Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01354

 

 

Тэнгэр даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00105 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 525 дугаар магадлалтай,

Тэнгэр даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Албан журмын даатгагчдын холбоонд холбогдох,

4,104,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цэвээнжавын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь иргэн П.Насанбаяртай 2017.09.05-ны өдөр 179031300103479 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж даатгалын зүйл болох 65-53 УНЛ улсын дугаартай Тоёота приус загварын автомашиныг нэг жилийн хугацаанд даатгасан. Жолооч Б.Гантогтох нь иргэн Ч.Бадрахын өмчлөлийн 94-81 УНӨ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг жолоодон 2018.05.06-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг зөрчин зам тээврийн осол гаргаж манай даатгуулагч П.Насанбаярын өмчлөлийн 65-53 УНЛ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан, ослын улмаас үүссэн хохирлын хэмжээ нь Ухаа шүрт консалтинг ХХК-ийн 2018.05.07-ны өдрийн 10445160 тоот автомашин техникийн үнэлгээний тайланд авагдсанаар 4,074,000 төгрөг гэж тогтоогдсон. Хохирлын үнэлгээ хийсэн Ухаа шүрт консалтинг ХХК-ийн 10445160 тоот дүгнэлтэд авагдсанаар даатгуулагч П.Насанбаярын тээврийн хэрэгслийн урд буфер 450,000 төгрөг, зүүн урд их гэрэл 400,000 төгрөг, зүүн урд нэмэлт гэрэл 60,000 төгрөг, зүүн урд хаалга 25,000 төгрөг, зүүн урд гурвалжин шил 50,000 төгрөг, урд салхины шил 200,000 төгрөг, зүүн урд крыло 220,000 төгрөг, копуд 450,000 төгрөг, тогтоогч зам 50,000 төгрөг, урд тэвш 50,000 төгрөг, рулын аппарат дан 500,000 төгрөг, босоо тэнцүүлэгч зүүн урд 25,000 төгрөг, зүүн урд гар 120,000 төгрөг, цахилгааны хар хайрцаг 120,000 төгрөг, зүүн урд тиаг-80,000 төгрөг, зүүн урд лонжром 220,000 төгрөг, урд тэнхлэг рам 180,000 төгрөг, зүүн толь дохиотой 300,000 төгрөг, зүүн урд под крыло 45,000 төгрөгийн эдгээр эд ангийг засах, солих зардал нийт 3,545,000 төгрөг, үүн дээр 400 гр будаг лак туслах материал 84,000 төгрөг, будгийн ажлын хөлс 290,000 төгрөг, эд анги солих ажлын хөлс 130,000 төгрөг, тэнхлэг тохиргоо 25,000 төгрөг, нийт 529,000 төгрөг, ингээд даатгалын тохиолдлын улмаас үүссэн нийт хохирлын хэмжээг тооцвол 4,074,000 төгрөг болж байна.

Иргэн Б.Гантогтохын буруутай үйлдлийн улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь Тэнгэр даатгал ХХК-ийн 2018.05.09-ний өдрийн тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтад авагдсан тайлбар, Автосос ХХК-ийн 2018.05.06-ны 1806425 тоот даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн газрын 2018.05.06-ны өдрийн зам тээврийн ослын акт, дүгнэлт болон 2018.05.09-ний өдрийн 310000618378549 тоот шийтгэлийн хуудас, 2018.05.07-ны өдрийн 10445160 тоот Ухаа шүрт консалтинг ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, ослын гэрэл зураг зэрэг баримтаар нотлогдсон. Харин Тэнгэр даатгал ХХК нь даатгуулагч П.Насанбаярын өмнө 179031300103479 тоот даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн 2018.09.11-ний өдрийн 18/01269 тоот тогтоолоор 4,074,000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгож шийдвэрлэсэн.

Ийнхүү даатгалын нөхөн төлбөрийг Тэнгэр даатгал ХХК нь даатгуулагчид олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... гэж заасны дагуу даатгалгүй этгээд Б.Гантогтохын буруутай үйлдлийн улмаас даатгуулагч /хохирогч/ П.Насанбаярт төлсөн гэм хорын нөхөн төлбөрийг хуулийн дагуу хариуцах гуравдагч этгээд болох Жолоочийн даатгалын сан буюу Албан журмын даатгагчдын холбооноос шаардах эрх үүссэн. Хуульд заасны дагуу Тэнгэр даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгож буруутай этгээд /Б.Гантогтох/-ээс даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй болсон боловч Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт дараах үндэслэлийн аль нэг нь байвал жолоочийн даатгалын сан хохирогчийн өргөдлийг үндэслэн түүнд нөхөн төлбөр олгоно гээд 18.1.1-д Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан гэж заасны дагуу буруутай этгээд болох Б.Гантогтохын бусдад учруулсан хохирлыг жолоочийн даатгалын сан буюу Албан журмын даатгагчдын холбоо нь хариуцан арилгахаар байна. Учир нь иргэн Ч.Бадрах нь өөрийн өмчлөлийн 94-81 УНӨ улсын дугаартай Тоуота приус загварын тээврийн хэрэгслийг 17027202128901 тоот жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээгээр Миг даатгал ХХК-д даатгуулахдаа гэрээнд нэр дурдагдсан зөвшөөрөл бүхий жолооч буюу 17027202128901 тоот даатгалын гэрээ үйлчлэх этгээдэд зам тээврийн осол гаргасан Б.Гантогтохыг хамааруулан жолоочийн даатгалд даатгуулаагүй байна.

Үүнээс харвал зам тээврийн осол гаргасан иргэн Б.Гантогтох нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан даатгалгүй этгээдэд шууд хамаарч байх бөгөөд даатгалгүй жолоочийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг ямар нэг даатгалын компани бус харин Жолоочийн даатгалын тухай хуульд заасан жолоочийн даатгалын сан буюу Албан журмын даатгагчдын холбоо нь хариуцан арилгах хууль зүйн үндэслэлтэй байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д заасан хохирогч болох П.Насанбаярын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай нь жолоочийн даатгалын сан буюу Албан журмын даатгагчдын холбооноос хохирогч Ч.Насанбаярт олгогдох даатгалын нөхөн төлбөрийг Тэнгэр даатгал ХХК-д олгохыг зөвшөөрсөн өргөдлөө Тэнгэр даатгал ХХК-иар дамжуулан Албан журмын даатгагчдын холбоонд бичгээр гаргаж өгсөн.

Дээрх үндэслэлээр Тэнгэр даатгал ХХК нь 2019.08.29-ны 19/715 тоотоор Албан журмын даатгагчдын холбооноос 4,074,000 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн боловч, 2019.09.13-ны 04/222 тоотоор хуулийг хэт явцуу байдлаар буруу тайлбарлаж, нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. Энэхүү Албан журмын даатгагчдын холбооны шийдвэрийг Тэнгэр даатгал ХХК нь гардан авч Жолоочийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг баримтлан 2019.09.23-ны өдрийн 19/760 тоотоор Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу урьдчилан шийдвэрлэж 2019.10.21-ний өдрийн 9/3676 тоотоор дараах хариуг өгсөн. Уг тоотоор ...иргэн Б.Гантогтох нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй гэж үзэхээр байна. Учир нь Тоёота приус 10 маркийн 94-81 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Ч.Бадрах нь тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоог хязгаарласан нөхцөлөөр Жолоочийн хариуцлагын албан журмын 18075101402971 тоот даатгалын гэрээг даатгагчтай байгуулсан байх бөгөөд уг гэрээнд зам тээврийн осол гаргасан жолооч Б.Гантогтохын нэр дурдагдаагүй байна. Дээрхээс үзэхэд Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан нөхцөл байдал үүссэн байх тул энэ тохиолдолд жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөрийг хохирогчид олгохоор байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус үндэслэн Жолоочийн даатгалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу жолооч Б.Гантогтохын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзлээ гэсэн хариуг өгсөн. Гэтэл Албан журмын даатгагчдын холбоо нь өнөөдрийг хүртэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, холбогдох нөхөн төлбөрийг манай компанид шилжүүлэхгүй бидний эрх ашгийг хохироож байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2019.10.21-ний өдрийн 9/3676 тоот шийдвэр болон Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн 213 тогтоолоор батлагдсан Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх журмын 5.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн даатгалгүй этгээд болох иргэн Б.Гантогтохын буруутай үйлдлийн улмаас даатгуулагч /хохирогч/ Ч.Насанбаярт олгосон даатгалын нөхөн төлбөр болох 4,074,000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын үйлчилгээний зардал 30,500 төгрөг, нийт 4,104,500 төгрөгийг Албан журмын даатгагчдын холбооноос гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019.11.25-ны өдрийн 04/222 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэл байхгүй тухай албан бичгийг Тэнгэр даатгал ХХК-д хүргүүлсэн. Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.2.2-т заасны дагуу даатгалын тохиолдлын талаар шуурхай алба болон Цагдаагийн байгууллагад жолооч мэдэгдэх үүрэгтэй байтал тухайн үед мэдэгдээгүй. Манай байгууллага бол Даатгалын тухай хуулийн 12.1-д заасан эрх үүргийг хэрэгжүүлдэг юм. Осол болсон даруйд шуурхай албанд мэдэгдээгүй, Насанбаяр Автосос ХХК-ийг дуудсан байсан. Гантогтохын жолоодож явсан автомашин нь Гэр даатгалд даатгуулсан байхад Бадрах өөрөө Гэр даатгалаас нэхэмжлэх боломжтой. Жолоочийн даатгалын тухай хуульд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр даатгуулах зарчимтай. Жолоочийн даатгалын тухай хуулийн 12.2-т зааснаар шуурхай алба гэдэг нь Даатгалын тухай хуулийн 12.3.2, жолоочийн даатгалын тухай хуулийн 25-р зүйлд заасны дагуу албан журмын даатгагчдын холбооны дэргэд ажилладаг бүтэц бүрэлдэхүүнд багтдаг байгууллагыг хэлээд байгаа юм. Хариуцагчийн зүгээс Авто СОС-той байгуулсан гэрээг гаргуулсан байгаа. Тухайн гэрээнд А тал Б талын тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалтай даатгуулагчид шуурхай албаны үйлчилгээ үзүүлнэ гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр Гантогтох нь Тэнгэр даатгалтай ямар нэг байдлаар холбогдоогүй жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалыг хийлгээгүй, тухайн ослын улмаас учирсан хохирлыг Гантогтох өөрөө хариуцан арилгах үүрэгтэй. Тухайн ослын хохирогч Насанбаяр нь тээврийн хэрэгслийн сайн дурын даатгал хийлгэсэн учраас Авто СОС-ыг дуудаад үзлэг хийсэн байна. Нэхэмжлэгч Авто СОС бол албан журмын даатгуулагчдын шуурхай алба гэж тайлбарлаж байгаа нь даатгалын тухай хуулийн 12.1.3, жолоочийн даатгалын тухай хуулийн 25-р зүйлтэй зөрчилдөж байгаа. Тухайн өдрийн албан журмын даатгалын холбооны шуурхай албаны дуудлага мэдээлэлийн дугаарын бүртгэлийг шалгасан. Гэвч дуудлага ирээгүй байсан бөгөөд Гантогтохоос асуухад энэ талаар хэлсэн. Цагдаа болон авто сосыг нөгөө талаас шуурхай дуудсан байгаа юм. Жолоочийн даатгалын тухай хуулийн 16.6-т заасны дагуу тухай нь ослын хохирлыг манайх хариуцахгүй юм. Албан журмын даатгалын сангаас сайн дурын нөхөн төлбөрийг олгохгүйгээр ирсэн. Тэнгэр даатгал манайхаас биш жолоочийн даатгалын тухай хуулийн 20.1-ийн дагуу 4,074,000 төгрөгийг Гантогтохоос нэхэмжлэх боломжтой юм. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч Бадрах нь Гантогтоход сайн дураар шилжүүлж өгснөөр 499.4-ийн дагуу Гантогтохын учруулсан гэм хор Бадрахад шилжиж байгаа юм. Тэгвэл Бадрах нь даатгал хийлгэсэн байснаар Бадрахын хариуцлага гэр даатгалд шилжиж байгаа юм. Тийм учраас иргэний хуулийн 499.4-т заасны дагуу Гэр даатгалаас 4,074,000 төгрөгийг нэхэмжлэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00105 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7., Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1. дэх хэсэгт зааснаар Албан журмын даатгагчдын холбооноос даатгалын нөхөн төлбөр 4,074,000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 30.500 төгрөг, нийт 4,105,500 төгрөгийг гаргуулж Тэнгэр даатгал ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80,622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 525 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цэвээнжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ ...Иргэн Б.Гантогтохын жолоодож явсан Тоёота приус /94-81УНӨ/ загварын автомашины өмчлөгч Ч.Бадрах нь Гэр даатгал ХХК-тай даатгалын гэрээг байгуулахдаа Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмын 2.7-д заасан Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тооноос хамаарах итгэлцүүр /И6/ 1.0 гэсэн гэрээнд жолоочийн тоог зааж нэр дурдсан гэсэн нөхцөлтэйгөөр байгуулж, хураамжид 55,440 төгрөгийг тушааж, өөрөөсөө өөр хүний нэрийг дурдаагүй байх бөгөөд жолооч Б.Гантогтох нь даатгалд хамрагдаагүй болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна... гэсэн.

Ийм учраас Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний болон Жолоочийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг анхаарч үзээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Гантогтохыг мөн адил даатгалгүй этгээд гэж үзсэн боловч ингэж үзэх болсон үндэслэлээ магадлалдаа тусгаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-д Магадлалд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана гэжээ.

1. Даатгалын тухай хуульд зааснаар нь даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байдаг. Албан журмын даатгалыг заавал даатгуулах даатгал гэж тодорхойлсон хуулиар зохицуулдаг бол сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтоодог. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 207 дугаар тогтоолоор Сайн дурын даатгалын хэлбэрийг баталсан. Сайн дурын даатгалд автотээврийн хэрэгслийн даатгалын буюу автотээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах үед тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал багтдаг.

Өмнөх жилүүдэд даатгалын компаниуд сайн дурын даатгал буюу автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу хохирогчид олгосон нөхөн төлбөрөө Холбооны Жолоочийн даатгалын сангаас нэхэмжлэх явдал цөөнгүй байсан учир Санхүүгийн зохицуулах хороонд албан тоот хүргүүлэн энэ талаар чиглэл авсан юм. Санхүүгийн зохицуулах хорооноос ...Жолоочийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Жолоочийн даатгалын сан нь Даатгалын тухай хуулийн 121.3.3-т заасан Албан журмын даатгалын сангийн бүрдэл хэсэг бөгөөд албан журмын даатгалын бусад хэлбэрийн сангаас тусдаа бүртгэлтэй бие даасан данстай байна., мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг энэ хуулийн 23.1-д зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно гэж тус тус заасан. Иймд даатгалын компаниуд сайн дурын даатгалын гэрээний дагуу олгосон авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг жолоочийн даатгалын сангаас олгохгүй байх нь зүйтэй гэсэн. Харин даатгалын компаниуд Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан үндэслэлээр буруутай этгээдээс хохиролд олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсэн хариуг /хэргийн материалын 62-63-р тал/ ирүүлсэн учир бид Хорооны өгсөн чиглэлийн хүрээнд ажиллаж байгаа болно. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо энэ удаад сайн дурын даатгалаар олгосон нөхөн төлбөрийг жолоочийн даатгалын сангаас олгох нь зүйтэй гэсэн албан бичгийг Тэнгэр даатгал ХХК-д хүргүүлсэн байна. Үүнийг анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлж Тэнгэр даатгал ХХК-д нөхөн олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв хэрэглэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна гэж үзсэн. Сайн дурын даатгалаар олгосон нөхөн төлбөрийг жолоочийн хариуцлагын даатгалын сан болох Жолоочийн даатгалын сангаас олгох эсэх асуудал дээр Санхүүгийн зохицуулах хороо нь нэг байр суурьтай биш байхад Хорооны албан бичгийг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүхээс баталсан, үгүйсгэсэн баримтыг хоёуланг нь биш аль нэгийг нь үнэлсэн нь нотлох баримтыг тал бүрээс үнэлэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

2. Өнөөдөр зам тээврийн ослын буруутай этгээд Б.Гантогтохыг даатгалтай байсан, даатгалгүй байсан тухайд маргаж байгаа. Тэгвэл Б.Гантогтох нь даатгалд хамрагдах ёстой этгээд мөн үү? Биш үү? гэдгийг авч үзэх байв. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 5.3-д тээврийн хэрэгслийн өмчлөгч, мэргэшсэн болон С, D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцдог жолооч заавал даатгуулах үүрэгтэй гэжээ. Зам тээврийн ослын буруутай этгээд Б.Гантогтох нь 94-81УНӨ тээврийн хэрэгслийн өмчлөгч биш учир Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу заавал даатгуулах үүрэг хүлээсэн этгээд биш юм.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ авч үзсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 211 дүгээр тогтоолоор баталсан Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам-ын зорилго нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1, 5.3-д заасан даатгуулагчийн төлөх хураамжийн хэмжээг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Уг журамд гэрээний хавсралтад нэр заагдсан бол даатгалтай, нэр заагдаагүй бол даатгалгүй гэж үзнэ гэсэн зохицуулалт байхгүй, Жолоочийн даатгалын тухай хуульд ч ийм заалт байхгүй байхад анхан шатны шүүхээс Б.Гантогтохыг даатгалгүй этгээд гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг нотолж байна.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ...осол гарсан даруйд хэргийн газар ирж үйлдсэн Авто СОС шуурхай алба, цагдаагийн байгууллагын тэмдэглэл, акт дүгнэлтийн үнэн зөв эсэх болон хохирлын хэмжээний талаар маргаагүй, Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтад хохирогч П.Насанбаяр болон даатгуулаагүй жолооч Б.Гантогтох нар гарын үсэг зурсан байна. Дээрхээс үзвэл Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс ослын талаар эрх бүхий холбогдох байгууллага, алба мэдээгүй өнгөрсөн, акт дүгнэлт гаргах боломжгүй болсон, хохирлын хэмжээг эрх бүхий этгээдээс тогтоох боломжгүй болсон үр дагавар үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. гэжээ.

Хариуцагч Албан журмын даатгагчдын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.2-д заасан шуурхай алба гэдэг нь ашиг олох зорилготой ашгийн төлөө хуулийн этгээд бус, Даатгалын тухай хуулийн 121.3.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг Даатгалын тухай хуульд заасан чиг үүрэг бүхий шуурхай алба юм гэдгийг тайлбарласан ч давж заалдах шатны шүүхээс үүнийг анхаарч үзээгүй байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйл Хуулийн нэр томъёоны тодорхойлолт хэсгийн 3.1.8-д жолоочийн даатгалын сангийн шуурхай алба /цаашид шуурхай алба/ гэж даатгагч, даатгуулагч, жолооч, хохирогч иргэнээс жолоочийн даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авч, шуурхай үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиглэлээр туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг албыг ойлгоно гэжээ. Энэхүү албаны үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 47 дугаар тушаалаар батлагдсан Албан журмын даатгагчдын холбооны шуурхай албаны ажиллах журам-ын дагуу үйл ажиллагаа явуулдаг билээ.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс Авто СОС компанийг хуульд заасан дээрх шуурхай алба мэтээр ойлгож хэргийг шийдвэрлэсэн байна. Хохирогч П.Насанбаяр нь нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК-тай тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалын гэрээ байгуулсан. Харин Тэнгэр даатгал ХХК нь Авто СОС ХХК-тай Шуурхай албаны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажилладаг бөгөөд гэрээний зорилго нь Б талын даатгуулагчид гэрээний 1.2-т заасан шуурхай албаны үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх юм. /Гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт авагдсан болно/ Хохирогч П.Насанбаяр нь Тэнгэр даатгал ХХК-тай байгуулсан тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалын гэрээний дагуу Авто СОС ХХК-д дуудлага өгсөн, харин Авто СОС ХХК нь Тэнгэр даатгал ХХК-тай байгуулсан Шуурхай албаны үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу Тэнгэр даатгалын даатгуулагч П. Насанбаярын дуудлагыг хүлээн авч шуурхай албаны үйлчилгээ үзүүлсэн байна. Зам тээврийн ослын буруутай этгээд Б.Гантогтох нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө Жолоочийн даатгалын сангийн шуурхай албанд өөрийн биеэр дуудлага өгөөгүй. Цагдаагийн байгууллага болон Авто СОС ХХК-д хохирогч П.Насанбаяр дуудлага өгсөн тухай мэдүүлжээ. Үүнээс харахад Б.Гантогтох нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасан шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ огт биелүүлээгүй байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хохирогч П.Насанбаяр Авто СОС ХХК-д дуудлага өгсөн гэдгийг зам тээврийн ослын буруутай этгээд Б.Гантогтох Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа нь Даатгалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Б.Гантогтох нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасан үүргээ биелүүлээгүй тул мөн зүйлийн 13.6-д зааснаар хохирлыг жолооч өөрөө хариуцах юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК Албан журмын даатгагчдын холбоонд холбогдуулан 4,104,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

1.   2018.05.06-ны өдөр Б.Гантогтох нь иргэн Ч.Бадрахын өмчлөлийн 94-81 УНӨ улсын дугаартай Тоёота приус загварын автомашин жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, П.Насанбаярын жолоодож явсан 65-53 УНЛ дугаартай Тоёота приус автомашиныг мөргөж, 4,074,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК нь П.Насанбаяртай байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан үүргээ биелүүлж, даатгалын төлбөрт 4,074,000 төгрөг төлсөн бөгөөд зам тээврийн осолд буруутай этгээд болох Б.Гантогтох жолоочийн даатгалгүй тул Жолоочийн даатгалын тухай хуулийг үндэслэн Албан журмын даатгагчдын холбооноос өөрт учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, даатгуулагчид төлсөн нөхөн төлбөр 4,074,00 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 30,500 төгрөг, нийт 4,104,500 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...хохирлыг жолооч Б.Гантогтох өөрөө хариуцах үүрэгтэй, ...Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээхгүй... гэж маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хуулиудын холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

2.   Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ...учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ, даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1., 443.7.-д тус тус зохицуулсан.

Мөн Жолоочийн даатгалын тухай хуульд зааснаар жолоочийн даатгалын сан нь албан журмын даатгалын сангийн бүрдэл хэсэг, Албан журмын даатгагчдын холбоо нь Жолоочийн даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын тайланг гаргана гэж тус тус зохицуулсан, мөн даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан нь жолоочийн даатгалын сангийн хөрөнгөөс хохирогчид нөхөн төлбөр олгоход зарцуулагдах үндэслэлд хамаарчээ.

Дээр дурдснаар Тэнгэр даатгал ХХК өөрийн даатгуулагч П.Насанбаярын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр өөрт учирсан хохирлыг гуравдагч этгээд гэж үзсэн Албан журмын даатгагчдын холбооноос шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Зөрчил гаргагч Б.Гантогтох нь Ч.Бадрахын өмчлөлийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцад зам тээврийн осол гаргасан, тээврийн хэрэгслийн өмчлөгч Ч.Бадрах нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулахдаа Б.Гантогтохыг хамааруулан даатгуулаагүй байх тул шүүх түүнийг даатгалгүй этгээд гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

Улмаар осол гарсан даруйд Замын цагдаагийн газрын шинжээч үзлэг хийж, ослын акт тогтоосон, Авто СОС шуурхай алба даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл үйлдсэн, даатгуулагчид учирсан хохирлыг Ухаа шүрт консалтинг ХХК 41,074,000 төгрөгөөр тогтоосон зэрэг даатгалын тохиолдол бий болсныг нотолсон, хохирлын хэмжээг тогтоосон баримтыг хариуцагч үгүйсгээгүй талаарх хоёр шатны дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

3.   Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүхэд давж заалдаж болно гэжээ.

Тэнгэр даатгал ХХК нь нь жолоочийн албан журмын даатгалын нөхөн төлбөртэй холбоотой гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаснаар Санхүүгийн зохицуулах хорооны 2019.10.21-ний өдрийн 9/3676 тоотоор Б.Гантогтохын буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлын төлбөрийг Жолоочийн даатгалын сангаас олгох нь зүйтэй гэж үзсэн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос Албан журмын даатгагчдын холбоонд өгч байсан бусад шийдвэр энэ маргаанд хамааралгүй, тухайн шийдвэртэй холбогдох маргаан үүсээгүй тул хэрэгт цугларсан бусад баримтыг үнэлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 525 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Д.Цэвээнжавын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Албан журмын даатгагчдын холбооноос 2020.03.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Х.ЭРДЭНЭСУВД