Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/00105

 

       2020         01           07  

        181/ШШ2020/00105

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
       

Нэхэмжлэгч: Т ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Гэрэгэ тауэр, 12 давхарт байрлах А холбоо-д холбогдох

4.104.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Тус компани нь иргэн П.Насанбаяртай 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 179031300103479 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж даатгалын зүйл болох 6553 УНЛ улсын дугаартай Тоёта приус загварын автомашиныг нэг жилийн хугацаанд даатгасан.

Жолооч Б.Гантогтох нь иргэн Ч.Бадрахын өмчлөлийн 94-81 УНӨ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг жолоодон 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг зөрчин зам тээврийн осол гаргаж манай даатгуулагч П.Насанбаярын өмчлөлийн 6553 УНЛ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан, ослын улмаас үүссэн хохирлын хэмжээ нь Ухаа шүрт консалтинг ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 10445160 тоот автомашин техникийн үнэлгээний тайланд авагдсанаар 4,074,000 төгрөг гэж тогтоогдсон.

Хохирлын үнэлгээ хийсэн Ухаа шүрт консалтинг ХХК-ийн 10445160 тоот дүгнэлтэд авагдсанаар даатгуулагч П.Насанбаярын тээврийн хэрэгслийн урд буфер-450,000 төгрөг, зүүн урд их гэрэл-400,000 төгрөг, зүүн урд нэмэлт гэрэл-60,000 төгрөг, зүүн урд хаалга-25,000 төгрөг, зүүн урд гурвалжин шил-50,000 төгрөг, урд салхины шил-200,000 төгрөг, зүүн урд крыло-220,000 төгрөг, копуд-450,000 төгрөг, тогтоогч зам-50,000 төгрөг, урд тэвш-50,000 төгрөг, рулын аппарат дан-500,000 төгрөг, босоо тэнцүүлэгч зүүн урд-25,000 төгрөг, зүүн урд гар-120,000 төгрөг, цахилгааны хар хайрцаг-120,000 төгрөг, зүүн урд тиаг-80,000 төгрөг, зүүн урд лонжром-220,000 төгрөг, урд тэнхлэг рам-180,000 төгрөг, зүүн толь дохиотой-300,000 төгрөг, зүүн урд под крыло-45,000 төгрөгийн эдгээр эд ангийг засах, солих зардал нийт 3,545,000 төгрөг, үүн дээр 400 гр будаг лак туслах материал-84,000 төгрөг, будгийн ажлын хөлс- 290,000 төгрөг, эд анги солих ажлын хөлс-130,000 төгрөг, тэнхлэг тохиргоо-25,000 төгрөг, нийт 529,000 төгрөг, ингээд даатгалын тохиолдлын улмаас үүссэн нийт хохирлын хэмжээг тооцвол 4,074,000 төгрөг болж байна.

Иргэн Б.Гантогтохын буруутай үйлдлийн улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь ТХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтад авагдсан тайлбар, Автосос ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 06-ны 1806425 тоот даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, Чингэлтэй дүүрэг дахь замын цагдаагийн газрын 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн зам тээврийн ослын акт, дүгнэлт болон 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 310000618378549 тоот шийтгэлийн хуудас, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 10445160 тоот Ухаа Шүрт Консалтинг ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, ослын гэрэл зураг зэрэг баримтаар нотлогдсон.

Харин ТХХК нь даатгуулагч П.Насанбаярын өмнө 179031300103479 тоот даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 18/01269 тоот тогтоолоор 4,074,000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгож шийдвэрлэсэн.

Ийнхүү даатгалын нөхөн төлбөрийг ТХХК нь даатгуулагчид олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... гэж заасны дагуу даатгалгүй этгээд Б.Гантогтохын буруутай үйлдлийн улмаас даатгуулагч /хохирогч/ П.Насанбаярт төлсөн гэм хорын нөхөн төлбөрийг хуулийн дагуу хариуцах гуравдагч этгээд болох Жолоочийн даатгалын сан буюу Албан журмын даатгагчдын холбооноос шаардах эрх үүссэн.

Хуульд заасны дагуу ТХХК нь даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгож буруутай этгээд /Б.Гантогтох/-ээс даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй болсон боловч Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт дараах үндэслэлийн аль нэг нь байвал жолоочийн даатгалын сан хохирогчийн өргөдпийг үндэслэн түүнд нөхөн төлбөр олгоно гээд 18.1.1-д Даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан гэж заасны дагуу буруутай этгээд болох Б.Гантогтохын бусдад учруулсан хохирлыг жолоочийн даатгалын сан буюу А холбоонь хариуцан арилгахаар байна.

Учир нь иргэн Ч.Бадрах нь өөрийн өмчлөлийн 94-81 УНӨ улсын дугаартай Тоуота приус загварын тээврийн хэрэгслийг 17027202128901 тоот жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээгээр Миг даатгал ХХК-д даатгуулахдаа гэрээнд нэр дурдагдсан зөвшөөрөл бүхий жолооч буюу 17027202128901 тоот даатгалын гэрээ үйлчлэх этгээдэд зам тээврийн осол гаргасан Б.Гантогтохыг хамааруулан жолоочийн даатгалд даатгуулаагүй байна.

Үүнээс харвал зам тээврийн осол гаргасан иргэн Б.Гантогтох нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан даатгалгүй этгээдэд шууд хамаарч байх бөгөөд даатгалгүй жолоочийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг ямар нэг даатгалын компани бус харин Жолоочийн даатгалын тухай хуульд заасан жолоочийн даатгалын сан буюу А холбоонь хариуцан арилгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д заасан хохирогч болох П.Насанбаярын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сугардалай нь жолоочийн даатгалын сан буюу Апбан журмын даатгагчдын холбооноос хохирогч Ч.Насанбаярт олгогдох даатгалын нөхөн төлбөрийг ТХХК-д олгохыг зөвшөөрсөн өргөдлөө ТХХК-иар дамжуулан Албан журмын даатгагчдын холбоонд бичгээр гаргаж өгсөн.

Дээрх үндэслэлээр ТХХК нь 2019.08.29-ны 19/715 тоотоор Албан журмын даатгагчдын холбооноос 4,074,000 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн боловч, 2019.09.13-ны 04/222 тоотоор хуулийг хэт явцуу байдлаар буруу тайлбарлаж, нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.

Энэхүү Албан журмын даатгагчдын холбооны шийдвэрийг ТХХК нь гардан авч Жолоочийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг баримтлан 2019.09.23-ны өдрийн 19/760 тоотоор Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу урьдчилан шийдвэрлэж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/3676 тоотоор дараах хариуг өгсөн.

Уг тоотоор ...иргэн Б.Гантогтох нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй гэж үзэхээр байна. Учир нь Тоёота приус 10 маркийн 9481 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Ч.Бадрах нь тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоог хязгаарласан нөхцөлөөр Жолоочийн хариуцлагын албан журмын 18075101402971 тоот даатгалын гэрээг даатгагчтай байгуулсан байх бөгөөд уг гэрээнд зам тээврийн осол гаргасан жолооч Б.Гантогтохын нэр дурдагдаагүй байна. Дээрхээс үзэхэд, Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан нөхцөл байдал үүссэн байх тул энэ тохиолдолд жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөрийг хохирогчид олгохоор байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус үндэслэн Жолоочийн даатгалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу жолооч Б.Гантогтохын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзлээ гэсэн хариуг өгсөн.

Гэтэл А холбоонь өнөөдрийг хүртэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, холбогдох нөхөн төлбөрийг манай компанид шилжүүлэхгүй бидний эрх ашгийг хохироож байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/3676 тоот шийдвэр болон Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018.06.06-ны өдрийн 213 тогтоолоор батлагдсан Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх журамын 5.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн даатгалгүй этгээд болох иргэн Б.Гантогтохын буруутай үйлдлийн улмаас даатгуулагч /хохирогч/ Ч.Насанбаярт олгосон даатгалын нөхөн төлбөр болох 4,074,000 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын үйлчилгээний зардал 30,500 төгрөг, нийт 4,104,500 төгрөгийг Албан журмын даатгагчдын холбооноос гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 04/222 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэл байхгүй тухай албан бичгийг ТХХК-д хүргүүлсэн.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.2.2.-т заасны дагуу даатгалын тохиолдлын талаар шуурхай алба болон Цагдаагийн байгууллагад жолооч мэдэгдэх үүрэгтэй байтал тухайн үед мэдэгдээгүй.

Манай байгууллага бол Даатгалын тухай хуулийн 121 .1-д заасан эрх үүргийг хэрэгжүүлдэг юмаа.

Осол болсон даруйд шуурхай албанд мэдэгдээгүй, Насанбаяр Авто сос ХХК-ийг дуудсан байсан.

Гантогтохын жолоодож явсан автомашин нь Гэр даатгалд даатгуулсан байхад Бадрах өөрөө Гэр даатгалаас нэхэмжлэх боломжтой. Жолоочийн даатгалын тухай хуульд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр даатгуулах зарчимтай.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 12.2-т зааснаар шуурхай алба гэдэг нь Даатгалын тухай хуулийн 12.3.2, жолоочийн даатгалын тухай хуулийн 25-р зүйлд заасны дагуу албан журмын даатгагчдын холбооны дэргэд ажилдаг бүтэц бүрэлдэхүүнд багтдаг байгууллагыг хэлээд байгаа юм.

Хариуцагчийн зүгээс Авто СОС -той байгуулсан гэрээг гаргуулсан байгаа. Тухайн гэрээнд А тал Б талын тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалтай даатгуулагчид шуурхай албаны үйлчилгээ үзүүлнэ гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр Гантогтох нь Тэнгэр даатгалтай ямар нэг байдлаар холбогдоогүй жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалыг хийлгээгүй, тухайн ослын улмаас учирсан хохирлыг Гантогтох өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.

Тухайн ослын хохирогч Насанбаяр нь тээврийн хэрэгслийн сайн дурын даатгал хийлгэсэн учраас Авто СОС-ыг дуудаад үзлэг хийсэн байна. Нэхэмжлэгч Авто СОС бол албан журмын даатгуулагчдын шуурхай алба гэж тайлбарлаж байгаа нь даатгалын тухай хуулийн 12.1.3, жолоочийн даатгалын тухай хуулийн 25-р зүйлтэй зөрчилдөж байгаа.

Тухайн өдрийн албан журмын даатгалын холбооны шуурхай албаны дуудлага мэдээлэлийн дугаарын бүртгэлийг шалгасан. Гэвч дуудлага ирээгүй байсан бөгөөд Гантогтохоос асуухад энэ талаар хэлсэн. Цагдаа болон авто сосыг нөгөө талаас шуурхай дуудсан байгаа юм.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 16.6-т заасны дагуу тухай нь ослын хохирлыг манайх хариуцахгүй юм.

Албан журмын даатгалын сангаас сайн дурын нөхөн төлбөрийг олгохгүйгээр ирсэн. Тманайхаас биш жолоочийн даатгалын тухай хуулийн 20.1-ийн дагуу 4.074.000 төгрөгийг Гантогтохоос нэхэмжлэх боломжтой юм.

Тухайн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч Бадрах нь Гантогтоход сайн дураар шилжүүлж өгсөнөөр 499.4-ын дагуу Гантогтохын учруулсан гэм хор Бадрахад шилжиж байгаа юм. Тэгвэл Бадрах нь даатгал хийлгэсэн байснаар Бадрахын хариуцлага гэр даатгалд шилжиж байгаа юм. Тийм учраас иргэний хуулийн 499.4-т заасны дагуу Гэр даатгалаас 4.074.000 төгрөгийг нэхэмжлэх боломжтой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч ТХХК нь Албан журмын даатгагчдын холбоонд холбогдуулан 4.104.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

1.Даатгуулагч П.Насанбаяр нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ТХХК-тай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж 6553 УНЛ улсын дугаартай Тоёота приус загварын автомашиныг нэг жилийн хугацаанд даатгажээ. /хх-ийн 19,20-р хуудас/

Жолооч Б.Гантогтох нь иргэн Ч.Бадрахын өмчлөлийн 94-81 УНӨ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг жолоодон 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг зөрчин зам тээврийн осол гаргаж даатгуулагч П.Насанбаярын өмчлөлийн 6553 УНЛ улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэлд гэм хор учруулан 4.074.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, Замын Цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Ухаа шүрт Консалтинг ХХК-ийн автомашины үнэлгээний тайлан болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 21-28, 30-39-р хуудас/

Дээрх зам тээврийн ослыг хянаж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1. дүгээр зүйлийн 2.3. дах хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэж 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн Шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудсаар жолооч Б.Гантогтохын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7. дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар Б.Гантогтохыг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэжээ. /хх-ийн 29-р хуудас/

ТХХК-ийн даатгуулагч П.Насанбаяр нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутагт Toyota Prius /6553 УНЛ/ автомашиныг жолоодон явах үед иргэн Б.Гантогтох нь Toyota Prius /9481 УНӨ/ автомашинтай урсгал сөрж мөргөсөн тохиолдлын улмаас ТХХК-д ирүүлсэн материалтай танилцаж даатгуулагч П.Насанбаярт тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 4.074.000 төгрөгийг олгосон байна. /хх-ийн 17-р хуудас/

2.Иргэн Б.Гантогтохын жолоодож явсан Toyota Prius /9481 УНӨ/ загварын автомашины өмчлөгч Ч.Бадрах нь Гэр даатгал ХХК-тай даатгалын гэрээг байгуулахдаа Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журмын 2.7.-д заасан Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тооноос хамаарах итгэлцүүр / И6 / 1.0 гэсэн гэрээнд жолоочийн тоог зааж нэр дурдсан гэсэн нөхцөлтэйгээр байгуулж, хураамжид 55440 төгрөгийг тушааж, өөрөөсөө өөр хүний нэрийг дурдаагүй байх бөгөөд жолооч Б.Гантогтох нь даатгалд хамрагдаагүй болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 40-р хуудас/

Даатгагч ТХХК- нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар даатгалын нөхөн олговорыг олгохгүй байгаа тухай гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж ... Жолоочийн даатгалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу жолооч Б.Гантогтохын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учируулсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн хариуг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/3676 дугаартай албан бичгээр авч улмаар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд хандсан байна. /хх-ийн 1-6, 49-51-р хуудас/

Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-т даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан бол жолоочийн даатгалын сан хохирогчийн өргөдлийг үндэслэн нөхөн төлбөр олгоно гэжээ.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж,

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. гэж тус тус заажээ.

Жолооч Б.Гантогтохын буруутай үйл ажиллагааны улмаас даатгуулагч П.Насанбаярт учирсан хохирлыг ТХХКомпани нөхөн төлсөн тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д заасны дагуу шаардах эрх даатгагч ТХХК-д шилжсэн гэж үзнэ.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан бол нөхөн төлбөр олгох зэрэгт зарцуулна гэжээ.

Мөн Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам-ын 5.2.5-д даатгалгүй этгээдийн буруугаас бусдад учруулсан даатгалын тохиолдлын нөхөх төлбөрийг олгох үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч нь жолоочийн даатгалгүй этгээдийн бусдад учруулсан даатгалын тохиолдын нөхөх төлбөрийг нэхэмжлэхийн тулд нэхэмжлэлд хавсаргах баримтуудыг нотлох баримтын шаардлага хангах үүднээс нотариатын үйлчилгээ авч 30.500 төгрөг төлсөн болох нь түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-ийн 8-51-р хуудас/

 

Иймд Албан журмын даатгагчдийн холбооноос даатгалын нөхөн төлбөр 4.074.000 төгрөгийг нотариатын үйлчилгээний зардал 30.500 төгрөгийн хамт, нийт 4.105.500 төгрөгийг гаргуулж ТХХК-д олгох үндэстэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.,116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7., Жолоочийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1. дэх хэсэгт зааснаар А холбооноос даатгалын нөхөн төлбөр 4.074.000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 30.500 төгрөг, нийт 4.105.500 төгрөгийг гаргуулж ТХХК-д олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

            4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО