүрэгтэй. Тухайн ослын хохирогч П.Н- нь тээврийн хэрэгслийн сайн дурын даатгал хийлгэсэн учраас “А”-ыг дуудаад үзлэг хийсэн байна. Нэхэмжлэгч “А” бол албан журмын даатгуулагчдын шуурхай алба гэж тайлбарлаж байгаа нь даатгалын тухай хуулийн 12.1.3, жолоочийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлтэй зөрчилдөж байгаа.

Тухайн өдрийн албан журмын даатгалын холбооны шуурхай албаны дуудлага мэдээллийн дугаарын бүртгэлийг шалгасан. Гэвч дуудлага ирээгүй байсан бөгөөд Б.Г-оос асуухад энэ талаар хэлсэн. Цагдаа болон “А”-ыг нөгөө талаас шуурхай дуудсан. Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт заасны дагуу тухай нь ослын хохирлыг манайх хариуцахгүй. Албан журмын даатгалын сангаас сайн дурын нөхөн төлбөрийг олгохгүйгээр ирсэн. Тэнгэр даатгалаас биш Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу 4 074 000 төгрөгийг Б.Г-оос нэхэмжлэх боломжтой.

Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч Ч.Б- нь Б.Г-од сайн дураар шилжүүлж өгснөөр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу Б.Г-ын учруулсан гэм хор Ч.Б-ад шилжиж байгаа. Тэгвэл Ч.Б- нь даатгал хийлгэсэн байснаар Ч.Б-ын хариуцлага гэр даатгалд шилжсэн. Тиймээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу гэр даатгалаас 4 074 000 төгрөгийг нэхэмжлэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7., Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1. дэх хэсэгт зааснаар АЖДХноос даатгалын нөхөн төлбөр 4 074 000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 30 500 төгрөг, нийт 4 105 500 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80 622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ц давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний болон Жолоочийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг анхаарч үзээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч АЖДХноос хохирогч нь тухайн үед холбоонд хандаж даатгалын тохиолдлын талаар мэдэгдээгүй талаар нотлох баримт, шүүх хуралдааны үед тайлбар гаргасан ч анхан шатны шүүх үүнийг үнэлж үзээгүй байна.

Түүнчлэн даатгагч Жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хуулийн 16, 17 дугаар зүйлд зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилж, хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг тодорхойлох ажиллагааг явуулдаг. Энэ нь нэг галаас даатгалын залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн хуулийн зохицуулалт юм. Гэтэл Б.Г- нь АЖДХны шуурхай албанд мэдэгдээгүй, Холбооны зүгээс даатгалын тохиолдлыг шалгах, даатгалын хохирол үнэлэгчийг томилох ажиллагаа хийгдээгүй болно.

Хуульд заасан дээрх нөхцөл бүрдээгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, АЖДХноос нөхөн төлбөрийг гаргуулах шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт зааснаар Б.Г- хуульд заасан холбогдох үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр, дагаврыг буюу хохирлыг өөрөө хариуцах нөхцөл байдал үүссэн гэж үзвэл нэхэмжлэгч “Т” ХХК нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу Б.Г-оос нэхэмжлэх боломжтой.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ авч үзсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 211 дүгээр тогтоолоор батлагдсан “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-ын зорилго нь Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу даатгуулагчийн төлөх хураамжийн хэмжээг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах баримт бичиг гэдгийг анхаараагүй байна.

Замын тээврийн ослын буруутай этгээд Б.Г- нь 94-81УНӨ тээврийн хэрэгслийн өмчлөгч биш учир Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу заавал даатгуулах үүрэг хүлээсэн этгээд биш учир анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар “даатгуулагч гэж даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг” ойлгоно. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт “Даатгалын гэрээ нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй байх бөгөөд даатгуулагчаас даатгалын хураамж төлснөөр хүчин төгөлдөр болно” гэж заасан. Тэгвэл 94-81 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Ч.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 55440 төгрөгийн даатгалын хураамж төлж “Гэр даатгал” ХХК-тай 18075101402971 тоот жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан даатгуулагч юм. Харин Б.Г-ьн даатгуулагч байх үүрэгтэй мэтээр шүүх буруу шийдвэрлэсэн байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тооноос хамаарч нэмэгдүүлж буюу хорогдуулан тооцно” гэж заасан болохоос биш тухайн тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийг даатгалд хамрагдсан гэж үзэх эсэх талаар хуульд тусгаагүй болохыг анхаарч үзсэнгүй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 494.4 дэх хэсэгт заасны дагуу 94-81 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Ч.Б- нь Б.Г-од тээврийн хэрэгслээ өөрөө шилжүүлэн өгсөн тул Б.Г-ын өмнөөс бусдад учирсан гэм хорьн хариуцан арилгах үүрэгтэй байна. Ийм ч учраас өмчлөгч Ч.Б- нь “... замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас. эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор Жолоочийн даатгалын тухай хуульд заасан нөхцөлийн дагуу “Гэр даатгал” ХХК-тай жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулж өөрийн хариуцлагаа даатгуулсан байна. Иймд даатгуулагч Ч.Б- гэрээ байгуулсан “Гэр даатгал” ХХК-аас жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний дагуу хохирлыг барагдуулахыг шаардах боломжийг ашиглах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Т” ХХК нь АЖДХнд холбогдуулан гэм хорын хохиролд 4 104 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ даатгуулагчид нөхөн төлбөр төлснөөр гэм хорын хохирлыг шаардах эрх даатгагчид шилжсэн, осолд буруутай этгээд нь жолоочийн даатгалгүй тул жолоочийн даатгалын сангаас төлбөрийг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

            Жолооч Б.Г- нь 9481 УНӨ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас П.Н-ын өмчлөлийн 6553 УНЛ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинд эвдрэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, эвдрэл хохирлын хэмжээг “У” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 10445160 тоот дүгнэлтээр 4 074 000 төгрөг гэж тогтоосон нь баримтаар авагджээ.

 

Даатгалын тохиолдол үүссэн болон хохирлын хэмжээний тухайд талууд  маргаагүй.

 

Харин даатгагч “Т” ХХК нь даатгуулагч П.Н-ын өмнө 179031300103479 тоот даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж даатгалын нөхөн төлбөрт 4 074 000 төгрөгийг олгосноо “даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжих” талаарх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсгийг үндэслэн Жолоочийн даатгалын сангаас нөхөн гаргуулахаар шаардсаныг  хариуцагч эс зөвшөөрч марган, хохирлыг осолд буруутай этгээд хариуцах ёстой гэх үндэслэлээр татгалзжээ.

 

Хэрэгт 180642 тоот даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн газрын 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн зам тээврийн ослын акт, дүгнэлт, 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 310000618378549 тоот шийтгэлийн хуудас авагдсанаас үзвэл даатгалын тохиолдолд жолооч Б.Г- буруутай болох нь тогтоогдсон ч тэрээр даатгалгүй этгээд байна.

 

Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасныг хариуцагч үгүйсгээгүй, осол  гарсан даруйд хэргийн газарт ирж үйлдсэн “Авто СОС” шуурхай алба, цагдаагийн байгууллагын тэмдэглэл, акт дүгнэлтийн үнэн зөв эсэх болон хохирлын хэмжээний талаар маргаагүй, Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтад хохирогч П.Н- болон даатгуулаагүй жолооч Б.Г- нар гарын үсэг зурсан байна.

 

Дээрхээс үзвэл Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс ослын талаар эрх бүхий холбогдох байгууллага, алба мэдээгүй өнгөрсөн, акт дүгнэлт гаргах боломжгүй болсон, хохирлын хэмжээг эрх бүхий этгээдээс тогтоох боломжгүй болсон үр дагавар үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд даатгуулаагүй жолооч Б.Г- нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул жолоочийн даатгалын сан хохирлыг хариуцахгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, “даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан” бол жолоочийн даатгалын сан нөхөн төлбөрийг хариуцах Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-д заасан үндэслэл бүрдсэн, нэхэмжлэлийг хангах нь хуулийн дурдсан зохицуулалтад нийцнэ.

 

Шүүх хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ