Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01145

 

 Б.Цэнгүүн, Ч.Бэлэгсайхан нарын нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2019/02455 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 199 дүгээр магадлалтай, 

Б.Цэнгүүн, Ч.Бэлэгсайхан нарын нэхэмжлэлтэй,

Ш.Энхбат, Э.Алтанхуяг нарт холбогдох, 

33,062,460 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгч Б.Цэнгүүн, Ч.Бэлэгсайхан, тэдгээрийн өмгөөлөгч П.Алтанчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагч Ш.Энхбат, Э.Алтанхуяг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.Цэнгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ш.Энхбатад 18,500,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай, сар бүрийн 3,4 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Мөн Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт 18 дугаар гудамж, 2 тоот 700 м.кв Г-2201019843 гэрчилгээний дугаартай газрыг барьцаалахаар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл Ш.Энхбат нь өнөөдрийг болтол нэг ч төгрөг төлөөгүй байна. Анх нэхэмжлэл гаргахдаа буруу тооцсон байсан учир нэхэмжлэлийн шаардлагын 2,235,540 төгрөгөөс татгалзаж байна. Иймд үндсэн зээл 18,500,000 төгрөг, зээлийн хүү 5,032,000 төгрөг, алдангийг 81 өдрөөр тооцон 9,530,460 төгрөг нийт 33,062,460 төгрөгийг хариуцагч нараас тус бүр хуваан гаргуулахаар нэхэмжилж байна. Дээрх үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Бэлэгсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Цэнгүүний аав, хүүгээ 2 хүн дагуулаад ирэхээр нь хийх гэж байгаа ажлыг нь дэмжиж мөнгө өгсөн. Анх мөнгөө 2018 оны 07 дугаар сарын 16-нд өгнө гэж тохиролцон төлбөр төлөх тухай баримтыг үйлдсэн бөгөөд уг баримт дээр мөнгийг дэвсгэртээр нь хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Үүнийг талууд сайн дурын үндсэн дээр хийсэн. Үүний дараа 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Иймд Ш.Энхбатаас 16,531,230 төгрөгийг, хариуцагч Э.Алтанхуягаас 16,531,230 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ш.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.Цэнгүүний нэхэмжлэлд заасан мөнгийг ямар нэгэн хэлбэрээр оролцож аваагүй. Э.Алтанхуяг намайг хань болоод дагаад яваач гэж удаа дараа санал тавьсны дараа нөхцөл байдлыг харгалзан үзээд дагаад явсан. Б.Цэнгүүний аав нь шахалт үзүүлсээр байгаад том хүүгийнхээ танилаар зээлийн гэрээ хийсэн. Иймд уг зээлийн гэрээг хүчингүй болгохыг хүсч байна. Би тухайн үед хуулийн мэдлэггүйгээсээ болоод бичиг хийж өгч, гэрээ байгуулж, барьцааны гэрээг маш хурдан хийсэн. Анхнаасаа Б.Цэнгүүн бид хоёрт 18,500,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй. Бидэнд нэг ч төгрөгийн мэдэл байгаагүй. Би нэг ч төгрөг гар дээрээ аваагүй гэжээ.

Хариуцагч Э.Алтанхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  2018 оны 06 дугаар сард Ш.Энхбат ахыг адуунд хамт явъя гээд дагуулж явсан. Бид хамт мал маханд яваад ашгаа 3 тэнцүү хуваана гэж тохирсон байсан боловч шатсан. Энэ гэрээг хийхийн өмнө цагдаа шүүхэд таньдаг хүн байгаа гээд дарамталж гарын үсэг зуруулсан. Ч.Бэлэгсайхан, Б.Цэнгүүн нараас ямар ч мөнгө бэлэн болон бэлэн бусаар аваагүй. Энэ гэрээг цуцалж өгнө үү. Мөн 100 хонь аваагүй үлдсэн учир Б.Цэнгүүн мөнгийг нь буцааж өгсөн. Б.Цэнгүүн машины бензин тосны төлбөр болон бүх зардал тооцоог өөрөө хийж, мөнгөө барьж байсан. Ч.Бэлэгсайхан Ш.Энхбат бид хоёрыг залилангаар цагдаад өгч шалгуулна гээд байхаар нь бид хоёр гарын үсэг зурсан. Надад мөнгө авсан зүйл байхгүй учир мөнгө төлөхгүй. Ч.Бэлэгсайхан миний унаж байгаа машиныг барьцаалахад би хүний машин унаж байгаагаа хэлэхэд хүний нэр дээрх машин болохгүй гэж хэлээд Ш.Энхбатын гэрчилгээг барьцаалж авч болох юм байна гээд нотариат ороод шууд батлуулаад гаргаад ирсэн. Сургалтын төлбөр энэ тэрээ төлж чадахгүй гэхээр нь л тусалъя гээд төлнө гээд зөвшөөрчихсөн юм. 18,500,000 төгрөг төлнө гэсэн баримт дээр мөнгөн дүн байгаагүй. Мөнгө төлөхгүй, зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2019/02455 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Ш.Энхбатаас 14,319,000 төгрөгийг, хариуцагч Э.Алтанхуягаас 14,319,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Цэнгүүн, Ч.Бэлэгсайхан нарт олгож, үлдэх 6,660,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 404,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Энхбатаас 185,570 төгрөгийг, хариуцагч Э.Алтанхуягаас 185,570 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ш.Энхбатын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2201019843 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000112845 тоот гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 25-р хороо, Одонтын 18-р гудамжны 2 тоот гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв талбайтай газрыг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 199 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2019/02455 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Энхбатаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 545 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэнгүүн, Ч.Бэлэгсайхан, тэдгээрийн өмгөөлөгч П.Алтанчимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 199 дугаартай магадлалыг нэхэмжлэгч талаас шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэргийг 2019.06.17-ны өдрөөс 2019.09.30-ны өдрийг хүртэлх хугацаанд талуудын шүүхээр үнэлүүлэх нотлох баримтаа бүрдүүлэх, холбогдох хүсэлт баримтаа гаргах эрхийг олгож, ИХШХШТХ-ийн 71 дүгээр зүйлийн 71.2-д зааснаар сунгагдсан хугацаанд хэргийг хэлэлцсэн. Шүүх хэргийг хэлэлцэх мэтгэлцээний явцад хариуцагч нараас ямар нэг хүсэлт байхгүй гэж журмын дагуу илэрхийлсэн, мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааныг шийдвэрлэх боломжтой гэж оролцогчид тайлбар гаргаж байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхээс өөр хууль зүйн үндэслэл байхгүй байсан. Мөн шүүх хуралдааны явцад ч талуудаас өөр үндэслэл бүхий нөхцөл, тодорхой нотлох баримтын талаар яригдаагүй, өмнөх шүүх хуралдааны үед яригдсан зүйлээ дахин ярьж байсан нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүхэд зайлшгүй шаардагдах тодорхой ямар нэг баримтыг гаргуулах нөхцөл байдал шүүхийн өмнө үүсээгүй. Гэрээний талуудын хооронд тохиролцоо байсан учраас, бодит байдалд төлбөр төлөх үүрэгтэй учраас хэрэгт авагдсан 2018.07.07-ны өдрийн төлбөр төлөх тухай хэлцэл, мөн өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, 2018.09.07-ны өдрийн зээлийн гэрээ нь дээр гарын үсэг зурж, тухайн үеийн нөхцөл байдал болох хүсэл зориг илэрхийлэгдэж байсан байна. Мөн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар нотариатч хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлбарлан хэрэгжүүлэн баталгаажуулж, Ш.Энхбат, Э.Алтанхуяг нар нь хүсэл зоригоо илэрхийлэн, Барьцааны гэрээ-нд тус тус гарын үсэг зурж байсан байна. ДЗШШ нь анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдуулан засах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил эсхүл хууль хэрэглээний алдаа гаргасан гэсэн дүгнэлт бүхий үндэслэл байхгүй тохиолдолд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарт үндэслэн дүгнэлт хийх эрх нь хуулиар олгогдсон. Маргааны зүйл болоод байгаа мөнгө нь Ч.Бэлэгсайханых байсан учир нэхэмжлэгчээр оролцохыг хүссэн. Энэ талаар хариуцагч нар маргадаггүй. ДЗШШ ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрлэгдэх үндэслэл байхгүй байхад хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх үед байгаагүй, шүүхэд өгөх боломжгүй, байхгүй байсан баримтыг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Б.Цэнгүүн, Ч.Бэлэгсайхан нар нь Ш.Энхбат, Э.Алтанхуяг нараас зээл 18,500,000 төгрөг, хүү 5,032,000 төгрөг алданги 9,530,460 төгрөг нийт 33,062,460 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ. 

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...хамтарч мал маханд яваад ашгаа 3 тэнцүү хувааж авна гэж ярьсан, бэлэн мөнгө аваагүй, бүх тооцоог Б.Цэнгүүн хийж байсан, цагдаад өгч шалгуулна гээд байхаар гэрээнд гарын үсэг зурсан гэж маргасан байна. 

  Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.  

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...хэрэг хэлэлцэх явцад ямар нэг хүсэлт байгаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааныг шийдвэрлэх боломжтой, ...гэрээнд гарын үсэг зурсан... гэх агуулга дурджээ.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 2018.07.07-ны өдрийн төлбөр төлөх тухай баримтад Ш.Энхбат, Э.Алтанхуяг нар нь Б.Цэнгүүнд 18,500,000 төгрөгийг 2018.07.16-ны өдөр буцаан өгөх, сарын хүүг 3.2 хувиар тооцох, 0.07 га газар, приус маркийн машиныг барьцаалах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөх, 2018.09.07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд Ш.Энхбат нь ...700 м.кв газрыг барьцаалан Б.Цэнгүүнээс 18,500,000 төгрөгийг 8 сарын хугацаатай сарын 3.4 хувийн хүүтэй, зээлэх, төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон агуулга тус тус тусгагджээ /хэргийн 5-6, 45 дугаар тал/.  

Зохигч талууд дээрх гэрээний агуулга, мөнгөний зориулалт, үүссэн эрх зүйн харилцааг өөрөөр тайлбарласан, тодруулбал нэхэмжлэгч мөнгийг зээлсэн гэсэн бол хариуцагч хамтран ажиллахаар тохиролцсон гэжээ.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчийн хооронд үүссэн харилцааг үндэслэл бүхий тодорхойлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 

Харин хамтран ажиллах гэрээгээр хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан.  

Хамтран ажиллах гэрээ нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаанаас бүрдэх ба хураамж нь талуудаас хамтын үйл ажиллагаанд зориулж байгаа хөрөнгө болно.

Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлд дурдсан мөнгийг хариуцагч нарын захиран зарцуулах эрхэд буюу өмчлөлд шилжүүлэх, хариуцагч тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхийн хамт зохигчийн хэн алины хүсэл зориг илэрхийлэгдсэн нь тогтоогдсон байх учиртай.

Нэхэмжлэгч Ч.Бэлэгсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...итгэлцлийн үүднээс мөнгийг өгсөн, бэлэн мал очиж аваад мах болгож зараад мөнгийг буцааж олгоно гэсэн байдаг, хүү нь ааваасаа авсан мөнгөө зээлүүлээд дундаас нь ашиг олох зорилготой байсан, бизнес яаж хийж, мөнгө яаж зарцуулж байгааг хянахаар Ш.Энхбат, Э.Алтанхуяг нартай хамт явсан... гэсэн бол хариуцагч нар ...Б.Цэнгүүн мөнгийг өөрөө барьж, тооцоогоо хийсэн, өөрөөс нь шалтгаалж мал, махны төрөл тоо өөрчлөгдсөн, авчирсан малаа өөрөө зарж борлуулсан... гэсэн тайлбар гаргасан ба шүүх энэ талаар тодруулаагүй, талууд мэтгэлцээгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлдээ тусгах ба энэ нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаардаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой тохиолдолд нэхэмжлэгч шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох, үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэх ба шүүх зохигчийн гаргасан баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Бэлэгсайхан нь хамтран нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд тэрээр хариуцагч нарт холбогдуулан ямар шаардлага гаргаж буй нь тодорхой бус байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлд нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-г зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 199 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Цэнгүүн, Ч.Бэлэгсайхан, өмгөөлөгч П.Алтанчимэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 301,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ 

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ