Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 199

 

Б.Ц , Ч.Б  нарын нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2019/02455 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Ц , Ч.Б  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Э , Э.А  нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 33 062 460 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ш.Э ын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Ш.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ш.Э ад 18 500 000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай, сар бүрийн 3,4 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Мөн Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт 18 дугаар гудамж,  тоот 700 м.кв 18636317578561 нэгж талбарын дугаартай, Г-2201019843 гэрчилгээний дугаартай газрыг барьцаалахаар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл Ш.Э  нь уулзах болгонд төлнө гэж явсаар өнөөдрийг болтол нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 18 500 000 төгрөг, зээлийн хүү 5 032 000 төгрөг, алдангийг 81 өдрөөр тооцон 9 530 460 төгрөг нийт 33 062 460 төгрөгийг хариуцагч нараас тус бүр хуваан гаргуулахаар нэхэмжилж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа буруу тооцсон байсан учир нэхэмжлэлийн шаардлагын 2 235 540 төгрөгөөс татгалзаж байна. Дээрх үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б  нь нэхэмжлэгч Б.Ц ий аав юм. Хариуцагч нар нь Б.Ц ий таньдаг хүмүүс байсан бөгөөд хүүгээ 2 хүн дагуулаад ирэхээр нь хийх гэж байгаа ажлыг нь дэмжиж мөнгө өгсөн. Б.Ц  уг мөнгийг ааваасаа авч, энэ хүмүүст зээлээд ашиг олох зорилготой байсан. Анх мөнгөө 2018 оны 07 дугаар сарын 16-нд өгнө гэж тохиролцон төлбөр төлөх тухай баримтыг үйлдсэн бөгөөд уг баримт дээр мөнгийг дэвсгэртээр нь хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Үүнийг талууд сайн дурын үндсэн дээр хийсэн, дарамталсан бол нотариат дээр очиж зээлийн болон барьцааны гэрээг хийхгүй байх байсан. Хариуцагч нар нь мөнгөө нэхэхээр утсаа авахгүй, төлөхгүй байсан учир 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгаж, энэ өдрөө төлж барагдуулахаар зөвшөөрч бичиг хийж өгсөн байдаг. Үүний дараа 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Нэхэмжилж буй мөнгө бол угтаа аавын мөнгө байсан учир хажуугаас нь хяналт тавьж, туслалцаа үзүүлэн оролцсон байна. Хариуцагч нар бүх зүйл бэлэн ийм, тийм ашиг олно гэж итгэсэн боловч амжилтгүй болсон. Хариуцагч нар одоо дарамталж байж зуруулсан, сэтгэл гаргаад төлчихье гэж зөвшөөрсөн гэж байгаа боловч энэ хоёр нь нэг байж болохгүй юм. Иймд Ш.Э аас 16 531 230 төгрөгийг, хариуцагч Э.А аас 16 531 230 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Ц ий нэхэмжлэлд заасан мөнгийг ямар нэгэн хэлбэрээр оролцож аваагүй. Э.А  намайг хань болоод дагаад яваач гэж удаа дараа санал тавьсаны дараа нөхцөл байдлыг харгалзан үзээд дагаад явсан. Хөдөө очоод Б.Ц  1 хоноод гэнэт хот орж сургуулиасаа дадлагын удирдамж авах ёстой гээд хэд хоног ажлыг зогсоох шалтгаан үүсгэсэн. Ингээд маргаан үүсч Б.Ц  мөнгө аваад үлд гэхэд Э.А  үгүй тийм тохиролцоо яриагүй гэсэн. Би ч "аавдаа хэл энэ ажлаа зогсооё" гэхэд аавд хэлж болохгүй" гэж зүтгэсэн. Тэгээд хоосон явахаар хонь авч, Улаанбаатар хот орохоор болсон ч 3 хоногийн өмнөх ханш талдаа ортол унасан байсан. Ингэж эрсдэл буюу шаталт үүссэн. Миний хувьд эрсдэлийг төлөх үү гэхээр нь төлөлцье гэсэн. Хожим Б.Ц ий аав нь шахалт үзүүлсээр байгаад том хүүгийнхээ танилаар зээлийн гэрээ хийсэн. Иймд уг зээлийн гэрээг хүчингүй болгохыг хүсч байна. Шүүхэд гаргаж өгсөн баримтуудын тухайд бол Ч.Б  биднийг удаа дараа дарамталж байсан. Би тухайн үед хуулийн мэдлэггүйгээсээ болоод бичиг хийж өгч, гэрээ байгуулж, барьцааны гэрээг маш хурдан хийсэн. Анхнаасаа Б.Ц  бид хоёрт 18 500 000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй. Өөрөө тэврээд л явж байсан. Бидэнд нэг ч төгрөгний мэдэл байгаагүй. Би нэг ч төгрөг гар дээрээ аваагүй, гэртээ хүүхдүүдээ хараад ажилгүй байдаг хүн төлөх боломж байхгүй. Бидний гарын үсэг зурсан баримт дээр мөнгөний дүн байгаагүй. Ч.Б  өөрөө үүнийг бичсэн, гарын үсгийг дарамталж байж зуруулсан учир зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Э.А  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 06 дугаар сард Ш.Э  ахыг адуунд хамт явья гээд дагуулж явсан. Энэ гэрээг хийхийн өмнө цагдаа шүүхэд таньдаг хүн байгаа гээд дарамталж гарын үсэг зуруулсан. Ч.Б , Б.Ц  нараас ямар ч мөнгө бэлэн болон бэлэн бусаар аваагүй. Энэ гэрээг цуцалж өгнө үү. Мөн 100 хонь аваагүй үлдсэн учир Б.Ц  мөнгийг нь буцааж өгсөн. Б.Ц  машины бензин тосны төлбөр болон бүх зардал тооцоог өөрөө хийж, мөнгөө барьж байсан. Ч.Б  Ш.Э  бид хоёрыг залилангаар цагдаад өгч шалгуулна гээд байхаар нь бид хоёр гарын үсэг зурсан. Надад таньдаг шүүх, цагдаа, прокурор байгаа гэж байнга дарамталж байсан. Надад мөнгө авсан зүйл байхгүй учир мөнгө төлөхгүй. Ч.Б  миний унаж байгаа машиныг барьцаалахад би хүний машин унаж байгаагаа хэлэхэд хүний нэр дээрх машин болохгүй гэж хэлээд Ш.Э ын гэрчилгээг барьцаалж авч болох юм байна гээд нотариат ороод шууд батлуулаад гаргаад ирсэн. Хүү рүүгээ яриад таньдаг хүнээр хийлгэсэн. Гэрээнд бид уншилгүй, гарын үсэг зур гээд дарамтлаад байхаар нь зурчихсан юм. Бид хамт мал маханд яваад ашгаа 3 тэнцүү хуваана гэж тохирсон байсан боловч шатсан. Сургалтын төлбөр энэ тэрээ төлж чадахгүй гэхээр нь л туслья гээд төлнө гээд зөвшөөрчихсөн юм. 18 500 000 төгрөг төлнө гэсэн баримт дээр мөнгөн дүн байгаагүй. Мөнгө төлөхгүй, зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Ш.Э аас 14 319 000 төгрөгийг, хариуцагч Э.А аас 14 319 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ц , Ч.Б  нарт олгож, үлдэх 6 660 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 404 440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э аас 185 570 төгрөгийг, хариуцагч Э.А аас 185 570 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ш.Э ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201019843 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000112845 тоот гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 25-р хороо, Одонтын 18-р гудамжны  тоот гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв талбайтай газрыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Э  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Талууд дээрх зээлийн гэрээг дууссаны дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байгаа боловч уг гэрээгээр талууд 18 500 000 төгрөгийг өгч авалцаагүй, энэхүү гэрээгээр дээрх гэрээний хугацааг сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул уг гэрээний дагуу зээлийн төлбөрийг шаардах эрхгүй юм” гэж дүгнэсэн атлаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц , Ш.Э  нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр уг мөнгийг шилжүүлж аваагүй байх тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Ц , Ш.Э  нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хийгдсэн бөгөөд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас барьцааны гэрээг байгуулагдаагүй гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүхээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “талууд энэхүү гэрээгээр бэлнээр дээрх 18 500 000 төгрөгийг хүлээн авч, хүлээлгэн өгөөгүй талаар маргадаггүй, сүүлд нь нь нөхөж байгуулсан болохоо хүлээн зөвшөөрдөг” гэж дүгнэсэн байна. Учир нь Ш.Э  миний бие 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээгээр 18 500 000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар хүлээн аваагүй гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой хэлсэн бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэхүү зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн баримтыг үндэслэн алданги тооцон гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Ш.Э  миний бие уг баримтыг үйлдэж байхад хууль зүйн мэдлэггүйгээс, Ч.Б  дарамтнаас болж гарын үсэг зурсан. Энэхүү баримтаар зээлийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ц , Ч.Б  нь хариуцагч Ш.Э , Э.А  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33 062 460 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Ш.Э  нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзлаа “Э.А  малд явах санал тавьсан тул хамт Өвөрхангай аймаг явсан, Б.Ц  бид гурав хөдөө очоод адууны үнэ тоог ярилцсан, ажил дуусаагүй байхад Б.Ц  хот явах болсноос болж хонь аваад хотод иртэл ханш унаж шаталт үүссэн, Б.Ц  нь бидэнд нэг ч төгрөг өгөөгүй, өөрөө тэврээд явсан, түүний аав Ч.Б  дараа нь дарамт шахалт үзүүлж мөнгөний баримт дээр гарын үсэг зуруулсан, өөрийн хүсэл зоригоор зураагүй” гэх, хариуцагч Э.А  нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзлаа “Б.Ц  бид гурав 6 сард малд хамт явсан,  адуу аваад адууны махны ашгаа 3 хувааж авахаар тохирсон байсан, гэтэл хонь авснаас болж шатсан, Б.Ц  хүрэн дэвтэр хөтөлж бүх данс тооцоог  хийж байсан, 200  хонь аваад 50 хонь үлдээсэн, Б.Ц ээс ямар нэг мөнгө тоолж аваагүй, мөнгөний баримт дээр Ч.Б  дарамтлаад гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг тус тус гаргажээ.

 

Хэргийн 5, 6 дугаар талд нэхэмжлэгч Б.Ц , хариуцагч Ш.Э  нарын хооронд хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, хэргийн 45 дугаар талд төлбөр төлөгч Ш.Э , Э.А , төлбөр авагч Б.Ц  нарын хооронд хийсэн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн төлбөр төлөх тухай баримт авагдсан байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй байна. Учир нь талууд болох Б.Ц , Ш.Э , Э.А  нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн үү, эсхүл хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн үү гэх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Дээрх нөхцөл байдлыг тодруулснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн бол уг гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон эсэх,  хэрэв гэрээний үүргийг сольсон бол хэргийн нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх шаардлагатай.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ц ий хүсэлтээр Ч.Б г хамтран нэхэмжлэгч гэх агуулгаар татан оролцуулсан атлаа анхан шатны шүүх  Ч.Б г Ш.Э , Э.А  нартай эрх зүйн ямар харилцаанд оролцсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Б г нэхэмжлэгчээр оролцуулсан атлаа Ч.Б  гаргасан шаардлага түүнийг хариуцагч тус бүрт тухайлан танилцуулсан баримтгүйгээс гадна түүний нэхэмжлэлийн талаар хариуцагч нарын хариу тайлбар, татгалзсан эсэх нөхцөл байдлууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтаас үзвэл тодорхой бус үлджээ.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хооронд шүүх эвлэрэн хэлэлцүүлэх талаарх зохих ажиллагааг хийх боломжийг хуульчилсан байдаг. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдод эрх, үүрэг танилцуулсан баримт доторх хуулийн заалтыг баримталсанаас талуудыг эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэх нөхцөл байдлыг тухайлан танилцуулж, боломжоор хангасан гэх нөхцөл байдал тодорхой бус байна.

 

Дээрх ажиллагааг явуулахын тулд шүүх хэргийн оролцогчийг зөв тодорхойлох учиртай. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны хувьд Ч.Б  уг харилцаанд ямар байдлаар оролцсон нь тодорхой бус байдалтай байна. Учир нь хэргийн 45 дугаар талын арын хуудсан дахь мөнгө хүлээлцсэн баримт дээр Ч.Б  нь гэрч гэсэн агуулгатайгаар гарын үсэг зурснаас биш, талуудтай буюу хариуцагч нараас эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгө шаардах эрхтэй нэхэмжлэгч буюу  үүрэг гүйцэтгүүлэгч гэх эрх зүйн байдал тогтоогдоогүй байна. Иймд уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзнэ.

 

Мөн хариуцагч Ш.Э , Э.А  нар нь хариу тайлбартаа зээл болон барьцааны гэрээ, төлбөр төлөх баримтуудыг бусдын дарамт шахалтын дор хийгдсэн гэх агуулга бүхий тайлбар гаргасан. Хэрвээ хэлцлийг хэн нэгэн этгээдийн дарамт шахалтын дор хийсэн бол түүнийг шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсоны дараа уг хэлцлийн үр дагаврыг арилгах боломжтой болдог байна. Гэтэл хариуцагч нарын гаргасан татгалзлыг шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага уу эсхүл хариу тайлбар уу гэх нөхцөл байдлыг тодруулах байжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2019/02455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Э аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 545 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ